Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч Н.,

хохирогчийн өмгөөлөгч П.Ган-Очир

шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарыг оролцуулан,

аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М*******, Н.Ш******* нарт холбогдох эрүүгийн 2315000000241 дугаартай, 163/2024/0009/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ын М*******, Орхон аймаг, ******* суманд 1999 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Орхон аймаг, ******* сум, ******* баг, Зээлийн 3-4 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, 24 настай, эмэгтэй,

урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:*******/,

 

Монгол Улсын иргэн, *******ийн Ш*******, Хөвсгөл аймаг, Жаргалант суманд 1994 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, Орхон аймаг, ******* сум, ******* баг, Баруун задгай 4в-8 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 29 настай, эрэгтэй,

-урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн иргэн Н.ын эзэмшлийн 8.106.667 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Suzuki SX4 загварын тээврийн хэрэгслийг нь согтуурсан байхдаа завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван улмаар тээврийн хэрэгслийг эвдэж 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000241 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн иргэн Н.ын эзэмшлийн 8.106.667 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Suzuki SX4 загварын тээврийн хэрэгслийг нь согтуурсан байхдаа завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.М*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ш*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

3. Шүүх хуралдаанд хохирогч Н.ын өгсөн:Энэ хоёрыг би малчнаар авч ажиллуулахаар тохиролцоод гэртээ авч ирсэн. Тэгээд танилцаад ганц хоёр пиво уугаад унтсан. Би энэ хоёрт машиныхаа түлхүүрийг огт өгөөгүй. Намайг унтсан хойгуур хулгайлаад авч гаран машиныг минь зөвшөөрөлгүй авч явсан. Би тээврийн хэрэгслийнхээ хохирлыг нэхэмжилж байна.Өөрөөр хэлбэл цагдаагийн шатанд үнэлгээгээр тогтоосон 1.475.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би машинаа одоо хүртэл асаагаагүй, гэрийн гадаа байгаа.Би хөдөө мал маллан амьдардаг учраас машин тэрэг их хэрэгтэй байдаг бөгөөд миний машины засварын мөнгөө яаралтай авмаар байна гэх мэдүүлэг,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.ын өгсөн: “...Би хөдөөнөөс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орж ирээд гэртээ хоноод маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед хөрш Ганбаагийнд орсон чинь газар 2 хүн унтаж байсан. Тэгээд би тэр хэдтэй мал харах уу гэж ярьж хөөрөөд би гэр рүүгээ орсон. Би хариад ...байж байсан чинь Ш******* болон эхнэр М******* нар манайд орж ирээд бид 2 танайд хоноод явъя эгч ээ гээд хэлэхээр нь би тэг тэг гэж хэлээд хонуулсан юм. Тэгээд М******* пиво уумаар байна гэж хэлэхээр нь би архи, пиво авч өгөөд бид нар цуг уусан юм. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өглөө тэр хоёр унтаж босоод бид нар 11 цагийн үед байх пиво уугаад би тасраад унтсан юм шиг байна би сайн мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрсэн чинь миний машин байхгүй болсон байсан. Тэгээд машин удахгүй ирэх байх гэж бодоод би 2 хоног хүлээсэн юм. Тэгсэн машин ирэхгүй болохоор нь би машинаа алдсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Үзлэгээр улсын дугаартай Suzuki маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд баруун хойд хаалганы дээд талд 8X4 гэсэн бичиглэлтэй, зүүн хойд талын гэрэл хагарсан, автомашины зүүн хойд талын шатахууны таг онгойсон, урд талын гупер хагарч унасан, зүүн урд талын дугуй хэсгийн дээл тал онгорхой, баруун урд талын гупер хагас хэсэг байх ба дугуйн дээд талаар зай гарсан, гаднах байдал бага зэргийн шороо, тоос болсон, цонх, шилнүүд бүтэн байв...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

6. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №23/10/20 дугаартай: “... улсын дугаартай Suzuki 8X4 загварын тээврийн хэрэгслийг 8.106.667 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-32 дахь тал/,

7.“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №23/10/30 дугаартай: “...SX4 Suzuki 95-28 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг 1.475.000 төгрөгөөр тогтоолоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-86 дахь тал/,

8. Яллагдагч Ч.М*******ын өгсөн: “...Тэгээд 4 дэх өдрийн өглөө бас босож архи уугаад үдээс хойш бүгд согтоод унангуут нь би хадам ээж рүү утсаар яриад энэ айл үхэрчин авах аа больчихлоо гэж байна бид 3 эндээс гэр рүүгээ буцах гэсэн чинь замын зардалгүй болчхоод байна мөнгө явуулаач гэсэн чинь одоохондоо боломжгүй байгаад байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Шижирээ /Ш*******/ бид хоёр хоорондоо ярилцаад машин авч явсан. Машиныг бол би унаад Орхон аймаг руу явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

9. Яллагдагч Н.Ш*******ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-наас 2023 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө ын эзэмшлийн 95-28 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэр М*******ын хамт унаж Орхон аймаг Баян- Өндөр сум руу Зээл гадаг газар очсон нь үнэн болно. Надад өөр нэмж ярих зүйл байгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.М*******  Н.Ш******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн иргэн Н.ын эзэмшлийн 8.106.667 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Suzuki SX4 загварын тээврийн хэрэгслийг нь согтуурсан байхдаа завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван улмаар тээврийн хэрэгслийг эвдэж 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан  хохирогч Н.ын өгсөн мэдүүлэг, Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №23/10/20 дугаартай дүгнэлт, Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №23/10/30 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаaдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд хэрэгт цугларсан  нотлох баримтуудадаар, шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нар нь хохирогч Н.ийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн шүүгдэгч  нар нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.

Шүүгдэгч Ч.М*******,Н.Ш******* нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул тэднийг  бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Ч.М******* Н.Ш******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.475.000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 737.500  төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарыг бүлэглэн Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус бүр 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оршин суугаа газар  болох Орхон аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 сарын хугацаагаар хязгаарлах нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Ш*******ын хувьд хавтаст хэргийн 92, 98-112 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ш******* нь Орхон аймаг, ******* сум, ******* баг, Баруун задгай 4в-8 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.М*******ын хувьд хавтаст хэргийн 93, 112-135 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас,  Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоол, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М******* нь Орхон аймаг, ******* сум, ******* баг, Зээлийн 3-4 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн оршин суугаа газар болох Орхон аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 сарын хугацаагаар хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна..

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах заалтад заасныг баримтлан шүүгдэгч Н.Ш*******ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг, шүүгдэгч Ч.М*******ын  цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан, шүүгдэгч Н.Ш*******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоног, шүүгдэгч Ч.М*******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг  2 /хоёр/ сар,28 /хорин найм/ хоногийн хугацаагаар тус тус тогтоож Орхон аймгийн ******* сумын нутгаас гадагш гарахыг хязгаарлав.

Хохирогч Н.адын нэхэмжилсэн 1.475.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нар тус бүр 737.500 төгрөгийг хохирогчид төлөх болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ын М*******, *******ийн Ш*******  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарыг  3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарын оршин суугаа газраас буюу Орхон аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Н.Ш*******ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг, шүүгдэгч Ч.М*******ын  цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгч Н.Ш*******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сар, 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Ч.М*******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг  2 /хоёр/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар  тус тус тогтоосугай.  

6.Энэ хэрэгт шүүгдэгч Ч.М******* нь 2 /хоёр/ хоног, шүүгдэгч Н.Ш******* нь 14 /арван дөрөв/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нарт  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М*******, Н.Ш******* нараас хохирогч Н.ын нэхэмжилсэн  1.475.000  /нэг сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс  737.500 /долоон зуун гучин долоо мянга таван зуу/ төгрөгийг  гаргуулж хохирогч аймгийн сумын 2 дугаар баг, 6В хэсэг, 17-10 тоотод оршин суух Сахуу овогт Нямын /РД:ГЮ64020204/-д олгосугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ