Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

 

 

 

 

 

2024         02         05                                   2024/ШЦТ/141

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч Б.Арсланбаатар,

          шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2306 05877 0030” дугаартай хэргийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын Баянгол дүүрэг 04 дүгээр хороо 4А байр ХХ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

           Л.Б /регистрийн дугаар ХХ00000000/

        Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч Л.Б нь  2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Мтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийн биед халдаж гараараа цохиж зүүн нүдний алимын салст, дээд доод зовхи, хацар, уруулын салстад цус хуралт, баруун зүүн завжинд язарсан шарх, хамар, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Л.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2023 оны 11 дүгээр сарын 12-ны 22 цагийн үед багын найз Лтай уулзаж, Бөхийн өргөөний ойролцоо шар айраг ууж байтал Л.Б над руу "Надад хэцүү байна уулзах уу" гэж надаас асуухаар нь би "Шар айраг ууж байна, хүрээд ир” гэж хэлтэл Л.Б "Хамт ууя" гэж хэлээд миний байгаа газар  ирсэн. Тухайн газраас Л, Л.Б бид 3 гараад РЦНК-ын ойролцоо байх караокед орж нэг цаг дуулчихаад Лг Л.Б бид хоёр Жуковт байх гэрт нь хүргэж өгөөд манай гэр лүү сансрын туслах замаар уруудаж явсан. Сансарын замаар явж байтал Л.Б надад хандаж чи гэртээ харихгүй надтай хамт хоно гэж хэлэхээр нь чамтай хамт хонохгүй гэртээ харина гэж хэлтэл уурлаад автомашинаа зогсоогоод миний хоолойноос багалзуурдаад, нүүр хэсэгт алгадаад байсан. Ойролцоогоор 3-4 удаа алгадсан байхаа. Алгадаж байгаад миний уруулаас хазахаар нь би зууралдаж байгаад өөрөөсөө холдуулж, автомашинаас буугаад гэртээ ирсэн ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 06 дахь/,

            Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 14390 дугаартай: “... Ч. Мийн биед зүүн нүдний алимын салст, дээд доод зовхи, хацар, уруулын салстад цус хуралт, баруун зүүн завжинд язарсан шарх, хамар, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн яллагдагчийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ч.М нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, тусгайлан гаргах гомдол саналгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Л.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн үйлдсэн гэмт хэрэгт нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай саналыг Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, оролцогчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Л.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй

 

3. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ