Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2020/00013/И |
Дугаар | 141/ШШ2020/00073 |
Огноо | 2020-02-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 141/ШШ2020/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, Х б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, хариуцагч Д.Б, Г.Н нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х б-ны нэхэмжлэлтэй, З аймгийн Тл сумын Д-У баг хаягаар оршин суудаг З овогт Д-ийн Б, Б овогт Г-ын Н-д нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 41,648,821 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Б, Г.Н нар нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1400017453 дугаартай зээлийн гэрээгээр 18,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалттайгаар, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1400017249 дугаартай зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалттайгаар, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1400017463 дугаартай зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг бизнесийн зориулалттай тус тус авсан. Банк нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч Д.Б-ын Хас банк дахь 5002334460 дансанд 18,800,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч Г.Н-ын мөн банк дахь 5001457473 тоот дансанд 20,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгчид нь 1400017453 дугаартай зээлийн үндсэн зээлд 5,668,614 төгрөг, зээлийн хүүд 4,529,102 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,039 төгрөг, 1400014249 дугаартай зээлийн үндсэн зээлд 2,635,604 төгрөг, зээлийн хүүд 10,919,642 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 923 төгрөг, 1400017462 дугаартай зээлийн үндсэн зээлд 9,934,641 төгрөг, зээлийн хүүд 5,871,228 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21,597 төгрөгийг тус тус төлсөн.
Гэтэл зээлдэгчид нь банктай байгуулсан 1400017453, 1400014249, 1400017462 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 92 хоног хугацаа хэтрүүлж чанаргүй зээлд шилжүүлээд байна.
Х б нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчдээс шаардаж, мэдэгдэж, утсаар холбогдож, биечлэн уулзаж байсан бөгөөд зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлээгүй утсаа авахгүй, гэртээ байхгүй байх зэргээр зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна.
1400017453, 1400014249, 1400017462 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар цалингийн орлого болон дараах хөрөнгүүдийг барьцаалсан.
1/ Г.Н-ын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0905000448, ГД-000495365 дугаартай 48 мкв талбайтай 1-р баг Дархан-Уул 1-21 гудамж 2 тоотод байрлах дэлгүүрийн зориулалттай барилга,
2/ Д.Б-ын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0905001282, ГД-000495324 дугаартай 64 мкв талбайтай 1-р баг Дархан-Уул 1-21 гудамж 2 тоотод байрлах хувийн сууц,
3/ Д.Б-ын өмчлөлийн 17446401355077 нэгж талбарын, 000288608 гэрчилгээний, Г-0905000214 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 174 мкв талбайтай 1-р баг Дархан-Уул 1-21 гудамж 2 тоотод байрлалтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх 1400017453 дугаартай зээлийн төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 13,132,000 төгрөг, хүү 575,854 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,176 төгрөг, 1400014249 дугаартай зээлийн төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 17,364,396 төгрөг, хүү 95,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, 1400017462 дугаартай зээлийн төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 10,065,500 төгрөг, хүү 399,990 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 995 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 41,648,821 төгрөгийг Д.Б, Г.Н нараас гаргуулж өгнө үү.
Зээлдэгч нар нь сайн дураараа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөнүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, зээлдэгчийн орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү...” гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож өгсөн боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нар нь шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.
Харин Х б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х б нь хариуцагч Д.Б, Г.Н нараас 41,648,821 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн тул одоо биелэгдээгүй үүрэг буюу 40,167,664 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Биелүүлсэн үүргийг нэхэмжлэхээс татгалзаж байна..." гэв.
Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х б-аас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Харин 2020 оны 01, 02 дугаар сарын хүүнээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Хариуцагч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х б-ны шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Д.Б, Г.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 41,648,821 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь 1,481,157 төгрөгийг хариуцагч нар төлсөн үндэслэлээр нэхэмжлэхээс татгалзаж, төлөгдөөгүй үлдсэн 40,167,664 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хас банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн В/134 дугаартай тушаалаар С.Ж-ыг Завхан салбарын харьяа Тосонцэнгэл сум дахь Тооцооны 40 дүгээр төвийн захирлын албан тушаалд 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллуулсан байх ба Х б-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А-938 дугаартай тушаалаар Х б-ны нийт Салбар, Тооцооны төвийн захирал болон Тусгай активын хэлтсийн захиралд банктай байгуулсан зээл, санхүүгийн түрээсийн гэрээ, тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээний үүргийг хангуулахтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах, тухайн нэхэмжлэл, хүсэлтэд гарын үсэг зурж холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно...” гэж тус тус хуульчилсан ба Хас банк нь салбар, тооцооны төвийн захирлуудад шүүхэд төлөөлөх эрх олгож, нэхэмжлэгчийн эдэлбэл зохих бүх эрхийг эдлүүлсэн байх тул түүнийг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй этгээд юм.
Иймд шүүх Х б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Г.Н нарт холбогдох иргэний хэргийг “Зээлийн гэрээний үүрэгт 40,167,664 төгрөг гаргуулах тухай” шаардлагын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г.Н нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Х б-тай 1400014249 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатайгаар, жилийн 16.5 хувийн хүүтэйгээр зээлсэн байх бөгөөд хариуцагч Д.Б нь хамтран үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 1400014249-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд З аймгийн Т сумын Д-У багийн 4 дүгээр гудамжны 82-02 тоот хаягаар байрлах 48 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгаар банкны шаардлагыг хангахаар тохиролцсон байна.
Хариуцагч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хас банктай 1400017453 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 18,800,000 төгрөгийг 48 сарын хугацаатайгаар, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлсэн байх бөгөөд хариуцагч Г.Н хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээлийн төлбөрийг цалин орлого, түүнтэй адилтгах орлогоос төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч Г.Н нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хас банктай 1400017462 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлсэн байх бөгөөд хариуцагч Д.Б хамтран үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 1400017462-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1-21 тоот гудамжны 2 тоот хаягаар байрлах 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга, 000288608 дугаартай гэрчилгээ бүхий өмчлөх эрхийн бүртгэл бүхий газраар банкны шаардлагыг хангахаар тохиролцсон байна.
Хариуцагч Д.Б, Г.Н нар нь банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, одоо 40,167,664 төгрөгийг Хас банкинд төлж барагдуулах талаар Х б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж-ын тайлбартай хариуцагч Д.Б, Г.Н нар маргахгүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч талыг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Х б нь “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу зээлдэгч Д.Б, Г.Н нарт мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар шилжүүлэх” үүргээ биелүүлсэн бөгөөд Д.Б, Г.Н нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн ч уг үүргээ биелүүлээгүй учир Х б нь зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болсон байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлж болохоор гэрээнд зааж болно” гэж заасан ба үүнийг үндэслэн зээлийн гэрээнд “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх”-аар заажээ.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Иймд Х б нь зээлдэгч Д.Б, Г.Н нарын үндсэн зээлийн үлдэгдлийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар нэхэмжлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Б, Г.Н нар нь зээлийн гэрээний талаар болон зээлд авсан мөнгөний дүн, бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөлтийн талаар маргаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Д.Б, Г.Н нараас 40,167,664 төгрөгийг гаргуулж Х б-д олгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ ирээдүйд олох бизнесийн ашгаасаа болон цалингийн орлогоосоо төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохирч, үл хөдлөх хөрөнгөнүүд болон ирээдүйд орох цалингийн орлогоо барьцаалсан байх тул төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон ирээдүйд олох бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйд нийнэ.
Нэхэмжлэгч Х б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 41,648,821 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд 366,194 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан боловч 287,961 төгрөгийг илүү буюу 654,155 төгрөг төлсөн байна.
Иймд Х б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654,155 төгрөгөөс төлбөл зохих 366,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 287,961 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х б-д олгох нь зүйтэй юм.
Харин шүүх хариуцагч нараас 40,167,664 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж буй тул, түүнчлэн хариуцагч нар 1,481,157 төгрөгийн үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч уг үнийн дүн бүхий шаардлагаасаа татгалзаж буй тул анхны нэхэмжлэлийн шаардлагад бодогдох дүн буюу 366,194 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Б, Г.Н нараас гаргуулан нэхэмжлэгч Х б-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Хас банк болон З овогт Д-ийн Б, Б овогт Г-ын Н нарын хооронд байгуулагдсан 1400014249, 1400017453, 1400017462 дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцалж, З овогт Д-ийн Б, Б овогт Г-ын Н нараас 40,167,664 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х б-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З овогт Д-ийн Б, Б овогт Г-ын Н нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд З аймгийн Т сумын Д-У багийн 4 дүгээр гудамны 82-02 тоот хаягаар байрлах, 000495365 дугаарын гэрчилгээтэй, 18 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай барилга, З аймгийн Т сумын Д-У багийн 1-21 дүгээр гудамжны 02 тоот хаягаар байрлах, 000485324 дугаарын гэрчилгээтэй, 64 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилга, З аймгийн Т сумын Д-У багийн 1-21 дүгээр гудамжны 02 тоот хаягаар байрлах, 000288608 дугаарын гэрчилгээтэй, 17446401355077 дугаарын нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг худалдан борлуулж, уг орлого хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 287,961 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч Д.Б, Г.Н нараас 366,194 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х б-д олгосугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН