Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 256

 

Г.Ба-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаар магадлалтай 1707000460039 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ба-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Г.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ба-ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ба-од 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шүүгдэгч Г.Ба-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ба-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нар хамтран гаргасан гомдолдоо: “...Намайг Энхцэцэгт холбогдох хэрэгт улсын бүртгэл болон захиргаанд гэсэн албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан.  Тухайн үед надад Мөрдөн байцаах тасгийн тамгыг түр хүлээлгэн өгсөн, гадагш явах албан бичигт би гарын үзэг зурж тамга дарж явуулж байсан. Дээрх 2 албан бичигт би Э.Ор- даргын нэрийг бичиж өөрийн гарын үсгийг зурсан. Энэ албан бичигт ямар нэгэн хуурамч тамга, тэмдэг ашигласан, хүний гарын үсгийг дуурайлган зурсан асуудал байхгүй, аль ч байгууллагад даргыг орлож байгаа хүн албан бичигт гарын үсэг зурдаг практик тогтсон байдаг.

Мөрдөн байцаалтын явцад Цагдаагийн хэлтсийн албан бичгийн эх хувиудад үзлэг хийсэн бол ийм байдлаар бичигдсэн миний гарын үсэгтэй лавлагаа, мэдээлэл авахаар гадагш явсан албан бичгүүд олон байгааг тогтоож болох байсан. Гэтэл ийм ажиллагааг хийгээгүй, дээрх албан бичгийг хуурамч нотлох баримт гэж намайг яллаж, гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн уг хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримт гэж юу болохыг хуульчилсан бөгөөд дээрх 2 албан бичиг нь нотлох баримт мөн эсэхийг тогтоогоогүй нь мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу авч нотлох баримтаар тооцогдсон баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн прокурорын байгууллагыг хохирогчоор тогтоосон ба хэргийн улмаас тус байгууллага ямар хохирол хүлээсэн нь хэрэгт тодорхойгүй, хохирогч мөн эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт энэ хуульд заасны дагуу оролцогчдод танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцэхгүй гэж заасан бөгөөд намайг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн материалтай танилцахад Ж.Цэ-г хохирогчоор тогтоож байцаасан нотлох баримт байгаагүй, түүний мэдүүлэгтэй миний бие танилцаагүй болно. Харин 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт гардуулж өгсөн ба энэ үед гардуулсан баримт дээр гарын үсэг зурахад хэд хэдэн баримт дээр гарын үсэг зурагдаагүй байна гээд хохирогчоор тогтоосон тогтоол дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл шүүх надад танилцуулаагүй хохирогчийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 зүйлд заасан шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл прокурор хэргийг хянахдаа мөрдөгчөөр хохирогчоос мэдүүлэг авч байгаа нь мөн л хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн доор зурагдсан мөрдөгч Ц.Зо-ын гарын үсэг нь бусад оролцогчоос авсан мэдүүлэг болон бусад нотлох баримтууд дээр зурсан гарын үсгээс илтэд зөрүүтэй байгаа нь хохирогчийн мэдүүлэг гэх энэ нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан ажиллагаа мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Бид гомдолдоо хууль зүйн талаарх үндэслэлээ  тодорхой дурдсан байгаа. Г.Ба-ыг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгадаг. Гэтэл миний үйлчлүүлэгч ахлах мөрдөн байцаагчийн хувьд албаныхаа даргыг орлож байсан учраас гарын үсэг зурах эрхтэй байсан. Үүнээс харахад тухайн албан бичгийг хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Дээрх үйлдлийн улмаас хор уршиг учирсан гэж үздэг боловч хэнд, ямар хохирол учирсан гэдэг нь тодорхойгүй. Мөн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Г.Ба-од хэргийн материал танилцуулаагүй байдаг бөгөөд шүүхэд хэрэг ирсний дараа үзэхэд прокурорын байгууллагыг хохирогчоор тогтоосон байсан. Ямар учраас прокурорын байгууллагыг хохирогчоор тогтоосон, мөн прокурорын байгууллагад ямар хохирол учирсан гэдэг нь тодорхой бус байна. Давж заалдах шатны шүүхийн шатанд миний үйлчлүүлэгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ бүрэн хүлээн зөвшөөрсөн, хамгийн гол нь тухайн үйлдлийн улмаас хэнд хэрхэн хор уршиг учирсан гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ба- нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа 2 хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Ба- нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа эрүүгийн 201701080023, 201501080248 дугаартай хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох С.Эн-ийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, Г.Бо-г 2017 оны 02 дугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамруулан ойлгодог тул Г.Ба-ын гарын үсэг бүхий 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ийн захиргаанд гэсэн албан бичгүүдийг шүүх хуурамч нотлох баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн ерөнхий объекттой хэрэг байхад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Нийслэлийн Налайх дүүргийн прокурорын газрыг хохирогчоор тогтоон, улмаар хяналтын прокурор Ж.Цэ-г хохирогчоор байцаасан нь буруу тул эдгээрийг нотлох баримтаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзнэ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Ба-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүхээс Г.Ба-од оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцээгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулга, зарчимд нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын 2, 3, 5 дахь заалтыг болон 4 дэх заалтын эхний хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ба-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН