| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/96 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/96
2024 01 23 2024/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-дхолбогдох эрүүгийн 2209023951923 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын 12-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Б Г Б” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ................................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Б, .................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” зочид буудлын орчим хохирогч Ш.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн 2209023951923 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Ш.Хы өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед найз Ц намайг ажил дээр хүрээд ир гэж дуудсан. Би түүний ажил болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хүүхдийн 100-д байрлах ажил дээр нь очход тэр ажил дээрээ байгаагүй. Түүн рүү залгахад Б ресторан дээр байна энд хүрээд ир гэсэн. ...бид хоёр хоорондоо мөнгөний өр авлагатай буюу би түүнээс байр, эсвэл байрны оронд мөнгийг нь авна гэсэн яриатай энэ талаараа ярилцаад үл ойлголцож маргалдаж эхэлсэн. Ингэж маргалдаад тэр миний аманд май гээд салаавч гаргасан. Ингээд бид хоорондоо заамдалцаж маргаад салсан. Тухайн үед түүнтэй хамт ажилладаг найз нь болох Б болон Цын дүү нар байсан. Тэд биднийг салгаад Цыг машиндаа суулгаад аваад явсан. 10 орчим минутын дараа буцаж хүрч ирээд над руу ална чамайг гэж дайраад толгой руу цохиод, хөл рүү өшиглөсөн. Би биеэ хамгаалж өөдөөс нь эсэргүүцсэн. Гэтэл хамт явж байсан дүү нар нь миний гарыг барьж хориод улмаар хажуугаас Б нь миний хамар хэсэг рүү мөргөсөн. Энэ үед миний ухаан балартаж эхэлсэн бөгөөд тэнд байсан Цын дүү нар биднийг салгасан. Эхлээд Ц бууж ирээд миний толгой руу буюу духны баруун хэсэгт цохисон уг цохилтын улмаас миний духны баруун хэсэг хөхөрч хавдсан байсан. Б миний хамар руу мөргөж хугалсан. Тэр хоёр нийлж намайг бүлэглэж зодсон тул гомдолтой байна. Ц, Б нар нь надтай уулзаж, уучлалт гуйвал гомдоод байх зүйл байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Хохирогч Ш.Хын дахин өгсөн: “...Миний хамар хэсэгт Б нь 1 удаа мөргөж миний хамрыг хугалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 98/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11652 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ш.Хы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх /хх-ийн 32-33/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 40-52/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Т.Бнь хохирогч Ш.Хтай маргалдаж байсан Цыг өмөөрч үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн маргаж мэтгэцээгүй болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Хохирогч Ш.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгч Т.Бгэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Б Г Б” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ............................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 81/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 82-87/ зэрэг авагджээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнийг гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр улсын яллагчийн санал болгосон 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн 2209023951923 дугаартай хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ш.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ