Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00514

 

 

  2020 оны 08 сарын 17 өдөр

     Дугаар 153/ШШ2020/00514

                  Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ............ оршин суух, Боржигон овогт Жадамбын Б //-ийн нэхэмжлэлтэй  Ховд аймгийн ..........тоотод оршин суух, Түмт овогт Г-ийн Б //- холбогдох  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00601/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б бид хоёр 2008 онд танилцаад 2009 онд охинтой болсон. Хөдөө амьдарч байсан. Г.Б хөдөө 1-2 жил амьдраад төв рүү орно манай эх  нэг жилийн дараа тэтгэвэрт гарах байгаа тэтгэвэрт гарахаар нь чи ажилд ор гэж хэлж байсан.  Эх нь тэтгэвэрт гараад манайхыг төв рүү оруулахгүй хөдөө амьдар гээд дарамт шахалт үзүүлсэн. Бид хоёр 2012 оноос хойш тусдаа амьдарч байна. Том охиноо хадам эцэг, эх  болон эцэгт нь үлдээсэн. Би хот явж ажил хийдэг байсан. Хааяа нэг ирэхээрээ охинтойгоо уулздаг. Нэг мэдсэн 5 жил өнгөрсөн. Тэр хугацаанд дахин нэг охинтой болж охин маань одоо 2 нас 6 сартай.  Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй...гэв.

Хариуцагч Г.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх хөдөө амьдарч болно. Манай эцэг, эх хүүхэд  бага байна  сургуульд орохоор төв суурин газар ор гэж хэлсэн. Манай эхнэр өнөө маргаашгүй төв рүү орно гээд ийм ажил болсон. Хоёр дахь хүүхэд гарахад би хоёулаа нийлж амьдаръя гэж хэлсэн. Өвөл нийлээд байж байтал нэхэмжлэгчийн эгч нь намайг манайхаас яв гэж хэлсэн. Би 4 сараас хойш охинтойгоо уулзаагүй...гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2008 оны 12 дугаар  сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Э, 2017 оны 11 дүгээр сарын 29-нд охин Б.А нар  төрсөн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбаруд,  нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6,7,8 дугаар тал/

Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Г.Б нарын хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод тусдаа амьдарч байгаа, хэн хэн нь эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаагүй бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Э саналыг үндэслэн эцэг Г.Б асрамжинд үлдээх,  2017 оны 11 дүгээр сарын 29-нд охин Б.Аг өссөн орчин  болон  хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Ж.Бгийн асрамжинд үлдээхээр  шийдвэрлэж,  зохигчид нь хүүхдийн тэтгэлэгийн талаар  маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Эг эцэг, Г.Б, охин Б.Аг  эх Ж.Бгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Г.Б хувьд охин Б.Э,охин Б.А  нарын эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эх Ж.Б,  эцэг Г.Б  нараас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Боржигон овогт Жадамбын Б //,Түмт овогт Ганхуягийн Б //   нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Эг эцэг Г.Б, 2017 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн охин Б.Аг эх Ж.Бгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн  үүргээ биелүүлж байхыг, энэ үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй байхыг үүрэг болгосугай.

4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад  даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ОТГОНЖАРГАЛ