Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

2024         01     29                                           2024/ШЦТ/109

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхзул,

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2309023892835 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Х" ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, .................. регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш "Т У" ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “О О Д” хүргэлтийн компанид хүргэгчээр ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн Ши да 1 загварын 2 ширхэг мопед, Виво Х35 загварын 1 ширхэг гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 4 636 190 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309023892835 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т Оын өгсөн: “...Манай Т У ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс үйл ажиллагаа эхлүүлсэн. Тус компани нь хүргэлтийн үйл ажиллагаа явуулдаг ба анхны ажилтан Б байсан. Б нь манай компанид 6 дугаар сарын 21-ний өдрөөс хүргэгчээр ажиллаж байгаад 7 хоногийн дараа ажилдаа ирэхдээ алга болсон. Тэгээд холбоо барьж чадахгүй байж байгаад 4, 5 хоногийн дараа холбогдоход найз охиных нь бие муудаад ажилдаа ирж чадаагүй гэсэн. Тэгээд Б 7 дугаар сарын 10-ны өдөр ирж уулзаад  нэг мопедыг мөнгө хэрэг болоод ломбардад тавьчихсан байгаа. Би дараа нь авч өгнө гэсэн. Тэгэхээр манай компанийн зүгээс чи ажлаа хийж байгаад ломбардад тавьсан мопедоо авч өгөөрэй гээд ажилд нь буцаан авч дахин нэг мопед мөн гар утасны хамт өгсөн. Тэгээд Б дахиад 7 хоног ажиллаж байгаад буцаад алга болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан. Эхний мопедыг хүлээлгэж өсгөн байгууллагын акт байгаа. Харин хоёр дахь мопедоо өгөхдөө акт үйлдээгүй. Мөн гар утас өгөхдөө акт үйлдээгүй. Манай байгууллага БНХАУ-ын Тианжинаас Фү Хашин үйлдвэрээс 2023 оны 6 дугаар сард нэг бүрийн үнийг монгол мөнгөөр тооцож бодвол 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг цахилгаан мопедний баттерэйний хүчин чадал нь 72 вольтийн 60 ампертай нэг цэнэгээр 150 км явах чадалтай. Б нь манай байгууллагын анхны ажилтан болохоор итгээд GPS-гүй мопед цоо шинээр нь хүлээлгэж өгсөн. 1 500 000 төгрөгийн үнэ бүхий Вива Икс 35 загварын гар утсыг ажлын шугамаар өгсөн. 2 ширхэг Шин Да 1 загварын цахилгаан мопед, нэг гар утас нийтдээ 10 500 000 төгрөгийн хохирол учраад байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 21-22/,

Шүүгдэгч Б.Бгийн өгсөн: "2023 оны 6 дугаар сард "О О Д"-д хүргэлтийн ажилтнаар ажилд орсон. Тэгээд нэг сар гаруй хугацаанд ажиллаад наадмын үеэр надад хүлээн өгсөн. Нэг мопедыг би ломбардад 1 400 000 төгрөгөөр тавьсан. Энэ асуудлаас болоод ажлаа хийж чадахгүй мөн компани дээрээ очиж уулзаж чадаагүй 4, 5 хоног болсон. Дараа нь захиралтайгаа уулзаж ярилцаад болсоно асуудлынхаа талаар хэлсэн. Тэгтэл манай захирал намайг ажлаа хийгээд цалингаа аваад барьцаанд тавьсан мопедоо ав гэж хэлээд надад дахин нэг мопед болон гар утас хүлээлгэж өгсөн. Тухайн үед би долоо хоног ажиллаж байгаад цалингаараа барьцаанд тавьсан мопедоо авч чадахгүй хэмжээний цалин надад бодогдоогүй юм шиг санагдаад дахин нэг мопедыг барьцаанд тавьсан. Тэрнээс хойш дахиж ажил дээрээ очоогүй ба 20 гаруй хоногийн дараа нэг мопедоо барьцаанаас гаргаад компанидаа хүлээлгэж өгсөн. Харин үлдсэн мопедоо барьцаанаас гаргаж чадаагүй. Мөн байгууллагаас гаргаж өгсөн гар утсыг нь ашиглаж байсан ба гэнэт дэлгэцний мэдрэгч нь ажиллахаа больчихсон. Тэгэхээр нь гар утсыг нь засварлаад компанидаа эргүүлэн өгнө гэж бодсон боловч засуулж чадаагүй." гэх мэдүүлэг /хх 48-49/,     

"Д" ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн СБ1-23-1607 дугаартай "...Зах зээлийн үнэлгээ нийт 4 636 190 төгрөг." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 29-32/,

“Т У" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5-6/, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх-ийн 7/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 10-11/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Бгийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш "Т У" ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “О О Д” хүргэлтийн компанид хүргэгчээр ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн нэг бүр нь 2 080 000 төгрөгийн үнэ бүхий Ши да 1 загварын 2 ширхэг мопед, 476 190 төгрөгийн үнэ бүхий Виво Х35 загварын 1 ширхэг гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 4 636 190 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  гэж үзэв.

 

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй  маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Т У” ХХК-нд 4 636 190 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч “Т У” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид нэг мопедийг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бгээс 1 мопедын үнэ 2 080 000 төгрөг, гар утасны үнэ 476 190 төгрөг нийт 2 556 190 төгрөг гаргуулж хохирогч “Т У” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоох санал,

Шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал гаргаагүй болно.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Х" ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн ......................тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 53-59/ зэрэг авагджээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

                3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 2 55 6190 /хоёр сая таван зуун тавин зургаан мянга нэг зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч "Т У" ХХК-нд олгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ