Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

2024         01          19                                   2024/ШЦТ/94

                                                                                               

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Алдар, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

иргэдийн төлөөлөгч Э.Бямбанасан,

улсын яллагч Г.Чанцалдулам,

хохирогч Б.У,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт   Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2844 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ганц бие, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай,

урьд 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 537 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

2000 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай захирамжаар 2 жил 8 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

  Б.Б /ХХ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Моносын  ХХ тоотод гэртээ ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Уын   цээжин тус газарт хутгалсны улмаас хохирогчийн цээжний баруун хөндийд нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх, баруун цээжний хөндийн цусан хуралдалт бүхий гэмтэл учруулсан буюу “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 12 цагийн орчмын үед дэлгүүрээс 0.33 граммын архи авч гарахад үл таних залуу “би өчигдөр бага зэрэг архи уусан юм, шартаад байна надад архинаасаа гурав балгуулчих” гэж хэлэхэд нь би “Гадаа гудамжинд архи ууж яах юм бэ, манай гэр лүү явж ууя, ах нь ганцаараа амьдардаг юм” гэж хэлээд гэр лүүгээ дагуулж орсон. Бид хоёр манай гэр лүү явж байтал бас нэг үл таних эмэгтэй байсан ба Б.У хэлэхдээ “энэ эмэгтэй шартсан юм шиг байна хамт дагуулж орох уу” гэж надаас асуухад нь би зөвшөөрч тэр эмэгтэйг гэр лүүгээ дагуулж орсон. Тэгээд бид гурав дэлгүүрээс худалдаж авсан 0.33 граммын шилтэй архийг хувааж ууж тэр эмэгтэй удахгүй манай гэрээс явсан. Б.У надаас дахин нэг архи авч өгөхийг хүсэхэд бид хоёр дэлгүүр гарч архи авсан. Б.У хэлэхдээ “Би өчигдөр эхнэртэйгээ маргаж муудсан юм одоо эхнэрээ дуудчих уу” гэж хэлээд утсаар яриад эхнэрээ дуудсан. Тэгээд бид гурав манай гэрт орж дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Б.Уын эхнэр нь манай гэрт байсан үнэртэй усыг харчхаад “Энэ үнэртэй усыг авчих уу” гэж хэлэхээр нь би зочин ирсэн болохоор “ав ав” гэж хэлсэн. Б.У ер нь их түрэмгий зан ааш гаргаж байсан нь надад таалагдахгүй байсан. Би “ах нь шоронгоос гарч ирээд удаагүй байна, дахин алдаа гаргамааргүй байна” гэж хэлэхэд. Б.У эхнэртэйгээ онцгүй харьцаад байхаар нь би “эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ, ах нь ийм харьцаанд дургүй шүү” гэж хэлсэн. Б.У хүнтэй харьцахдаа дооглож ёжилж харьцдаг юм билээ. Тэгээд би “чи ер нь яах гээд байгаа юм бэ, гэж хэлэхэд Б.У яасан ч яадаг юм гэж хэлж босож ирэхээр нь шургуулгаас хутга авч хутгалсан нь үнэн. Тэгээд эхнэр нь нөхрөө манай гэрээс авч гарсан. Би хүн хутгалсан нь үнэн учраас цагдаагийн ажилтан ирэхийг хүлээж байгаад цагдаагийн ажилтантай хамт цагдаагийн хэлтэс рүү явсан...” гэв.

Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэр рүүгээ явах замдаа дэлгүүрээс нэг лааз пиво авах гэж байгаад үл таних Б.Б ахтай таарч танилцсан. Би өмнөх өдөр нь уусан байсан учир шартсан байсан юм. Б.Б ах надаас “ахтайгаа хамт архи уух уу” гэж асуусан. Би зөвшөөрч бид хоёр дэлгүүрээс гарцгаахад “ахынхаа гэр рүү явцгаая, ах нь ганцаараа амьдардаг юм” гэж хэлээд намайг гэр лүүгээ дагуулж явсан. Б.Б ахын гэрт орж ирэхэд манай эхнэр над руу залгахаар нь би эхнэрээ энэ ахын гэрт нь дуудсан юм. Б.Б ах надад “ах нь шоронгоос суллагдаад удаагүй байна, манай эхнэр хүүхдүүд Герман улсад амьдардаг юм, ахдаа нэг хүүхэн олоод өгөөч” гэж хэлсэн. Манай эхнэрийг орж ирэхэд энэ ах манай эхнэр рүү хараад байсан. Тэгээд “эхнэрт тань өндөг шарж өгнө” гэхээр нь би “яах юм бэ, бид хоёр удахгүй одоо явлаа” гэж хэлэхэд намайг хутгалсан. Би сандал дээр Б.Б ахын яг ард талд нь сууж байсан. Би энэ хүнээс сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хутгалуулснаас хойш би ажил хийж чадахгүй болсон. Манай эхнэр ажил хийж байгаа. Би дагавар хоёр хүүхэдтэй, одоо манай эхнэр удахгүй төрөх гэж байгаа...” гэв.

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, /хавтаст хэргийн 05 дахь тал/,

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 09-18 дахь тал/,

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эхнэр М, түүний найзуудын хамтаар О гэх эмэгтэйн гэрт нь архи ууцгаасан. Маргааш нь буюу 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Оийн гэрээс гараад Уянгаа, О, манай энхэр М бид 4 такси бариад М бид хоёрын амьдарч байгаа гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 3 дугаар гудамж 49 тоот руу явсан. Би хадмындаа амьдарч байгаа ба тухайн үед миний архи гараагүй согтуу байсан болохоор архи уусан байдалтай орохгүй гэж бодоод Монелоор хойшоо өгсөж байх үед би Мд "Би энэ хавиар байж байгаад архиа гаргачхаад оръё, чи гэртээ ороод байж бай" гэж хэлээд зам дагуу буусан. Тэгээд алхаж байтал нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрээс 50 орчим насны нэг ах архи барьчихсан гараад ирэхээр нь би тухайн ах дээр явж очоод "Ах хамт сууж байгаад архийг чинь уучихъя л даа" гэж хэлтэл тухайн ах зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр тухайн ахын гэр рүү явж байх замдаа нэг эмэгтэйтэй танилцаад хамтдаа гэр рүү нь орсон. Тухайн ахын гэрийн хаягийг нь би яг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь ороод гэрийн эзэн ах авсан 0,5 литрийн /Хараа байсан байхаа/ архиа гаргаж ирээд гадаа танилцсан эмэгтэй бид  гурав хувааж уучхаад тухайн эмэгтэй гараад явчихсан. Тухайн үед манай эхнэр М над руу залгасан ба би гэрийн эзэн ахаас "Би эхнэрээ дуудчих уу" гэж асуутал тухайн ах зөвшөөрсөн. Тэгээд би эхнэр Мд гэрийг нь зааж өгөөд ирүүлсэн. Манай эхнэрийг ирсний дараа гэрийн эзэн ах бид хоёр дахин дэлгүүр гарч архи аваад орж ирээд манай эхнэр бид гурав хувааж уугаад суусан. Манай эхнэр гэхдээ архинаас нь уугаагүй байх. Тэгээд сууж байтал гэрийн эзэн ах согтоод, шоронд сууж байсан тухайгаа яриад намайг дээрэлхэх янзтай байгаад байсан. Би тухайн үед инээгээд юм яриад сууж байтал гэрийн эзэн ах босож ирээд гал тогооны шүүгээ рүү очсоноо эргэж хараад миний цээж рүү 1 удаа цохисон. Гэтэл миний цээжээр халуу оргиод байхаар нь хувцсаа сөхөөд хартал цээжнээс цус гарч байсан. Би тухайн хүнтэй ерөөсөө хэрэлдэж муудалцаж зодолдож цохилцоогүй ээ. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Энэ асуудлаас болж миний сэтгэл санаа, сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй байна. Харин эрүүл мэнд, бие махбодод хохирол учраад байна, одоо бүр ажил хийж чадахгүй, хоол унд, унааны мөнгөгүй байгаад байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-27 дахь тал/,

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний нэхэмжлэгч Дмөрдөн байцаалтын шатанд өгсөн "... дээрх гэмт хэргийн улмаас Б.У эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.735.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Зардлыг яллагдагч Б.Бэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь Х дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэрч Г.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...0000 оны 00 дугаар сарын 00-ны өглөө 07 цагийн үед босоод иртэл манай нөхөр байхгүй байсан би тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад "Чи нөхөртэйгөө муудалцаад хөөгөөд явуулчихсан" гэж ярьсан. Тэгээд байж байтал 10 цагийн үед манай нөхөр гаднаас ороод ирэхээр нь би "Чи хаана хоночхоод ирж байгаа юм" гээд уурлатал "Хаана ч хоноогүй, би буудал гуйж байгаад хоночхоод ирж байна" гэж хэлсэн. Тэгээд тухайн газраас 12 цагийн үед Уянгаа, О, манай нөхөр Б.У бид нар гараад манай гэр рүү такси бариад явсан. Гэрийн ойролцоо буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелоор хойшоо өгсөөд явж байтал манай нөхөр Б.У "Би согтуу байгаа юм чинь гэр рүү орохгүй ээ" гэж хэлээд нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн гадаа буугаад үлдсэн. Тэгээд бид нар хөдөлж яваад О, Уянгаа нартай гэрийнхээ гадаа ирээд "Бүгдээрээ манайд орж унтъя" гэж хэлээд би буугаад хашааны хаалгаа нүдэж байтал О, Уянгаа нар такситайгаа яваад өгсөн. Тэгэхээр нь би зам руу гараад такси бариад нөхрөө хайгаад Сансарын 805 орчимд явж байгаад таксины жолоочийн утаснаас нөхөр Б.Уын дугаар руу залгатал "Би Монелын хуучин супермаркет байсан газарт байна, энд нэг хүнтэй танилцчихсан байж байна, чи хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд би тухайн такситайгаа нөхөр дээрээ яваад очтол "Би нэг гайгүй ахтай танилцсан, гэр нь энд ойрхон байдаг, гоё ах байна, хоёулаа гэрт нь очъё" гэж хэлсэн. Тэгээд би нөхрийг дагаад яг гудамжны тоог нь мэдэхгүй байна, нэг гудамж руу ороод ертөнцийн зүгээр урагшаа харсан ногоон өнгийн хаалгатай айл руу орсон. Тухайн хашаан дотор олон тооны гэртэй байсан ба тухайн гэрүүдийн ар талд нэг давхар улаан тоосгон жижиг байшин байсан. Байшин руу ороход манай нөхөртэй танилцсан гэх 60 орчим насны, 190 см орчим см өндөртэй нэг эрэгтэй, мөн 50 гаран насны махлаг нэг эмэгтэй нар 0,33 Хараа архи уугаад сууж байсан. Тэгээд тухайн архи нь дуусаад хамт байсан нэг эмэгтэй нь яваад, гэрийн эзэн эрэгтэй, манай нөхөр хоёр дахин архи авахаар дэлгүүр яваад би ганцаараа үлдсэн. Тэгээд манай нөхөр, гэрийн эзэн эрэгтэй хоёр гаднаас нэг шил 0,33 литрийн Хараа архи авч ирээд бид 3 хувааж уугаад юм яриад суусан. Юм ярьж байхад гэрийн эзэн эрэгтэй нь өөрийгөө шоронд байсан талаар яриад байсан. Тэгтэл манай нөхөр надад хандаж "Миний хайр согтоод байгаа юм биш үү, одоо битгий уу" гэж хэлтэл гэрийн эзэн эрэгтэй нь "Би эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг хүнд дургүй шүү" гэж хэлтэл манай нөхөр юм ярихгүй дуугүй байгаад байсан. Тэгтэл тухай гэрийн эзэн эрэгтэй босож ирээд "Ах нь та хоёрт өндөг шараад өгье" гэж хэлээд хаанаас гэдгийг нь хараагүй, өндөг гаргаж ирж байснаа гэнэт "Чам шиг бацаанууд над шиг хүнээр оролддоггүй шүү" гэж хэлээд манай нөхрийн цээж рүү нь цохиж авах шиг болохоор нь би нөхөр рүүгээ хартал манай нөхөр царай нь сонин болоод, цээжээ дараад, цээжнээс нь цус гараад, сонин дугараад байхаар нь би хажууд нь очоод "Хайраа зүгээр үү, гэртээ харья" гэж хэлтэл "Миний хайр гэртээ харьж бай, явж бай" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гэрийн эзэн эрэгтэй рүү "Та манай нөхрийг хутгалчхаж байгаа юм уу" гэж хэлтэл тухайн хүн цаашаа харчхаад хэгжүүрхээд "Чам шиг бацаан" энэ тэр гээд ганцаараа яриад зогсоод байсан. Тэгээд би нөхрийнхөө утсаар түргэн дуудаад, хүлээгээд байж байтал цагдаа нар ирээд тухайн гэрийн эзэн эрэгтэйг барьж аваад, эмнэлэг иртэл хүлээсэн. Түргэний эмч 50 орчим минутын дараа ирсэн. Түргэн иртэл манай нөхрийн ухаан нь орж гараад, унтах гэж байгаа юм шиг болоод, буцаж сэрээд л байгаад байсан. Тэгээд түргэн ирээд шууд манай нөхрийг аваад эмнэлэг явсан...." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэрч Т.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Манай төрсөн дүү Б.Бнь 2011 онд архи хамт уусан хүнээ хутгалж хүн амины хэргээр 12 жил ял эдлээд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр майнтаас 2 жил 7 сарын хугацаагаар тэнсэн суллагдаад байх газаргүй байсан тул өөрийн амьдарч байгаа айлын хашааны эзнээс нь гуйж байгаад Б.Бэр амбаар бариулан байлгах болсон. Б.Б нь хааяа нэг ганцаараа архи уудаг байсан. Гэртээ хүн дагуулж ирдэггүй байсан. Миний дүү Б.Б нь Улаанбаатар  хотод төрсөн, 8 дугаар ангийн боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрээсээ эрт салсан, нэг хүүхэдтэй боловч хүүхэд нь Германд амьдардаг юм. Өнөөдөр эмнэлэг явж дусал хийлгэчхээд ажил руугаа явах замдаа өглөө шүүхийн шийдвэр орж бүртгүүлнэ гэж явсан. Б.Б рүү залгахад гэртээ харьж байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний төрсөн ах Б.У нь 1991 онд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй. Одоогоос 13 жилийн өмнө Сүхбаатар дүүрэгт эцгийн хамт амьдарч байсан. Бид хоёр хоорондоо холбоо тасраад 12 орчим жил болсон учраас ял шийтгэгдэж байсан үгүйг нь мэдэхгүй байна. Одоо хаана амьдарч байгааг нь ч мэдэхгүй. Эхнэр хүүхэдтэй байсан боловч 12 жилийн өмнө салсан. Архины хамааралтай 12 орчим жил архи ууж байгаа. Архи уухаараа ямархуу зан араншин гаргадаг талаар нь мэдэхгүй байна. Өнөөдөр над руу манай аав залгаад Б.Уыг бусдад хутгалуулаад цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн талаар хэлсэн тул ирэхэд хагалгаанд орно гээд байж байсан. Өөртэй нь уулзаж ямар хүн яагаад хутгалсан талаар асуухад тухайн үед хамт байсан хүүхнийх нь найз ямар ч шалтгаангүй хутгалсан гэж ярьсан. Одоогоор ухаантай байгаа. Хутга уушгинд нь хүрсэн тул хагалгаанд орно гэсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3506 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй..” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5010 дугаартай дүгнэлт “ ... 1. Хар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Шүлс, үрийн шингэний толбо, үс арьсны эд илрээгүй. 2. Хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний цус ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ...” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Батлан Хамгаалах Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай "...1. Б.Уын биед цээжний баруун хөндийд нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх, баруун цээжний хөндийн цусан хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Цээжний баруун хөндийд нэвтэрч баруун уушги гэмтээсэн шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3. Цээжний баруун хөндийд нэвтэрч, баруун уушги гэмтээсэн шарх нь ШЭГЗТЖ-н 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

Хохирогч Б.Уын эрүүл мэндийн байдалтай холбоотой эмнэлгийн баримтууд, /хавтаст хэргийн 78-121 дэх тал/

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Уаас гаргаж өгсөн хохирлын баримт хүлээн авсан тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирлын тооцоо, /хавтаст хэргийн 123-127 дахь тал/

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

  • Иргэний үнэлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 161 дэх тал/,
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 145/
  • Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа, /хавтаст хэргийн 146 дахь тал/
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 147 дахь тал/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130 дахь тал/
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 172 дахь тал/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 173 дахь тал/ зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Моносын  ХХ тоотод гэртээ ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Б.Уын   цээжин тус газарт хутгалсны улмаас хохирогчийн цээжний баруун хөндийд нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх, баруун цээжний хөндийн цусан хуралдалт бүхий гэмтэл учруулсан буюу “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Бшүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.У эхнэртэйгээ онцгүй харьцаад байхаар нь би “эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ, ах нь ийм харьцаанд дургүй шүү” гэж хэлсэн. Б.У хүнтэй харьцахдаа дооглож ёжилж харьцдаг юм билээ. Тэгээд би “чи ер нь яах гээд байгаа юм бэ, гэж хэлэхэд Б.У яасан ч яадаг юм гэж хэлж босож ирэхээр нь шургуулгаас хутга авч хутгалсан нь үнэн. Тэгээд эхнэр нь нөхрөө манай гэрээс авч гарсан. Би хүн хутгалсан нь үнэн учраас цагдаагийн ажилтан ирэхийг хүлээж байгаад цагдаагийн ажилтантай хамт цагдаагийн хэлтэс рүү явсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай эхнэрийг орж ирэхэд энэ ах манай эхнэр рүү хараад байсан. Тэгээд “эхнэрт тань өндөг шарж өгнө” гэхээр нь би “яах юм бэ, бид хоёр удахгүй одоо явлаа” гэж хэлэхэд намайг хутгалсан. Би сандал дээр Б.Б ахын яг ард талд нь сууж байсан. Би энэ хүнээс сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хутгалуулснаас хойш би ажил хийж чадахгүй болсон...” гэх мэдүүлэг,

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...8899.... дугаараас харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо Монелоор хойш өгсөөд эхний буудал дээр зам дагуу 25-30 орчим насны эрэгтэй хүн зүрхэндээ хутгалуулсан. Миний найзыг авраач гээд уйлаад байв гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 15 цаг 28 минутад хүлээн авав. ... ” тэмдэглэл, /хх-ийн 6 дугаар хуудас/

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “...Хашааны үүд хэсгээс хашааны урд хана дагуу цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дуссан мөр үргэлжилж яваад цэнхэр амбаарын баруун талд хаалгыг нь хойш харуулан барьсан саарал шавар байшинд хүрч байх тул тус байшинг гадна талаас нь кримниластикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийг тус байшинд үргэлжлүүлэхээр баруун тийш харсан залгаа мод хадсан бор шаргалдуу өнгийн модон хаалгаар дотогш ороход давхар бор шаргал өнгийн модон хаалгаар дамжан цааш өрөө рүү ордог. Нэг ширхэг өрөөтэй байна. Байшинд явж ороход галлаагүй, өрөөний гэрэл унтраалттай, өрөөнд шаргал өнгийн хулдаас дэвссэн, цонх дээгүүрээ хагас нэээлттэй байх ба өрөөний газраар дэвссэн шаргал өнгийн хулдаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба үүдний хэсэгт тогтсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дээр үүссэн нэг ширхэг гутлын мөр байх тул кримниластикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ... Тус шүүгээнд үзлэгийг үргэжлүүлэхэд зэрэгцээ дөрвөн ширхэг татлага шургуулганы хамгийн зүүн захын шургуулга татлагыг татахад хар өнгийн хуванцар бариултай, нийт 25 см хэсгийн урт нь 13 см, ажлийн хэсгийн дундаж өргөн 2 см, бариулны урт 12 см, ажлын хэсэгт 9,5 см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нэг ширхэг хутга байсныг кримниластикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авав... ” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-ийн 9-17 дугаар хуудас/

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн үед инээгээд юм яриад сууж байтал гэрийн эзэн ах босож ирээд гал тогооны шүүгээ рүү очсоноо эргэж хараад миний цээж рүү 1 удаа цохисон. Гэтэл миний цээжээр халуу оргиод байхаар нь хувцсаа сөхөөд хартал цээжнээс цус гарч байсан. Би тухайн хүнтэй ерөөсөө хэрэлдэж муудалцаж зодолдож цохилцоогүй ээ. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа..." гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар хуудас/

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний нэхэмжлэгч Дмөрдөн байцаалтын шатанд өгсөн "... дээрх гэмт хэргийн улмаас Б.У эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.735.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэрч Г.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Юм ярьж байхад гэрийн эзэн эрэгтэй нь өөрийгөө шоронд байсан талаар яриад байсан. Тэгтэл манай нөхөр надад хандаж "Миний хайр согтоод байгаа юм биш үү, одоо битгий уу" гэж хэлтэл гэрийн эзэн эрэгтэй нь "Би эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг хүнд дургүй шүү" гэж хэлтэл манай нөхөр юм ярихгүй дуугүй байгаад байсан. Тэгтэл тухай гэрийн эзэн эрэгтэй босож ирээд "Ах нь та хоёрт өндөг шараад өгье" гэж хэлээд хаанаас гэдгийг нь хараагүй, өндөг гаргаж ирж байснаа гэнэт "Чам шиг бацаанууд над шиг хүнээр оролддоггүй шүү" гэж хэлээд манай нөхрийн цээж рүү нь цохиж авах шиг болохоор нь би нөхөр рүүгээ хартал манай нөхөр царай нь сонин болоод, цээжээ дараад, цээжнээс нь цус гараад, сонин дугараад байхаар нь би хажууд нь очоод "Хайраа зүгээр үү, гэртээ харья" гэж хэлтэл "Миний хайр гэртээ харьж бай, явж бай" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гэрийн эзэн эрэгтэй рүү "Та манай нөхрийг хутгалчхаж байгаа юм уу" гэж хэлтэл тухайн хүн цаашаа харчхаад хэгжүүрхээд "Чам шиг бацаан" энэ тэр гээд ганцаараа яриад зогсоод байсан. Тэгээд би нөхрийнхөө утсаар түргэн дуудаад, хүлээгээд байж байтал цагдаа нар ирээд тухайн гэрийн эзэн эрэгтэйг барьж аваад, эмнэлэг иртэл хүлээсэн. Түргэний эмч 50 орчим минутын дараа ирсэн. Түргэн иртэл манай нөхрийн ухаан нь орж гараад, унтах гэж байгаа юм шиг болоод, буцаж сэрээд л байгаад байсан. Тэгээд түргэн ирээд шууд манай нөхрийг аваад эмнэлэг явсан...." гэх мэдүүлэг, /хх-ийн 33-36 дугаар хуудас/

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өнөөдөр над руу манай аав залгаад Б.Уыг бусдад хутгалуулаад цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн талаар хэлсэн тул ирэхэд хагалгаанд орно гээд байж байсан. Өөртэй нь уулзаж ямар хүн яагаад хутгалсан талаар асуухад тухайн үед хамт байсан хүүхнийх нь найз ямар ч шалтгаангүй хутгалсан гэж ярьсан. Одоогоор ухаантай байгаа. Хутга уушгинд нь хүрсэн тул хагалгаанд орно гэсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5010 дугаартай дүгнэлт “ ... 1. Хар өнгийн бариултай хутган дээр цус илэрсэн. Шүлс, үрийн шингэний толбо, үс арьсны эд илрээгүй. 2. Хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний цус ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ...” гэх дүгнэлт, /хх-ийн 53-56 дугаар хуудас/

Батлан Хамгаалах Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай “...2023.10.05-ны 17:31 минутад нээгдсэн Цэргийн төв эмнэлгийн 23я/04226 тоот өвчний түүхэнд: Ирэх үеийн үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүнд. Хэсэг газрын үзлэгт: Цээжний өвчүүний баруун талд 4-5-р хавирганы түвшинд 7-8 см орчим зах ирмэг тэгш нэвтэрсэн шархтай, уушги харагдана, чагналтаар суларсан амьсгалтай. Шархаар их хэмжээний цус алдалттай, цусан бүлэнтэй байв. Яаралтай журмаар амь насны заалтаар "Цээжний хөндийг нээж, шалгах" мэс засал эмчилгээ хийе. 2023.10.05-ны 18:00-21:00 хооронд 3 цаг үргэлжилсэн мэс заслын тэмдэглэлээс: Ерөнхий биеийн мэдээ алдуулалтын дор цээжний хутгалагдсан шархыг дайруулан 18 см орчим зүслэг хийн нээхэд цээжний хөндийд 2 литр сул цус байсныг соруулан нөжирсөн байсан цусыг гадагшлуулан гэмтсэн эрхтэнг шалгахад баруун уушгины дээд дэлбэнгийн доод хэсэгт хөндлөн хэлбэрийн, зах ирмэг тэгш 5 см орчим нэвт гарсан хатгагдсан байсныг оёов. Дунд дэлбэнгийн дээд ирмэгийг нэвт хатгасан 1 см орчим шархтай байсныг оёж сэргээн шалгаж, цээжний баруун талд суганы шугамаар 6-7-p хавирганы түвшинд хяналтын гуурс байрлуулан цээжний хөндийг хаав. Мэс заслын дараах онош: Цээжний хөндийн нэвт хутгалагдсан шарх. Баруун уушгины дээд дэлбэнгийн дунд хэсэг болон дунд дэлбэнгийн дээд ирмэгийн нэвт хатгагдсан шарх, цээжний хөндийн хий болон цусан хураа. Цочмог цус алдалтын дараах цус багадалт. Одоогийн зовиур: Гүн амьсгалахад цээжээр өвдөнө, шөнө өвдөөд унтаж чадахгүй, цээжээр нилэнхүйдээ хөндүүрлэнэ, үе үе амьсгал бачуурна гэнэ. Үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, орчиндоо харьцаатай, байрлал хагас идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нудний алим чичирхийлэлгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, рефлекс хэвийн, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн. Хоёр талд уушги цулцангийн сулавтар амьсгалтай. Хэсэг газрын үзлэгт: Цээжний баруун хөндийд 4-5 дугаар хавирга завсраар өвчүү орчмын шугамаас суганы урд шугам хүртэл 19 см урттай зах ирмэг тэгш, оёдол бүхий мэс заслын шархтай. Баруун суганы шугамаар 6-7-р хавирга завсар цээжний хөндийд хяналтын гуурс байрлуулсан шархтай, гуурсаар улаан шаргал шүүдэстэй. Дүгнэлт хэсэгт 1. Б.Уын биед цээжний баруун хөндийд нэвтэрч баруун уушгины дээд, дунд дэлбэнг гэмтээсэн шарх, баруун цээжний хөндийн цусан хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Цээжний баруун хөндийд нэвтэрч баруун уушги гэмтээсэн шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3. Цээжний баруун хөндийд нэвтэрч, баруун уушги гэмтээсэн шарх нь ШЭГЗТЖ-н 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

Хохирогч Б.Уын эрүүл мэндийн байдалтай холбоотой эмнэлгийн баримтууд,

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Уаас гаргаж өгсөн хохиролын баримт хүлээн авсан тэмдэглэл, хохиролын баримтууд, хохиролын тооцоо зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн цээжин тус газар нэг удаа хутгалсны улмаас нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Б.Б нь зэвсэг хэрэглэж, хохирогч Б.Уын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Уын цээжин тус газар нэг удаа хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Б үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Б.Уыг “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Хэрэг гарах болсон шалгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нар нь архины зохисгүй хэрэглээ, архидан согтуурсан үедээ ялимгүй зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

 

Хохирогч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 273.710 нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

 

Мөн хохирогч Б.Ут эрүүл мэндийн тусламж үзүүлж, мэс засал хийсэн Цэргийн төв эмнэлгийн баримт, иргэний нэхэмжлэгч Д“...Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.735.000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл зэрэгт  үндэслэн хохирлыг тооцож буюу шүүгдэгч Б.Бэс 5.735.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.У нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу хүний амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэм бурууд маргаагүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.ББаянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай захирамжаар 2 жил 8 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 8 сар 14 хоногоор тогтоож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 109 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Мөн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

           2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Бурьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 /найм/ жил 8 /найм/ сар 14 /арван дөрөв/ хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 8 /найм/ жил 8 /найм/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уын цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ут 273.710 /хоёр зуун далан гурван мянга долоон зуун арав/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Бэс 5.735.000 /таван сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж, хохирогч Б.У нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хор, хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                    ШҮҮГЧ                         Ч.АЛДАР

 

                                                    ШҮҮГЧ                         М.ОТГОНБААТАР