Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

 

 

22024         02         05                                    2024/ШЦТ/142

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч К.Чимгээ,

          шүүгдэгч  Г.И, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан   Г.Ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 3307 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хэсэг Баатархайрхан гудамж 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,   Г.И /РД: ХХ00000000/

Яллагдагч Г.И нь 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа хохирогч  Ж.Жы өмчлөлийн Самсунг А53 загварын гар утас, виза карт, бэлэн 200.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.262.920 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг" гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Шүүх хуралдаанд   мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг,

 

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр байрны гадаа үл таних эрэгтэй хүнд гарт утсаа дээрэмдүүлсэн...” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 05 дахь тал/

 

Хохирогч  Ж.Жы эзэмшлийн Хаан банкны 502545ХХХХ дугаартай дансны хуулга, /хавтаст хэргийн 07 дахь тал/

 

Хохирогч  Ж.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт би шөнийн 02 цагийн орчимд бага зэрэг согтолттой харих гээд явж байсан. Тэгээд гэртээ орох гээд эхнэртэй яриад явж байхад үл таних эрэгтэй миний гар утсыг булааж авсан. Би тухайн эрэгтэй хүнээс миний гар утсыг өг гэхэд тухайн хүн ална шүү гэсэн. Тэгээд би айгаад зодуулчих байх гэж бодоод гар утсаа өгч явуулсан. Миний гар утас Самсунг Галакси А-53 загварын гар утас байсан. Мөн миний гар утасны гэрэнд Хаан банкны виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх бэлнээр 200.000 төгрөг байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн БЗД2-23-1304 дугаартай “Шинжилгээний объектын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зэх зээлийн үнэлгээ нийт 1.062.920 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх 29-30 дугаар хуудас/

 

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан мардөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 47-50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Г.И гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааны процессыг хялбаршуулсан журмаар  явуулж, хянан хэлэлцлээ. 

Шүүгдэгч Г.И нь гэмт хэргийн улмаас хохирогч  Ж.Жд учирсан 1.262.920 төгрөгийн хохиролыг шүүхийн шатанд төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Л.Цэндсүрэнгийн Хаан банкны  дансны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.И нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Г.И нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр /1/ нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Ид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчдилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрэг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  Г.Ид анхааруулах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Г.Иий энэ хэрэгт 20 /хорь/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ид авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   Г.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр /1/ нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ид тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчдилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрэг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  Г.Ид анхааруулсугай.

 

5.  Шүүгдэгч Г.И нь энэ хэрэгт 20 /хорь/ хоног цагдан хоригдсон  болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ид авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгй.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч   Г.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУНТУНГАЛАГ