| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
2024 02 16 2024/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Мөнхтулга
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттайгаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *******-гийн ********д холбогдох эрүүгийн “2306 03035 2718” дугаартай хэргийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо **** тоотод оршин суудаг, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 278 дугаартай 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
******* овогт ****-гийн ******** /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******** нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 35 тоотод хохирогч ********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, толгой руу цохих зэргээр зодож, улмаар биед нь духанд шарх, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 дугаар тал/, хохирогч ********ын мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/, гэрч ****-ын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7007 дугаар дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар тал/, шүүгдэгч ********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 35 тоотод хохирогч ********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, толгой руу цохих зэргээр зодож, улмаар биед нь духанд шарх, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********ын өгсөн: “... 2023 оны 5 дугаар сарын 26-ны орой 17 цагийн орчим би хуурай дүү болон **********-гийн гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110 дугаар байрны 35 тоотод ирээд Амина бид хоёр хамт 4 шил сөжү архи, 1 шилтэй сэнгүр хувааж уусан. Нэлээн орой болсон байсан Амина унтаад өгсөн. Би том өрөөнд нь сууж байсан чинь гаднаас 3 залуу ороод ирсэн. Тэгэхээр нь би “юун хүмүүс вэ?” гээд асуусан чинь “чамд ямар хамаатай юм бэ?” гээд шар царайтай залуу нь орж ирээд гуталтайгаа хивсэн дээр алхаад байсан. Тэр гурван залуугийн нэг нь шууд эргээд гараад явчихсан. Би тэр шар царайтай залууг “гар” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ?” гээд *********дээр очоод “миний хайраа” гээд байсан. Би нэлээн согтсон байсан нэг мэдэхэд нөгөө шар залуу миний баруун хөмсөг хэсэгт халуун саваар шууд цохисон. Миний баруун хөмсөгнөөс их цус гараад нүүр дагаж урсаад байсан ***** босож ирээд түргэн тусламж дуудсан. Тэгсэн чинь цагдаатай хамт түргэн тусламж хүрээд ирсэн. Тэгээд нөгөө шар залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-ын өгсөн: “... Би чимээгүй том өрөөнд нь ширээний хажууд суугаад л байсан, тэр эмэгтэй уурлаж байгаад ширээ нь дээр байсан аягыг аваад над руу шидсэн. Тэр шидсэн аяга нь миний хажуугаар гараад цаад талд хана цохиод хагарсан. ******** уурлаад тэр эмэгтэйтэй маргалдаж байгаад ширээ нь дээр байсан ягаан өнгийн халуун савыг гартаа барьж аваад нөгөө эмэгтэйн баруун хөмсөгний орчимд нэг удаа цохисон. Нөгөө эмэгтэйн баруун хөмсөгний дээд хэсэг язраад өөх нь гарчихсан бас нэлээн цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7007 дугаар:
1. ********ын биед духанд шарх, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар тал/,
шүүгдэгч ********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очир нь “...хохирогч ********ын биед духанд шарх, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч ********ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч ******** нь хохирогч ********ын биед халдаж, түүнийг цохисон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Иймд, шүүгдэгч ********ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялын оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч ********д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/1371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелэгдээгүй үлдсэн 672 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэлээс тус туст нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Хохирогч ********д холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 25 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч ******** нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт *********-гийн ********ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ********ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын цагдан хоригдсон 25 хоногийн нэг хоногийг торгох ялын аван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан ялаас хасаж, түүний эдлэх ялыг 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******** нь шүүхээс оногдуулсан 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/1371 дүгээр тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелэгдээгүй үлдсэн 672 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаас тус туст нь эдлүүлэхээр тогтоосугай.
7. Хохирогч ******** нь өөрт учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч ********аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон 25 хоногтой, хэрэгт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Э.ЧИНГИС