Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 26

 

 

Н.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолтой Н.*******д холбогдох эрүүгийн 2037000130012 дугаартай хэргийг шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Ховд аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэгдсэн, ******* ******* ******* ******* овогт ******* ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрээс далд уурхайн болон газрын гадаргууд тэсэлгээ хийх зориулалт бүхий цахилгаан бус тэслүүр, цочир дамжуулах шижим өдөөгч, эмульс зэрэг бодисыг хууль бусаар олж авч *******гийн эзэмшлийн клугер маркийн ******* улсын дугаартай машинаар тээвэрлэж Ж.Орсоогийн воганчикт хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүх “Шүүгдэгч ******* овогт ******* *******г тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6000000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэхийн тулд зориудаар машин механизмыг санаатайгаар урьдчилан бэлтгээгүй, мөн тухайн машиныг түр болон удаан хугацаагаар эзэмшиж, жолоодож байгаагүй, зөвхөн тухайн машинд зорчиж явсан зорчигч бөгөөд тухайн машиныг зохих этгээдийн зөвшөөрлөөр түр хугацаанд хуулийн дагуу эзэмшиж, жолоодож байсан жолооч Н.Цолмонгэрэл нь энэ хэрэгт хамааралгүй байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар клугер машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөө талаас тээвэрлэхийн тулд зориудаар анхнаас нь тухайн тээврийн хэрэгслийг бэлтгэсэн, захиалсан зүйл огт байхгүй бөгөөд замдаа тааралдсан эд зүйлийг олж авсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тээвэрлэх гэж хуульчилсан байгаа бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Н.*******г тэсрэх бодис тээвэрлэсэн субьект гэж үзэж тухайн хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ 6000000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3,10 дахь хэсэгт өөрчлөлт оруулж торгуулийн 5400000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, клугер машиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ санаатай тусгайлан бэлтгээгүй болохыг тогтоож тухайн эд зүйлийн үнийг яллагдагчаас гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.******* болон өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Н.*******гийн үйлдэл нь тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан үйлдэл байхаас биш тухайн бодисыг тээвэрлэсэн гэх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэсэгчлэн төлөх хугацааг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг  хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

              Х.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрээс далд уурхайн болон газрын гадаргууд тэсэлгээ хийх зориулалт бүхий цахилгаан бус тэслүүр, цочир дамжуулах шижим өдөөгч, эмульс зэрэг тэсрэх бодисыг хууль бусаар олж авч *******гийн эзэмшлийн клугер маркийн ******* улсын дугаартай машинаар тээвэрлэж, Ж.Орсоогийн воганчикт хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий , хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч  Н.*******  түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын “ Тус шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 болон 10 дахь  заалтаар Н.******* надад шүүхээс оногдуулсан 5400000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6000000 төгрөгийг надаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна . . .“ гэх давж заалдах гомдлын  дагуу хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэвэл:

             Н.*******гийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.Цолмонгэрэл / хх-н 46-47х /, / хх-н 50-51х /, / хх-н 52-53х /, / хх-н 69-70х /  нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,   гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 33-38х /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 42-45х /, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 161 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 82-84х /, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 3-5х /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-8х /, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 29-32х / , эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол / хх-н 125х /, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн хэргээ хүлээн зөвшөөрч  өгсөн мэдүүлэг  / 1-р хх-н 10-11х / зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

Н.*******гийн  үйлдсэн гэмт хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Харин шүүгдэгч Н.******* нь анхнаасаа тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэхийн тулд зориудаар машин механизмыг / клугэр машин / санаатайгаар урьдчилан бэлтгээгүй мөн тухайн машиныг эзэмшиж , жолоодож байгаагүй зөвхөн тухайн машинд зорчиж явсан зорчигч байсан байхад  машины үнийг Н.*******гаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.       

Мөн шүүгдэгч Н.******* нь  ам бүл олуулаа амьдардаг бөгөөд тогтмол цалин орлоготой хүн байхгүй байгаа зэрэг хувийн амьдралын байдлыг нь харгалзан үзэж түүнд шүүхээс оногдуулсан 5400000 төгрөгийн торгох ялыг, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлт оруулж зөвтгөвөл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16  дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.  Үүнд:

Тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй”  гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй “ гэж өөрчлөн, тогтоолын тогтоох хэсгийн  10 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

           

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

                                              ШҮҮГЧИД                                      М.НЯМБАЯР

                                                                                                     Б.ДАМБА