Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

 

 

 

                                             2024/ШЦТ/33

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У    

Шүүгдэгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Тт холбогдох эрүүгийн 2412...................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ундрам зочид буудалд галч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Архангай аймгийн ................. сум, ....................  дугаар баг, ................ тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бын Т /РД:................/  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нефтүн бааранд иргэн Ч.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

             Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нефтүн бааранд иргэн Ч.Дыг “эхнэрийн үснээс зулгаалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний биед зүүн хөмсөгний шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  Ч.Дын “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед эхнэр Жын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нэфтүн” нэртэй бааранд орсон. Эхнэрийн хамт тухайн бааранд бүжиглэж байгаад 01 цаг өнгөрч байхад бие засахаар эрэгтэй нойлын өрөө рүү орчихоод гарч ирсэн чинь эхнэр Жыг хэдэн согтуу хүүхнүүд нойлын өрөөний үүдэнд үснээс нь зулгаачихсан байхаар нь очиж салгаж байсан хажуу талаас өндөр биетэй, туранхай насаар надаас бага, нил ягаан өнгийн дээлтэй залуу миний зүүн талын нүд, хөмсөг хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд бужигнаж байх үед баарны хамгаалагч юм уу, ажилтан ч юм уу нэг залуу ирээд салгасан. Намайг цохисон залууг би танихгүй, өмнө нь харж байгаагүй залуу байсан. Тухайн үед анх удаагаа харсан. Миний зүүн талын нүд, хөмсөг хэсэг рүү гараа атгаад нэг удаа цохисноос болоод хөмсөг язарч цус гарсан. Одоо л эдгэрч байна. Намайг цохисон гэх залууг хэдүүлээ явж байсныг мэдэхгүй байна. Бааран дотор хэдүүлээ, хаана сууж байсныг нь ч мөн мэдэхгүй байна. Би тухайн үед нойл орж бие засчихаад гарах гэж байсан юм. Намайг бие засах гээд эрэгтэй нойл руу ороход эмэгтэйчүүд шагаагаад байхаар нь энэ эрэгтэй нойл шүү гэж хэлэхэд инээлдээд миний ард үлдсэн. Ямар ч байсан манай эхнэрийг танихгүй эмэгтэй үснээс нь зулгаагаад л байж байсан. Би царай зүсийг нь сайн хараагүй. Одоо хараад ч танихгүй. Тухайн үед байсан нэг эмэгтэй нь үснээс нь зулгаасан л гэж эхнэр хэлж байсан. Би бааранд 2 шил пиво уусан, эхнэр машин барьж байсан болохоор пиво уугаагүй. Бааранд шөнө дунд байсан учир харанхуй, баарны бүдэг гэрэлд юм сайн харагдахгүй байсан. Би тухайн үед бааранд орохдоо эрүүл орсон. Би сайн тогтож онож хараагүй. Өндөр биетэй, туранхайвтар залуу байсан. Нил ягаан дээлтэй, хөдөөний залуу байсан. Насаар надаас бага залуу байсан. Таних эсэхийг хэлж мэдэхгүй байна. Одоогоор миний зүүн хөмсөг эдгэрч байна. Тухайн үед манай эхнэр уурлаад, уурандаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид шалгуулах зүйл байхгүй. Намайг хэн нэгэн нь айлган сүрдүүлэх, дарамталсан асуудал огт байхгүй. Би тухайн үед гомдол гаргаагүй, зүүн хөмсөг эдгэрч байгаа учир гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/, гэрч М.Жын “...2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэфтүн бааранд нөхөр Дын хамт орсон. Тэнд байж байгаад 01 цагийн үед хоёулаа гэртэй харья гээд явцгаасан. Манай нөхөр гарахаасаа өмнө бие засах гээд нойл орсон. Би нойлын гадаа нь байж байтал эрэгтэй нойл руу 2 эмэгтэй хүн шагаагаад байхаар нь манай нөхөр Д энэ эрэгтэй нойл шүү дээ яагаад түрүүнээс хойш шагайгаад байгаа юм бэ гэтэл мэдэж байна гээд манай нөхрийг хэл амаар доромжлоод байхаар нь та хоёр юу гээд байгаа юм бэ гэтэл чамд хамаагүй гичий минь гэхээр нь би нэг эмэгтэйгийнх нь үснээс нь хойш таттал нөгөө хоёр эмэгтэй чинь миний үсийг гартаа ороож доош нь дараад миний нүүр толгой тархи руу хоёулаа зэрэг зэрэг өшиглөөд зодсон. Би тэр хоёроос одоо болиочээ гээд орилсон. Тэр хооронд манай нөхөр гарч ирээд нөгөө хоёр хүүхнийг салгах гэтэл цуг явсан хоёр залуу нь гарч ирээд манай нөхрийг зодсон гэсэн. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгатал тухайн хүмүүс нь гараад явчихсан. Би зүс харвал тухайн хүмүүсийн багцааг танина. Би машин барьж явсан учраас архи уугаагүй манай нөхөр 2 пиво уусан. Ил харагдах гэмтэл байхгүй ч толгой өвдөөд унтаж чадахгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би нэг эмэгтэйгийнх нь үснээс зулгаасан. Өөр гар хүрсэн асуудал байхгүй. Би тэр талаар нарийн сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/,  гэрч О.Хын “...2023 оны 12 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө манай нөхөр Т миний гар утас руу залгаад Нэфтүн баарнаас намайг ирээд авчих гэж залгасан. Тэгээд хэнтэй явж байгаа талаар асуухад найзтайгаа явж байгаа гэсэн бөгөөд манай найз яваад өглөө гэж утсаар яриад тасалсан. Тэгээд би Нэфтүн бааранд 01 цагийн үед ирэхэд манай нөхөр байхгүй байхаар дотор болон гадна хайсан чинь байхгүй байсан. Тэгээд нойл ороод нөхрийгөө эрэгтэй нойлд хайгаад шагайсан чинь миний араас нэг танихгүй эмэгтэй чи миний нөхрийн бие засаж байхад нь харлаа гээд миний үснээс зулгаахаар нь зөрүүлээд үснээс зулгаасан. Тэгж тухайн эмэгтэйн нөхөр нь гарч ирээд бид нарыг салгах үед манай нөхөр гарч ирээд тухайн залууг салгаад байсан. Дараа нь харсан чинь миний үснээс зулгаасан эгчийн нөхрийн зүүн хөмсөгнөөс цус гарчихсан харагдаж байсан. Удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Би гэр рүүгээ харьсан. Манай нөхөр эрүүлжүүлэхэд хоносон. Би нөхөр Таас тухайн үед байсан ахыг цохисон юм уу гэж асуухад чиний үснээс зулгаасан байхаар салгах гэж байгаад гараараа зүүн нүд, хөмсөг хэсэг рүү нь нэг удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд цус гараад байсан гэсэн. Би тухайн үед бужигнаан дунд хараагүй. Тэгээд би нөхрийгөө яах гэж хүний биед халдаж байгаа гээд загнаад өнгөрсөн. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед манай нөхөр нил ягаан өнгийн дээлтэй, чихтэй малгай буюу адуучин нэртэй малгай өмссөн байсан. Урт түрүүтэй хар гуталтай байсан. Манай нөхөр байнга л дээл өмсдөг.  Манай нөхрийн биед гэмтэл учраагүй байсан. Тухайн үед дух хэсэг рүү нэг удаа цохисон гэх залуу мөргөсөн гэсэн. Би мөргөхийг нь бол хараагүй. Би тухайн найзын танихгүй юм байна лээ. Нутгийн найз нь гэсэн. Одоо өөр аймагт сүлжээгүй газарт байгаа гэсэн. Холбоо барьж чадахгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/, гэрч М.Жын дахин “...Тухайн үед буюу 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд нөхрийн хамт Нэфтүн бааранд орсон. Тэндээ хэсэг хугацаанд бүжиглэж байгаа харихаар болоод 01 цагийн үед байх нөхрийгөө харъя гэж хэлээд нойл орж бие зассан чинь гаднаас эмэгтэй хүн орж ирээд эрэгтэй нойлыг шагайсан. Би цаана нь хүлээгээд зогсож байсан чинь эрэгтэй нойлын цаанаас манай нөхөр энд юу хараад байгаа юм бэ, энэ чинь эрэгтэй нойл шүү гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй мэдэж байна, чамайг харвал гэж дээ, чамд угаасаа харах юм байхгүй л юм байна шүү дээ гэж хэлээд миний урдуур гарахаар нь чи юу гээд байгаа юм бэ гээд үснээс нь татаад тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Энэ үед эрэгтэй нойлын өрөөнөөс манай нөхөр гарч ирээд салгах үед цаанаас нь нэг эрэгтэй хүн гарч ирж байгаа харагдсан. Хэсэг хугацаанд бужигнаад баарны ажилчид салгахад манай нөхрийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг зодсон хүнийг аваад явсан. Манай нөхрийг зодсон залуу нь өндөр биетэй, туранхай, нил ягаан дээл өмссөн, нугларчихсан малгай өмссөн залуу байсан. Тухайн үйл явдал болсноос хойш уулзалдаагүй байгаа. Би тухайн үедээ үснээсээ зулгаалцаад тухайн үеийн зүйлийг сайн хараагүй. Нөхрийгөө тухайн залууг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Манай нөхрийн хөмсөгнөөс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай “...Ч.Дын биед зүүн хөмсөгний шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.Т нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн хөмсөгний шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР