| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0881/З |
| Дугаар | 221/МА2026/0590 |
| Огноо | 2026-08-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0590
Л.Д, Ч.Б, Д.О, Т.Э нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Ц.Одмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.Д, Ч.Б, Д.О, Т.Э
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: Б ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 501 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.О, Т.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0881/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 501 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 26 дугаар зүйлийн 26.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамж, 2017 оны А/463 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Л.Д, Ч.Б, Т.Э, Д.О нарын орц, гарц байсан хэсэг болон Ч.Б, Т.Э, Д.О нарын үл хөдлөх хөрөнгийн газартай давхцалтай байгаа 450 метр квадрат хэсгийг тус тус Нийслэлийн Засаг даргаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0501 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Л.Д, Ч.Б, Т.Э, Д.О нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамж, 2017 оны А/463 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч нарын орц, гарц байсан хэсэг болон үл хөдлөх хөрөнгийн газартай давхцалтай байгаа 450 метр квадрат хэсгийг шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг удирдлага болгон дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
2.1.1.Шүүх хөөн хэлэлцэх хугацаа болон эрх зүйн тогтвортой байдлын зарчмыг буруу дүгнэсэн тухай:
Нэхэмжлэгч нарын маргаж буй Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь 2012 болон 2017 онуудад гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан иргэн, хуулийн этгээдэд эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Хууль тогтоогч эрх зүйн харилцааны тогтвортой байдлыг хангах үүднээс ийм актыг хүчингүй болгох хугацааг 5 жилээр хязгаарласан байдаг.
Нэхэмжлэгч нар нь 14 жилийн өмнөх захиргааны актын хууль ёсны байдалтай маргаж 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг илэрхий хэтрүүлсэн байна. Гуравдагч этгээд Б ХХК болон нэхэмжлэгч иргэдийн дунд 2012 онд уулзалт зохион байгуулагдаж, орц гарцын асуудлаар харилцан тохиролцож байсан тэмдэглэл хэрэгт авагдсан байхад шүүх "гомдол гаргах хугацаа дуусаагүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
2.1.2.Захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдоогүй атал шүүх буруу дүгнэлт хийсэн тухай:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэж үзнэ. Хариуцагч байгууллагуудын зүгээс иргэдийн гаргасан өргөдөл, гомдолд тухай бүр нь албан бичгээр хариу өгч, хууль тогтоомжийн Хүрээнд тайлбарлан шийдвэрлэж байсан тул хариуцагч нарын зүгээс гаргасан хууль бус эс үйлдэхүй байхгүй болно.
Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 208 дугаар захирамжаар анх үүссэн хэдий ч уг газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд 2013 онд хожимдуулж бүртгүүлснээс шалтгаалан давхцалын асуудал үүссэн байна. Энэ нь Нийслэлийн Засаг даргаас санаатайгаар бусдын эрхийг зөрчсөн эс үйлдэхүй бус, харин нэхэмжлэгч нарын газрын зургийг мэдээллийн санд цаг хугацаанд нь оруулаагүй асуудалтай холбоотой юм.
2.1.3.Орц, гарцын шийдэл болон Иргэний эрх зүйн маргааны шинжтэй асуудлыг Захиргааны шүүх шийдвэрлэсэн тухай:
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч 13 иргэний газар нь анх нуруулдсан хэлбэрээр, хоёр тал руугаа чөлөөтэй гарах орц, гарцын шийдэлтэйгээр төлөвлөгдөн олгогдсон. Иргэд өөрсдөө хотхоны зохион байгуулалтад орж, нэгдсэн хашаа барьснаас шалтгаалан гарцын маргаан үүссэн байна.
Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хоорондын газар дундуураа дамжин өнгөрөх, зам ашиглахтай холбоотой маргаан нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасан хөршийн эрхийн маргаан буюу Газрын тухай хуулийн 481 дүгээр зүйлд заасан сервитут (бусдын газар дээгүүр дайран өнгөрөх эрх) тогтоох замаар иргэний журмаар шийдвэрлэгдэх харилцаа юм. Шүүхээс энэхүү иргэний эрх зүйн шинжтэй маргааныг захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх замаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
2.2.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Л.Д нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/Ш32026/0501 дугаар шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардан авсан болно. Иймд тус компанийн өмгөөлөгч Б.Н би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2026/0501 дугаар шийдвэрээр Л.Д нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ "... Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамж, 2017 оны А/463 дугаар захирамжийн "Б” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Л.Д, Ч.Б, Т.Э, Д.О нарын үл хөдлөх хөрөнгийн газартай давхцалтай байгаа 450 метр квадрат хэсгийг тус тус Нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж манай Б ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндөж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
2.2.1. Шүүгч хариуцагч Нийслэлийн Засаг даргыг 2012 оны болон 2017 оны захирамжийг шинэ акт гаргах байдлаар буюу дахин гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгохоор хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар манай компанид газар эзэмших эрх олгосон захиргааны акт буюу цаг хугацааны хувьд 14 жилийн өмнөх захиргааны актыг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү 14 жилийн хугацаанд Б ХХК нь газрын төлбөр төлж, мөн газрыг зориулалтын дагуу буюу эмт чацаргана тариалах зориулалтаар ашиглаж, газар эзэмшилтэй холбоотой эрх зүйн болон эдийн засгийн урт хугацааны үр дагавар үүссэн түүнийг хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийг буюу 2012 оны захиргааны актыг 14 жилийн дараа дахин шинэ акт гаргах байдлаар дахин гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй.
Анхан шатны шүүх нь Нийслэлийн Засаг даргад 2012 оны А/119 болон 2017 оны А/463 дугаар захирамжийг 14 жилийн дараа дахин шинээр гаргах байдлаар шийдвэрлэхийг даалгасан атлаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан "захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгоно" гэсэн хязгаарлалтыг хэрхэн даван хэрэглэж байгаа талаарх эрх зүйн үндэслэлээ огт тайлбарлаагүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул түүнийг хүчингүй болгож өгнө үү.
2.2.2.Энэхүү захиргааны нэхэмжлэгч нарын өмнөх 128/2023/0287/3 индексийн дугаартай хэргийн материалууд авагдсан. Уг хэргийн материалуудын 3 дугаар хавтасны 118 дугаар хуудсанд нэхэмжлэгч иргэд нь гуравдагч этгээд Б ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн уулзалтын тэмдэглэл нотлох баримтаар эх хувилбараараа авагдсан. Уг уулзалтын тэмдэглэлд талууд гарын үсгээ зурж, гуравдагч этгээд хуулийн этгээдийн тэмдгээ дарсан. Уулзалтаар нэхэмжлэгч нар нь манай компани 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олж авсан бөгөөд манай компанийн кадастрын зургийг харахад нэхэмжлэгч нарын газартай 4 метр давхцаж, мөн тэдний орц гарц төлөвлөсөн хэсэгтэй давхцалтай байгааг харилцан мэдэж, энэ талаар бичгээр тэмдэглэлд тусгаад зогсохгүй уг асуудлыг шийдвэрлэсэн.
Тодруулбал 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн уулзалтаар манай компанийн эзэмшил газраар дамжин өнгөрөх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Иргэний хуульд заасан талуудын хооронд байгуулсан хэлцэл юм. Тиймээс Б ХХК нь 2012 оноос хойш өөрийн эзэмшил газраараа нэхэмжлэгч нарыг дайран өнгөрүүлж ирсэн. Үүнээс харахад нэхэмжлэгч нар нь шүүхэд 2023 онд анх нэхэмжлэл гаргаад буй Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн талаар 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн уулзалт, тус уулзалтын тэмдэглэлээр мэдэж, бүр газрын кадастрын зурагтай танилцаж, өөрийн газартай давхцаж, орц гарцын асуудал үүсгэж байгаа талаар дэлгэрэнгүй танилцаж, үүнийг шийдвэрлэхээр Б ХХК-тай хэлцэл хийсэн байна.
Нэхэмжлэгч нар нь 2012 онд манай компанид газар эзэмших эрх олгосон захиргааны актыг 2012 онд нь мэдэж, танилцсан хэр нь 11 жилийн дараа буюу 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар гарган өгсөн тул түүний хүрээнд тайлбарласан хэдий ч анхан шатны шүүхээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн зөвтгөснөө тайлбарлаагүй байна.
Тодруулбал нэхэмжлэгчид зөвхөн захиргааны актыг мэдээд зогсохгүй тухайн актаас үүссэн газрын байршил, кадастрын зураг, давхцалын талаар бүрэн танилцаж, улмаар тухайн асуудлыг шийдвэрлэхээр Б ХХК- тай харилцан тохиролцсон байна. Иймээс нэхэмжлэгчид тухайн захиргааны акт болон түүнээс үүдэлтэй эрх зүйн үр дагаврыг 2012 онд бүрэн мэдэж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан хугацааг 11 жилийн дараа нэхэмжлэл гарган сэргээх ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд мөн адил анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
2.2.3. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт "Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар болон Б ХХК нар нь газар эзэмшлийн хувьд хөрш залгаа юм.
Тиймээс Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт "Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь дээр дурдсан уулзалтын тэмдэглэлийн дагуу орц болон гарц, газрын давхцалын асуудлыг уулзалтын тэмдэглэл хэлбэртэй хэлцэл байгуулах замаар шийдвэрлэсэн. Хэрэв Б ХХК нь тохиролцсоноо зөрчиж өөрийн эзэмшил газраараа нэхэмжлэгч нарыг зорчуулахгүй байх тохиолдолд Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүхэд хандахаар хуульчилсан байна.
Иймээс 2012 онд тохиролцсон хөрш залгаа газар эзэмшигч нарын орц гарцын буюу хөршийн газраар дамжин өнгөрөх асуудал нь 2023 онд захиргааны хэргийн шүүхээр бус иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан юм. Энэхүү маргааны бодит агуулга нь захиргааны актын хууль ёсны байдлыг бус, хөрш залгаа газар эзэмшигчдийн хооронд байгуулсан хэлцлийн хэрэгжилт болон хөршийн газраар дамжин өнгөрөх эрхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Энэ талаар хариуцагч болон гуравдагч этгээд нар нь шүүх хуралдаанд болон хариуцагчийн гаргаж өгсөн хариу тайлбараар мэтгэлцэх боловч анхан шатны шүүх нь мөн адил энэхүү асуудалд дүгнэлт хийгээгүй.
2.2.4. Нэхэмжлэгч нар болон тэдний хөрш гэх нийт 13 иргэн нь Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар нэг айлын 700 м.кв буюу нийт 9100 м.кв газрыг эзэмших эрх олж авсан.
Түүгээр зогсохгүй 13 айл тус тусдаа орц гарцтай, тус тусдаа эзэмшил байхаар газар эзэмших эрх олж авсан хэдий ч өмнөх 128/2023/0287/3 индексийн дугаартай хэргийн материалын 2 дугаар хавтасны 164 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт нэхэмжлэгч нар нь нийт 14939 м.кв газрыг буюу нийт 5839 м.кв газрыг хэтрүүлэн хашиж эзэмшиж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт өөрт олгогдоогүй газрыг эзэмшихийг хориглосон. Гэтэл нэхэмжлэгч нар нь зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газрын хэмжээг 5839 м.кв талбайгаар хэтрүүлэн хашаалсан төдийгүй уг хашаанаасаа орох болон гарах талбайг шаардаж, уг талбайг гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргаас шаардах нь хууль бус юм. Тодруулбал шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид өөрсдөдөө олгогдсон хэмжээнээс 5839 м.кв газрыг илүү хэмжээгээр ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх эрхийн хамгаалалт үзүүлэх үндэслэл мөн эсэх талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрийн хууль бус эзэмшил, ашиглалтаас үүдэн бий болсон нөхцөл байдлыг үндэслэн бусдын эрхийг хязгаарлуулахыг шаардах эрх хуулиар хамгаалагдахгүй.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгохоор хуульчилсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргасан талаар мөн шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2026/0501 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн их х хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхив.
3. Нэхэмжлэгч Л.Д, Ч.Б, Д.О, Т.Э нараас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Үүнд:
3.1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/463 дугаар захирамжийнБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарц гаргахыг даалгах,
3.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 208 дугаартай захирамжийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Б, Л.Д, Т.Э, Д.О нарт амины сууцны зориулалтаар олгогдсон, эзэмшил бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулсан, орц, гарцыг хааж, хээрийн судалгаа хийлгүйгээрБ ХХК-д газрыг олгохоор төлөвлөсөн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
3.3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 208 дугаар захирамжаар 13 иргэнд газар олгохдоо орц, гарц төлөвлөсөн, зөвшөөрсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэжээ.
4. Нэхэмжлэгч нараас шаардлагын үндэслэлээ “...хариуцагч захиргааны байгууллага нь Б ХХК-д анх газар олгохдоо хээрийн болон суурийн судалгаа хийгээгүй, нэхэмжлэгч нарын эзэмшлийн хашаалсан газрын орц, гарц бүхий газрыг хааж олгосон” гэж,
4.1. Хариуцагч нараас “... гуравдагч этгээдэд анх 2012 оны 02 дугаар сард, нэхэмжлэгч нарт 2011 оны 06 дугаар сард газар эзэмшүүлэх захирамж гасан ч тухайн газрыг газрын кадастрын мэдээллийн санд 2013 онд оруулснаар нэхэмжлэгч нарын газартай давхардуулан олгох шалтгаан болсон, давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, тухайн газар нь анх төлөвлөхдөө нуруулдсан хэлбэрээр 2 тал руугаа орц, гарцтайгаар төлөвлөгдсөн байсан” хэмээн,
4.2. Гуравдагч этгээдээс “... нэхэмжлэгч нар 14 жилийн өмнөх захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, орц гарцын асуудлаар уулзалт зохион байгуулж харилцан хүлээн зөвшөөрөөд, манай компанийн эзэмшил газраар нэвтрэн өнгөрөх заагийг гаргаж өгсөн байдаг” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт орж, гарах гарц нь ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан шороон зам байх бөгөөд нийтийн эзэмшлийн зам гэдэг нь тогтоогдох ба түрүүлж эзэмших эрх нь үүссэн нэхэмжлэгч нарын зорчих зам, орц, гарцын газар байгаа гэдгийг судлахгүйгээр Нийслэлийн Засаг даргаас Б ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарыг эрхийг хөндсөн...” гэж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших газрыг 2011 онд эзэмшиж, харин гуравдагч этгээд Б ХХК-ийн газар эзэмших эрх 2012 онд үүссэн байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй байна.
6.1. Мөн Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Газрын кадастр нь газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг мөн” гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг” гэж, 3.1.7-д "кадастрын зураглалын мэдээллийн сан" гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг”, 3.1.8-д "газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг”, 16 дугаар зүйлийн 16.13-д “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, газар эзэмшигч нь кадастрын зураглалыг хийлгэж, түүнийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэснээр захиргааны байгууллагаас газар зохион байгуулалтыг хийх мөн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах зэрэг нөхцөл байдлыг тогтоох боломжтой байна.
6.2. Гэтэл нэхэмжлэгч Л.Буд, Т.Э, Д.О нарт газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан ч уг газрын хилийн заагийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулаагүй байх тул шүүх газар зохион байгуулалт болон нэхэмжлэгч нарын газрын байршлын талаар дүгнэх боломжгүй.
6.3. Одоо нэхэмжлэгч нарын хашаалсан газар нь орц гарц байхгүй, орж гарахдаа гуравдагч этгээдийн эзэмшил газраар дайран өнгөрдөг, гуравдагч этгээд Б ХХК нь өөрийн эзэмшил бус 7510 м.кв газрыг хашаалсан, мөн нэхэмжлэгч нарын дундаа хашаалсан газар нь гуравдагч этгээдийн газартай 450 м.кв талбайгаар, нэхэмжлэгч Ч.Бын байшинтай 1 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа болох нь тогтоогдож байна.
6.4. Төрөөс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зарчмыг баримтлах бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч нарын орц, гарц хаагуур, ямар байдлаар байхыг тодорхойлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
6.5. Харин захиргааны байгууллага нь нэгж талбар бүрийн орц, гарцыг шийдвэрлэсэн зохих төлөвлөлтийн дагуу газрыг хүн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ямар төлөвлөлтийн дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тодорхойгүй энэ тохиолдолд захиргааны байгууллага нөхцөл байдлыг судлан тодруулсны үндсэн дээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч нарын орц, гарцын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
6.6. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байх тул дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд нараас гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.
6.7. Хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч нарын хотхоны зохион байгуулалтаар илүү хашаалсан гэх газар гуравдагч этгээдийн газартай давхацсан гэх нөхцөл байдлыг мөн харгалзан үзэж, уг алдаа, зөрчлийг хуульд нийцүүлэн арилгах шаардлагатайг тэмдэглэв.
7. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг удирдлага болгосон алдаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА