Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/30

 

 

 

 

                                             2024/ШЦТ/30

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: А.А   

Шүүгдэгч: С.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Бд холбогдох эрүүгийн 2412..................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ................ аймгийн ..............сумын Засаг даргын тамгын газар улсын бүртгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............аймгийн ............. сумын ............ багийн ................... гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Сгийн Б /РД:...................../  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Соёлын төвийн үүдэнд  2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.Н нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархай ханын цөмөрсөн хугарал, баруун зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Соёлын төвийн үүдэнд хохирогч М.Нтой үл ялих шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь цохиж,  биед нь баруун нүдний ухархай ханын цөмөрсөн хугарал, баруун зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Хохирогч  М.Нийн “...Миний бие 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн 11-68 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Өгийнуур сумын төвд байх Соёлын төвийн хашаанд орж машинаа байршуулж тавиад Соёлын төвд Өгий Мандал хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн шинэ жилийг үзэхээр Соёлын төвд орсон. Соёлын төвд ороод хоршооны шинэ жилийг үзэж байгаад нутгийн ах болох Б ахтай хамт Өгийнуур сумын Соёлын төвөөс гарахад уг Соёлын төвийн үүдэнд С.Б таарсан. Энэ үед би С.Бтай мэндэлсэн тэгтэл С.Б надад хандан чи бүр тоохоо болжээ гэж хэлээд согтуугаар над руу дайраад миний өмсөж явсан монгол дээлийн энгэрээс заамдаж аваад чи тоохоо болжээ гэдэг үгийг олон удаа хэлээд миний хоёр хацар руу гараараа алгадаад цохиод байсан тул миний бие доошоо суутал С.Б хөлөөрөө миний баруун нүд рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Энэ үед миний баруун нүд хавдаад нулимс гоожоод байсан. Мөн хамраас цус гоожсон. С.Б надаас салаад Соёлын төв рүү орсон. Намайг өөрийн эзэмшлийн хөх өнгийн Приус 20 маркийн машиндаа Б.М, Н.С, О.Ц нартай сууж байхад С.Б миний машинд орж ирээд урд суудалд суугаад надтай маргалдах гээд байсан. Удалгүй С.Б миний машинаас буугаад явсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед хүргэн Д.Нийнд очиж хоноод маргааш өдөр нь буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймаг орж Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж тархи нүдний зургаа яаралтайгаар авхуулсан. Тэгээд Архангай аймгийн Тунгалаг тамир нэртэй хувийн эмнэлэгт 4 хоног хэвтэн эмчлүүлсэн. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг хүлээн авахын эмч нүдний эмч рүүгээ яриад энд хэвтэхгүй Улаанбаатар хот явах шаардлагатай хүн байсан гэж хэлсэн. Тэгтэл нүдний эмч жижүүр эмчид хандан наад хүнээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж үзүүл гэсэн. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байна. Тухайн үед С.Б миний нүүр рүү гараараа цохих үед мөн С.Б миний баруун нүд рүү хөлөөрөө өшиглөх үед О.Б, О.Ц Г.Э нар байсан. Тухайн үед миний баруун нүд хавдсан мөн 2023 оны 12 дугаар сарын 29-ны өглөө Өгийнуур сумын хүн эмнэлэгт утсаар дуудлага өгөхөд эмч Х.Н гэх хүн унаа машинаа асаагаад очно гэж хэлсэн, цас ихтэй байсан тул Архангай аймаг явах нь надад ойрхон байсан тул миний бие Өгийнуур сумын хүн эмнэлэгт өгсөн дуудлагаа болиод аймаг явсан. С.Баас миний бие хонгор халзан зүсмийн азарган үрээ 900,000 төгрөгөөр бодож аваад миний бие 700,000 төгрөгийн өгсөн. Үлдсэн 200,000 төгрөгийн одоо өгөөгүй байгаа. Өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй.  Миний бие 3.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг өг тэгвэл учраа олно гэж мессеж бичсэн нь үнэн. Одоо миний нүд аргаж өвдөөд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/, хохирогч  М.Нийн дахин “...Надад хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй, би хохирол төлбөрт 640,000 төгрөг авсан байгаа. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/, гэрч О.Бын ”...С.Б, М.Нийг заамдсан тэгээд байж байснаа С.Б М.Нийн хацар руу гараараа алгадаж цохисон. Тэгтэл М.Н газар суутал С.Б, М.Нийн нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед миний бие С.Бд хандан болиоч гэж хэлсэн. Тухайн үед М.Нийн хамраас цус гараад мөн баруун нүд нь хавдсан. Тухайн үед ойр хавьд ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй байна. Соёлын төвөөр хүмүүс орж  гараад байсан. Хэн хэн тухайн үед байсныг тодорхой сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, гэрч О.Цийн “...Өгий Мандал хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн шинэ жил болсон уг шинэ жилийн арга хэмжээг үзэж сонирхсон. Соёлын төвд хоршооны шинэ жилийн тоглолт үзэж байгаад Соёлын төвөөс гарч ирээд Соёлын төвийн гадаа тамхи татаад зогсож байхад М.Н хөх өнгийн приус машин дотроос машиныхаа сигналаар сигналдаад намайг дуудаад байсан учир миний бие М.Нийн хөх өнгийн приус машинд орж суухад уг машин дотор М.Н, Б.М хоёр хамт сууж байсан. М.Нийн баруун нүд хавдсан хамарнаас нь цус гарсан байсан. Мөн М.Нийн гар цус болсон байсан. Машин дотор сууж байхад М.Н надад архи аягалж өгсөн. М.Нийн өгсөн шаазан аягатай архийг уучихаад машинаас нь буугаад соёлын төв рүү миний бие Б.М хамтаар орсон.  М.Нийн хөх өнгийн приус машин дотор тухайн үед М.Н, Б.М бид гурав байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. Тухайн үед С.Б уг хөх өнгийн приус машинд ирж суугаагүй. М.Нийн машинаас Б.М бид хоёр хамт буугаад соёлын төв рүү орсон. Учир нь соёлын төвд хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн дунд азтан шалгаруулж байсан тул азаа үзэхээр яаран соёлын төв рүү Б.М бид хоёр орсон. М.Н ганцаараа машиндаа үлдсэн. М.Нийн машинд сууж байхад М.Н С.Бтай муудалцаад нүд рүүгээ С.Бд цохиулчихлаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, гэрч Б.М “...М.Нийн хөх өнгийн приус машинд орж суусан. Удалгүй уг машин дотор О.Ц ирж суусан. Машинд сууж байхад М.Нийн баруун нүд хавдсан хамарнаас нь цус гарсан байсан. Машин дотор сууж байхад М.Н О.Ц бид хоёрт архи аягалж өгсөн. М.Нийн өгсөн шаазан аягатай архийг уучихаад машинаас нь буугаад соёлын төв рүү миний бие О.Цийн хамтаар орсон. М.Нийн хөх онгийн приус машин дотор тухайн үед М.Н, О.Ц бид гурав байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. М.Н ганцаараа машиндаа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, С.Бы яллагдагчаар “...би хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаартай “...М.Нийн биед баруун нүдний ухархай ханын цөмөрсөн хугарал, баруун зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний ухархай ханын цөмөрсөн хугарал, баруун зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй, би хохирол төлбөрт 640,000 төгрөг авсан байгаа. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР