| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/104 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/104
2024 01 26 2024/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Мөнхболд,
Шүүгдэгч Т.Х, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Днарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2309021582638 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ..... оны 4 дүгээр сарын ......-ны өдөр Х аймгийн Х суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, ах, дүү нарын хамт Х аймгийн ............... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Х, ............. регистрийн дугаартай.
2.Монгол Улсын иргэн, ........ оны 8 дугаар сарын 09-ний өдөр З. аймгийн И суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Д, ........... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Хнь 2023 оны 6 дугаар сарын 29-30-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А Л шөнийн цэнгээний газарт ширээн дээр тавьсан байсан хохирогч А.Гэзэмшлийн "Iphone" 14 plus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Днь "Iphone 14 plus” маркийн гар утсыг 2023 оны 6 дугаар сарын 29-30-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А Л шөнийн цэнгээний газраас Т.Хын хулгайлж авсан гар утсыг мэдсээр байж авч, ашиглан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор бусдад 1 000 000 төгрөгөөр зарж борлуулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь эрүүгийн 2309021582638 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч А.Гөгсөн: “2023 оны 6 дугаар сарын 29-30-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А. Л шөнийн Цэнгээний газраар өөрийн найз болох Нын хамт үйлчлүүлэхээр орсон бөгөөд тэнд Нын зүс таних эмэгтэй А гэх эмэгтэй Х гэгч эмэгтэйн хамт үйлчлүүлж таарсан. Бид нар хоорондоо танилцаж тухайн шөнийн цэнгээний газрын лоунж хэсгээр үйлчлүүлж хамтдаа сууцгаасан. Тухайн үед бидний сууж үйлчлүүлсэн лоунж хэсэгт бид нараас өөр хүн байгаагүй. Бид 4 тухайн үед 1 литрийн хэмжээтэй B нэртэй шилтэй виски хувааж ууцгаасан. Тэр өдөр би гар утсаа ил ширээн дээр гаргаж тавьж байсан. Гэхдээ тухайн үед Х гэх эмэгтэйд гар утсаа ашиглуулахаар өгсөн үйл явдал болсныг би сайн санахгүй байна. Х түрүүлээд явахаар болсон бөгөөд би Хыг гаргаж өгөхөөр хамт гарсан. Буцаад ороод ирэхэд миний гар утас байхгүй байгааг мэдэж гар утас руугаа олон удаа залгасан боловч миний дуудлагыг аваагүй. Удалгүй холбогдох боломжгүй болсон байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэдий ч тухайн өдөр болсон үйл явдлуудыг санаж байна. Шөнийн цэнгээний газрын хамгаалалтын ажилтанд очиж мэдэгдсэн. Хамтдаа тэр үед камер шүүхэд бид нараас өөр хүн орж үйлчлүүлээгүй байсан бөгөөд би гар утсаа ширээн дээрээс аваад халаасандаа хийгээд гарч тухайн үед баарны ажилтан энэ охин л авсан юм биш үү гэж надад хэлж байсан. Тухайн үед би камерын бичлэгээ харахад би гар утсаа ширээн дээр байхад нь өмднийхөө халаасанд хийгээд Хыг гаргаж өгөхөөр гарсан нь бичигдсэн байсан. Гэхдээ би гадна Хд ашиглуулахаар өгөөд явуулсан гэдэгт итгэлтэй биш байна. Учир нь би гар утсаараа бүх ажлаа амжуулдаг хариуцлагатай ажил хашдаг тул нэг өдөр танилцсан хүндээ гар утсаа өгч явуулсан гэж бодохгүй байна. Тийм учраас Х миний гар утсыг хулгайлж явсан гэж хардаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/, гэрч Ж.Нын өгсөн: "2023 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө өөрийн найз Г хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А Л гэх баараар үйлчлүүлсэн, тухайн үед бааранд ороход миний зүс таних найз А гэх эмэгтэй найз эмэгтэйн хамт явж байсан бөгөөд тэр эмэгтэй өөрийгөө танилцуулахдаа Х гэж байсан. Тухайн үед Г, С, Х бид 4 хоорондоо танилцаад хамт суухаар болж тухайн баарны Lounge хэсгээр үйлчлүүлэхээр сууцгаасан бөгөөд нэг шил виски хувааж уусан. Би тухайн үед нойр багатай явж байсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд амархан согтчихсон. Тэгээд тэр үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна, нэг сэргэхэд Г утсаа алга болгосон гэж байсан бөгөөд бид хоёр хамт цагдаагийн байгууллагад тухайн үедээ хандаж Г гомдол гаргасан. Маргааш нь Г утасны байршил Дарь Эхэд зааж байсан бөгөөд дараа нь М төв дээр заасан. Г бид хоёр М дээр очиж камер шүүлгэх гэтэл камер нь гацдаг гээд шүүлгээгүй бөгөөд тухайн ойр орчмын утас авч зардаг, засварын хүмүүсээс утасныхаа талаар асуухад өө нэг тийм залуу утас бариад программ уншуулах гэсэн юм гээд явж байсан. ID-гүй биз дээ гээд асуухад ID-гүй гээд код тайлуулах программ уншуулаад утас нь hello болохоор нь уурласан тухайгаа Г бид хоёрт хэлсэн. Тухайн залуугаас программ уншуулсны төлбөр гэж 15,000 орчим төгрөг данс руугаа шилжүүлж авсан тухайгаа хэлж бид 2-т тухайн үед нэг ийм данснаас мөнгө шилжүүлсэн гээд 50................. гэсэн дугаартай Д гэх эзэмшигчтэй дансыг харуулсан. Би бас тухайн үед утсан дээрээ мөнгө шилжүүлэх гэж байгаа юм шиг дансыг нь хийж шалгаж хийж үзэхэд Д гэж гарч ирж байсан. Тухайн үедээ би тэр дансны дугаарыг нь скрийн шот хийж хуулбарлаж авсан. Тэр үйл явдлын маргаашаас Цагдаагийн байгууллагад хандсан тул учир нь олдох болов уу гээд би Д буцсан." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, гэрч Б.Тамирын өгсөн: "Би С ф төв буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М төвд гар утасны программ уншиж таниулдаг ажил эрхэлдэг. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр санагдаж байна ойролцоогоор 170 орчим өндөртэй 20-25 орчим настай залуу над дээр ирээд би гар утасныхаа нууц үгийг буруу хийсээр байгаад Disable горимд шилжүүлчихлээ та программ уншуулаад тайлаад өгөхгүй биз гэж нэг залуу орж ирсэн. Тухайн үед би чиний гар утас id lock-rүй бол 20 000 төгрөг болно гэж хэлэхэд тэр залуу надад хандаж өө асуудалгүй кодгүй байгаа гэж хэлсэн. Би тухайн залуугийн өгсөн Iphone 14 загварын гар утсанд программ уншуулахад тухайн гар утас нь id lock-той гар утас байсан. Би тухайн залууд хандаж энэ чинь id-тай гар утас байна шүү дээ гэж хэлэхэд надад хандаж өө тийм би мэднэ гэж хэлээд надад программ уншуулсан төлбөр болох 20 000 төгрөг миний Х банкны 50............ тоот данс руу 5098188345 гэх данснаас шилжүүлсэн байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 60/, эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 7773 дугаартай "Iphone 14 plus маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 8 дугаар сарын байдлаар 2 200 000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан /хх-ийн 45-48/, яллагдагч Г.Дгийн өгсөн: "...Тэгсэн Х наад утсыг чинь зарчихъя хүн ирж авахгүй байгаа биз дээ чи харлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Х нь утас гайгүй мэддэгээр нь зар тавиад зарчих юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь орой Icloud-ийг нь гаргуулахаар болсон. Тэгээд зарах шийдвэрийг Тэди төвийн үүдэнд гаргасан. Тэгээд би өөрийн фейсбүүк хаягаас зар тавиад тэгсэн нэг Б.... Б.. нэртэй фейсбүүк хаягтай хүн холбогдоод ирж 1 000 000 төгрөгөөр худалдан авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/, яллагдагч Т.Хын өгсөн: "Миний бие 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө найз охин Агийн хамт А Л бааранд орсон тухайн үед бид хоёр баарны текэн дээр нь суусан ба 2 залуу ирээд бид хоёр пиво авч өгөөд тооцоо хийсэн. Тэгээд VIP өрөөнд орж сууя гэж тэр 2 ах санал тавьсан тэгээд найзын хамт дагаж ороод архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Миний утас цэнэггүй байсан тул би танилцсан ахын утсыг нь гуйгаад утсаар найз залуу болон Дтай яриад намайг ирээд авчих миний утас нэгжгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Д тухайн бааран дээр ирсэн. Гараад ир гэж хэлсэн. Тэгээд би гарч явахдаа нөгөө ахыг утсаар ярьсан чигтээ гараад Дтай машин суугаад тасраад унтаад өгсөн байсан. Маргааш нь сэртэл Д энэ юун утас юм бэ гэсэн тэгэхээр би чамтай ярьж байгаад шууд аваад ирсэн байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө ахтай холбогдож чадахгүй байж байгаад 4 дэх хоног дээр Дтай ярилцаж байгаад зарахаар болсон. Тухайн үед Д фейсбүүкт зар тавьсан тэгээд 100-н айлыг орчим утсыг нь ченжид 1 000 000 төгрөгөөр зарсан." гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.Х, Г.Днар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Хын үйлдэл Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.Дгийн үйлдэл “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж, захиран зарцуулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч А.Г нь хохирлыг төлж барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн гараар бичсэн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгч Т.Х, Г.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Х, Г.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Т.Х, Г.Д нарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Т.Х, Г.Д нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч Т.Х, Г.Д нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Х, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж, захиран зарцуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Т.Х, Г.Д нарын тэнссэн хугацаанд тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х, Г.Д нар нь тус бүрийн тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Т.Хд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Г.Дд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х, Г.Д нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ