Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

          Улсын яллагч Ж.Энхжаргал,

          Хохирогч Д.Цэцэгмаа,

          Хохирогч Д.Ганболд, иргэний нэхэмжпэгч Б.Дариймаа, тэдгээрийн өмгөөлөгч С.Ичинхорлоо /ҮД:0727/,

          Шүүгдэгч Г.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Н.Ганбат /0346/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

         

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Отгонжаргалд холбогдох 2016 2400 0957 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 01 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Заг суманд 1985 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Хан хур” ХХК-д слесарь, сантехникчийн ажилтай, ам бүл 4, эх, дүү, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь, Эмэгтэйчүүдийн хорих ангийн баруун талын задгайд оршин суудаг, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36 дугаар гудамжны 405 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Хүрэн бэлчир овогт Ганбүргэдийн Отгонжаргал /РД: В085080414/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Г.Отгонжаргал нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг МТ шатахуун түгээх станцийн зүүн хойд замд 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Тоуота Prius загварын 39-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Гантөгсийн жолоодож явсан Тоуота Fun Cargo загварын 28-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Д.Цэцэгмаагийн биед хүнд гэмтэл, зорчигч Д.Ганболдын биед хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.Дариймаа, С.Оюунбаяр нарын биед хөнгөн гэмтэл, жолооч С.Гантөгсийн биед хөнгөн гэмтэл, Тоуота Fun Cargo маркийн 28-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Гантөгсөд 1.663.000 төгрөгийн шууд, 2.071.200 төгрөгийн нийт хохирол учруулж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Отгонжаргалын өгсөн: …“Тухайн өдөр урд талын машиныг шарвачихлаа гэж бодоод баруун тийшээ дарсан. Тэр миний буруутай үйлдэл болсон. Тухайн үед хэмжилт хийх үед нь оролцож чадаагүй” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганболдын өгсөн: “Офицеруудийн ордноос Отгонжаргалын машинтай Налайх явж байхдаа замдаа аваарт орсон. Яаж мөргөлдсөнийг санахгүй байгаа. Нэг сэрэхэд хэвтэж байсан. Зүүн хөлийн түнх мултарсан, 6 хавирга хугарсан.  Хацар цөмөрсөн. Нэг хүүхэд маань 20 хоног сахисан. Эмчилгээний зардал 374.000 төгрөг нэхэмжилж байна. Би микроавтобус бариад шугамд явдаг байсан. Ажилгүй байсан хугацааны мөнгө, нөхөн олговор гээд 4.974.900 төгрөг дээр 374.000 төгрөгийн эмчилгээний зардал байгаа” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэцэгмаагийн өгсөн: …“2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найзындаа оччихоод буцаж Налайх явах үедээ офицер дээр Отгонжаргалтай тааралдаад цуг явсан. Гэнэт гэрэл орж ирэх шиг болоод машин ороод ирсэн. Гэмтлийн эмнэлэг дээр маргааш өглөө нь ухаан орсон. Гэмтлийн эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон. Сар гаруй эмнэлэгт хэвтсэн. Миний аарцаг цөмөрсөн. Одоо 59 настай. Өөрөө явж чадахгүй байгаа. Отгонжаргалын хувьд сэтгэл байхгүй. Санамсаргүй хэрэг гэдгийг ойлгож байна. Отгонжаргал дандаа худлаа хэлдэг. Байхгүй гэхээс өөр зүйл хэлдэггүй. Эмчилгээний зардлаа баримтын дагуу нэхэмжилж байна. Би тэтгэвэртээ гараад 3 жил болж байсан. Би нөхрийнхөө дүүгийн хоёр хүүхдийг хардаг байсан. Би 2008 онд баруун бөөрөө авахуулсан. Элэгний В вирустэй зэрэг хууч өвчтэй хүн. Булууны ясны хагалгаанд орох шаардлагатай байна. Булууны яс хайлж байна гэсэн. Өмнө гэрт ирээд 200.000 төгрөг өгөөд хэрэг прокурор руу шилжлээ гээд уулзсан. Үүний дараа 300.000 төгрөг өгсөн. Нийт 500.000 төгрөг өгсөн. Цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний зардал нийт 3 сая гаруй төгрөг болсон байгаа. Миний бие өвдөөд маш их хэцүү байна” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжпэгч Б.Дариймаагийн өгсөн: “Тухайн үед би унтаад явж байсан. Цэцэгмаа ухаан орохгүй байсан. Нөхөр их хүнд гэмтсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг,

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал /хх.5-9/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Цэцэгмаагийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Офицеруудын ордоноос Налайх руу Тоёота Приус маркийн автомашинд нэг хүний 2000 төгрөгөөр явахаар жолоочийн хажуу талын урд суудал дээр суусан, ард Дариймаа, Ганболд, Оюунбаяр нар суусан. Тухайн үед би унтсан байсан, тэгсэн гэнэт нэг нь хашгирах шиг болоод би сэрсэн, өөдөөс их хурц гэрэл туссан, тэгсэн түс тас гээд явчихсан тэгээд би юу ч санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт ухаан орсон” гэх мэдүүлэг, /хх.48-49/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Ганболдын өгсөн: “... арын суудал дээр сууж байхдаа зүйрмэглээд унтчихсан. Тэгээд нэг сэрэхэд Баянзүрхийн гүүр хавьд миний сууж явсан машин нилээн зөөлөн ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байхаар нь “за ингээд нилээн зөөлөн яваарай” гэж хэлээд нэг мэдсэн зүйрмэглэсэн байсан. Тэгээд нэг сэрэхэд хоёр машин мөргөлдчихсөн, би сууж явсан машиныхаа гадна газар хэвтэж байсан. Тухайн үед миний сууж явсан машины жолооч намайг машинаас гаргасан гэж байсан... Миний баруун хөлний түнх мултарч, 6 хавирга хугарч, тархи толгой доргиж хавагнасан, баруун талын хацар язарсан, нүүр хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.73-74/,

 

          Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Б.Дариймаагийн өгсөн: “... Би тухайн үед машины арын суудал дээр жолоочийн эсрэг талын хойд талд суучихсан, миний баруун талд нөхөр Ганболд, түүний цаана Оюунбаяр суучихсан, харин урд талд Цэцэгмаа сууж явсан. Тэгээд би машины хойно сууж явахдаа зүйрмэглээд унтчихсан байхад осол болох шиг болсон. Тэгээд би тэр үед шоконд ороод юу болоод байгааг ойлгоогүй. Нэг мэдсэн түргэн тусламжийн машин ирээд бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан... би эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж байгаа, бүрдүүлээд өгнө...” гэх мэдүүлэг /хх.85/,

 

          Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч С.Гантөгсийн өгсөн: “... Ослын улмаас миний эгэм, цавь, бэлхүүс хэсгээр зөөлөн эд нь гэмтсэн. Өөр гэмтэл бол байхгүй. Харин машины баруун урд хэсэг нилээн чихэгдэж их хохирлууд учирсан үүнийг автомашины үнэлгээний тайланд тусгасан байгаа. Миний эмчилгээнд гарсан зардал бол байхгүй. Би баримт бол бүрдүүлээгүй байгаа. Автомашинд учирсан хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх.80/,

 

          Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч С.Оюунбаярын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд манай хамаатны эгч болох Цэцэгмаа, Ганболд, Дариймаа нарын хамтаар айлын байрны цайллаганд очоод тэндээсээ гараад офицеруудын ордны буудлаас Налайх руу явах Т.Приус маркийн автомашинд хүний 2000 төгрөгөөр сууцгаасан. Тэгээд машины жолоочийн хажуугийн урд суудал дээр Цэцэгмаа эгч суугаад машины арын суудал дээр Ганболд ах, Дариймаа эгч бид нар суучихсан явж байсан. Тухайн үед зам нилээн хальтиргаа гулгаатай, цас орчихсон байсан болохоор бүгдээрээ л “зөөлөн явцгаана шүү” гээд жолоочид хэлж байсан. Тэгсэн нэг мэдсэн өөдөөс хурц гэрэл тусаад л яах ийхийн зуургүй мөргөлдчихсөн. Тухайн үед юунаас болоод мөргөлдсөнийг бол мэдэхгүй байна. Харин осол хэрэг болсны дараа бид нар тэрхэн зуурт ухаан алдчихсан тэгээд сэрэхэд машинд эвгүй үнэр үнэртэж байсан тэгээд машинаас бууж Ганболд ах, Цэцэгмаа эгчийг машинаас гаргасан байгаа. Тэгээд удаагүй түргэн тусламж ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсан байгаа. Миний цээж, хэвлий хэсгээр нилээн өвчтэй, хоёр хөлний шилбэ хэсгээр хавдаж овойсон байгаа. Миний зүүн талын хөлөөр янгинаж өвдөөд байгаа. Би 170-180 гаран мянган төгрөгийн эмчилгээний баримтууд бүрдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх.89-90/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Түвшинтөгсийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ах Гантөгс нь Т.Панкарго маркийн автомашиныг жолоодон би жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад Багануур дүүргээс хот руугаа чиглээд Баянзүрхийн товчоо орох гээд ах Гантөгс бид 2 юм яриад явж байтал гэнэт өөдөөс хурц гэрэл туссан тэгсэн яах ийхийн зуургүй эсрэг урсгалаас машин хүрч ирээд манай машины баруун урд хэсгийг ирж мөргөсөн. Тэгээд ах бид 2 нилээн сандарч машиныхаа гадаа байсан. Тэгсэн нөгөө машинаас 102, 103 дугаар луу дуудлага өгсөн байх удаагүй түргэн тусламж ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийж байх шиг байсан. Тэгээд 2 машиныг ачаад аваад явсан байгаа. Тухайн замын хөдөлгөөн бол сийрэг, цаг агаар цастай, зам хальтиргаа гулгаатай, гадаа хүйтэн байсан. Миний нуруу, хүзүүгээр жаахан өвдсөн байсан өөр гэмтэл бол байхгүй. Миний сууж явсан Т.Панкарго маркийн автомашин нь манай ах Гантөгсийн автомашин байгаа. Ах бид 2 хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Ах машиныг жолоодон би жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан...” гэх мэдүүлэг /хх.96/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 14727 дугаартай: “... Д.Цэцэгмаагийн биед аарцаг ясны баруун талын сүүжний тогооны цөмөрсөн хугарал, баруун талын 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал, баруун, зүүн уушигны няцрал, эрүү, бугалга, тохой, цээж, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх.101/,

         

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 14372 дугаартай: “... Д.Ганболдын биед цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы далд хугарал, баруун түнхний үений мултрал, хацарт шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.119/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 540 дугаартай: “... Дариймаагийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, баруун нүдний зовхи, баруун, зүүн алга, баруун, зүүн шагай, зүүн шилбэ, тавхай, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.136/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 833 дугаартай: “... С.Оюунбаярын цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болох нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.142/,

 

          Техникийн шинжээчийн 682 дугаартай: “... Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад 39-07 УНЯ улсын дугаартай Т.Приус маркийн автомашины жолооч Г.Отгонжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөнийн дүрмийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 28-29 БРА улсын дугаартай Тоёота Пун Карго маркийн автомашины жолооч С.Гантогс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх.216-217/,

 

          Мөрдөн байцаалтанд Г.Отгонжаргалын яллагдагчаар өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд халтуур хийгээд өөрийнхөө эзэмшлийн 39-07 УНЯ дугаартай Т.Приус 10 маркийн автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордоны автобусны буудал дээрээс 4 хүнийг Налайх руу 8000 төгрөгөөр авч явахаар болж тэр 4 зорчигч нарыг суулгаад Офицеруудын ордоноос Налайх руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо МТ шатахуун түгээх станцын зүүн хойд талын замаар 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед анхны цас ороод зам нилээн хальтиргаа гулгаатай, гадаа цасан шуургатай явж байхад миний машины арын суудал дээр сууж явсан Ганболд гэх ах нь “миний дүү зөөлөн яваарай, гадаа зам хальтиргаа, гулгаатай байна шүү” гээд анхааруулсан. Тэгээд МТ клонк өнгөрөөд ойролцоогоор 1 км орчмын зайнд өөдөөс буюу эсрэг урсгалаас хурц гэрэл тусаад миний нүүрэн тус газарт гялбасан тэгээд би өөдөөс ирж явсан машиныг шаравчихлаа гэж бодоод тухайн үед нилээн сандарч шууд би эсрэг урсгал руугаа орж зайлаад гарах санаатай дартал зүүнээсээ баруун тийш чиглэлтэй ирж явсан автомашины баруун урд хэсгийг би унаж явсан машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөчихсөн. Тэгээд миний машин замынхаа хойд талд замаас гарч зүүн урагшаагаа чиглэлтэй харж зогссон, харин нөгөө автомашин нь зорчих хэсгийн голд ертөнцийн зүгээр баруун урагш чиглэлтэй хараад зогссон. Тэгээд би тэр даруй машинаасаа буугаад машин дотор сууж явсан 4 зорчигч нарыг машинаас буупгаад өөрийнхөө 99752495 дугаарын утсаараа 103 дугаар луу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.245-247/,

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-5/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, тухайн орчны цаг агаарын лавлагаа, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5-9/,  Гантөгсийн мэдүүлэг /хх-80/,  Шүүх шинжилгээний автотехникийн шинжээчийн дүгнэлт /хх-216-217/,  автомашины үнэлгээ /хх-ийн 161/, жолоочийн лавлагаа /хх-ийн 43-44/,  гэрч С.Жаахмаагийн мэдүүлэг /2-р хх-ийн 92/, ял шалгах хуудас /2-р хавтас хх- 43/, хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 106/ шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Г.Отгонжаргал нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг МТ шатахуун түгээх станцийн зүүн хойд замд 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Тоуота Prius загварын 39-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Гантөгсийн жолоодож явсан Тоуота Fun Cargo загварын 28-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Д.Цэцэгмаагийн биед хүнд гэмтэл, зорчигч Д.Ганболдын биед хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.Дариймаа, С.Оюунбаяр нарын биед хөнгөн гэмтэл, жолооч С.Гантөгсийн биед хөнгөн гэмтэл, Тоуота Fun Cargo маркийн 28-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Гантөгсөд 1.663.000 төгрөгийн шууд, 2.071.200 төгрөгийн нийт хохирол учруулж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Г.Отгонжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Отгонжаргалын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Хохирогч Д.Цэцэгмаагийн нэхэмжилсэн 3.078.780 төгрөгөөс түүнд шүүгдэгчийн нөхөн төлсөн 500.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2.578.780 төгрөгийг,  хохирогч Д.Ганболдын нэхэмжилсэн 2.864.000 төгрөгөөс баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 254.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Дариймаагийн нэхэмжилсэн 1.225.000 төгрөгөөс баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 270.000 төгрөгийг Г.Отгонжаргалаас гаргуулж, тухайн хохирогч нар болон иргэний нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв

 

Иргэний нэхэмжлэгч С.Оюунбаяр нь 170-180 мянган төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байх тул түүний нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Г.Отгонжаргал урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Цэцэгмаад 500.000 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч С.Гантөгсөд 2.070.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Д.Цэцэгмаа, Д.Ганболд, иргэний нэхэмжлэгч Б.Дариймаа, С.Оюунбаяр нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын бусад нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдвал зохино.

 

Хэрэгт хураагдаж ирүүлсэн Г.Отгонжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 9623735 дугаартай түр үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлж, тээврийн хэрэгслийн 901354039 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3 дах хэсгүүд, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хүрэн бэлчир овогт Ганбүргэдийн Отгонжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонжаргалд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар, Г.Отгонжаргалд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд нийгмээс тусгаарлаж ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Г.Отгонжаргалд урьд нь авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Г.Отгонжаргал урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Цэцэгмаад 500.000 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч С.Гантөгсөд 2.070.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт хураагдаж ирүүлсэн Г.Отгонжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 9623735 дугаартай түр үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлж, тээврийн хэрэгслийн 901354039 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Отгонжаргалаас 2.578.780 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад, 254.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод, 270.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Дариймаад тус тус олгосугай.

 

          8. Хохирогч Д.Цэцэгмаа, Д.Ганболд, иргэний нэхэмжлэгч Б.Дариймаа, С.Оюунбаяр нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын бусад нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Г.Отгонжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР