Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

          Улсын яллагч Д.Агар,

          Шүүгдэгч Л.Билгүүн, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат /ҮД:1221/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Билгүүнд холбогдох 2016 2501 4189 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халх гол суманд 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид радио телеграфын инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Халх гол сумын 1 дүгээр баг, 38 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ШУТИС-ийн оюутны 5 дугаар дотуур байрны 309 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Илжгэн овогт Лхасүрэнгийн Билгүүн /РД:ЖЙ97031313/,

         

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Л.Билгүүн нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч А.Алтангэрэлийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэн эсэргүүүцэж нүүрэн тус газар нь мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөдөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Билгүүний өгсөн: “миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж мэдүүлэг өгөхгүй ” гэх мэдүүлэг,

         

          Мөрдөн байцаалтад хохирогч А.Алтангэрэлийн өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Улиастай 116 дугаар чиглэлийн автомашин дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх д/үргийн 22 дугаар Цагаан давааны хогийн цэг рүү өгсөх замд ухаангүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд цагдаа жолооч дэд ахлагч Б.Азбаярын хамт дуудлаганд очиход 20-22 орчим настай эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан. Уг хүнийг сэрээрэй хөлдөж үхлээ гэхэд намайг зодсон хүмүүс мөн үү гээд дайраад цохих гэхэд нь бултаж зайлаад цагдаа байна гэхэд сонссон шинжгүй гараа ороолтоор ороогоод дайраад байсан. Энэ үед цагдаагийн дэд ахлагч М.Азбаяр бид хоёр талаас нь барьж аваад газар унагааж гарыг ард нь гавалсан. Тэгэхэд хөлөөрөө дэд ахлагч М.Азбаярын нүүр рүү хөлөөреө тийрсэн тэгээд машины ард суулгаад хэлтэс рүү аваад явах замд тайвширч унтаад өгсөн. Хэлтэс дээр оруулж ирээд ар гэрээсээ дуудах хүн байна уу, та цагдаатай зодолдох гээд байна шүү дээ гэхэд гайгүй дуугуй зогсоод байсан. Тэгэхээр нь тайвширчихлаа гэж бодоод гавыг нь тайлаад анкетыг нь авах гээд нэрийг асуухад Билгүүн гэсэн. Овог хэн бэ гэхэд Л гэсэн. Тэгэхээр нь овгоо бүтнээр нь хэлээрэй гэхэд Л.Билгүүн гээд байгаа юм биш үү гээд нүүр рүү мөргөсөн тэгээд дахиад дайрахад нь дэд ахлагч Азбаяр, дэг журам сахиулагч Анхбаяр хоёр барьж аваад гарыг нь дахин гавлаад саатуулах байранд хийсэн...” гэх мэдүүлэг /хх.9/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Анхбаярын өгсөн: “... Тэр шөнө би үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цагийн орчим байсан шиг санагдаж байна, эргүүлийн офицер А.Алтангэрэл цагдаа дэд ахлах Азбаяр нар нэг согтуу хүн дагуулж орж ирсэн. Тэгээд Алтангэрэл тэмдэглэл хөтлөж байсан, нөгөө хүний овог нэрийг нь асуутал нөгөө хүн намайг Билгүүн гэдэг та нар яах гээд байгаа юм бэ гээд өмнөөс нь ойртоод очсон, тэгээд мөргөчихсөн. Алтангэрэлийн ам руу нь мөргөж уруулын дотор нь тал нь язарсан доод шүд нь хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч М.Азбаярын өгсөн: “... Тэр шөнө Улиастай 116 чиглэлийн автомашин дээр дэслэгч А.Алтангэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тэр шөнийн 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн зүүн эцсээр барууны эцэс рүү явах замд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн, очиж шалгахад 20-22 орчим насны залуу хэвтэж байсан. Тэгээд сэрээрэй гэхэд ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд бид хоёр татаад өндийлгөөд босоорой хөлдөж үхэх нь байна гэхэд нөгөө залуу босч ирээд намайг зодсон хүмүүс үү та нар мөн үү. Би он жавуудыгаа хамгаална гээд эргүүлийн офицер Алтангэрэлийг барьж аваад машины копудан дээр дараад авсан, би тухайн залууг араас нь татаад эргүүлэхэд намайг түлхээд саарал өнгийн ороолтоор гараа ороогоод учир зүггүй гараараа саваад дайрсан, би бултаад барьж авсан, дэслэгч Алтангэрэл бас бариад авсан. Тэгээд бид хоёр дарж унагаад гарыг нь ард нь гавалсан. Тэгээд албаны машинд суулгаж хэлтэс дээр авч ирсэн. Би жижүүрийн цонхны хажууд зогсож байхад Алтангэрэл тэр залуугийн анкетыг авах гээд нэрийг нь асууж байсан, тэгтэл нөгөө залуу Билгүүн гээд байгаа юм биш үү гээд Алтангэрэлийн өмнөөс тулж очоод хана руу шахаад нэг мөргөсөн тэгээд би араас нь татаж газар унагаад тухайн үед конторын цагдаагаар ажиллаж байсан дэд ахлагч Анхбаяр бид хоёр газар ,дарж байгаад гарыг нь ард нь гавалсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч М.Оюунравжихын өгсөн: “... Би тэр шөнө зүүн Алтан-Өлгийгөөс баруун Алтан-Өлгий рүү гэр рүүгээ явж байтал замын урд талдаа нэг хүн хэвтэж байсан. Би тэр хүнийг хараад 102-т дуудлага өгсөн. Би тэр хүн дээр очоогүй хажуугаар нь машинтай өнгөрч явсан... Би хараагүй, дуудлага өгчихөөд гэртээ харьсан, намайг дуудлага өгснөөс хойш 20-30 минутын дараа цагдаагаас залгаж яг хаана байсан хүн юм бэ гэж лавлаж асууж байсан. Цагдаа нь жи мобайлын утсаар залгаж байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №15654 дугаартай:

          “1. А.Алтангэрэлийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21/,

 

          Мөрдөн байцаалтад Л.Билгүүний яллагдагчаар өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө барилга дээр ажиллаж байхдаа танилцаж байсан Пүрэвсан, Баасандорж нартай хамт ажлаа тараад Сэлэнгэ зочид буудлын тэнд байх пабд орж хоол идсэн. Тэгээд нэг нэг пиво ууцгаасан, тэгээд нэг шил 05 гр-ын архи авч уусан, тэгээд тэндээс салаад би найз руугаа явлаа гээд гарсан тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа юм, нэг сэрэхэд би цагдаагийн газар ирчихсэн байсан. Би хэн нэгэн хүнтэй маргаж муудаагүй, намайг цасан дээр хэвтэж байхад хүмүүс дуудлага өгөөд цагдаа нар очиж авч ирсэн гэж дуудлаганд очсон цагдаа нар надад хэлсэн... Би үнэхээр тэр үйлдлээ санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

 

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.37/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.41/,

          Хохирогч А.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-9/,

          Гэрч Б.Анхбаярын мэдүүлэг /хх-13/,

          Гэрч М.Азбаярын мэдүүлэг /хх-15/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

          Л.Билгүүн нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч А.Алтангэрэлийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь мөргөж биө махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Л.Билгүүнийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэн эсэргүүүцэж биө махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Л.Билгүүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч А.Алтангэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзэн, шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих ял бичлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

          Л.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Илжгэн овогт Лхасүрэнгийн Билгүүнийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэн эсэргүүүцэж биө махбодид нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Билгүүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Билгүүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Л.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар, Л.Билгүүнд оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Л.Билгүүнд сануулсугай.

 

          6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Билгүүнд урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР