| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/97 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/97
2024 01 23 2024/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А-т холбогдох эрүүгийн 2309020842862 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн .......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А.А, ...................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Э-ын эзэмшлийн Х банкны виза картыг халааснаас нь авч, улмаар картыг ашиглан түүний эзэмшлийн 516.............тоот данснаас 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309020842862 дугаартай хэрэгт авагдсан;
Хохирогч Г.Э-ын өгсөн: “Миний бие 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ..... дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд хуучин байрны ах нар болох А, П нартай хамт байж байхад манай найз Эын амьдардаг байрны дээд айлын эмэгтэй Ч гэх нэртэй залгаад Ха байгаа талаар асуусан. Би хариуд нь байрны гадаа байна гэж хэлсэн. Тэд дараа нь над дээр Ч өөрийн найз залуу А-тай хамт улмаар миний хоёр талд тэр хоёр суусан. Дараа нь бид хэд юм ярьж байгаад би ганцаараа Д гэх нэртэй хүнсний дэлгүүр руу орж бэлэн мөнгөөр нэг шил архи худалдаж аваад шууд гэртээ ганцаараа орсон. Дараа нь би гэртээ унтаад орой 18 цагийн орчимд миний гар утсанд миний эзэмшлийн Х банкны 516.......... дугаартай данснаас 500,000 төгрөгийн зарлага гарсан талаарх мессеж ирсэн. Тэгээд би Аы гэрт нь очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд байрны жижүүрээс Аыг Ха байгаа талаар асуухад хариуд нь надад А өнөөдөр Х банкны АТМ-ээс бэлэн мөнгө аваад явсан гэж хэлсэн. Дараа нь би Улсын циркийн зүүн талд байрлах жимсний түцний худалдагч гэх эмэгтэй хүний өөрийн гар утсаар нь гуйж байгаад Аы утас руу залгаж Ха байгаа талаар асуухад би данснаас чинь мөнгө авчихсан, уучлаарай одоо удахгүй өгнө гэж хэлсэн. Би өөрийн эзэмшлийн Х банкны 516............дансны дугаартай виза картыг хэрэг гардаг өдрөөс 2 сар гаруй өмнө шинээр авсан ба уг виза картын арын хэсэгт хар өнгийн балаар мартахгүйн тулд 7870 дугаар бүхий пин кодыг бичиж тэмдэглэсэн байсан. Тийм болохоор А миний картыг ашиглахдаа пин кодыг нь шууд мэдэх боломжтой юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,
Шүүгдэгч А.Аын өгсөн: "Хохирогч Э намайг өөрийнхөө виза картнаас 500 000 төгрөг бэлнээр авахыг огт зөвшөөрөөгүй. Би хохирогч Эд хэлэлгүйгээр нууцаар виза картыг нь богино өмдний халааснаас нь авсан. Тухайн виза картны ард талд нь пин код нь бичээстэй байсан. Тэгээд би тухайн пин кодыг нь харж байгаад 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр С захын дэргэд байрлах банкны АТМ-ээ 500 000 төгрөг бэлнээр авсан." гэх мэдүүлэг /хх 43-44/,
хохирогч Г.Эын эзэмшлийн Х банкны 516.............. тоот дансны хуулга /хх-ийн 11/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.Ань хохирогч Г.Этай архидан согтуурч Этай дэлгүүр хамт явж байхдаа түүний зөвшөөррөлгүй өмдний халаасанд нь байсан виза картыг нь авч улмаар картны ард бичээстэй байсан пин кодыг уншуулан картнаас нь 500 000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч хохирогчид учруулсан 500 000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж хохирогч Г.Эд олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,
Шүүгдэгч торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн ............................................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 18, 21-32/ зэрэг авагджээ. Түүний урьд ял шийтгэгдэж байсан талаарх тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг урьд нь үйлдэж байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт буруутайд тооцсон зүйл хэсгээр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2309020842862 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хот тохижилтын газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ань шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас нийт 500 000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, ................. тоотод оршин суух хохирогч Г.Э /РД:..................../-д олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ань цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ