Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 10-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “*******” ХХК-д сургалтын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *******, Төмөр замчдын өргөн чөлөө, *******од оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн *******, 1*******ллын 10 дугаар байрны 40 тоотод суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:Е0/, ******* овогт *******ы *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж оос 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “шал угаагч зарна” хэмээн 570.000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “каргоны төлбөр шилжүүл” хэмээн 75.000 төгрөгийг тус тус Хаан банкны дугаарын дансанд шилжүүлэн авч нийт 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо 2024 оны 3 дугаар сарын 10-ны дотор нөхөн төлнө. Саяхнаас ажилдаа орсон учраас цалингаа бүтэн авч эхлээгүй байгаа. Хүнийг хохироож өөрийгөө асуудалд оруулсандаа маш их харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй, гэмшиж байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405000000004 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын өгсөн: Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороонд байрлах “” ХХК-ийн талбай дээр Япон улсаас ирсэн машинууд маань буугаад би хүлээж авч байсан. Тэгээд би фейсбүүк ухаж байгаад “” гэх хүний хаягаар байршуулсан байсан Америк чанартай шал угаагч захиалж өгнө, нэг бүрийн үнэ 114 мянган төгрөг гэсэн зарыг нь хараад хаанаас авах вэ гэж сэтгэгдэл бичээд тухайн хүнтэй харилцсан. Тэгээд байж байхад гэх дугаараас залгаад би “”-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь байгаа юм, та шал угаагч авна гэсэн байна, хэдийг авах уу” гэж ярьсан. Би 5 ширхэг шал угаагч захиалсан. Та захиалах бол захиалгаа баталгаажуулаад дансанд мөнгөө 100 хувь байршуулаарай гэсэн. Тэгээд би 5 ширхгийг авахаар болоод Хаан банкны ******* гэх хүний данс руу 570.000 төгрөг хийсэн. Тэгээд хүргэлтээр аваачаад өгнө, өглөө юм уу, орой  очно гэсэн. Би 11 сарын 25-ны өглөө залгахад гар утас нь холбогдохгүй байсан. “” гэх хаяг руу холбогдоод асуутал би барааныхаа тооцоог өөрийнхөө дансаар авдаг. Та хулхидуулсан байна. Цагдаад мэдэгд гэж хэлсэн. Би “” ХХК-ийн талбай буюу Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 570.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын дахин өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 17 цаг 30 минутад Баянгол дүүргийн 28 дугаар хороо ХХК-ийн талбай дээр байх үедээ өөрийн Хаан банкны 5530188833 тоот данснаас 570.000 төгрөг тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа таны бараа ирчихлээ каргоны мөнгө шилжүүлээрэй гэж хэлэхээр нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 02 минутад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 авто худалдааны төв 1-р бүс тоот зогсоолд байх үедээ каргоны төлбөр 75.000 төгрөг өөрийн Хаан банкны тоот данснаас тоот данс руу шилжүүлсэн. Шингэн хоолойтой, хэл ярианы ямар нэг гажиг байхгүй 20-25 орчим насны эмэгтэй хүний хоолой байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

 4. *******ийн Хаан банкны тоот дансны хуулга (хавтаст хэргийн 21-23 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ийн өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг ******* тоот гэртээ фейсбүүк онлайнаар зарим нэгэн зүйлсийг хараад байж байтал “” гэх нэртэй фейсбүүк хуудас дээр “АНУ-аас хямд шал угаагчийн захиалга авна” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан. Тэгтэл нийтэлсэн постын коммент хэсэгт үл таних фейсбүүк хаягтай хүн “захиалга өгье ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн бөгөөд өөрийн гэх дугаараас гэх дугаар руу залгана та захиалга өгөх үү гэж асуутал олноор захиалбал хэдэн төгрөг болох вэ би дотогш орж байгаад хэлье гэж хэлсэн. Тэгээд тэр хооронд интернэт рүү орон хайлт хэсэг дээр шал угаагч ямар үнэтэй байдаг эсэх талаар жаахан судалж эхлээд байж байтал тэр над руу эргээд залгаад “ би 3 ширхгийг авъя, хэдэн төгрөгөөр авч болох вэ гэж асуутал нэг бүрийн өртөг нь 114,000 төгрөгөөр ирж байгаа гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн за би 5 ширхгийг авья гээд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд миний Хаан банкны тоот данс руу 570.000 төгрөгийг шилжүүлэн авсан...Тухайн мөнгийг амьдарч байсан байрны төлбөр болон бусад урсгал зардалд зарцуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), байнга оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүкт “”-ын “АНУ-аас хямд шал угаагчийн захиалга авна” гэсэн зарын доор захиалга өгөх зорилгоор утасны дугаараа бичиж үлдээсэн хохирогч руу өөрийн дугаараас залгаж “шал угаагч зарна” хэмээн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, мөн өдрийн 17 цаг 30 минутад 570.000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “каргоны төлбөр шилжүүл” гэж 17 цаг 02 минутад 75.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 645.000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт авагджээ.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар буюу үнэ төлбөргүйгээр өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутад 570.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 02 минутад 75.000 төгрөг нийт 645.000 төгрөгийн хохирол учруулж  бусдыг залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь худалдааны үйл ажиллагаа эрхэлдэггүй хэр нь бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа мэтээр утсаар ярьж бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаар хохироох зорилгоор хийгдсэн байх ба, анхнаасаа бараа бүтээгдэхүүн худалдах бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Харин хяналтын прокуророос *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байна.

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт бөгөөд энэхүү хэргийн тухайд залилах гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 645.000 төгрөгийн хохирол учирсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэв.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.   

******* залилах гэмт хэрэг үйлдэж, уг үйлдлийн улмаас од 645.000 төгрөгийн учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 645.000 төгрөг гаргуулж хохирогч од олгохоор шүүх  шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Бусад асуудлын талаар

Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. ******* овогт *******ы *******ийг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******ээс 645.000 төгрөгийг гаргуулж хохирогч од олгосугай.

7. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ