Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00679

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00679

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар нэхэмжлэгч Ховд ........... оршин суух, З овогт Л-ийн Н //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З овогт Д-ийн З //, Ц овогт Б-ийн Б // нарт холбогдох 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр  153/2020/00673/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Д.З, Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн Ховдоос Улаанбаатар чиглэлийн 0002-ХОҮ автобусанд сууж, Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод өөрийн авч явсан ачаагаа авах гэхэд миний ачаа алга болсон байсан. Миний үстэй дээл 1 ширхэг, гутал 1 ширхэг нэг тал хонины мах хөнжил гудас гэх мэт зүйлс байсан. Миний бие сур харвадаг тухайн үед сургуулийн амралт эхлээд бэлтгэл хийхээр явж байсан болно.

Хариуцагч Д.З, Б.Б нараас удаа дараа ачаагаа нэхэхэд олж өгнө гэсэн боловч өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл өгөөд дуудсан боловч ирээгүй. Ачаанд байсан эд зүйлсээ 1,100,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна.

Иймд хариуцагч нараас мөнгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч нартай эвлэрээд 600,000 төгрөг аваад нэхэмжлэлийн зөрүү 500,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

Хариуцагч Д.З, Б.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гээгдсэн ачааны хувьд 50 ууттай хөнгөн зүйл байсан. Манай дүү өргөөд халуун тогооны хайрцаг руу хийсэн.

Гэтэл замд явж байхад онгойгдоод гээгдсэн байсан. Тухайн үед Хар хорин захаас хөнжил, гудсыг нь авч өгөх талаар хэлэхэд дараа нь олдох байх гэж хэлсэн. Өвлийн улиралд нэг уутанд тийм их зүйл багтахгүй байх гэж бодож байна. Бид 2 хуралдаа амжиж ирэх гээд автобусаа орхиод ирсэн гэв. Бид нарын зүгээс нийлээд 600,000 төгрөгт эвлэрч байна...гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Д.З, Б.Б нарт холбогдуулан 1,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд  нэхэмжлэгч, хариуцагч нар нь дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

1   .Нэхэмжлэгч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,100,000 төгрөгөөс 500,000 төгрөгөөсөө татгалзаж,

2   .Хариуцагч Д.З, Б.Б нар нь нэхэмжлэгч Л.Нд 600,000 төгрөг төлөхөөс Д.З нь 300,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор, хариуцагч Б.Б нь 300,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус тус Л.Нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн.

3.Зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээг байгуулсан эвлэрсэн байна.

Энэхүү эвлэрлийн гэрээг зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэн тохирч байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин шүүхэд хандахгүй болно гэжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,475  төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Л.Нд тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.З, Б.Б нарт холбогдуулан 1,100,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,475  төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ