Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

2024         01     30                                          2024/ШЦТ/117

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзул,

Хохирогч П.Д,

Өсвөр насны шүүгдэгч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Г, өмгөөлөгч А.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох эрүүгийн 2309025712623 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, гурван эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн .......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.А, ............... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь Б.Т-тэй бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б буузны цайны газрын гадна хохирогч П.Д-той ямар нэгэн шалтгаангүйгээр маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараapaa цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зовхи, дух, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн 2309025712623 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч П.Д-ийн өгсөн: "Намайг 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 цаг 50 минутын Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо Х-Э дэлгүүрийн хажуу талын Б бууз цайны газрын гадаа Г-Э-ийн машин дотор сууж байх үед Ж нь хаалга нээгээд учир зүггүй гараараа миний нүүр, духны дээд хэсэгт 2-3 цохиод намайг Ж, Б хоёр машинаас чирч буулгаад газар хэвтэж байх үед Ж болон Б хоёр миний дээрээс өшиглөж дэвсээд, намайг нүүрээ гараараа хаагаад барьсан байх үед миний гар руу өшиглөөд дээрээс олон удаа цохисон. Би хэн нь яг яаж цохисныг хараагүй. Миний биед учирсан баруун хацарт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгарал, зовхи, дух хамар, хацарт зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь тэр Ж болон Б нар л тухайн үед цохиж зодсон. Намайг өөр зодсон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "А гэнэт ирээд намайг цохиж зодсон. Юу болсныг мэдээгүй. Зодооноос болоод 20 хоног ажилдаа явж чадаагүй. Одоогоор 450 000 төгрөг авсан. Ажилгүй байсан 2 сарын мөнгө нэхэмжилж байна. Сорви арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эмчилгээ хийлгэх гэхээр мөнгө байхгүй. Зүв зүгээр байсан нүүрэндээ сорвитой болсондоо гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Эийн өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 26-ны орой 21 цаг өнгөрч байх үед найз Д, У хочтой  М түүний найз охин Э нарын хамт Х-Э дэлгүүрийн ойролцоо Т, Г-Э, түүний найз А, Б хочтой А, Ж хочтой Т нартай уулзсан ба Э-тай Дамбад уулзсан. Тухайн үед миний төрсөн өдөр болж байсан бөгөөд бид нар Алтай хотхон орчоод цаашаа 120-ын автобусны буудлаас Э хочтой Э найз охиноо аваад Гандангийн автобусны буудлын ойролцоо байдаг М баар ороод би 2023.8.27-ний өдөр 02 цагийн үед миний эзэмшлийн ..-... УАА улсын дугаартай В загварын тээврийн хэрэгсэлтэй Э, түүний найз охин, Т, Г-Э нарын хамт түрүүлээд баарнаас гараад Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Х-Э дэлгүүрийн гадаа ирсэн. ...А Дийн дээр нь гарчихсан цамцнаас барьсан байсан. Тус өдрийн 03 цаг болж байх үед Т, Э машин дотор маргалдаад байсан ба Э Ж-г “Миний үгэнд орохгүй байна." гэж тэр хоёр машин дотор зодолдоогүй. Намайг унтаж байгаад нэг сэрэхэд л Дийн зүүн шанаа нүднийх нь доод хэсэгт 1 см орчим шалбарчихсан байсан. Харин Э болон А Т нарын биед ямар нэг ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

Гэрч М.Энхзулын өгсөн: “...Би М, Г-Э түүний найз охин, Д нарын хамт нэг машинд сууж явсан. Бид нар Хан-эрдэнэ дэлгүүрийн ойролцоо ирсэн байсан ба Дг миний хажууд байхад машины гаднаас А “...Ахаа та гараад ирээч...” гээд татаад байсан. Даг татаад машинаас гаргасан, М бид хоёрын машины ар талын нөгөө талынх нь хаалгаар буугаад тойроод харахад Д газар уначихсан, хажууд нь А Жхоёр байсан, тэр хоёр жоохон зайтай зогсож байсан, “... Ахаа та өөрөө эхлээ биз дээ...” гээд байсан. Жнь Д газар байхад нь хөлөөрөө өшиглөчих шиг болсон, цаанаас нь Ж-г нь татаад салгасан. Тэгээд Д босоод Э-ийн машинд суучихсан. Бид нар гадаа нь сааданд юм яриад сууж байхад Д намайг хүргээд өгчих гээд Г-Э-ийн найз охин А-аар гэртээ хүргүүлсэн. Тэгээд бид нарыг байж байхад Д ээжтэйгээ хамт хүрээд ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд цагдаа нар ирсэн байсан. А Ж хоёр Д, Э хоёртой маргалдаад байсан. Баарны гадаа бид нар амралтад явах тухай ярьж байсан юм. Энэ асуудлаас болоод маргалдаад байх шиг байсан. Дг А, Ж хоёр машинд миний хажууд сууж байхад нь машинаас гаргасан. Жнь Дг газар хэвтэж байхад нь өшиглөх гэж байсан ба тэр үед Жерриг ардаас нь нэг нь татсан, би хөлөөрөө өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна, гадаа харанхуй байсан. Э Х-Э дэлгүүрийн гадаа орилоод байсан, согтсон байсан, М очоод хоёр удаа гараараа цохисон, дараа эвлэрсэн. Тухайн үед Х-Э дэлгүүрийн гадаа очиход Д биед ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгээд тэндээс явах гэж байхад нь Д-ийн нэг талынх нь хацар хавдсан байсан, би одоо яг аль талынх нь хацар хавдсан байсныг нь санахгүй байна. Д доошоо хараад суугаад байхаар нь гэрэл тусгаад харахад амнаас цус гараад байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

Гэрч О.Мий өгсөн. “Бид нар тухайн өдрийн шөнө 02 цагийн үед тус баарнаас гараад би найз охин Э, Д, Г-Э-ийн найз охин нарын хамт нэг машинд суусан. Тэгээд шууд Х-Э дэлгүүрийн гадаа ирсэн бөгөөд 7-н буудал руу очиж пиво авсан. Тэгээд буцаад ирэхэд Д, Т-тэй маргалдаад байсан бөгөөд тэр үед Д жолоочийн хойд талын машинд сууж байсан. Т нь машины гадаа байсан, хоорондоо цохилцоод зодолдоод эхэлсэн бөгөөд найз охин Э маань намайг гарч салга гээд би машинаас буугаад  машиныг тойрч очиход Д газар хэвтэж байсан, хажууд нь Т, А хоёр байсан ба би тэд нарыг болиоч ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь А, Т хоёр цаашаагаа явсан. Д дээр очиход баруун хацраас цус гарсан байсан. Д өөрөө “...зүгээр дажгүй..." гээд байсан. Тэгээд удалгүй Д, Г-Э-ийн найз охиныг хүргээд өгчих гээд А нь Дийг хүргэж өгөхөөр  гэр лүү нь явсан. Тэр үед Э бид нартай үлдсэн. Тухайн үед Г-Э-ийн машины суудлын хойд хэсэгт Д жолоочийн талын суудал, би эсрэг талынх нь суудал дээр, бид хоёрын голд миний найз охин Эсууж байсан. Тэр үед Дийн талын хаалгыг онгойлгосон байсан. Би хэн онгойлгосныг нь мэдэхгүй. Машин дотор байж байх үед хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд Д машинаас буусан, би яаж буусныг нь хараагүй. Дийг машинаас гарангуут нь би араас нь гарсан. Намайг машин тойроод очиход Д газар хэвтэж байсан, хажууд Т А хоёр байсан ба би тэд нарыг болиоч ээ гэж хэлсэн. Намайг тэнд очиход Дийг цохиж зодоогүй байсан. Хажууд нь зогсож байсан. Тэгээд тэр хоёр цаашаа яваад өгсөн. Бид нар Аыг Б, Тг Ж гэж хочилж дууддаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

Яллагдагч Э.Аын өгсөн: “Би найз Т-тэй Дамбадаржаад байдаг гэрийнх нь гадаа тус өдрийн 14 цагийн үед уулзсан бөгөөд бид хоёр тухайн үед Опозит хамтлагийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтыг үзэхээр явсан. Тэгээд явж байх үедээ тус өдрийн 14 цагийн үед бид хоёр Х-Э дэлгүүрийн гадаа Д, Э нартай таарсан бөгөөд тэр үед бид нар Д-ийн 15 дугаар гудамж руу Г-Э-тэй уулзахаар очсон, халти таарсан. Тэгээд удалгүй Д ах яваад, тус өдрийн орой 22 цагийн үед би Т, Х, Г, Д нартай хамт Опозитын тоглолт руу явж байх үед Т ах бид нарыг чатаар Гандантэгчилэн хийд дээр дуудсан. Тэгээд би Т-ын машинд Т болон түүний найз охин, миний танихгүй хоёр эмэгтэй хүмүүсийн хамт суусан бөгөөд замаараа тэр үл таних хоёр эмэгтэй хүнийг буулгаад бид нар Х-Э дэлгүүрийн гадаа ирсэн байсан. Би замдаа явж байхдаа унтчихсан байсан бөгөөд намайг нэг сэрэхэд Т нь Э-тай маргалдаж байсан бөгөөд би очоод салгасан. Тэр хоёр Э ахын машинд байсан. Тэгээд Д буюу Д ах Г-Э-ийн машинд Г-Э болон түүний найз охины хамт 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 02 цагийн үед ирсэн бөгөөд Д ахыг ирэхээр нь би очсон бөгөөд тэр үед Д ахын сууж байсан жолоочийн талын хойд талынх нь суудлын орчим очсон, цонх нь онгорхой байсан, би баруун гараараа Д-ийн баруун шанаа хэсэгт нь нэг удаа цохиод, тэгээд машинаас нь гаргаж ирээд би гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон ба тэр үед найз Т нь баруун хөлөөрөө Д-ийн цээж юм уу нүүр хэсэгт хоёроос гурван удаа өшиглөсөн. Тэр Д нь машины хажууд явган сууж байсан юм, дараа нь Т нь гараараа Д-ийн толгой хэсэгт нэгээс хоёр удаа цохисон. Тэгээд би Тг болиулаад салгасан. Тэгээд Х ирээд бид хоёр Д ахын цусыг арчиж өгсөн, тэр үед Д ахын хамраас нь цус гарж байсан. Тэгээд Тулгийн найз охин нь Г-Э-ийн машинтай хүргэж өгсөн. Тухайн өдөр нь Э ахын төрсөн өдөр байсан. Би Д ахыг танина, одоогоос 3 жилийн өмнөөс танина, сагсны шийдэн дээр ирдэг байсан. Би Ттэй найз нөхдийн харилцаатай. Д ах тэр хэрэг болохоос өмнө бид хоёрыг тоглоом шоглоом хийж гар руу зөөлхөн цохиод байдаг байдаг. Намайг урьд өмнө нь айлган сүрдүүлж байгаагүй. Тухайн үед Д ах бид хоёрыг цохиж зодоогүй. Би баруун гараараа П.Д ахыг машин дотор нь сууж байхад нь нэг удаа баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон, машин хажууд зогсож байхад нь баруун гараараа баруун нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон. Өөрөөр П.Д ахыг цохиж зодоогүй. Т баруун хөлөөрөө Дийн цээж болон нүүрний хэсэгт хоёроос гурван удаа өшиглөсөн, хоёр гараараа Дийн нүүр хэсэгт нь нэгээс хоёр удаа цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Тухайн үед зодооны үед үүссэн байх, Тг Д өшиглөсний дараа баруун хацарт шарх үүссэн байх, нүд нь хавдсан байсан. Миний харснаар Дийн хамраас цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Яллагдагч Б.Т-ийн өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр найз А, А нарын хамт Триплэкс хамтлагийн тоглолтын үзэхээр явж байсан бөгөөд тэр үед Та ах дуудсан бөгөөд А бид хоёр Гандан дээр очсон, бид хоёрыг Гандан дээр очиход М, Т, Г-Э, Э, Э, Д нар байсан. Мөн тэр үед найз охидууд байсан, би тэд нарыг танихгүй. Тэгээд бид нар 2023 оны 8 дугаар сарын 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаад байдаг Хан-эрдэнэ дэлгүүрийн гадаа ирсэн юм. Би тэр үед Э ахтай нэг машинд хамт сууж ирсэн бөгөөд тухайн үед Э ax согтуу "...Ахын дүү чи ингэдэг...” гээд байсан бөгөөд миний мөрөн дээр гараа тавьж байгаад татаж чангаагаад байсан. Бид тэр асуудлаас болоод маргалдсан, би тухайн үед Э ахыг цохиж зодоогүй. Тэгээд бид нарын араас Д ах Г-Э ахын машинтай ирж байсан бөгөөд над руу "...Ахын дүү, үедээ байсангүй дээ, Этай маргалдсан..." гээд байсан. Д ах машинаас буусан байсан, тэгээд Д ах буцаад машинд суусан, тэгээд одоо миний санаж байгаагаар би зүүн гараараа нэг удаа Д ахын машинд сууж байхад нэг удаа цохисон, Д ах машинаас буусан. Тэгээд найз А ирээд бид хоёрыг болиулсан, Д ах цохиулчихаад доошоо газар суусан байсан. Тэгээд бид нарыг Та ах, М ах эд нар салгасан. Түүнээс хойш дахиж зодоон цохион болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10829 дугаартай "1.П.Дийн биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зовхи, дух, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. 5.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 6.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой." шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/,

 хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-49/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь Б.Ттэй бүлэглэн хохирогч П.Дтой маргалдсаны улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараapaa цохиж эрүүл мэндэд нь "Баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зовхи, дух, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.  

Өсвөр насны шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Яллагдагч Б.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон болохыг дурдав.

 

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Дийн эрүүл мэндэд баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зовхи, дух, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч хавтаст хэргийэ 28-32-р хуудсанд 440 000 төгрөгийн хохирлын баримт хавсаргасан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн Х банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдсон.

 Хохирогч П.Д нь эрүүл мэндээрээ хохирсны улмаас 20 хоног ажилдаа явж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин, сорви арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний төлбөр 2 976 000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч үүнтэй холбоотой Хүрхрээ авто угаалгын газрын 2 500 000 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно гэх тодорхойлолт,  M T эмнэлгийн шинжилгээний үнийн мэдээлэл бүхий баримтууд нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хангалтгүй бөгөөд шүүх ирээдүйд гарах эмчилгээний зардлыг шийдвэрлэдэггүй тул хэлэлцэхгүй орхих  нь зүйтэй гэж үзэв. 

Хохирогч П.Д нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч өсвөр насны шүүгдэгч Э.Аод Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Миний үйлчлүүлэгч өсвөр насны шүүгдэгч, мөн гэм буруугийн тал дээр маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх санал,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч  Миний хүүгийн ирээдүйг харгалзан үзээд ялаас чөлөөлж өгөөч гэж хүсэж байна. Цаашид хараа хяналтдаа авч харж хандана гэх санал гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Бүрэн дунд боловсролтой, 17 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, гурван эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн .......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй  талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 95/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 98-102/ зэрэг авагджээ.

 

 

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөжс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байхаар хуульчилсан бөгөөд,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эх Р.Гийн зөвшөөрснөөр хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Р.Гт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдав.

 

Эрүүгийн 2309025712623 дугаартай хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Аод ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Аын тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Аод авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Аыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Р.Гт даалгасугай.

7.Хохирогч П.Д нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай

            8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ