Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/01001

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6-р баг, тоотод оршин суух, Ш овогт Б-ын С /Регистрийн дугаар: /

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 6-р баг, тоотод оршин суух, Б овогт О-ын А /Регистрийн дугаар: / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах, Ж /Регистрийн дугаар/

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, гачуур тоотод оршин суух, И овогт Х-ийн Т /Регистрийн дугаар:/ нарт холбогдох

73,904,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С, О.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.А, Х.Т нар нь Б.С, О.А бид нартай амаар тохиролцож, хэлцэл хийсний үндсэн дээр 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны хооронд нийт 62912 кг буюу 250150560 төгрөгийн үнэ бүхий махыг бэлтгүүлсэн. “Ж-тай харилцан тохиролцож 10000000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр О.А миний Хаан банкны 5890417240 тоот дансанд шилжүүлэх, үлдэгдэл төлбөр болох 240150560 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч “Ж-ийн гүйцэтгэх захирал Ж.А баталгааг бичгээр гарган өгсөн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын эхээр 3 428 440 төгрөгийн үнэ бүхий махыг нэмж авсан ба төлбөрийг дээр дурдсан төлбөрийн хамтаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бэлэн мөнгөөр тооцон төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч талаас үүргээ биелүүлээгүй. “Ж нь өндөөрийг хүртэл 253579000 төгрөгийн төлбөрөөс 230381000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 23198000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөн дээрх махыг бэлтгэж өгөхдөө Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбараас зээл авч зээлдсэн мөнгөөр мах бэлтгэж байгаагаа Ж.А, Х.Т нар болон тооцоо нийлж байхдаа төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол махны үнэн дээр банкны зээлийн хүү, алдангийг нэмж нэхэмжлэх болно гэдгийг сануулсан бөгөөд тэд нар ч үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. “Ж-аас төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардсан бөгөөд тус компанийг төлөөлж Х.Т нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр О.А надтай төлбөрөө төлөх талаар хэлцэл хийсэн боловч тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй. “Ж-д мах бэлтгэж өгөхдөө Хаан банкнаас болон хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж махаа бэлтгэсэн бөгөөд одоо Хаан банкинд 39766128 төгрөг, хувь хүмүүст 10940000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 23198000 төгрөг, нийт 73904128 төгрөг болж байна. Мөн бид нар “Ж-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж банкинд болон хувь хүмүүст өр зээлд орсноос гадна Хөвсгөл аймаг, Орхон аймгийн хооронд 20 гаруй удаа нааш цаашаа явснаас гадна өөрсдийн машин унаагаа эвдэж, эд материалын болон санхүүгээр их хохирч байна. Мөн тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2020 оны 04 дүгээр сард өргөдөл гарган хандсан бөгөөд эвлэрүүлэн зуучлагчаас “Ж-ийг удаа дараа дуудсан боловч шүүхийг үл хүндэтгэж хүрэлцэн ирээгүй болно. Иймд “Ж-аас 73904128 төгрөгийг Б.С, О.А бид нарт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.А, Б.С нараас тус шуухэд гаргасан 73,904,128 төгрөгийг “Ж-аас гаргуулах” шаардлага нэхэмжлэлд ИХШХШТХуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 72 зуйлийн 72.2-д заасны дагуу хариу тайлбар гаргаж байна.

            Нэхэмжлэлд:

Ж компани 253,579,000 төгрөгийн төлбөрөөс 130,381,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 23,198,000 төгрөг төлөөгүй, тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй...” гэжээ.

Нэхэмжлэгч О.А, иргэн Х.Т нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Хэлцэл”, 2019 оны 05 сарын 29-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” хийгджээ. Гэтэл нэхэмжлэгч нар нь \хэлцэл\ гэрээний үүргийг тухайн хэлцэлд оролцоогүй “Ж компаниас шаардах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Жаргалант мах импекс" ХХКомпани, нэхэмжлэгч О.А, Б.С нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, хэн алиныхаа өмнө үүрэг хүлээгээгүй байхад хариуцагчаар татаж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

Мөн дээрх 2019 оны 08 сарын 24-ний өдрийн “Хэлцэл”-д нэхэмжпэгч О.А, иргэн Х.Т нарын хооронд 131,658,000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс О.Ганболдын 15,000,000, А.Ганзоригийн 15,000,000, Гомбожавын 10,000,000 нийт 40,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тусгажээ.

Нэхэмжлэгч О.А, Б.С нарт дээрх нэр бүхий 3 иргэний өмнөөс хэлцэл хийх, нэхэмжпэл гаргах эрх хууль зүйн дагуу үүсээгүй, тэдний өмнө хариуцагч “Ж компани үүрэг хүлээгээгүй. Иймээс О.А, Б.С нар нэхэмжпэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргасан нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нар Хаан банкны 39,766,128 төгрөг, хувь хүмүүст 10,940,000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 23,198,000 төгрөг нийт 73,904,128 төгрөг болж байна гэжээ.

“Ж компани болон нэхэмжлэгч О.А, Б.С нарын хооронд мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хэлцэл хийгдээгүй, тэдний Хаан банкны зээл 39,766,128 төгрөг, хувь хүмүүст өгөх 10,940,000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 23,198,000 төгрөг нийт 73,904,128 төгрөгийг гэрээний үүрэгт “Ж-аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.А, Ц.С нараас мах авч 2019 оны 05 сарын 29, 2019 оны 08 сарын 04-ны өдрүүдэд бид хэлцэл хийж тооцоог баталгаажуулсан.

Мах авах үед надад хадгалах агуулах байхгүй байсан учир "Ж" ХХК-ийн хөргөлттэй агуулахад хадгалуулаад миний бие О.А-гийн төлбөрийг төлж барагдуулсаар өнөөдрийн байдлаар 19,208,000 /Арван есөн сая хоёр зуун найман мянган/ төгрөг үлдэгдэлтэй байна.

Дээрх төлбөрийг энэ хүнд шилжүүлж өгөх гэсэн боловч “ энэ мөнгөөр чинь би яахын, авахгүй, ХААН банкны зээл, түүний хүү болон бусдад өгөх өр, төлбөрийг тооцож өг тэгэхгүй бол авахгүй ” гээд үлдэгдэлээ аваагүй. Бидний хооронд өр зээл, зээлийн хүү өгөх тухай эхнээсээ тохироогүй. Одоо үлдэгдэл 19,208,000 төгрөгийг төлнө гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.А, Б.С нарын тус шүүхэд гаргасан “73.904.128 төгрөгийг “Ж-аас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжпэлтэй иргэний хэрэгт ИХШХШТХуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагчийн талаар хуульчилсан байх ба нэхэмжпэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй өөрөөр хэлбэл “Ж компани нь нэхэмжлэгч нарын өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна.

Харин нэхэмжлэгч О.А, иргэн Х.Т нарын хооронд 2019 оны 08 сарын 24-ний өдөр “Хэлцэл”, 2019 оны 05 сарын 29-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” хийгджээ. Гэтэл нэхэмжпэгч нар нь \хэлцэл\ гэрээний үүргийг тухайн хэлцэлд оролцоогүй ‘Ж компаниас шаардах хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл “Ж компани, нэхэмжпэгч О.А, Б.С нарын хооронд болон нэхэмжпэгч Б.С хариуцагч Х.Т нарын хооронд ч ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, хэн алиныхаа өмнө үүрэг хүлээгээгүй .

2019 оны 08 сарын 24-ний өдрийн “Хэлцэл”-д нэхэмжпэгч О.А, иргэн Х.Т нарын хооронд 131,658,000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс О.Ганболдын 15,000,000, А.Ганзоригийн 15,000,000, Гомбожавын 10,000,000 нийт 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь: О.А, Б.С нарт дээрх нэр бүхий 3 иргэний өмнөөс хэлцэл хийх, нэхэмжлэл гаргах эрх хууль зүйн дагуу үүсээгүй, тэдний өмнөөс хариуцагч нараас 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй буюу О.А, Б.С нар дээрх 3 хүний өмнөөс нэхэмжлэл гаргасан нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Нэхэмжлэлд Хаан банкны 39,766,128 төгрөг, хувь хүмүүст 10,940,000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 23,198,000 төгрөг нийт 73,904,128 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг нотолсон баримтыг нэхэмжпэгч ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

“Ж компани болон нэхэмжпэгч О.А, Б.С нарын хооронд мах бэлтгэн нийлүүлэх гэрээ хэлцэл хийгдээгүй, хууль болон гэрээгээр эрх үүрэг үүсээгүй, харин хариуцагч Х.Т, нэхэмжлэгч О.А нарын хооронд харилцан тохиролцсон хэлцэл хийж, тооцоо, төлбөр төлөгдөж байсан тухай баримт хэрэгт авагдсан байх ба хариуцагч Х.Т төлбөрийн үлдэгдэл 19,208,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Харин хариуцагч Х.Төмөрхуяагаас нэхэмжлэгчийн Хаан банкны зээл 39,766,128 төгрөг, хувь хүмүүст өгөх 10,940,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Ж компанид холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С, О.А нар нь хариуцагч “Ж болон Х.Т нараас 73,904,128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.С, О.А нар нь хариуцагчтай аман хэлцэл хийж, 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны хооронд нийт 62,912 кг буюу 250,150,560 төгрөгийн үнэ бүхий махыг бэлтгүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Түүнчлэн “Ж-тай харилцан тохиролцож 10,000,000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч О.Агийн Хаан банкны 5890417240 тоот дансанд шилжүүлэх, үлдэгдэл төлбөр болох 240,150,560 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч, “Ж-ийн гүйцэтгэх захирал Ж.А баталгааг бичгээр гарган өгсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын эхээр 3,428,440 төгрөгийн үнэ бүхий махыг нэмж авсан байх ба төлбөрийг дээр дурдсан төлбөрийн хамтаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бэлэн мөнгөөр тооцон төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн үзэж байгаагаар  “Ж нь өндөөрийг хүртэл 253,579,000 төгрөгийн төлбөрөөс 230,381,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 23,198,000 төгрөг төлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь “Ж-иас төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардсан бөгөөд тус компанийг төлөөлж Х.Т нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр О.А надтай төлбөрөө төлөх талаар хэлцэл хийсэн боловч тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй.

“Ж-д мах бэлтгэж өгөхдөө Хаан банкнаас болон хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж махаа бэлтгэсэн бөгөөд одоо Хаан банкинд 39,766,128 төгрөг, хувь хүмүүст 10,940,000 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 23,198,000 төгрөг, нийт 73,904,128 төгрөг болж байна гэсэн байна. 

 Хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч нараас мах авч 2019 оны 05 сарын 29, 2019 оны 08 сарын 04-ний өдрүүдэд хэлцэл хийж тооцоог баталгаажуулсан. Мах авах үед хадгалах агуулах байхгүй байсан учир Жаргалант мах импекс ХХК-ийн хөргөлттэй агуулахад хадгалуулаад О.А-гийн төлбөрийг төлж барагдуулсаар 19,208,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Бид өр зээл,зээлийн хүү өгөх тухай эхнээсээ тохироогүй гэж тайлбарлаж байна.

Талууд амаар хэлцэл хийж нэхэмжлэгч нар нь хариуцагчид бэлтгэн нийлүүлэх замаар мах худалдах үйл ажиллагааг явуулж байсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлж нэхэмжлэгчээс хариуцагчид 253,579,000 төгрөгийн үнэтэй нийт 60 тонн мах нийлүүлсэн, үүнээс 79,621,000 төгрөг төлсөн, 173,958,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстой болохыг баталгаажуулж харилцан гарын үсэг зурсан байна. Дээрх төлбөрөөс хариуцагч төлж барагдуулан одоо 19,208,000 төгрөг үлдсэнийг төлнө гэж байгаа бол нэхэмжлэгч хариуцагчийг 23,648,000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжилж байна. Гэвч нэхэмжлэгч энэхүү үнийн дүнгээ нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд 19,208,000 төгрөгийг түүнээс гаргуулах үндэстэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х.Таас 19,208,000 төгрөг гаргуулан О.А,Ц.С нарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 54,696,128 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Ж-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,471 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Таас 253,990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.А,Ц.С нарт олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН