| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-02-10 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
2024 01 10 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч М.Батзаяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
шүүгдэгч С.М, Э.М нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, Э.М нарт холбогдох эрүүгийн 2306 04832 3764 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М, Э.М нарыг бүлэглэн Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийд гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 65 килограмм ховор ургамал болох Хуш модны үр буюу самар түүсэн, улмаар өөрийн эзэмшлийн 21-65 УБМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийд гэх газраас Баянзүрх дүүргийн Хонхор хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
шүүгдэгч С.М, Э.М нар нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийд гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 65 килограмм ховор ургамал болох Хуш модны үр буюу самар түүсэн, улмаар өөрийн эзэмшлийн 21-65 УБМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийд гэх газраас Баянзүрх дүүргийн Хонхор хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Эд зүйлд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн:
“...үзлэг гадна талд хийхэд тээврийн хэрэгсэл гадна эд анги бүрэн бүтэн ямар нэгэн эвдэрсэн, хагарсан зүйл байхгүй. ... үзлэгийг тээврийн хэрэгслийн дотор талд хийхэд дотор талын эд анги бүрэн бүтэн цэнхэр, цагаан суудлын бүрээстэй, жолооч талын суудал дээр ногоон өнгийн фодволк, голын хайрцаг дээр ягаан өнгийн сав байх ба урд талын суудал дээр яагаан өнгийн хөнжил, хар өнгийн цамц, шалан дээр цэнхэр өнгийн аяны хөнжил, цагаан цамц байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг тээврийн хэрэгслийн тэвшинд хийхэд Атар гэсэн бичиглэлтэй улаанн, цагаан өнгийн шуудай, хуш модны самар байх ба уг шуудайны амсар хэсгийг уяа оосороор боосон байв. Түүний зүүн хажууд шаргал өнгийн шуудайтай хуш модны самар байх ба уг шуудайн амсар хэсгийг уяа оосороор уясан шуудайны тал хэмжээтэй байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-07/,
Эд зүйл түр хураан авсан тухай 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн:
“...С.Мэс 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 21-65 УБМ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, 1 ширхэг хар өнгийн түлхүүр, шар өнгийн шуудайтай хуш модны самар, цагаан өнгийн шуудайтай хуш модны самар нийт 65 кг зэргийн түр хураан авсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 08/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн:
“...С.Мөнх-Эрдэнийн мэдүүлгээр Төв аймаг орсон гэснийг дагуу Төв аймаг гэсэн бичиглэл бүхий цагаан хаалга байсныг Мөнх-Эрдэнийг заалган гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. ...Төв аймгаар дайран ертөнцийн зүгээр хойд зүгт Доод уул руу чиглэлд явахад Манзушир хийд дээр ирсэн ба гэрч Мэр Манзушир гэх самбарыг заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тус газраас дээш алхан мод руу орсон гэх ба С.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийн дагуу самар түүсэн гэх газар луу алхаж тус самар түүсэн гэх газарт нь байршил тогтоогчоор үзэхэд N47 48110683, E106 32 40.11 гэж заасан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч гэрч С.Мэр самр түүсэн гэх орчныг харуулан заалган гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Мөн тус газарт самар нь байхгүй боргоцойг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа... ” гэх тэмдэглэл /хх-ийн 09-13/,
2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн:
“...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор пост үүрэг гүйцэтгэх хугацаанд Тоёота Приус 91-65 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сүхбаатар М ЗМ85110411 нь хоёр шуудай цайруулсан самар тээвэрлэн явсан БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгөв.” гэх илтгэх хуудас /хх-ийн 14/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсаи байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хэсэг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банккы Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд тушаах ёстой байдаг. Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялагийг тухайн жилийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн бол ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд тус бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны тав байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. 2022 оны хувьд Нийслэлийн ногоон бүсээс самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг манай байгууллагын зүгээс олгохгүй байгаа. Ойн дагалт баялагийг ашиглах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3 жилийн хугацаатайгаар шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Гэвч хориглосон бүсээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хуш модны самар бэлтгэж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ч нийслэлийн ногоон бүст хамаарах газраас бэлтгэхгүй. 2022 оны хувьд нийслэлийн ногоон бүсээс хуш модны самар бэлтгэхийг хориглосон, дээрх дурдсан сайдын тушаалд заасан байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ ч уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, зам элбэг ургамлын экологийн эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна.
Ойн тухай хуулийн 3.1.12 "ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт
ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал,
модны холтос, үйс, хусны шүүс давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч
ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ
ойлголтод багтаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын хүрээлэн буй орчны шинжилгээ үнэлгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3737 дугаартай:
“1. Сибирь нарс (Xyui)-P/'m/s sibirica Du Tour-ны цайруулсан самар байна.
2. Сибирь нарс (Хуwi)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал.
3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.
4. Сибирь нарс (Xyui)-P/nus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг болохыг тогтоох боломжгүй.
5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 27%- 28% байх тул нойтон байна.
6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой.
7. MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой.
8. Шинжилгээнд ирүүлсэн дээж самрыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой.
9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22- ний өдрийн А/6СЗ тоот тушаалын хавсралтад тусгаснаар Хуш модны 1 кг нойтон самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.
- Мөрдөгчийн тогтоолд дурдасны дагуу хураан авсан 65 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолж үзэхэд 98,900х65кг= 6,428,500 төгрөг байна.
- Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 6,428,500x3= 19,285,500 төгрөг байна.” гэх дүгнэлт, зургийн үзүүлэлт /хх-ийн 52-57/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЭК-23-04 дугаартай:
“Тоёота приус 20 маркийн автомашиныг 6.887.500 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 62-67/,
Шинжээч Г.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Уг шинжилгээнд ирүүлсэн хуш модны үр /самар/ нь Засгийн газрын 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад багтдаг. Мөн Ойн тухай хуулийн 3.1-.12-т заасан ойн дагалдах баялагт тус тус хамаарна. Ийм учраас Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодруулах зорилгоор албан тоот явуулахад 2023.05.17-ны өдрийн 06/2750 албан бичгээр хуш модны самрын байгал орчинд учруулсан хохирлын үнэлгээг, ойн модод учирсан хохирлын үнэлгээгээр 3 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/,
Гэрч С.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Төв аймаг, Зуун мод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийд Богдхан уулын дархан цаазат газарт хамаарна. Богдхан уул нь өөрөө тэр чигтээ хан цаазат газар болж төрийн хамгаалалтад авагдсан байгаа. Тийм учраас тус уулнаас ямар нэг ан амьтан агнах, байгалийн ургамал болон дагалдах нөөц баялагыг түүх, агнах зэрэгт хориотой. Тус ууланд судалгаа шинжилгээ хийх, түр буудлах, отоглох, сувилал болон маршрутын дагуу аялал зохион байгуулах зэрэгт зөвшөөрөл олгодог. Үүнээс бусдаар ямар нэг зөвшөөрөл олгодоггүй байгаа. Ямар ч тохиолдолд тухайн уулнаас мод бэлтгэх, самар, жимс түүх, ан амьтан агнах зэрэг нь хориотой байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх”-ийг хориглоно гэж заасан байдаг. Тийм учраас тус хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна. Богдхан уул нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог учраас тус газраас самар түүхийг хориглосон байдаг. Манай байгууллагаас самар түүх талаар зөвшөөрөл олгодоггүй. Улсын хамгаалалттай газарт самар түүх зөвшөөрөл гардаггүй байгаа. Тус газраас унасан самар байсан ч түүхийг хориглоно.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106/,
Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 147-148, 149-150/,
Үнэлгээний 2023.11.21-ний өдрийн 2023-11/08 дугаартай:
“Бид энэхүү үнэлгээний ажлыг захиалагчийн тогтоолыг үндэс болгон Сибирь хуш модны үр болох самрын бодит үнэ цэнийг үнэлгээний өдрөөр тодорхойлох зорилгоор хийж гүйцэтгэсэн болно.
1. Үнэлгээний тайланд багтсан шинжилгээ ба дүгнэлтийг өөр зорилго зориулалтаар ашиглахыг хориглоно.
2. Үнэлгээний ажлын үр дүнг албан ёсны зөвшөөрөлгүйгэзр хэсэгчилэн болон бүхэлд нь хуулбарлах, хувилан олшруулах, бусдад тараах, дамжуулах, хэвлэн нийтлэх зэргийг хориглоно.
3. Үнэлгээчин үнэлгээ хийх үед Сибирь хуш модны үр болох самрын зах зээл дээр зарагдаж байсан үеийн судалгааг хийж, тайланг бичиж гүйцэтгэлээ. Тооцоонд хэрэглэсэн анхдагч материалыг үнэлгээ хийлгэж буй Захиалагч тал ирүүлсэн бөгөөд тэдгээр материалын үнэн зөвийг магадлан шалгаагүй, биетээр байгаагүй хөрөнгийн эд зүйлийг эрэн сурвалжлах үүргийг хүлээгээгүй болно.
4. Үнэлгээний ажлын үнэлэлт дүгнэлтийг үнэлгээний өдрөөр гаргасан тул энэ өдрийг хүртэлх хугацаанд бидэнд ирүүлсэн мэдээлэл, холбогдох баримт бичгүүдэд үндэслэсэн. Иймд цаашид гарч болох хөрөнгийн болон үр дүнгийн өөрчлөлт энэ үнэлгээнд тусгагдаагүй болно.
5. Үнэлгээний тайланг хоёр хувь үйлдсэн бөгөөд зөвхөн тамга дарж гарын үсэг зурсан эх хувь хүчинтэй. Мөн хуулбар хийж нотариатаар батлуулсан бол хүчинтэй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 156-161/,
Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2023 оны 09 дүгэр сарын 13-ний өглөө хадам дүү Мын хамт Богд уулын Цэцээ гүн рүү гарахаар явсан. Тэгээд Цэцээ гүн дээр гараад эргээд өдөр 11 цагийн үед буцаад буух гээд алхаад явж байгаад газар унасан хуш модны самар байхаар нь түүж аваад 2-3 шуудай боргоцойг ойролцоо ууланд боргоцой цайруулдаг машин байхаар нь цайруулаад 2 шуудайнд хувааж хийгээд уулнаас оройны 23 цагийн үед буугаад өөрийн Приүс 20 маркийн 21-65 УБМ улсын дугаартай автомашинтай явж байгаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын цагдаагийн постны ойролцоо замын цагдаа зогсоосон.
энэ оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06-07 цагийн үед Богдхан уулын Цэцээ гүний оргил руу гарахаар хамаатны дүү болох Мын хамт өөрийн тээврийн хэрэгсэл болох 21-65 УБМ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Ингээд тус тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад машинаа Манзушир хийдийн зогсоол дээр орхиод тэгээд дээшээ явган явсан. Тэгээд өдрийн 11 цагийн орчин Цэцээ гүний оргил дээр гарчихаад буцаад уруудаж яваад амраад байж байтал газар унасан боргоцой байсан. Тэгээд бид хоёр самар байгааг мэдээд самар түүж эхэлсэн. Ингээд бид хоёр самраа түүчихээд тэнд нь цайруулж шуудайнд хийгээд машин руугаа үүрч ирсэн. Тухайн үед 1 шуудай самраа 2 шуудайнд хувааж хийгээд үүрээд ирсэн. Ингээд бид хоёр шөнө 00 цагийн үед машин дээрээ ирээд ачаад Налайхаар тойрч яваад Хонхорын цагдаагийн пост дээр ирээд баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 123/
Шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө ах болох М над руу залгаад хоёулаа Богд уул руу явж хуш модны самар түүхээр явах уу гэхэд нь би зөвшөөрч Цэцээ гүний орой дээр гараад буцаад буух замдаа хуш модны самар модноос унасан байхаар нь бид хоёр 3 шуудай боргоцой түүгээд боргоцой цайруулдаг машин олоод цайруулсан. 2 шуудай цайруулсан самар болгоод орой 23 цагийн үед хот руу ахын машинтай явж байгаад Хонхорын цагдаа зогсоогоод цагдаа дээр ирсэн.
Энэ оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 06-07 цагийн үед Богд хан уулын Цэцээ гүний оргил руу гарахаар хамаатны ах болох Мтэй хамт явахаар болсон. Тэгээд бид хоёр Налайх дүүргээр тойрч Төв аймгийн Зуун мод хот нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийдийн зогсоол дээр машинаа тавиад дээшээ уул руу гарсан. Уулнаас бууж явах замдаа самар түүсэн. М ах “энэ хавьд самартай самар түүх үү” гэхээр нь би зөвшөөрөөд самар түүсэн. Тэгээд самраа түүгээд ууландаа цайруулчихаад шөнө буцаж явахад Хонхорын цагдаагийн пост дээр ирээд баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43, 137/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 80/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 84/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 75/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 83/, хувийн байдлын талаар баримт /хх-ийн 165-172/,
шүүгдэгч Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 42/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 73/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 75/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Гэм буруугийн талаар:
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Ховор ургамал гэж байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна.
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Бэлтгэсэн гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болгох болон бусад зорилгоор бэлтгэснийг ойлгоно.
Тээвэрлэсэн гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлснийг ойлгоно. Шилжүүлэхдээ агаарын тээвэр, автотээврийн хэрэгсэл, галт тэрэг ашиглаж болно.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаартай ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг 9 дүгээр сарын 20-ноос дараа оны 02 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ нь ахуйн зориулалтаар нэг удаа 50 килограмм ашиглах зөвшөөрөл олгох талаар зохицуулжээ.
Шүүгдэгч С.М, Э.М нарыг бүлэглэн Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийд гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 65 килограмм ховор ургамал болох Хуш модны үр буюу самар түүсэн, улмаар өөрийн эзэмшлийн 21-65 УБМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хийд гэх газраас Баянзүрх дүүргийн Хонхор хүртэл тээвэрлэсэн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр Сибирь нарс (Xyui)-P/'m/s sibirica Du Tour-ны цайруулсан самар болох нь тогтоогдсон ба 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нь дээрх журамд заасан зөвшөөрөгдсөн хугацаанд хамаарахгүй, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн, хуульд зааснаас өөр зорилготой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.М, Э.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч С.М, Э.М нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүгдэгч С.М, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд 455.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шинжээчийн 3737 дугаартай дүгнэлтээр Байгаль орчинд 19.285.500 төгрөгийн хохирол учруулсаныг шүүгдэгч С.М, Э.М нар нөхөн төлөөгүй байна.
Иймд хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 9.870.250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч С.М, Э.М нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.М, Э.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч С.М, Э.М нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч С.М, Э.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан багавтар хугацаагаар тэнсэж, нэг мод тарих, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний хашаанд байрлах тус албаны эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж буй 65 килограмм самарыг зохих байгууллагад шилжүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 21-65 УБМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг хураан авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Сын М, Т овогт Эын М нарыг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар шүүгдэгч С.М, Э.М нарыг тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 2.5 дахь заалтад зааснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шүүгдэгч тус бүр нэг мод тарих, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд С.М, Э.М нарт хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Э.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 9.870.250 төгрөгийг гаргуулж Байгаль орчныг хамгаалах санд төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 21-65 УБМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг хураан авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний хашаанд байрлах тус албаны эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 65 килограмм самарыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Шүүгдэгч нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.М, Э.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ