Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2020/00259

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 141/ШШ2020/00259

Тосонцэнгэл сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт оршин суух Г овогт Ч.Т нэхэмжлэлтэй

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суух Х овогт Ж.Ат холбогдох 5,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Тнь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...2017 оны 11-р сард Ж.А болон түүний төрсөн дүү Ж.Н нар нь надаас бэлэн мөнгө авч 1,800,000 төгрөгөөр Хосын гол Өлзийт ХХК-иас 25x15-ын цэвэр банз, 300,000 төгрөгний үнэтэй 1x1 хэмжээтэй 1 см зузаантай паниар, 300,000 төгрөгний үнэтэй 2 ш монгол гэрийн хаалга авч, бас дахин бензиний мөнгө хэрэгтэй гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 30-нд 5498088379 дугаартай дансаар 500,000 төгрөг шилжүүлж аваад Баянхонгор аймгийн Баянговь сум руу А.Гүррагчаа гэдэг жолоочийн ХИНО 51-72 БНХ маркийн машинд энэ бүх модон материалыг ачиж явсан. Энэ бүх материал эд зүйлсээр Баянхонгор аймгаас 74-83 ӨМҮ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Harrier маркийн машин Ж.А нь дур мэдэн авч ирээд Их уул сумруу зарж борлуулсан. Ямар хүнд хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй байна. Мөн Ж.А нь миний эдэлж хэрэглэж байсан 250,000 төгрөгний үнэтэй их гарын мөнгөн аяга, 400,000 төгрөгний үнэтэй үнэгэн захтай шинэ пельникийг учир битүүлгээр авч үгүй хийсэн. Мөн 2018 оны 5-р сард Баянхонгор аймаг руу мод ачих гоожингийн мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд манай ажил дээр найз гэх хүнхэр хочит Энхбаттай ирээд миний кредит картнаас 90,000 төгрөг, бэлнээр 60,000 төгрөг авсан. 60,000 төгрөгийг нь би тогооч болох Ж.Нансалмаагаас гоожингийн мөнгө дутаад түр зээлдүүлээч гэж хэлж авч өгсөн. Мөн өөрийн охины нөхөр Д.С 160,000 төгрөгөөр шинэ акумлятор худалдан авч Harrier маркийн машинд тавьсан. Энэ бүх мөнгө болон эд зүйлсийг Д.Ааас нэхсэн боловч өдийг хүртэл өгөхгүй намайг хохироож байгаа учир хохирлыг барагдуулж өгнө үү. Мөн амьдарч байх хугацаандаа удаа дараа зодож, хэл амаар доромжлон гүтгэн гүжирдэж байнга хөөж, зовоож байсныг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байна. Энэ хугацаанд Ж.А нь хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад очиж байсан. Мөн намайг янз бүрийн хүмүүстэй холбон хардах, хамаг юм хамж явсан, ер нь замаа алдсан хүн мэтээр маш олон хүмүүст ярьж миний нэр төрд халдсан учир шалгаж сэтгэл санааны хохирлыг барагдуулж нэр төрийг минь сэргээж өгнө үү. Нийт эд материалын ба бэлэн мөнгөний нийлбэр 5,310,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Тнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.А нь Баянхонгор аймаг руу явж банз зарна гэхээр нь 10 м/куб банзны мөнгө 1,800,000 төгрөг, тээврийн хөлсөндөө 1,350,000 төгрөг, бензиний мөнгө 500,000 төгрөг өгсөн. Мөн аккумляторны 160,000 төгрөг бэлнээр, кредит картнаасаа 90,000 төгрөг, тогооч Нансалмаагаас 60,000 төгрөг зээлж өгсөн, мөн хаалга, паниарны 600,000 төгрөг, нийт 4.560.000 төгрөг нэхэмжилж, пельник болон мөнгөн аяганы үнэ болох 650.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна Энэ хоёр шаардлагаас бусад мөнгө нь миний мөнгө учраас нэхэмжилж байгаа. Баянхонгор аймаг явж банз, материал зарсан мөнгөөрөө машин авч ирсэн боловч түүнийгээ надад хэлж мэдэгдэхгүйгээр авч яваад зарчихсан байсан. Надад нэг төгрөг ч өгөөгүй. Би нэхэмжлэлдээ миний нэр төрд халдсан учир шалгаж сэтгэл санааны хохирлыг барагдуулж нэр төрийг минь сэргээж өгнө үү гэж байгаа боловч энэ нь миний нэхэмжлэлийн шаардлага биш юм, тиймээс үүнд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа. Одоо анх нэхэмжилсэн нийт 5,310,000 төгрөгөөс пелникний 400,000 төгрөг, мөнгөн аяганы 250,000 төгрөгийг хасна, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.910 төгрөгийг хуульд зааснаар гаргуулна. Мөн Ж.А нь палкны үнэ 150.000 төгрөгийг надад өгнө гэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс одоо нийт 4.560.000 төгрөгийг нэхэмжилж байна учир хариуцагч Ж.Ааас гаргуулж өгнө үү... гэв

 

Хариуцагч Ж.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2017 оны 8 дугаар сард Тунгалагтай гэр бүл болж хурим найраа хийсэн. Хоёр талын ах дүү нарын тусламжтайгаар 4,500.000 сая төгрөг цугларсан. Би 11 сард Баянхонгор аймаг руу 10 м3 банз ачиж явсан нь үнэн. Банзны үнэ 1,350,000 төгрөгийг манай дүү Н зээлж авсан байсан. Түүн дээрээ 350,000 төгрөг нэмж банз авч явсан. Тээврийн хөлс болох 500,000 төгрөгийг Тунгалагийн данснаас авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгийг дүүгийнхээ хамт төлсөн. 400,000 төгрөгний үнэтэй пельникийг би мэдэхгүй байна. Мөнгөн аяганы талаар Б.У мэднэ. Акумлятор нь Их-Уул суманд цагдаагийн барилга дээр ажиллаж байхад хашаа эзэнгүй байх хугацаанд алга болсон байсан. 2017 оны хавар ах дүү нарын тусламжтай байшингаа барьсан. Би байшингийнхаа гэрчилгээг авахаар иргэний бүртгэлийн ажилтан П.Б бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн боловч Тнь П.Б хувилдан миний байшинг өөрийн нэр дээр болгон 100,000 төгрөгийн хураамж төлж 30 сая төгрөгөөр үнэлгээ хийлгэж 3 сая төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан байсан. Үүнийг залилангийн хэрэг гэж үзэж байна. 3 сая төгрөгийн татварын хөнгөлтийг буцаан төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана..., 2017 оны 8 сарын 18-нд хурим хийсэн. Тнь бүх мөнгөө тоолчихсон байсан. Би 1 ширхэг ч каниворт барьж үзээгүй. Тнь энд 3,1 сая төгрөг байгаа гээд өөрөө хямагдсан. Бид хоёрт дүү Энхтуяагийн өгсөн боодол 500,000 төгрөг байгаагүй. Тнь хүнээс 150,000 төгрөг авах ёстой байсан боловч тэр хүн нь мөнгөндөө палк аваач гээд манайд 10 ширхэг палк буулгаж өгсөн. Палкаар нь үүдэндээ өргөтгөл хийсэн нь үнэн. Дархан хотод очиж ажил хийгээд цалин 600,000 төгрөг авсан. Үүгээрээ Т машинд сэлбэг, сангийн хэрэгсэл, турба, угаалтуур холбоос авсан. Миний байшинд Т 1 ширхэг хадаас ч ороогүй байхад яагаад Тунгалагийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарч, татварын мөнгө авсныг би ойлгохгүй байна. Энэ бол залилан гэж үзэж байна. Тнь залилан хийж авсан мөнгөө улсад буцаан төлөх ёстой... гэжээ.

Хариуцагч нь Ж.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймаг явахад бензинд 500,000 төгрөг авсан, мөн аккумляторны үнэ 160,000 төгрөг, тогооч Н авсан гэх 60,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ мөнгийг би төлнө. Мөн Т хүнээс мөнгө авах ёстой байсан бөгөөд тэр хүн нь мөнгөө өгч чадахгүй болохоороо оронд нь 10 ширхэг палк өгснийг би байшингийн үүдний амбаар хийхдээ хэрэглэсэн учраас түүний үнэ болох 150.000 төгрөгийг Ч.Тт өгнө.

Харин банз авсан гэх 1,800,000 төгрөг нь Тбид хоёрын дундын мөнгө байсан. 1,350,000 төгрөг бол огт ор үндэсгүй зүйл нэхэж байна гэж үзэж байна. Би Баянхонгор аймаг руу 1,800,000 төгрөгөөр модоо ачаад 500,000 төгрөгөөр бензин хийгээд явсан. Энэ 1,350,000 төгрөгийг хаанаас гаргаж ирснийг ёстой мэдэхгүй байна. Кредит картнаас авч өгсөн 90,000 төгрөг гэдгийг бас мэдэхгүй байна. Хаалга, панерны 600,000 төгрөг бол панерийг нь Их-Уулаас хаягдал паниарыг 50,000-60,000 төгрөгөөр л авч байсан. Гэрийн хаалгыг тэр паниарыг нь өгөөд хүнээр хийлгэсэн юм. Би Баянхонгорт очоод ачиж явсан паниараараа айлуудад жорлон хийж өгч мөнгө олсон. Мөн ачиж явсан модон материалаараа Harrier маркийн машин авч ирснээ Их уул сумруу зарсан нь үнэн. Үүнээс Тунгалагт мөнгө өгөөгүй. Иймд Тунгалагт 870.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Харин үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо надад орлого байхгүй, ажилгүй байгаа. Ажил хийж байгаад яваандаа өгнө гэж бодож байна... гэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан:

гэрч Л.Б ... Т А нь хэл амаар дарамтлах, доромжлох, удаа дараа зодож, хөөж зовоож байсныг нь би мэдэж байна. Мөн түүнчлэн том охин Б нь хүүхэдтэйгээ байхад нь шөнө болсон хойно үүдээ түгжиж байгаад нүдэж зодоход нь охин нь цонхоор гараад цагдаад мэдэгдэж баривчлуулсан байсан. Т байнга дарамталж, хүчирхийлж, гэр бүлснээс болсноос хойш хүмүүстэй хардаж, хэл амаар доромжилж, зодож цохиж, ажлын газар дээр нь ч очиж хэл амаар доромжилж байсан... гэж,

Гэрч Ч.Т ... Ж.А нь Т амьдарч байх хугацаандаа Баянхонгор аймгийн сумуудын айл өрхүүдэд үүдний амбаар барьж өгч яваад ирэхдээ Харьер маркийн хуучин машин авч ирсэн. Түүнийгээ Т салсныхаа дараа А зарсан. А нь тус машиныг би хөдөлмөрөө өөрөө олж ирсэн гээд мөнгийг нь өөртөө авч ашигласан. Манай дүү Атай суухаас өмнө өөрийн гэсэн бизнестэй байсан бөгөөд суусныхаа дараа Атай хамтарч өөрийн гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор Ат банз, паниар бусад зүйлийг авч өгөн Баянхонгор руу явуулсан юм... гэж,

Гэрч Ж.Н ...Би модон материалуудыг ачиж Баянхонгор руу яваагүй. Харин манай ах Ж.А нь өөрөө ганцаараа ачиж явсан. 150,000 төгрөгийг данс руу шилжүүлж, 1,200,000 төгрөгийг бэлнээр нийт 1,350,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Миний бие нь Тунгалагаас зээлсэн 1,350,000 төгрөг дээрээ нэмж 1,800,000 төгрөг болгон 10 куб банзыг авч өгч Баянхонгор руу ахыгаа явуулсан. Бензиний мөнгө болох 500,000 төгрөг бол банз ачсан жолооч Гүррагчаагийн данс руу шилжүүлсэн мөнгө. Модон материалыг 1.500.000 төгрөгөөр ачихаар болж тохиролцсноос 500,000 төгрөгийг Тнадруу шилжүүлж, буцах үед миний бие жолооч Гүррагчаа руу 600,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд одоог хүртэл Гүррагчаад 400,000 төгрөг өгөөгүй байгаа... гэж,

Гэрч Д.С ...Миний бие 10м3 банз, 100 ширхэг паниар, 2 ширхэг гэрийн хаалга зэргийг Баянхонгор аймгийн Баянговь сум руу А.Г гэдэг жолоочийн Хино 51-72 маркийн машинаар А, Н нартай хамт ачиж явсан. А бид хоёр Баянхонгор аймагт гэрийн үүдний амбаар хийж зараад эргэж ирэхдээ ачиж очсон модон материалаа Наrier маркийн машинаар сольж ирсэн... гэж,

Гэрч Ж.Н: ... 2018 оны 5 сарын үед мод ачиж явах гэж байна гээд нэг танихгүй мотоцикльтой хүнтэй нь хамт ирээд Т карт болон миний орлогоос 60,000 төгрөг зээлж аваад явсан юм... гэж,

Гэрч Ч.Б ... Манай ээж 160,000 төгрөгний үнэтэй акумлятор зээлж аваад эхлээд 60,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ..., Манай ээжээс мөнгө зээлж Баянхонгор руу А, Н нар мод ачиж явсан. Ачиж явсан модоороо Баянхонгороос Харьер маркийн машин авч ирээд ээжид хэлэхгүйгээр Их-Уул руу зарсан байсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Тнь хариуцагч Ж.Ат холбогдуулан 5,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ч.Тнь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Би Атай 2 жил хамтран амьдарсан, гэрлэлтээ батлуулаагүй гэр бүл бөгөөд хамт амьдрах хугацаандаа А нь Баянхонгор аймаг руу явж банз зарна гэхээр нь 10 м/куб банзны мөнгө 1,800,000 төгрөг, тээврийн хөлсөндөө 1,350,000 төгрөг, бензиний мөнгө 500,000 төгрөг өгсөн. Мөн аккумляторны 160,000 төгрөг бэлнээр, кредит картнаасаа 90,000 төгрөг, тогооч Нансалмаагаас зээлж 60,000 төгрөг өгсөн, мөн хаалга, паниарны 600,000 төгрөг, нийт 4.560.000 төгрөг нэхэмжилж, 650.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Хосын гол Өлзийт ХХК-наас банз худалдан авсан талаархи зарлагын баримт, мөнгө шилжүүлсэн баримт, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдоно... гэж маргажээ.

Харин хариуцагч Ж.А нь ... Би Баянхонгор аймаг руу 1,800,000 төгрөгний 10 м/куб банз авч явсан нь үнэн. Мөнгийг нь манай дүү төлсөн. Харин тээврийн хөлсөнд 1.350.000 төгрөг аваагүй, харин бензинд 500,000 төгрөг авсан, мөн аккумляторны үнэ 160,000 төгрөг, тогооч Н 60,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ мөнгийг би төлнө. Мөн 10 ширхэг палкийг би байшиндаа үүдний амбаар хийхэд хэрэглэсэн учраас түүний үнэ болох 150.000 төгрөгийг Ч.Тт өгнө. Харин банз авсан гэх 1,800,000 төгрөг нь Тбид хоёрын дундын мөнгө байсан. 1,350,000 төгрөг бол огт ор үндэсгүй зүйл нэхэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хариуцахгүй... гэж мэтгэлцэжээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Т, Ж.А нар нь 2017 оны 8 сараас эхлэн хамтран амьдарч, 2017 оны 11-р сард Ж.А нь банз, модон бүтээгдэхүүн зарж борлуулахаар 1,800,000 төгрөгөөр Хосын гол Өлзийт ХХК-иас 25x15-ын цэвэр банз, мөн Их-Уул сумаас хаягдал паниар худалдан авсан, 2 ширхэг монгол гэрийн хаалгыг зарим паниараар сольж авч дээрх эд зүйлээ А.Г ХИНО 51-72 БНХ маркийн машинд ачиж Баянхонгор аймгийн Баянговь сум руу явсан. Улмаар уг ачиж явсан модон материалаа зарж борлуулах, Баянхонгор аймагт ажил хийх зэргээр олсон орлогоороо Баянхонгор аймгаас 74-83 ӨМҮ улсын дугаартай цагаан өнгийн Harrier маркийн машин авчиран унаж, ашиглаж байгаад 2019 онд Их уул сумруу зарж борлуулсан үйл явдал нь гэрч, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч талууд маргахгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь банзны мөнгө 1,800,000 төгрөг, тээврийн хөлсөндөө 1,350,000 төгрөг, бензиний мөнгө 500,000 төгрөг, аккумляторны 160,000 төгрөг, кредит картнаасаа өгсөн 90,000, тогооч Нансалмаагаас зээлж өгсөн 60,000 төгрөг, хаалга, паниарны 600,000 төгрөг нийт 4.560.000 төгрөг нэхэмжилж байгаа ба хариуцагч дээрх шаардлагаас бензиний мөнгө 500,000 төгрөг, аккумляторны 160,000 төгрөг, тогооч Нансалмаагаас зээлж өгсөн 60,000 төгрөг зэргийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлсэн, мөн 10 ширхэг палкны мөнгө 150.000 төгрөгийг Ч.Тт өгөх нь үнэн, палкыг нь би үүдний амбаар барихдаа ашигласан. Иймд 870,000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж, энэ талаар талууд маргахгүй байна.

Иймд талуудын маргахгүй байгаа үйл баримтанд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 870.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 10м3 банз 1,800,000 төгрөг, тээврийн хөлс 1,350,000 төгрөг, Ч.Тийн кредит картны авсан гэх 90,000 төгрөг, гэрийн хаалганы 300,000 төгрөг, 100 ширхэг паниарны 300,000 төгрөг нийт 3.840.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх тул дээрх маргаж буй үйл баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 ... оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй..., 38 дугаар зүйлийн 38.1-д ...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 1,800,000 төгрөгөөр 10м3 банз худалдан авч Ж.Ат өгч явуулсан болохоо нотолж Хосын гол Өлзийт ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 25х15 хэмжээтэй цэвэр банзыг 1.800.000 төгрөгөөр худалдан авсан талаархи зарлагын баримт ирүүлсэн байх ба уг баримтанд: тээвэрлэгч А.Гүррагчаа, Хино 51-72 БНХ авомашин, тээвэрлэн хүргэх газар нь: Баянхонгор аймгийн Баянговь сум, худалдан авагч нь: ИЦ70021864 регистрийн дугаартай Ч.Т, худалдагч нь: 2103915 регистртэй Хосын гол Өлзийт ХХК гэж бичээд Ч.Тболон хүлээлгэн өгсөн хүн гарын үсэг зурж, уг аж ахуйн нэгжийн тамга даржээ.

Дээрх зарлагын баримтанд агуулагдсан мэдээлэлүүд нь хариуцагч Ж.Аын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...2017 оны 11 дүгээр сард 25х15 хэмжээтэй цэвэр банзыг 1.800.000 төгрөгөөр худалдан авч А.Г Хино 51-72 БНХ авомашинаар Баянхонгор аймгийн Баянговь сумруу авч явсан... гэж тайлбарласан мэдээлэлтэй тохирч байгаа, нэхэмжлэгч Ч.Тнь дээрх банзны төлбөрийг төлж, худалдан авсан нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч нь ...банзны 1.800.000 төгрөгийг манай дүү Намсрайжав төлсөн, энэ мөнгө Ч.Тбид хоёрын хуримны үед цугларсан мөнгөнөөс өгсөн..., гэж мэтгэлцэж байх боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, нотлогдохгүй, хариуцагч нь Хосын гол Өлзийт ХХК-ны зарлагын баримтын нотлогооны ач холбогдлын талаар үгүйсгэж маргасан тайлбар болон хүсэлт ирүүлээгүй байх тул дээрх 1.800.000 төгрөгийг Ч.Т төлсөн гэх нэхэмжлэгчийг тайлбар үндэслэлтэй, нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэж хариуцагчаас 1.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Ч.Тнь өмнө нь хариуцагчийн төрсөн дүү Ж.Н 1.350.000 төгрөг зээлсэн байснаа Ж.Аыг Баянхонгор аймаг руу явахад тээврийн хөлс болгорой гэж хэлсэн, мөн өөрийн кредит картнаасаа 90.000 төгрөг аваарай гэж Ж.Ат картаа өгч явуулаад Ж.А 90.000 төгрөг авсан байсан, монгол гэрийн 2 ширхэг хаалгыг 300.000 төгрөгөөр, хаягдал паниарыг 300,000 төгрөгөөр тус тус худалдан авч Ж.Ат өгч Баянхонгор аймаг руу явуулсан гэж 2.040.000 төгрөг нэхэмжилж, энэ нь гэрч Н, Н нарын мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч

гэрч Н ...Би Ч.Таас 1,350,000 төгрөгийг зээлж авсан байсан нь үнэн. Энэ мөнгийг Баянхонгор аймагруу Ж.Аыг явахад тээврийн хөлсөнд зарцуулаагүй, харин би өөрөө мөнгө нэмж 1.800.000 төгрөг болгон 10 куб банз авч ахдаа өгч Баянхонгор явуулсан.... гэж,

гэрч Ж.Н: ... 2018 оны 5 сарын үед мод ачиж явах гэж байна гээд нэг танихгүй мотоцикльтой хүнтэй нь хамт ирээд Т карт болон миний орлогоос 60,000 төгрөг аваад явсан юм... гэж тус тус мэдүүлсэн нь дээрх 1.350.000 төгрөг, мөн 90.000 төгрөгийг хариуцагч Ж.А Ч.Таас авсан гэж дүгнэх боломжгүй энэ үйл явдлыг бүрэн дүүрэн нотлоогүй, мөн монгол гэрийн 2 ширхэг хаалгыг 300.000 төгрөгөөр, хаягдал паниарыг 300,000 төгрөгөөр Ч.Т худалдан авч Ж.А өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байх тул нэхэмжлэгчийн 2.040.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь анх нийт 5,310,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хняан шийдвэрлэх ажиллагааны явцад пельникний 400,000 төгрөг, мөнгөн аяганы 250.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлүүлнэ гэсэн бөгөөд хариуцагч Ж.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... одоо надад орлого байхгүй, ажилгүй байгаа. Ажил хийж байгаад яваандаа Ч.Тт мөнгийг нь өгнө гэж тайлбарласаныг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ....Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.... гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тодорхой төрлийн бараа материал буюу банзыг өөрөө худалдан авч төлбөрийг нь өөрөө төлсөн болох нь зарлагын баримтаар нотлогдож, улмаар уг модон материалыг Ж.А авч машинд ачиж яваад зарж борлуулан ашиг олж, олсон ашигаа гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулах зорилготой байсан нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэгэнт гэрлэлтээ батлуулаагүй гэр бүл учир гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан эд зүйл буюу банзыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, улмаар хариуцагч уг бараа материалаар худалдан авсан машинаа нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан, ашиг хувь хүртээгээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэн авсан зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байна.

Иймд Ч.Тын нэхэмжлэлтэй Ж.Ат холбогдох 4,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ж.Ааас 2,670,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,040,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйийн 281.1 дэх хэсэгт зааснаар Г овогт Ч.Т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ж.Ааас 2,670,000 /хоёр сая зургаан далан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,040,000 /хоёр сая дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,910 /ерин ес мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ааас 57,670 /тавин долоо мянга зургаан дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ