Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/186

 

 

 

 

 

 

2024         02         21                                   2024/ШЦТ/186

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч З.Хүслэн /томилолт/,

          шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2306 05943 0121” дугаартай хэргийг шүүх 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цамхаг краны механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Эрдэнэтолгойн 00  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Л /РД:ХХ000000000

        Шүүгдэгч С.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч С.Л нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн гүний худаг гэх газар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч  Ж.Бтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр маргалдан, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Ж.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдад зодуулсан” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 04 дэх тал/

          2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч  Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа буугаад найз Баянмөнхийн гэрт очиход Ганзориг байсан. Би гаднаас Хараа нэртэй 0,5 литрийн архи аваад Баянмөнхтэй хувааж уугаад сууж байхад гаднаас С.Л орж ирчхээд буцаад гараад явчихсан. Тэгээд 20 орчим минутын дараа С.Л буцаж орж ирээд буцаад гараад явсан. Тэгээд 20 орчим минутын дараа С.Л буцаж орж ирээд архинаас ууж байгаад дахиад 0,5 литрийн Хараа нэртэй архийг би дэлгүүрээс аваад Баянмөнх, С.Л хоёртой хувааж уусан. Удалгүй Баянмөнх, Ганзоригтой хамт машинаа янзална гээд гараад явчихсан. С.Л архи ууж сууж байгаад над руу гэнэт олон юм ярилаа гэж уурлаад намайг татаад нүүр хэсэг рүү 1 удаа толгойгоороо мөргөхөд ам нь дотор хиймэл болон ясан шүд 2 уначихсан. Тэгээд чи шүд унагаачихлаа гэхэд бөгс хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, нуруу хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тухайн үйл явдал болж байхад Ганзориг, Баянмөнх нар хашаан дотор машинаа янзалж байсан. Миний үүдэн дээ хоёр шүд унасан. Уг унасан шүыдний 1 шүд нь яс, нөгөөх нь алтан бүрмэл авагддаггүй шүд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/

          2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тэгээд хашаан дотор миний машиныг янзалж байгаад 1 цаг орчмын дараа гэр рүүгээ ороход  Ж.Б "С.Л миний нүүр рүү мөргөөд шүд унагачихлаа" гээд гарандаа хоёр ширхэг шүд барьчихсан С.Лдэй хамт орон дээр сууж байсан.  Ж.Б, С.Л хоёр намайг гэрт ороход нэлээд согтуу байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14465 дугаартай "Б.Ббиед баруун дээд үүдэн 1-р шүдний хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

          Шүүгдэгч С.Лий "Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгож байна" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэх  гэмт хэрэг үйлдсэнээ ярьж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч С.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч  Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч С.Л нь бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  С.Лийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч С.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ