Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

 

 

 

 

2024         01         24                                   2023/ШЦТ/110

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч Б.Мөнхтулга /томилолт/,

          шүүгдэгч С.Гнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2406 00000 0021” дугаартай хэргийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал малладаг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, ХХХ аманд оршин суух хаягтай,

          урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 484 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            С.Г /регистрийн дугаар ХХ000000000/

        Шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч С.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө 04 цагийн орчим бага ангийн найз  Д.Дтэй шинэ жилийн арга хэмжээнд оролцоод Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд байрлах “Ивээлт хүлэг” авто засварын газрын орчим хамт явж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар  Д.Дг газарт унаган, зодож эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, духны цус хуралт бүхий “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч  Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн Парк хотелд миний арван жилийн нэг ангийнхан шинэ жил тэмдэглэхээр болж би очсон. Очоод шинэ жилийн арга хэмжээнд оролцоод ууж идээд бүжиглэсэн. Тэгсэн чинь миний утас байхгүй болчихсон юм. Хайж байсан чинь манай ангийн эмэгтэй Э.Жминий утас руу залгаад Э.Гийн халаасанд дугараад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн чинь С.Гминий утсыг гаргаж өгсөн гэсэн. Би хараагүй, Э.Жмай, энэ утас аа ав, Э.Гийн халааснаас гарч ирсэн шүү гэсэн. Тэгээд шөнийн 02-03 цагийн үед арга хэмжээ маань дуусаад ангийнхаа хоёр залуу, нэг эмэгтэйтэй хамт гэр лүүгээ алхсан чинь С.Гхойноос дагаад яваад байхаар нь би чи одоо яв, чи миний утсыг авдаг хэн бэ гэж уурлаад бид хоёр заамдалцсан. Тэгээд тавьчхаад би хойшоо зам хөндлөн гараад Ивээлт хүлэг нэртэй авто засварын газрын хойд талд алхаж байхад С.Гирээд намайг хавсарч унагаад нүүр нүдгүй өшиглөсөн миний хоёр шүд унасан байна. Тэгээд С.Гтакси бариад яваад өгсөн. Тухайн үед надтай хамт алхаж байсан хүмүүс байгаагүй. Хаачсаныг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 09 дэх тал/

          Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 328 дугаартай "...  Д.Дгийн биед нэг шүдний хугарал, нэг шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, духны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь  тал/, С.Г гэмт хэрэг үйлдсэнээ ярьж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч С.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Г өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч  Д.Д нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд 400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Гхохирогчид 400.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч  Д.Дгийн Баянзүрх дүүргийн прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/, 502857хххх тоот банкны дансны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Э.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож  шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   Э.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч С.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ