Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 112/2021/0028/З |
Дугаар | 111/ШШ2022/0013 |
Огноо | 2022-05-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 111/ШШ2022/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүгч Ч.Оюунсайхан, С.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Сэндэрмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох “Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр “Ч.Сэндэрмааг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ч.Сэндэрмааг Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлагатай захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Сэндэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баасандаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Чанцалдулам шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа утсаар мэдэгдсэн байна. Иргэдийн төлөөлөгч Г.Амарбаясгалан шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Сэндэрмаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр “Ч.Сэндэрмааг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дугаар “Ч.Сэндэрмааг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 31.1.12 дахь заалт Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирал Ч.Сэндэрмаа нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, төсвийн зарчмыг алдагдуулсан, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй тул 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Ч.Сэндэрмаа Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Иргэн Ч.Сэндэрмаа миний бие 2019 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/39 дүгээр захирамжаар шинээр байгуулагдсан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл орон нутагт нам солигдож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Д.Чинзоригийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр Захирамжаар намайг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл үйл ажиллагаа явуулсан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, төсвийн зарчмыг алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.
Гэтэл миний бие тухайн тушаалд дурдсан үйлдлийг гаргаагүй бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас улс төржиж, миний хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд тус тус нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын ажлаас чөлөөлөх тухай Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цалинг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар тухайн ажлын байранд томилогдсон. Анх томилогдохдоо сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хугацаагаар томилогдсон байдаг. Өнөөдрийг хүртэл тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдсан асуудал байхгүй. Хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгаа тохиолдолд тухайн хөдөлмөрлөх эрхэнд халдах болсон шалтгаан нөхцөл зөрчил тогтоогдсон байж тухайн арга хэмжээг авах ёстой байсан. Энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажилтантай ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг хувийг ажилтанд өгөх нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхийг шаардахыг хориглодог. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь хавтаст хэргийн материал, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна. Энэ утгаараа ажилтныг төсвийн зохистой удирдлага хэрэгжүүлээгүй, төсвийн зарчим алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Нэгдүгээрт Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх заалтыг баримталсан. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс хэрэг буцаж ажил олгогчоос энэ талаарх баримтыг шаардсан боловч гаргаж өгөөгүй, өнөөдөр ажил олгогчийн зүгээс утсаар ярьсан гэж ярьж байгаа боловч утсаар ярьсан гэх нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй. Тиймээс Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгийг баримтлан ажлаас чөлөөлсөн нь тогтоогдохгүй байна. Мөн тушаалд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байдаг. Тус заалтад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан болохоос ажлаас шууд хална гэсэн заалт биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Аудитын сөрөг дүгнэлт авсантай холбоотойгоор тухайн сөрөг дүгнэлтийг тушаалынхаа 1 дэх хэсэгт үндэслэл болгосон байдаг. Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, санхүүгийн тайлангаас сөрөг дүгнэлт авсан гэх 7, 8 зөрчлийн талаар олон дахин давтаж дурддаг эцэс сүүлд нь өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад аудитын сөрөг дүгнэлт авсантай уялдуулж маргаан бүхий захиргааны актад дурдсан зөрчлүүдийг бичсэн гэсэн байдлаар хариуцагч тайлбар хэлж байна. Гэтэл аудитын сөрөг дүгнэлт авсан нь ажлаас халах үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн сөрөг дүгнэлттэй холбоотойгоор хавтаст хэргийн 184 дүгээр тал ажлаас чөлөөлөгдсөн өдөр ерөнхий аудиторт гомдол гаргасан нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Гомдлын дагуу ерөнхий аудитораас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тухайн гомдлыг хэлэлцэх боломжгүй, дараагийн шатанд хандана уу гэх тайлбар ирсэн. Мөн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 538 дугаар давж заалдах шатны шүүхийн магадлалд сөрөг дүгнэлт авсан асуудал нь зөвхөн нэхэмжлэгч Ч.Сэндэрмаатай хамааралтай асуудал эсэхийг тодруул гэсэн байдаг. Хавтаст хэргийн 86, 132 дугаар талд 4 дүгээр сургуулийн нягтлан бодогч н.Мөнхжаргалд арга хэмжээ авах тухай баримтууд авагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар сөрөг дүгнэлт авсан асуудал нь зөвхөн Ч.Сэндэрмаагийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарьт заасан үүрэгтэй холбоотой болох нь харагддаг. Ерөнхий аудиторын хариу мэдэгдэх хуудсыг авч шүүхэд гомдол гаргасан боловч шүүх Ч.Сэндэрмааг өөрөө ажлаас халагдсан, гомдол гаргах эрх бүхий субъект биш гэсэн үндэслэлээр тухайн нэхэмжлэлийг буцаасан талаар нэхэмжлэгчийн хувьд гомдол гаргаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хандсан, хариу өгсөн нотлох баримт хавтаст хэргийн материалд авагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалтыг мөн ажил олгогчийн зүгээс удирдлага болгосон өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн, зориулалтын дагуу эзэмших гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл ажил олгогчийн зүгээс эд хөрөнгийн ямар бүрэн бүтэн байдлыг хангаагүй болох энэ талаарх хуулийн зохицуулалтыг хэрхэн зөрчсөн талаарх зөрчлийг тогтоосон баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт албан тушаалын тодорхойлолтод зааснаар албан тушаалын чиг үүрэг, баримт бичгийг хэлдэг. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэсэн байдлаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тайлбараа хэлдэг. Хариуцагчийн хувьд 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийн тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Энэ тодорхойлолтод заасан тусгай шаардлага нь нэхэмжлэгч Ч.Сэндэрмаад холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажилд томилогдсон, хавтаст хэргийн 225 дугаар талд ЕБС-ийн албан тушаалын тодорхойлолт 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дүгээр Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан тусгай шаардлага буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан албан тушаалын тодорхойлолтын дагуу томилогдсон субъект байдаг. Энэ тодорхойлолтын дагуу тусгай шаардлагад тусгасан шаардлагыг хангаж байгаа. Тодорхойлолтод тухайн сургуулийн онцлог шинжийг тааруулан ажил мэргэжилтэй байх шаардлагыг тусгасан байдаг. Ч.Сэндэрмаагийн хувьд Англи хэлний багш мэргэжилтэй, тус сургууль нь Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Мөн ажил олгогчийн зүгээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсгүүдийг заасныг зөрчсөн, төсвийг үр ашигтай зарцуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж тушаалд дурдсан байдаг. Энэ зөрчлийг мөн сөрөг дүгнэлт авсан аудитын дүгнэлттэй холбон тайлбарладаг энэ нь Ч.Сэндэрмаатай хамааралгүй, нягтлан бодогчтой хамааралтай асуудал, мөн Ч.Сэндэрмаа төсвийг зориулалт бусаар ашигласан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Захирамжийн хууль зүйн үндэслэл дээр Захиргааны ерөнхий хуулийн 22, 27 дугаар зүйлүүдийг удирдлага болгон маргаан бүхий захиргааны актад сонсох ажиллагаа явуулсан мэтээр дурддаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явц, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу, эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд тайлбар өгөх боломжийг нь хангаж сонсох ажиллагаа явуулаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсох ажиллагааг утсаар ярьж явуулсан гэх боловч утсаар ярьсан тэмдэглэлийг хөтлөөгүй байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зөрсөн, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа болон Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас уг сонсох ажиллагаатай холбоотой нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч сонсох ажиллагаа явагдсан талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй, хувийн хэрэг хөтлөгдөөгүй болох нь харагддаг. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар ажилтныг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь ажилтан, ажил олгогч 2-ын аль талынх нь санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь ойлгомжгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй гэх хуулийн зохицуулалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн байдаг. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа тохиолдолд энэ талаар дүгнэлт гарсан байх ёстой байтал энэ тохиолдолд үүнтэй холбоотой дүгнэлт шийдвэр гарсан нотлох баримт байхгүй, хариуцагч талаас энэ талаар нотлох баримт шаардсан боловч гаргаж өгөөгүй. Маргаан бүхий захиргааны актын агуулга, хуулийн шаардлага нь ажлаас чөлөөлөх талаар нэг ярьдаг, нэг бол ажлаас халсан, хэний санаачилгаар цуцалж байгаа ойлголт нь тодорхой биш. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны акт гаргах болсон бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлтэйгээ хэрхэн уялдаж, тухайн захиргааны акт гаргах болсон шаардлагыг хангаагүйгээр ажил олгогчийн зүгээс гаргасан. Давахын магадлалд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон ямар үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгохоор хэргийг буцаасан. Энд ямар үйлдэл, үйл ажиллагааг явуулаагүй талаар нотлох баримт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйд төрийн албан хаагчийн хориглосон үйлдэл, үйл ажиллагааг зааж өгсөн байдаг. Энэ хуульд заасан хориглосон үйлдэл, үйл ажиллагааг гаргасан асуудал нэхэмжлэгчийн зүгээс байхгүй юм. Төсвийн зохистой удирдлага хэрэгжүүлээгүй төсвийн зарчим алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй гэдэг ямар үүргийг сахин биелүүлээгүй болохыг тогтоогоогүй зэрэг асуудлуудыг ажил олгогч хэрхэн тогтоосон бэ гэдэг асуудлыг тогтоолгохоор хэргийг буцаасан байдаг. Ажил олгогчийн зүгээс тухайн нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг ямар байдлаар хэрхэн тогтоогдсон болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгчийн хувьд урьд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хэдийгээр нэхэмжлэгчийн хувьд сөрөг дүгнэлт авсан болох нь тогтоогдож байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа холбогдох байгууллагад хандаж байсан, сөрөг дүгнэлт авсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болох уу гэдгийг харгалзаж үзэхийг хүсэж байна. Гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш бөгөөд тухайн ажлын байранд түр томилогдсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.” гэв.
Хариуцагч Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлаас халсан.
Үндэслэл: Албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл үйл ажиллагаа явуулсан, төсвийн зарчим алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, аудитын сөрөг дүгнэлт авсан, албан тушаалын тодорхойлолтод заасан тавигдах тусгай шаардлага хангаагүй учраас ажлаас чөлөөлсөн.
Иймд Ч.Сэндэрмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм...” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Чанцалдулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ц.Чанцалдулам миний бие Боловсрол, соёл, урлагийн газарт 12 дахь жилдээ мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байгаад, Есөнбулаг сумын Засаг дарга Д.Чинзориг санал болгосноор 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/25 захирамжаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр хуулийн дагуу томилогдсон болно.
Говь-Алтай аймгийн Төрийн аудитын дүгнэлт болон зөрчил арилгуулах албан шаардлагууд 2021 оны 02 дугаар сарын 24-нд гарсан бөгөөд уг бичгүүд нь сургуулийн бичиг хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй эх хувь болон хуулбар нь хувь хүмүүсийн гарт байсан. Эхний албан шаардлагыг 2021 оны 03 дугаар сарын 25-нд хангаж, хариуг Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт хүргэгдэх байсан боловч хугацаа хоцорсон бөгөөд тухайн үед захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.Сэндэрмаа нэг ч зөрчлийг арилгаж, шийдвэрлээгүй байсан болно.
Иймд миний бие томилогдоод уг албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 31-нд албан ёсоор бичиг хэрэгт бүртгүүлж, зөрчлийг арилгасан болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Сэндэрмаа нь шүүхэд анх “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг Даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр “Ч.Сэндэрмааг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн боловч маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хэрэгжиж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг /1999 оны/ буцаан хэрэглэж энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Ч.Сэндэрмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч дараах 7 үндэслэлээр маргасан. Үүнд:
1.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох болон чөлөөлөхдөө Аймгийн боловсролын газрын санал, дүгнэлтийн үндэслэн зөвшилцөх ёстой байхад энэ тохиолдолд зөвшилцөөгүй.
2.Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д сөрөг дүгнэлт авсан аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаарх гомдлыг 2 ч удаа шүүхэд гаргасан. Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан миний гомдлыг хүлээж авахгүй гэж миний эрхийг зөрчсөн. Энэ талаар Шүүхийн тамгын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан байдаг. Аудитын дүгнэлтэд нэгдүгээр гарын үсгийг би, хоёрдугаар гарын үсгийг нягтлан зурж, тооцооллыг хийдэг. Цалинг илүү дутуу олгосон гэх асуудал буцаад арилах боломжтой, төсвийг хохироогоогүй бөгөөд энд санхүүгийн тооцооллын асуудал байсан бөгөөд төсөв хэтэрсэн зүйл байхгүй. Шүүхээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдоогүй байхад миний эрхийг зөрчиж ажлаас халсан.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах гэж заасан энэ чиг үүргийн дагуу тухайн байгууллагын эд хөрөнгийг хамгаалсаар ирсэн. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглах талаар заасан энд ангиллын зөрүү гаргаж, батлагдсан төсвийг зориулалт бусаар ашигласан зүйл байхгүй. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэж заасан би төсвийг зориулалтын дагуу хэмнэлттэй зарцуулсаар ирсэн, тиймээс энэ заалт нь надад мөн хамааралгүй гэж үзэж байна.
4.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар албан тушаалын тодорхойлолтыг барьж ажлаас чөлөөлсөн байдаг. Намайг 2019 онд ажилд ороход 2017 оны аймгийн Засаг дарга н.Гансэлэм, Боловсролын хэлтсийн дарга н.Батмөнх нарын баталсан албан тушаалын тодорхойлолтыг барьж байсан боловч 2020 онд батлагдсан албан тушаалын тодорхойлолтод нийцэхгүй байна гэж үзсэн.
5. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэжээ. Би хуульд заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай сайн биелүүлж байсан учир улирлын урамшуулал, ур чадварыг тухай бүр авч байсан учир ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан гэж үзэж байна.
6.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллаагаа хийгээгүй миний эрхийг зөрчсөн.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар гэрээг аль талаас цуцалсан нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүйг тогтоосон хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт байдаггүй. Би өмнө төрийн алба, өөр байгууллагад ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй.
Хууль бус захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,
Нэг. “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дугаар “Ч.Сэндэрмааг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр “Ч.Сэндэрмааг 4 дүгээр сургуулийн захирлаар томилох” тухай захирамжаар Есөнбулаг сумын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл Ч.Сэндэрмааг түр томилжээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр “Ч.Сэндэрмааг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 31.1.12 дахь заалт Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирал Ч.Сэндэрмаа нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, төсвийн зарчмыг алдагдуулсан, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй гэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар Ц.Чанцалдуламыг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Маргаан бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дугаар захирамжид үндэслэл болгосон хуулийн заалтуудыг нэг бүрчлэн авч үзвэл:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасны дагуу ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан байна.
2. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр заасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас саналыг утсаар ярьж авсан боловч баримтжуулаагүй...” гэсэн, мөн шүүхээс энэ талаарх баримтыг шаардаад ирүүлээгүй, үзлэг хийхэд холбогдох баримт байгаагүй зэргээс харахад ажил олгогч саналыг бичгээр аваагүй, утсаар ярьсан эсэх, ямар санал өгсөн эсэх нь баримтжаагүй, нотлогдохгүй байгаа тул хуульд заасан саналыг авсан гэж үзэхээргүй байна.
3.Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгасан бөгөөд 42.1-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”,16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заажээ.
Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн 2019, 2020 онуудын санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн аудитын тайлан, актууд, сөрөг дүгнэлт, бусад холбогдох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...сөрөг дүгнэлт авсан нь нэхэмжлэгчийг халах үндэслэл болсон...”, Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/104 дугаар “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагаар “…бодитоор ирээгүй хөрөнгийг ирснээр тоолсон нарийн бичгийн дарга нярав Б.Нэргүй, математикийн багш Р.Энхцэцэг нарт хуулийн дагуу хариуцлага тооцож биелэлтийг мэдэгдэх…”, мөн өдрийн 01/104 дугаар албан шаардлагаар “...сөрөг санал дүгнэлт авсан, өмнөх шийдвэр хэрэгжүүлээгүй нягтлан бодогч Г.Мөнхжаргалд хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг мэдэгдэх...”, мөн өдрийн 06/104 дугаар албан шаардлагаар “...сөрөг санал дүгнэлт авсан, өмнөх шийдвэр хэрэгжүүлээгүй Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирал Ч.Сэндэрмаад хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг мэдэгдэх...” гэжээ.
Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирал Ч.Сэндэрмаа нь ажиллаж байх хугацаандаа нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй, бөгөөд Ч.Сэндэрмааг сөрөг дүгнэлт авсан гэж сахилгын шийтгэл ногдуулахыг шаардсан боловч ажил олгогчоос сахилгын шийтгэлийг ногдуулахдаа нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн хэр хэмжээ, шинж, нөхцөл байдлыг судалж, тохирсон шийтгэл ногдуулах байтал шууд ажлаас халах шийтгэл ногдуулсан нь хүндэдсэн байна.
Үүнээс гадна, нэхэмжлэгч нь 2020 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/88,04/88,02/88,01/88 дугаар аудитын албан шаардлагын өөрт хамааралгүй заалт болон бусад үүнд хамаарч гарсан актыг хүчингүй болгуулахаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд 2021 оны 4 дүгээр сард 2 удаа нэхэмжлэл гаргасан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар Шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан, тус захирамжийг хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 95 дугаар магадлал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хариу албан бичиг зэрэг баримтууд хэрэг авагдсанаас харахад Төрийн аудитаас гаргасан Санхүүгийн 2020 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/88,04/88,02/88,01/88 зэрэг аудитын албан шаардлагууд болон бусад үүнд хамаарч гарсан акт зэргийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргахтай холбоотой ажиллагаа явагдаж дуусаагүй байхад Есөнбулаг сумын Засаг дарга Ч.Сэндэрмааг эдгээр санхүүгийн баримтуудаар буруутгаж ажлаас халсан шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д "албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” хэлнэ гэжээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн баталж, албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт “туршлага” гээд “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, эсвэл 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх” гэж тусгасан шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Ч.Сэндэрмаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар Есөнбулаг сумын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын томилсон бөгөөд тухайн үед Боловсрол, соёл, шинжлэн ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт мөрдөгдөж байсан ба тусгай шаардлагад “сургуулийнхаа хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, дадлага, туршлагатай байх” гэж тусгасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаж, томилогдон ажиллаж байгаа.
5. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх талаар тусгасан бөгөөд 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.”, 27 дугаар зүйлд Сонсох ажиллагааг явуулах гэсэн заалтуудыг ажил олгогч захирамждаа үндэслэл болгосон хэдий ч ямар үндэслэлээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж байгаа нь ойлгомжгүй, хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчээс тайлбар гаргуулаагүй, хувийн хэрэг бүрлүүлээгүй, энэ талаар баримт байхгүй болох нь шүүхээс удаа дараа шаардахад баримт ирүүлээгүй, мөн шүүхийн үзлэгээр нотлогддог.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тусгасан ба 38.1-д ”Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална” гээд 38.1.1-д “ажилтан санаачилсан”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” гэж заасан бөгөөд захирамжид энэ заалтыг бүхэлд нь үндэслэсэн.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, баталгаажуулаагүй гэх тайлбараас харахад нэхэмжлэгчтэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж, хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй байхад гаргасан мэтээр дээрх заалтыг үндэслэсэн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан байна.
7. Мөн хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэснийг үндэслэсэн бөгөөд “"ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох”-оор Улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Ч.Сэндэрмаад холбогдуулан дээрх дүгнэлт, шийдвэр гараагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан, мөн тус шүүхээс энэ талаарх нотлох баримтыг удаа дараалан шаардаад ирүүлээгүй, мөн шүүхийг үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдоно.
Мөн хуулийн 43 дугаар зүйлд Ажлаас халах, ажил хүлээлцэх, 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заажээ.
Хариуцагч дээрх хуулиудыг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй, буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Сэндэрмааг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны /2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл/ нөхөх олговор 12,574,410 /арван хоёр сая таван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй.
Нөхөх олговрыг олгож шийдвэрлэсэнтэй холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Ч.Сэндэрмааг ажлаас чөлөөлөх тухай” Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Сэндэрмааг урьд эрхэлж байсан албан тушаал болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 12,574,410 /арван хоёр сая таван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Сэндэрмаад олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА
ШҮҮГЧИД Ч.ОЮУНСАЙХАН
С.САЙНБИЛЭГ