Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2020/00149

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2020/00149

Завхан аймаг

                                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ... /Цаашид ХХК гэх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суугч, Монгол овогт Ц.Б-д холбогдох 419,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20146923 тоот гэрээг байгуулан 99 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 419,355 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 99 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд дээрх нэхэмжлэлд хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, хэрэглээний төлбөрт нийт 419,355 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Үүнд Ямар маркийн ямар үнэтэй гар утсыг зээлээр өгсний төлбөр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа эсэхийг тодруулах, 99 дугаарыг ашиглаж эхэлснээс хойш хэдэн удаагийн хэрэглээний төлбөр, хэдэн төгрөг төлөөгүй буюу ярианы төлбөрийн буюу биллийг сар бүрээр нь гаргуулах, 99 дугаарын үйлчилгээг хэзээнээс эхлэн зогсоож төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөгнөөс алданги тооцож эхэлснийг, нэхэмжлэлд хавсаргасан харилцагчийн үйлчилгээний дэлгэрэнгүй задаргаа зэргийг тодруулж тайлбар гаргуулмаар байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Ц.Б-н хүсэлтийн тайлбарыг хүргүүлж байна гээд нэхэмжлэх дээр ерөнхий байдлаар дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр гэж бичигддэг. 20146923 гэрээн дээр гар утасны зээлийн гэрээ хийгээгүй тул зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр дангаараа гарсан. 99 дугаарын 2014 оны 07 дугаар сард гарсан ярианы билл дээр 2014 оны 06 дугаар сард төлөх 5 сарын хэрэглээний 47,357 төгрөг, 7 сард төлөх 6 дугаар сарын хэрэглээний төлбөр 401,998 төгрөг нийт 449,355 төгрөг нэхэмжилсэн байна. 2014 оны 11 дүгээр сард барьцааны 30,000 төгрөг суутгагдаад үлдсэн 419,355 төгрөгийг нэхэмжилж байна. Ярианы нийт дүнд алданги тооцоогүй, ярианы дэлгэрэнгүй билл гаргах боломжгүй... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Ц.Б-ой гар утасны зээлийн гэрээ хийгээгүй учраас зөвхөн дараа төлбөрийн хэрэглээний төлбөр 419,355 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч Ц.Б нь 2014 оны 06 дугаар сард гадагшаа явахдаа Роуминг датаа үйлчилгээ ашиглаж 335,916 төгрөг, Роуминг мессеж үйлчилгээг ашиглаж 17,550 төгрөг гарсан. 2014 оны 06 дугаар сарын ярианы төлбөр 47,414 төгрөг гарсан байсан. Үүнээс барьцааны 30,000 төгрөгийг хасаад 419,355 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Б-оос 419,355 төгрөг гаргуулах тухай тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ц.Б нь ...Миний бие 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 99014611 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд дээрх нэхэмжлэлд хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, хэрэглээний төлбөрт нийт 419,355 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Үүнд Ямар маркийн ямар үнэтэй гар утсыг зээлээр өгсний төлбөр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа эсэхийг тодруулах, 99 дугаарыг ашиглаж эхэлснээс хойш хэдэн удаагийн хэрэглээний төлбөр, хэдэн төгрөг төлөөгүй буюу ярианы төлбөрийн буюу биллийг сар бүрээр нь гаргуулах, 99 дугаарын үйлчилгээг хэзээнээс эхлэн зогсоож төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөгнөөс алданги тооцож эхэлснийг, нэхэмжлэлд хавсаргасан харилцагчийн үйлчилгээний дэлгэрэнгүй задаргаа тодорхойгүй байна... гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл:

Хариуцагч Ц.Б нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дараа төлбөр үйлчилгээний 99 дугаарыг авч, барьцаанд 30,000 төгрөг, mobiZone 9900 төгрөгийн үйлчилгээг авахаар өргөдөл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 20146923 дугаартай гэрээний өргөдлийн маягтаар, мөн уг өргөдлийн дагуу Мобиком корпораци ХХК. Ц.Б нар нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 20146913 дугаартай үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэрээний дагуу Ц.Б нь үйлчилгээний 99 дугаар болон сим картыг эзэмшиж ашигласан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Б-оос үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 419,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх боловч хариуцагч Ц.Б нь үүрэн холбооны дараа төлбөрт 99 дугаарын үйлчилгээний хэрэглээний төлбөрт 20146913 дугаартай гэрээний дагуу хэзээ ямар үйлчилгээ авч төлбөрийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.Б нь 2014 оны 06 дугаар сард гадагшаа явахдаа Роуминг датаа үйлчилгээ ашигласны 335,916 төгрөг, Роуминг мессеж үйлчилгээг ашигласны 17,550 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын ярианы төлбөр 47,414 төгрөгнөөс барьцааны 30,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 419,355 төгрөг болсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нь харицагчийн гүйлгээний хуулга, болон 99 дугаарын нэхэмжлэх, 20146923 дугаартай гэрээний хэрэглээний хураангүйг тусгасан баримтаар нотлогдож байгаа гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар өгнө... гэж заасан байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн 99 дугаарын нэхэмжлэх, 20146923 дугаартай гэрээний хэрэглээний хураангүйг тусгасан баримтууд нь хуулбар байх бөгөөд нотариатчаар гэрчлүүлээгүй байх тул бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байна гэж үзээд нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч талаас харилцагчийн гүйлгээний хуулгад улаан тамга дарж хэрэгт хавсаргасан байх боловч уг хуулгад Б Ц, тайлант үе 2014/05/01/-2017/09/14, гэрээний дугаар 20146923, эхний үлдэгдэл -460.45 төгрөг, 2014/05/01 төлбөр 42,102.19 төгрөг, 2014/05/20 өдөр 41,641.74 төгрөг төлсөн гүйлгээний утга 99014611 банк завхан, 2014/06/01 өдөр төлбөр 47,414.84, 2014/07/01 өдөр 401,998.47 төгрөг, 2014/11/03 өдөр барьцаа 30,000 төгрөг, нийт нэхэмжлэх 491,515.50 төгрөг, төлөлтүүд 71,700 төгрөг, эцсийн үлдэгдэл 419,355 төгрөг гэж бичиж тэмдэглэсэн байх боловч харилцагч Ц.Б-ын ашиглаж байсан хэд гэсэн дугаарын ямар үйлчилгээ авсны төлбөр болох нь тодорхойгүйн дээр харилцагч Ц.Б нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 20146913 дугаартай үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулсан байхад уг гэрээний төлбөр нь гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 42,102.19 төгрөг гарсан байгаа нь ойлгомжгүй байх тул 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20146913 дугаартай үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний дагуу 99 дугаарыг төлбөр гэж шууд үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.Б нь 2014 оны 06 дугаар сард гадагшаа явахдаа Роуминг датаа үйлчилгээ ашигласны 335,916 төгрөг, Роуминг мессеж үйлчилгээг ашигласны 17,550 төгрөгийн төлбөр гарсныг төлөөгүй гэж тайлбарлах боловч 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20146913 дугаартай үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээнд хэрэглэгчийн эрх, үүргийн 3 дугаар зүйлийн 3.4, 3,5, 3,6-д Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээ, хөнгөлөлт урамшуулал, үнэ тарифын талаарх мэдээллийг холбогдох хууль тогтоомж, үйлчилгээ үзүүлэгчийн дүрэм, журам үйлчилгээний нөхцөлийн хүрээнд авах эртхтэй. Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээг энэхүү гэрээ болон хавсралтанд заасан нөхцөлөөр ашиглах үүрэг хүлээнэ. Хэрэглэгч аливаа үйлчилгээ хийлгэх болон дугаарын дэлгэрэнгүй мэдээлэл авахад зөвхөн өөрийн биеэр цахим үнэмлэхний хамт ирнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч Ц.Б нь Роуминг датаа үйлчилгээ, Роуминг мессеж үйлчилгээг авах хүсэлтийг хэзээ хэрхэн гаргасан болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, ...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д Нэхэмжлэгч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг тайлбарлаж, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадаагүй байна гэж шүүх дүгнэв.

Мөн аливаа гэрээний үүргийн биелэлт, түүнийг шаардах эрх нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жил байна. Энэ нь гэрээний бүх төрөлд хамаарах ба харин хуульд заасан гэрээний төрөл нь өөртөө тусгайлсан хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй тохиолдолд энэ зүйлд заасан шаардах эрхийн хугацаа үйлчилнэ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Б-оос үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийн үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар 3 жил байна.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ц.Б-оос үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний 20146913 дугаартай гэрээний дагуу 99014611 дугаарын үйлчилгээ хэрэглээний төлбөр 419,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд энэ хугацаанаас өмнө хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, түр зогссон гэх үндэслэлийн талаар тайлбар гаргаж нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний хариуцагч Ц.Б-оос үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 419,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний хариуцагч Ц.Б-оос үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 419,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ