| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0930/3 |
| Дугаар | 221/МА2026/0642 |
| Огноо | 2026-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0642
Г.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0538 дугаар шийдвэр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б,
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд Ч.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжаар 177 м.кв газрын Ч.Нд олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, Г.Бгийн өмчлөлийн газрын орц, гарцыг хааж олгосон нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орц, гарцыг чөлөөлөхийг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э
хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,
гуравдагч этгээд Ч.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр,
Хэргийн индекс: 128/2025/0930/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Бгаас анх нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжаар 177 м.кв газрын Ч.Нд олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, Г.Бгийн өмчлөлийн газрын орц, гарцыг хааж олгосон нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орц, гарцыг чөлөөлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0538 дугаар шийдвэрээр “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгаас Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “... Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжийн Ч.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлийн орц, гарцыг чөлөөлөхийг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дугаар захирамжийн Ч.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй.
3.2. Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны А/43 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг өмчилж авсан. Уг газрын баруун талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилчдын автомашины дулаан зогсоолтой, баруун хойд, зүүн болон зүүн хойд талдаа бусдын өмчлөл, эзэмшлийн газартай холбогддог тул хойд хэсгээрээ орж гарах боломжтой. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/454 дүгээр захирамжаар Ч.Нд газар эзэмшүүлэхдээ Г.Бгийн газрын орц гарцыг бүхэлд нь хаасан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг ноцтой зөрчсөн.
3.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, анхан шатны шүүх 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3650 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Газар өмчлөл хариуцсан мэргэжилтний үзлэгийн тэмдэглэлийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Уг захирамжийн дагуу холбогдох нотлох баримтууд шүүхэд ирээгүй тул шүүгчийн захирамжийн биелэлтийн хангуулахаар хүсэлт гаргахад шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжаар Ч.Нд 177 м.кв газрыг олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, Г.Бгийн өмчлөлийн газрын орц, гарцыг хааж олгосон нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орц, гарцыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” хэмээн заасан.
3.2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” А/43 дугаар захирамжаар “гэр бүлийн хэрэгцээний” зориулалтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ***-р хэсэг, Их Дарь-Эхийн 8 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай 411 м.кв газрыг,
гуравдагч этгээд Ч.Н нь нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1243 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай, 177 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлөх эрхтэй болсон.
3.3. Хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2/2927 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан ортофото зураг болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өмчилж буй газрууд нь бодит байдалд ямар нэгэн давхцалгүй, хил залгаа байршилтай болох нь тогтоогдсонтой холбоотойгоор анхан шатны шүүх “...газрын үзлэгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын орц гарц нь тус тусдаа, өөр өөр гудамжруу харсан байрлалтай болох нь тогтоогдсон, иймээс орц, гарц чөлөөлөхийг даалгах шаардлага хангагдахгүй, нэхэмжлэгч нь өөрийн нэгэн адил газар өмчилж буй гуравдагчийн эрхийг хөндөж, нийтийн эрх зүйн маргааны хүрээнд даалгах нэхэмжлэлээ хангуулах үндэслэлгүй...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн тус тус заасан
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс аль тохирохыг сонгон авч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ба шүүх энэхүү тодорхойлсон шаардлагын хүрээнд хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй.
4.2. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ “...шүүхээс нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд түүний газар эзэмших эрх сэргэх үндэслэлтэй...” хэмээн тайлбарлан маргасныг анхан шатны шүүх хүлээн авч, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг анхдагч байдлаар шүүхэд хандан гаргах боломжгүй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” байдлаар буюу эл төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргах боломжтой.
Гэтэл анхан шатны шүүх “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргах тавигдах урьдчилсан нөхцөлийг хангахгүй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0538 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дугаар захирамжийн Ч.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэснийг хасч, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Бгийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Ч.Нд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчлөн, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА