Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2020/00992

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 0000 тоотод оршин суух, О овогт Б-ийн БЭ /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 0000 тоотод оршин суух, О овогт Г-ын Б /Регистрийн дугаар:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.БЭ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.БЭ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.БЭ нь эхнэр Г.Бтэй 2010 оны 11 дугаар сарын 17-ны өдөр танилцаж, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралтай байх хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Х төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан боловч хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд, хоёулаа тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Б.Х-ийг өөрийн асрамжиндаа авч, эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, бидний дунд эд хөрөнийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Баярмаа шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний охин Г.Б нь нөхөр Б.БЭ-тэй 2010 оны 11 дугаар сарын 17-ны өдөр танилцаж, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Х төрсөн. Тэдний хоорондын таарамжгүй харилцаа үүссэний улмаас 2018 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд, хоёулаа тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Х нь аавтайгаа хамт амьдардаг бөгөөд, насанд хүрээгүй хүү Б.Х-ийг эцгийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй эжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.БЭ нь хариуцагч Г.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Б.БЭ, Г.Б нар нь 2010 онд танилцаж 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Х төрсөн болох нь зохигчийн тайлбар, Б.Х тоот регистртэй төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн 6101000026 дугаартай гэрлэлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны хувьд таарч тохирохгүйн улмаас 2018 оноос тусдаа амьдарч байх бөгөөд, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон, мөн хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон байх тул Б.БЭ, Г.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Хүү Б.Х нь төрсөн цагаасаа эхлэн аавын хамт амьдарч байгаа гэж тайлбарласан ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч Г.Б нь хүү Б.Х-ийг эцгийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрсөн, хүү Б.Х-ийн саналыг харгалзан насанд хүрээгүй хүү Б.Х-ийг эцгийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.

Зохигчийн хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан О овогт Б-ийн БЭ /Регистрийн дугаар: /, О овогт Г-ын Б /Регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Х-ийг эцэг Б.БЭ-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

4.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.БЭ-д олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН