| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00473/И |
| Дугаар | 104/шш2020/00473 |
| Огноо | 2020-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 104/шш2020/00473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....................................... байрлах, НБМҮТП ОНӨААТҮГ /РД:....................../-ын нэхэмжлэлтэй
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаар тогтоолоор Улаанбаатар бизнес хөгжлийн төв татан буугдаж, хөрөнгө болон ажилчид нь НБМҮТП ОНӨААТҮГ-т шилжсэн. Шилжин ирсэн авлагын дагуу манай байгууллага ДЦ ХХК-иас 1 098 000 төгрөгийн төлбөрийг авах ёстой. Манай байгууллагын зүгээс ДЦ ХХК-ийн бүртгэлтэй хаягаар Сонгинохайрхан дүүрэгт нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Иймд ДЦ ХХК-ийн бүртгэлтэй хаяг тодорхойгүй, мөн хаана байдаг нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НБМҮТП ОНӨААТҮГ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ДЦ ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ болон ДЦ ХХК нарын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2011 оны авлага, өглөгийн товч тайлан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаар тогтоол, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөг, авлагын данс хүлээлцэх акт, авлага өглөгийн товч тайлан зэргээр ДЦ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүсжээ.
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/13841 дүгээр захирамжийн хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр ДЦ ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, ......................... тоот хаягтаа байрлаж үйл ажиллагаа явуулаагүй болох нь нотлогдохын зэрэгцээ эрэн сурвалжлах шаардлага үүссэн байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягтаа байрлаж үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь тогтоогдож байх тул ДЦ ХХК-ийг эрэн сурвалжилж, одоо байршиж буй хаягийг нь олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ДЦ ХХК /РД:........................./-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ДЦ ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний байрлаж буй хаягийг олж тогтоож нэхэмжлэгч НБМҮТП ОНӨААТҮГ /утас:........................., ........................./-т мэдэгдэхийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ