| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бын Бд холбогдох эрүүгийн 2412................. дугаартай хэргийг 2024 оны 02дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаан үүд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт .................. аймгийн .............. сумын ............ дугаар баг .................... тоотод оршин суух хаягтай. урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Бын Б /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ............. аймгийн ............. сумын ............. дугаар баг .................тоотод иргэн Ө.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ........... аймгийн ......... сумын .......... дугаар баг ..................тоотод хохирогч Ө.Бийг хувийн таарамжгүй харилцаа үүсгэж цохиж, зодон биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ө.Бийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг өнгөрч байхад уяачдын шинэ жилд найз Б.Бын хамтаар ороод 23 цаг өнгөрч байхад гэртээ харих замдаа Бын хамтаар нэг шил 0.5 грамм Хараа нэртэй архийг хувааж уугаад гэртээ амарсан. Тэгсэн Б.Б манайд орж ирээд намайг дуудаж сэрээгээд Эрдэнэбулган сумын сугалаа нь батламжийг надаас авах гэсэн юм шиг байна лээ. Би согтуу байсан болохоор батламжаа хаана хийснээ мэдээгүй тэгсэн галын дөрвөлжнөөс хагалсан мод авч шидэхэд миний толгой дух хэсэгт онож их цус гарсан. Тэгээд манай эхнэр дуудлага өгсөн. Манай найз Б учруулсан өөр хүн байгаагүй. Би Быг цохиж зодсон зүйл байхгүй. Би гэртээ орж ирээд тасарсан байсан, өглөө сэрэхэд толгой хагарсан, би эмнэлэгт ирж үзүүлж оёо тавиулсан. Манай гэрт байгаа цус нэлээн болсон байгаа харагдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хоёулаа согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04 дүгээр тал/,
Гэрч М.Бийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шөнө 01 цаг өнгөрч байхад манай нөхөр Бын хамтаар ирээд манай нөхөр шууд гэртээ орж ирсэн. Тэгээд манай нөхөр зуухны урд явган сууж байхад нь гаднаас Б орж ирээд манай нөхрийг хэл амаар доромжлоод манай нөхрийг дээлнийхээ нударгаар гуядаад болохгүй болохоор нь эхнэрийг дуудаж оруулж ирсэн. Тэгсэн манай нөхөр Б гар зайл яв гэж хэлэхэд урдаас битгий хуц бандиа чамайг би ална гэхээр манай нөхөр урдаас босоход чи муу яах гэж байна гэж хэлээд манай нөхрийн орон дээр дарж хэвтээд гараараа нүүрийг нь самардаад байсан. Тэгсэн манай нөхөр босож ирээд Быг түлхээд өөрөө хойморт байхад зуухын хажууд байсан дөрвөлжнөөс хагалсан түлээ аваад манай нөхөр рүү шидэхэд манай нөхрийн дух хэсэгт онож духнаас нилээн их цус гарсан. Тэгсэн Б гэрийн баруун талын баганы хажууд манай нөхрийг дахин дарж аваад чамайг алж байж гарна манай нөхөртэй зууралдаад салахгүй байхаар нь Б эхнэр Б яах уу гээд орилоод байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Манай нөхөр ямар тэнхэлгүй тасарсан байсан. Б учруулсан өөр хүн учруулаагүй. Манай нөхрийг бодвол гайгүй байсан. Мөн манай гэрийн зуухыг өшиглөж унагаасан мөн гэрт байсан ус шүүгчийг хагалсанд гомдолтой байна. Тухайн модыг гэрээс гаргаад хаясан одоо хаана байгаа мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/,
Гэрч Ч.О “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Б Б хоёрыг би шинэ жил болох газарт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Тэгсэн шөнийн 01 цаг болж байхад Б Б нар таксигаар ирсэн. Б манай гэрт нэг хүнтэй орж ирээд эргээд гараад явсан. Харин Б гадаа өөр хүнтэй уулзаад байх шиг байсан. Тэгсэн Б гэртээ орсон. Үүний дараа Б шууд Бийн гэрт орсон. Тэгсэн эхнэр нь утсаар залгаад ороод ирээч Б Б нар хоорондоо маргалдаад байна гэхээр нь хүүхэд халуураад байна удахгүй орьё гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэрт ороход гэрийн баруун талд Б сандал дээр суучихсан харин манай нөхөр зүүн талынх нь орон дээр сууж байсан. Тэгсэн хоорондоо азарганы талаар яриад байсан. Урд нь манай нөхөр очоод нударгаараа нүүрнийх нь урдуур гараа хөдөлгөөд байсан. Тэгсэн Б босож ирээд хоорондоо барилцалдаж аваад зүүн талын орон дээр Бийг дараад унасан. Б Бийн нүүр рүү гараараа базаад байх шиг байсан. Тэгсэн Бийн эхнэр нь нүүр амыг урлаа шүү дээ аваач гэхээр нь хойш нь татагдахад надад дийлдэхгүй байсан. Тэгээд салгах үед Б Быг нүүр хэсэгт нь өшиглөх шиг болсон. Бын хамраас цус гарахад гэрийн баруун урд хэсэг рүү явж байснаа дөрвөлжин дотроос хагалсан түлээ аваад Б рүү шидэхэд толгой урд дух хэсэгт нь оноход духнаас нь нилээн цус гарсан байсан. Тэгээд эргэж хоорондоо барилцалдаж аваад хоорондоо зууралдаж байгаад салсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Манай нөхөр Б учруулсан. Б Б нар нилээн согтуу байсан. Б Б Б бид дөрөв байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Б.Бын яллагдагчаар “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай “...Ө.Бийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эрүүл мэндэд духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ө.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ