Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 104/шш2020/00472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .................................. тоотод оршин суух, ******* овогт Б.Б /РД: /-ийн

            садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Чтой 2001 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2005 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин  Б.Ба төрсөн. Би оюутан байхдаа өөр хүнтэй хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулж байсан. Би өмнөх гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй байсан тул Д.Чтой гэрлэлтээ батлуулах боломжгүй болсон. Тэгээд охиноо өөрийн нэрээр овоглосон. Миний нөхөр болох Д.Ч нь 2018 оны 01 дүгээр сард нас барсан. Би хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор Ч.Бг талийгаач Д.Чын төрсөн охин мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний охин бол талийгаачийн хүүхэд юм гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн охин  Б.Баг Д.Чын хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан харьяалал зөрчөөгүй байна.

Д.Ч, Б.Б нарыг 2001 оноос 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2005 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин  Б.Ба нь төрсөн, Д.Ч 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            1.  Б.Багийн төрсний гэрчилгээний хуулбар, 

2. Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 969 дугаар тодорхойлолт,

3. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар шийдвэр,

/Уг шийдвэрээр Д.Ч, Б.Б нарыг 2001 оноос 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоохдоо тэдний дундаас 2005 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин  Б.Ба нь төрсөн, Д.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан гэх үйл баримтыг тогтоосон болно/.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Д.Бгийн ... Д.Ч бол миний хоёр дахь төрсөн дүү юм. Д.Ч нь 2001 онд эхнэр болох Б.Бтай танилцсан. Д.Ч нь 2005 онд эхнэр, хүүхдээ дагуулан манай хашаанд ирж аавын гэрт амьдардаг байсан. Аав маань 2006 онд нас барсны дараа би аавынхаа байшинд амьдарч, харин Д.Ч, эхнэр, хүүхэдтэйгээ хашаанд гэр барьж амьдрах болсон. Д.Ч нь 2018 онд өвчний улмаас нас барсан. Нас барах хүртлээ манай аавын хашаанд эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. Д.Ч, Б.Б нар нь нэг охинтой бөгөөд түүний нэрийг  Б.Ба гэдэг.  Б.Ба нь одоо 15 настай. Миний дүү Д.Чын төрсөн ганц охин нь  Б.Ба мөн ... гэх,

гэрч А.Лгийн ... Д.Ч манай нөхрийн 2 дахь төрсөн дүү нь юм. Тэрээр ажлаасаа гараад 2005 онд хотод орж ирж амьдарсан. Д.Ч тухайн үед эхнэр болох Б.Бтай хамт ирсэн. Тэд хадам аавын хашаа байшинд аавтай хамт амьдардаг байсан. Хадам аав маань 2006 онд нас барсны дараа манай гэр бүлийнхэн уг байшинд ирж амьдрах болсон. Тухайн үед Д.Ч, эхнэр, хүүхэдтэйгээ уг хашаанд гэр барьж амьдарсан. Д.Ч, Б.Б нар нь нэг охинтой бөгөөд одоо охин, ээж хоёр хамт амьдарч байгаа. Охин  Б.Ба нь 15 настай. Д.Ч, Б.Б нар 2005 оноос эхлэн нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан. Тэдний дундаас ганц охин төрсөн бөгөөд тэр охин нь  Б.Ба мөн ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээд  Б.Ба нь талийгаач Д.Чын төрсөн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоохоор шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч нь өөрийн охин  Б.Бад тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Д.Чтой садан төрлийн холбоотой болохыг нь шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Б.Бгийн ******* /РД:*******/ нь Шарнууд овогт Д.Ч /РД:........................../-ийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БАДРАХ