| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 183/2020/02179/И |
| Дугаар | 001/ХТ2022/01231 |
| Огноо | 2022-12-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2022/01231
С.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02810 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0231 дүгээр магадлалтай,
С.А-гийн нэхэмжлэлтэй,
М.Э-д холбогдох,
Гэрээнээс учирсан хохиролд 3,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Э-гийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, хариуцагч М.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч М.Э-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 3,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02810 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч М.Э-гээс гэрээнээс учирсан хохиролд 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 66,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Э-гээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0231 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.А-гийн орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн, тухайн үед миний бие жирэмсний амралттай байсан тул ажилдаа ороод үлдэгдэл төлбөрийг өгье гэж тохиролцсон боловч мөнгөө байнга нэхэж, өөр хүнд байраа зарна гээд худалдахаа больсон. Орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болохоос түрээсэлнэ гэж тохироогүй. Орон сууцанд амьдрах хугацаанд миний 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүүгүйгээр ашигласан байхад анхан шатны шүүх түүнд хохирол учирсан гэж үзсэн нь буруу. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 183/ШШ2020/02810 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч С.А-гээс хариуцагч М.Э-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 3,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулж, үлдэх 250,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
7. Нэхэмжлэгчээс “... миний бие 2016.12.08-ны өдөр М.Э-тэй худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулан, ... 2 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тэрээр 2016.12.08-ны өдөр нүүн орж, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд үлдэгдэл төлбөр төлөхийг М.Э-д мэдэгдэж байсан боловч тэрээр 2018.01.27-ны өдөр байрыг худалдаж авахаа болилоо гээд нүүгээд явсан. М.Э-нь урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн... миний орон сууцыг худалдан авна гэж хэлээд үнэ төлбөргүй 13 сар амьдарсан. Хэрэв би уг орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 1 сарыг 250,000 төгрөгөөр тооцон, 3,250,000 төгрөгийг олох ёстой байсан тул учирсан хохиролд 3,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч “... С.А-гийн орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлж, уг орон сууцанд 2015.12.08-ны өдрөөс 2016.12.08-ны өдөр хүртэл хугацаанд амьдарсан нь үнэн. С.А 10,000,000 төгрөгийн урьдчилгаа авчхаад үлдэгдэл мөнгөө байнга нэхдэг байсан ба тухайн үед миний бие жирэмсний амралттай байсан бөгөөд ажилдаа удахгүй ороод орон сууцны үлдэгдэл төлбөрийг өгье гэхэд зөвшөөрөхгүй өөр хүнд зарна гээд худалдахаа больсон. Иймд урьдчилгаа төлбөрт авсан 10,000,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулсан. С.А-гээс орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болохоос байрыг нь түрээсэлнэ гэж тохироогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
9. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч буюу худалдан авагч тал гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг төлөх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасны дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Шүүх хэрэгт авагдсан баримт болох “Илтгэлт эстимэйт” ХХК-ийн 2020.09.07-ны өдрийн 44-02 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “...нэг сарын орон сууц хөлслөх үнэ 250,000 төгрөг”-ийг “уг орон сууцыг 2015.12.08-ны өдрөөс 2016.12.08-ны өдөр хүртэл эзэмшиж, ашигласан” гэсэн хариуцагчийн тайлбарын дагуу 12 сараар тооцож, хохиролд 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ. Гэрээнээс татгалзсанд хариуцагч буруутай тул хохирлыг хариуцах үүрэгтэй байна.
10. Иймд “... Орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болохоос түрээсэлнэ гэж тохироогүй. Орон сууцанд амьдрах хугацаанд миний 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүүгүйгээр ашигласан байхад анхан шатны шүүх түүнд хохирол учирсан гэж үзсэн нь буруу ...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02810 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0231 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН