Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

       2024         01          24                                          2024/ШЦТ/102

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,

Хохирогч Б.Н,

Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Ц-д холбогдох эрүүгийн 230300760580 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 8 дугаар сарын ....-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, ........ настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Ц, .................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Цнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Цнь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арслантай гүүрний урд замд Тоёота Акуа маркийн ..-.... УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 18 настай, эмэгтэй, Б.Н /РД:...../, 19 настай, эмэгтэй Э.А/РД:...../, 19 настай, эмэгтэй, С.Я/РД:........./ нарыг мөргөж, хохирогч Б.Н /РД:................./-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 230300760580 дугаартай хэрэгт авагдсан;

 

Хохирогч Б.Нгийн: "... Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн үед найз А, Я нарын хамт оюутны дотуур байрнаасаа гараад Сүхбаатарын талбай руу алхсан. Арслантай гүүрний урд талаар яваад хойшоо явган хүний гарцаар бид гурав гарах үед урд талын баруунаас зүүн чиглэлтэй замын 3 дугаар эгнээнээс нэг машин ирээд А, Я бид гурвыг мөргөсөн. А бид хоёр мөргүүлээд зам дээр унасан. Би унахдаа өвдөг болон гараараа тулаад хүчтэй унасан. Одоо миний зүүн мөрнөөс гар сарвуу хүртлээ хатгуулж өвдөж байгаа, мөн шууны хэсгээрээ халуу асгаж өвдөөд байна, мөн бугалгын хэсгээр гар өргөхөөр өвдөөд байна. ...маш их гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Иргэний нэхэмжлэгч Э.Агийн: "17 цагийн орчим найз Н, Я нарын хамт Арслантай гүүрний урд талаас хойш чиглэлтэй явган хүний гарцаар бид гурав гарч байхад замын 3 дугаар эгнээнд баруунаас зүүн чиглэлтэй явж байсан саарал өнгийн машинтай жолооч бид гурвыг гарцан дээр мөргөсөн. Гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Иргэний нэхэмжлэгч С.Яын: "...Н, А нарын хамт Арслантай гүүрний урд талаас хойш чиглэлтэй явган хүний гарцаар бид гурав гарч байхад замын 3-р эгнээнд баруунаас зүүн чиглэлтэй явж байсан саарал өнгийн машинтай жолооч бил гурвыг гарц дээр мөргөсөн. Мөргөх үед Н, А хоёр зам дээр унасан. Би арай унаагүй. ...гомдолтой байна" гэх мэдүүлэг /хх-н 20/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техник хяналтын төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "...уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 14300cd, хол дээрээ 52500cd, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16200cd, хол дээрээ 50600cd /стандарт 10.000- 225.000cd/ буюу стандартын шаардлага хангаж байна." гэх дүгнэлт /хх-ийн 20/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1295 дугаартай магадлагаанд: Ж.Цнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Н Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна." гэх /хх-ийн 95-97/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 14052 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Нгийн биед зүүн дал, мөрний холбогч шөрмөсний урагдал, зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх /хх-ийн 5-26/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14056 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Э.Агийн биед зулайн хуйх, зүүн дан бугалга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэх /хх-ийн 31-32/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14060 дугаартай шинжээчийн дүгнэлт: "С.Яын биед баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 51-57/,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 3/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 9-10/,

Яллагдагч Ж.Цийн өгсөн:. “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нд нийт 1 180 000 төгрөг, Ад 628 500 төгрөг, Яд 110 000 төгрөгийг би өөрийн дансаар тус тусынх нь дансанд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 108/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ж.Цийн 2023 оны 11дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний урд замд, Тоёота Акуа маркийн ...-.... УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч болох Б.Н Э.А, С.Янарыг мөргөж, хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд "зүүн дал, мөрний холбогч шөрмөсний урагдал, зөөлөн няцрал" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар хохирогч Б.Н нь 1.119.766 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Ань 575.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Янь 83.586 төгрөг нэхэмжлэснээс шүүгдэгч хохирогч Б.Нд 1.180.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Ад 628.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Яд 110.000 төгрөг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 120-122-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Н нь шүүгдэгчээс баримтаар 340 000 төгрөг, улирал тутамд хийлгэх эмчилгээний зардал тус тус  нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас улирал тутамд хийлгэх эмчилгээний зардалтай холбоотой холбогдох баримтуудыг ирүүлээгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв.

Харин баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 340 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн улсын яллагч хохирогч Б.Нд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэгт багтсан гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр 7 150 000 төгрөг тус тус гаргуулахаар санал оруулснаас,

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд сэтгэл гутрал, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа эсэх нь тодорхойгүй байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв,

Хохирогч Б.Н нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Ж.Цэд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгч надад торгох ял оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 85-91/ зэрэг авагджээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан боловч дараах үндэслэлээр дараах үндэслэлээр улсын яллагчийн саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тэтгэвэрээс өөр орлогогүй, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 340 000 төгрөгийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн торгуулын ял оногдуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ж.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд хязгаарлалтын бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 230300760580 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цээс нийт 340 000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж, Өмнөговь аймгийн ...................... тоотод оршин суух хохирогч Б.Н /РД:......../-д олгосугай.

 

             6.Хохирогч Б.Н нь сэтгэцэд учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

             7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Цнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ