Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 2024         02         21                                   2024/ШЦТ/185

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч З.Хүслэн,

          шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2406 00002 0068” дугаартай хэргийг шүүх 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны инженер мэргэжилтэй, Дулааны 3 дугаар цахилгаан станцад ахлах машинист ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 4 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

           Ц.Б, /РД: ХХ00000000/

 

        Шүүгдэгч Ц.Б нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдлэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Р.О ийг тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн биеийн хэвлий хэсэгт хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн зүүн талд хутгалагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь

2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 05-07 дахь тал/

 

2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Р.Оийн "...Ц.Б гэдэг хүнтэй 2005 оноос эхэлж үерхэж байгаад 2006 онд нэг гэрт орж хамтран амьдарч байгаад 2023 оны 06 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Манай нөхөр байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг агсам согтуу тавьж цохиж зодож байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээр согтуу ирж янз бүрийн зүйл яриад машины түлхүүр дэлгүүрт тавиад архи аваад уучихсан тэрийг аваад өгөөч гэхээр нь хамт дэлгүүр орж тэрийг нь авч өгөөд арай гэж зугтаж салсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө бага хүүхдээ дагуулаад цэцэрлэгийн хашаа руу ороход Ц.Б байж байсан тэгэхээр нь би хүүхдээ цэцэрлэгт нь оруулаад гараад ирсэн бас байж байсан. Тэгсэн чинь Ц.Б хоёулаа гэр рүү ороод 2 минутад юм ярья гэж хэлээд намайг сугадах гэж дайраад байсан, Ц.Б чи нөхөртэйгөө сугадаад юм уу гэхэд би чи эрүүл байсан бол би сугадаж явна даан ч чи согтуу байна гэхэд өөдөөс дайраад гэнэтхэн миний хавирга хэсэгт өвдөөд явсан тэгэхэд намайг хутгалсан байсныг мэдсэн. Тэгэхээр нь яахаа мэдэхгүй цагдаагийн байгууллага руу хандсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10-11 дэх тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14802 дугаартай "...Р.Оийн биед хэвлийн зүүн талд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэнээ ярьж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаад дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Ц.Б, хохирогч Р.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон  гэж үзлээ.  

         

          Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр  Р.Оийн эсрэг үйлдсэн нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

         

          Шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг өөрийн хүсэл, эрхшээлд байлгахаар, өөрийн хийж буй үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирогч Р.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ц.Б ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУНТУНГАЛАГ