| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00805/и |
| Дугаар | 00751 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 00751
| 2020 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2020/00751 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, Н.Цид холбогдох, 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Ц нь 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2015 оны 12 сарын 11-ний өдөр гэрээ байгуулан 2 жилийн хугацаатай, 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй 5.000.000 төгрөгийн санхүүжилт авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний эргэн төлөлтийн үлдэгдэл болох 2.000.000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10 сарын 08-ны өдөр гардаж авсан, мөн шүүх хуралдааны товийг 2020 оны 10 сарын 26-ны өдөр мэдсэн байх ба хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангйгээр ирээгүй болно.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хариуцагч Н.Ц нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр Малчдын бүлэгт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний гэрээ байгуулан 5 сая төгрөгийг зээлсэн ба, зээлийн 50 хувь болох 2.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлийн гэрээ /хэргийн материалын 3-5р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар энэхүү гэрээтэй холбоотой маргаан нь шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10 сарын 08-ны өдөр гардаж авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох үүргээ шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болдог ба энэ талаар хариуцагчид тайлбарласан байна. Мөн шүүх хуралдааны товийг хариуцагчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хэргийг түүний эзгүйгээр, нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Цоос / / 2.000.000 / хоёр сая/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас 46950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ