Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 109/2016/0012/з |
Дугаар | 221/МА2016/0670 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0670
Ардчилсан намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Эрдэнэцогт, хариуцагч Н.******* нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ардчилсан намын “Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хороо нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх үүргээ хуулийн дагуу зохих ёсоор бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байтал Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагч Өлзийт сумын Сонгуулийн хороог “...Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан маягтуудын загварыг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр буруутгах үндэслэлгүй...” хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тус шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн гүйцэд авч үзэлгүйгээр хэргийг өнгөц, өрөөсгөл шийдвэрлэжээ гэж үзэхэд хүргэв. Хариуцагч Өлзийт сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийг бүртгэх асуудал дээр шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гарган сумын Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар илэрхий атал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийн байдалд бодитой дүгнэлт хийгээгүй төдийгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-Амгалан нь “Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар орон нутгийн сонгуульд оролцох намын нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөр дууссан, нам нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.
Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан нам нь дээрх хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 50 минутад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг тухайн сумын Сонгуулийн хороонд хүргүүлэхдээ хуулийн 157.2.5-д заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг хавсаргаж өгөөгүй байх ба 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буруу маягтаар гаргаж өгснийг хариуцагч Сонгуулийн хороо хүлээж аваагүй нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга ёсыг сахих”, 5.1.7-д заасан “энгийн ойлгомжтой байх” зарчмыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэж зааснаар намын бүрдүүлж өгвөл зохих бичгийн баримтууд бүрэн байгаа эсэхийг шалгаж, тухайн нэр дэвшигчийн өөрийн гаргаж өгдөг өр төлбөргүй болохоо өөрөө илэрхийлсэн мэдүүлэг дутуу байгааг мэдэгдэж нөхөн авах боломжтой бөгөөд энэ нь хуулийн 157.9-д заасан “нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх” сум, дүүргийн Сонгуулийн хорооны чиг үүрэгтэй нийцнэ.
Нөгөө талаар хариуцагч нь Сонгуулийн ерөнхий хороо болон Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу Татварын албаны тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий Газрын тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нөхөн авсан гэж тайлбарласнаас үзвэл мөн өдөр өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг хүлээж авах нь хууль зөрчихгүй байжээ.
Гэтэл буруу маягтаар ирүүлсэн гэх хэлбэрийн төдий зөрчлөөр шалтгаалан мэдүүлгийг хүлээж аваагүй, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох” нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.
Буруу маягт гэдэг нь “Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлэг” гэсэн байх ба Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлэг” гэх маягт нь зөвхөн гарчиг нь өөр, бусад бүхий л агуулга ижил тул хэлбэрийн төдий зөрчил гэж үзсэн ба Сонгуулийн тухай хуульд заасан өр төлбөргүй болохоо нотолсон албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай тодорхойлолт, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй тухай тодорхойлолт зэргээ ирүүлсээр байхад өөрийгөө өргүй болохыг тодорхойлсон баримт ирүүлээгүй шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон “Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.7, 157 дугаар зүйлийн 157.2.5, 157.7, 157.9-д заасныг тус тус баримтлан Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгон Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН