Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00031/и |
Дугаар | 153/ШШ2020/00704 |
Огноо | 2020-09-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2020/00704
2020 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00704 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-29 тоотод оршин суух, Олхонууд овогт Янжмаагийн Б /ПЮ62101272/-ийн нэхэмжлэлтэй, нэр зөвтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 153/2020/00031/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Я.Б, гуравдагч этгээд Б.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нацаг овогтой Энхтүвшин нь 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан соёмбо бригадад эмэг эх Ш.Янжмаагийн гэр бүлд Нацагийн 1 дүгээр хүү болон төржээ. Эх Нацаг нь 1968 онд гэр бүл болон өрх тусгаарлаж тусдаа гарсан байна. Тэр үед Н.Энхтүвшинг эмэг эх Ш.Янжмаа нь өөрийн хажууд байлгахаар /галын зээ/ шийдвэрлэж авч үлджээ. Энэ үеэс Н.Энхтүвшин нь бага насаа эмэг эх Ш.Янжмаагийн хажууд өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд хүүгийн бие бага зэрэг өвдөж айлгах болжээ. Тухайн үед эмчид үзүүлж эм тан уусан боловч өвчин ороосоор байсан байна. Ингээд болохгүй болохоор нь нутгийн юм үзэж хардаг /лам/ хүнд үзүүлжээ. Тэр хүн энэ хүүд Энхтүвшин гэдэг нэр таарахгүй байна Б гэдэг нэр өгөх нь өлзийтэй сайн гэснийг эмэг эх нь ёсоор болгож ийнхүү нэрийг өгсөн байна. Тухайн үед нэр өөрчлөх талаар төр захиргаа, улсын бүртгэлийн газарт хандаагүй орхижээ. Тэрээр Н.Энхтүвшин нь эмэг эх Ш.Янжмаагийн гар дээр өсөж 1970 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын 8-н жилийн дунд сургуульд 9 настайдаа элсэн суралцсан байна. Сургуульд орох үед хүүгийн төрсний гэрчилгээ олдоогүй учир анх сургуульд бүртгүүлэхдээ эмэг эх Ш.Янжмаагаар овоглож 1962 оны 10 дугаар сарын 12-нд төрсөн хэмээн амаар мэдүүлж бүртгүүлснээр 1962 оны 01 дүгээр сарын 01-нд төрсөн Нацаг овогтой Энхтүвшин нь 1962 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Янжмаа овогтой Б нэрээр улсын бүртгэлд бүртгэгдэж нийгмийн харилцаанд оролцож иржээ. Иймд 1962 оны 01 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Нацаг овогтой Энхтүвшин нь энэ оны энэ өдөр төрсөн Янжмаа овогтой Б мөн болохыг залруулан тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Б нь 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нацагийн Энхтүвшин гэх нэртэй төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Я.Бийн 101725 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1620 дугаартай албан бичиг,
3. Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 657 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт
4.Я.Бийн 2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1906 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавсралтын хамт
5. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126/004683 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа
6. Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 548 дугаартай албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа
7. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай албан бичгээр ирүүлсэн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үзлэг хийсэн тухай тэмдэглэл
8. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай албан бичгээр ирүүлсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл
13. Гэрч Х.Загдаагийн ... Я.Б нь манай нөхрийн дүүгийн хүүхэд байгаа юм. Уг нь анх бүртгүүлэхдээ Энхтүвшин гэж нэр өгч бүртгүүлж байсан. Тэгээд бие нь өвдөөд ламаас асуугаад нэрийг нь өөрчил гэхээр нь Б гэж нэр өгсөн... гэх мэдүүлэг
14. Гэрч Д.Бямбажавын ...Я.Б бид хоёр ах дүү хоёрын хүүхдүүд байгаа юм. Я.Бийн эцгийг мэдэхгүй. Бие нь өвдөөд байхаар нь Энхтүвшин гэдэг нэрийг Б болгож өөрчилсөн. Нацагийн Энхтүвшин гэдэг байсан. Тэгээд Нацагийн Б болгож өөрчлөөд ээж нь хүнтэй суугаад явахад Янжмаа гээд эмээгийнхээ нэрээр овоглосон.... гэх мэдүүлэг
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14-т зааснаар Янжмаагийн Б нь 1962 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нацагийн Энхтүвшин гэх нэртэй төрсөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ