Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 01657

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01555 дугаар шийдвэртэй, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Г.Н-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 43 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь Г.Н-той 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 24 000 000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн байдаг. Зээлийн хүүг сар бүр төлж үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон боловч хариуцагч Г.Н зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөр төлөөгүй. 2016 оны 07 сард 12 000 000 төгрөгтэй тэнцэх хүүгийн төлбөрийг Д.О бартераар хүлээж авсан. Хариуцагч Г.Н-той утсаар холбогдож зээлээ төлөхийг удаа цараа шаардаж байсан. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 24 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сараас хойш нэхэмжпэл гаргах өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 19 200 000 төгрөг, нийт 43 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь найз Б.Х-аар дамжуулан Д.О-тэй танилцсан. Хамгийн анх 2014 онд гэрээ хийлгүй 10 000 000 төгрөг зээлсэн. Д.О 8 хувийн хүү гэж сард 800 000 төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээн авсан. 2014 сүүлээс мөнгө өгч чадаагүй. 2015 онд Д.О ирж надтай уулзсан. Тэрээр “...зээлсэн 10 000 000  төгрөгийн хүү, алданги нэмэгдээд өссөн. Б.Х-ын 4 000 000 гаруй төгрөгийн өглөгтэй нийлүүлээд 24 000 000 төгрөг авсан гэж зээлийн гэрээ байгуул” гэж надаас шаардах болсон. Миний бие мөнгийг нь бөөнд нь өгч чадахгүй байсан тул гэрээ байгуулж мөнгө хүлээн авсан баримт үйлдсэн. Би 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д.О-ээс мөнгө хүлээн аваагүй. 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулснаас хойш Д.О-ийн Төрийн банк, Хаан банк, Капитрон банкны дансанд болон Б.Х-аар дамжуулан бэлнээр мөнгө удаа дараа өгсөн. Дээрх банкин дахь дансуудад 24 000 000 төгрөгийн хүү гэж сард 960 000 төгрөгийг 7-8 удаа Г.Н-гоос болон Н.М-аас гэж гүйлгээний утга бичин шилжүүлж байсан.

Нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сард 12 000 000 төгрөгтэй тэнцэх хүүгийн төлбөрийг бартераар авсан гэдэг тайлбарыг гаргаж байна. Д.О машин бусдаас худалдан авах болсон тул бид 14 200 000 төгрөгийн барилгын материалыг Б.Х-аар дамжуулан өгсөн. Уг барааг худалдан борлуулж Д.О машин авсан. Энэ барааны баримт байгаа бөгөөд Б.Х үүнийг гэрчилнэ. Д.О-ээс 24 000 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аваагүй бөгөөд өмнө нь тохиролцон зээлсэн мөнгийг Б.Х-ын Д.О-д өгөх өглөгтэй нийлүүлэн Д.О-ийн шаардсанаар гэрээ байгуулж хүлээн авсан гэж баримт үйлдсэн. Нэхэмжлэлд Д.О дансаар авсан мөнгө хүлээн авсныгаа аваагүй мэт бичжээ. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын үед 3 000 000 орчим төгрөгийг миний бие өөрийн данснаасаа Д.О-ийн данс руу шилжүүлсэн. Миний хувьд зээлсэн мөнгөө өгч дууссан гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний 3 сарын хугацаа дууссан, үүнээс хойш нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Гэрээний хугацааг талууд сунгаагүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр хариуцагч надад “...би зээлийн төлбөрийн ихэнхийг буцаан төлсөн” гэж хэлсэн боловч энэ байдлыг бид нотолж чадахгүй байгаа учир шүүхийн зүгээс хуульд нийцсэн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Н-гоос 14 880 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 320 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-гоос  232 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Д.О-д 14 880 000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Г.Н нь Д.О-ээс 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 24 000 000 төгрөг зээлж аваагүй бөгөөд 2014 онд ямар нэгэн гэрээ хийлгүй авсан 10 000 000 төгрөгийг хүү болон Б.Х-ын өр 4 000 000 төгрөгэй нийт 24 000 000 төгрөг болсон зээлийн гэрээ байгуул бэлнээр авсан гэж баримт үйлд гэсний дагуу зээлийн гэрээ байгуулж бэлнээр авсан гэсэн баримт үйлдсэн. Д.О нэхэмжлэл гаргахдаа 24 000 000 төгрөгийг бэлнээр олгож зээлдүүлсэн гэдэг. Гэтэл гэрч Б.Х-ыг асуулгахад Г.Н надад өртэй байсан учраас миний 4 000 000 төгрөгийн өрийг төлөхөөр болсон тухай ярьдаг. Энэ нь бэлэн 24 000 000 төгрөг 2015 оны 04 дүгээр сарын 27-нд олгосон гэдгийг үгүйсгэдэг.

          Ингээд 2015 онд Д.О уулзаж гэрээ хийе гэсний дагуу дээрх гэрээг хийсэн бөгөөд 10 000 000 төгрөг дээр Б.Х-ын 4 000 000 төгрөг мөн нэмж 3 000 000 төгрөг зээлсэн бөгөөд нийт 17 000 000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг сарын 4 хувийн хүүтэй гэж үзвэл сарын 680 000 төгрөг болж, 3 сарын хүү нь 2 040 000 төгрөг болж байна. нийт 19 040 000 төгрөг буцаан өгөх ёстойгоос 12 000 000 төгрөгийг бартераар буцаан өгсөн, одоо үлдэгдэл 7 040 000 төгрөг өгөх ёстой.

Нэхэмжлэгч хэдийгээр хэрэгт бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн баримт өгдөг боловч өөр бусад нотлох баримтуудаар энэ нь нотлогдоогүй, гэрч Б.Х нь миний өрийг нэмж төлөх болсон гэж ярьдаг. Эдгээрийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхээс 14 880 000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй бөгөөд 7 040 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд илүү гаргуулсан 7 840 000 төгрөгийг хасч анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.О хариуцагч Г.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 24 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 19 200 000 төгрөг нийт 43 200 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Д.О-ээс 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 24 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, 24 000 000 төгрөгийг хүлээн авсан баримт хэрэгт авагджээ. /хэргийн 4-5 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Г.Н нь “...24 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, төлбөрийг буцаан төлсөн мөн найз Б.Х-ын 4 000 000 төгрөгийг оруулж тооцсон” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

          Иймд хариуцагч Г.Н-гоос зээлийн гэрээний үндсэн үүрэгт 24 000 000 төгрөг, 3 сарын хүү  2 280 000 төгрөг нийт 26 880 000 төгрөг төлөхөөс төлсөн 12 000 000 төгрөгийг хасч, үлдэх 14 880 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан төлбөрийн зарим хэсгийг бараа материалаар буцаан өгсөн, зээлийн гэрээг хууль зөрчиж хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             С.ЭНХТӨР

                                                                                                             Д.БАЙГАЛМАА