| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/81 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/81
2024 01 16 2024/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2306 00000 3815 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын аманд 0.7 га хямд газар байна, 1 айлын газар 800.000 төгрөг гэж байна гэж хохирогч С.Бийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.400.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5092053651 тоот дансаар шилжүүлэн авч,
мөн хохирогч Э.Г, Т.Х нарыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Э.Бээр дамжуулан тус бүр 800.000 төгрөг буюу нийт 1.600.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5092053651 тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын аманд 0.7 га хямд газар байна, 1 айлын газар 800.000 төгрөг гэж байна гэж хохирогч С.Бийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.400.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5092053651 тоот дансаар шилжүүлэн авч,
мөн хохирогч Э.Г, Т.Х нарыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Э.Бээр дамжуулан тус бүр 800.000 төгрөг буюу нийт 1.600.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5092053651 тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 /,
С.Бийн Хаан банкны 457045810 тоот дансны хуулга /хх-ийн 28-29/,
Б.Оын Хаан банкны 5092053651 тоот дансны хуулга /хх-ийн 31-39/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-44/,
Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2023 оны 05 сард 0.7 га газар байна гэж миний зүс мэдэх О гэх залуу надад хэлсэн. Би тухайн үед газар үзээд явж байсан юм. Тэгээд хямд газар буюу 1 айлын газар 800.000 мянган төгрөг гэж хэлэхээр нь би 5 хүнээс 800.000 мянган төгрөг аваад нийт 4.000.000 төгрөг болгоод Оын данс руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ би өөрийн Хаан банкны 5032237540 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 457045810 тоот данснуудаасаа Оын Хаан банкны 5092053651 тоот данс руу 2 удаагийн үйлдлээр зарлагдаж шилжүүлсэн. 3.200.000 төгрөгөөр 800.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Утга дээр нь О гэж бичсэн. Надад газар зарна гэж итгүүлээд Бумбатын ам гэх газар аваад тэр зарна гэсэн газраа үзүүлсэн. Би итгэсэн. Тэгээд одоо газар ч байхгүй мөнгөө ч эргүүлж аваагүй явж байна. Бумбатын ам гэдэг газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 хороо Бумбатын рашааны хажууд байдаг газар. Би мөнгө шилжүүлэхдээ Бөхийн өргөөн дээр байхдаа мөнгө шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгөн дунд манай бэр Г, төрсөн дүү Базаррагчаа, найз Х, хамтран амьдрагч Бат-Өлзий нарын мөнгө багтсан байгаа. Тэр хүмүүсийн мөнгийг би өөрийн дансандаа аваад О руу шилжүүлсэн. Над руу Г, Х нар мөнгө шилжүүсэн. Надад нийт 2.400.000 төгрөгийн хохирол учирсан.
... Би өөрөөсөө 2.400.000 төгрөгийг гаргаж өөртэйгөө нийлээд 2 хүний буюу Бат-Өлзий, Базаррагчаа нарын мөнгийг От өгсөн юм. Бат-Өлзий, Базаррагчаа хоёроос би От мөнгө өгөхдөө ямар нэгэн байдлаар мөнгө авч байгаагүй. Би Базаррагчаагаас мөнгийг нь дараа газрын гэрчилгээг авах ёстой байсан боловч газрын гэрчилгээ гараагүй. Харин Бат-Өлзий манай нөхөр учраас түүний мөнгө нь угаасаа л манай гэрийн данснаас гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 14/,
Гэрч Г.Бат-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би хэн нэгэнд газар худалдан авахаар мөнгө өгсөн зүйл байхгүй. Харин манай эхнэр Б нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил дэрээ буюу Бөхийн өргөө орчмоос гэр бүлээ төлөөлөөд өөрийнхөө данснаас газар худалдан авахаар О гэх хүнд гэр бүлийн хэрэглээний мөнгөнөөс 2.400.000 төгрөг гаргаж өгсөн байсан. Гэвч О нь газар гаргаж өгөлгүй өдийг хүрсэн. Мөнгөө нэхэхээр өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж ярьдаг боловч өгдөггүй гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 64/,
Т.Хын Хаан банкны 5003668616 тоот дансны хуулга /хх-ийн 70-77/,
Хохирогч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2023 оны 05 сард 0.7 га газар байна гэж найз Б хэлэхээр нь би учрыг нь асуухад хуурай дүү О нь хэд хэдэн хүний газар хямд аваад өгье гэж найзад маань хэлсэн байна лээ. Тэгээд хэлэхээр нь би найдвартай хүн мөн үү гэж лавлаж асууж итгээд найзынхаа Хаан банкны болон Худалдаа хөгжлийнх нь данс руу тухайн газар авч өгнө гэсэн 800.000 төгрөгийг нь увуулж цувуулаад хийж дуусгасан. Тэгээд олон сарын дараа газар ч үгүй, мөнгө ч үгүй одоо айлын хашаанд амьдарч байна. Хямд газар зарна гэхээр хэн ч авахыг бодно шүү дээ. Ийм шалтгааны улмаас л цагдаагийн байгууллагад хандаж байна. Найз маань О гэх хүнд итгэж мөнгө шилжүүлээд дам дамандаа залилуулсан байсан. Би мөнгө шилжүүлэхдээ Хаан банкны 5003668616 тоот Бийн данс руу увуулж цувуулаад болон бэлэн өгөөд 800.000 төгрөгийг өгч дуусгасан. Бэлэн май гээд гаргаад өгөх боломж нөхцөл байхгүй байсан болхоор увуулж цувуулж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 69/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 87/,
Э.Гийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 94-96/,
Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би 2023 оны 05 сард 0.7 га газар байна гэж манай хадам эх Б хэлхээр нь лавлаж асуухад хуурай дүү болох О нь хэд хэдэн хүний газар байгаа хямд аваад өгье гэж манай хадам эхэд хэлсэн байна лээ, ээж тэгээд хэлэхээр нь би найдвартай хүн мөн үү гэж лавлаж асууж байгаад итгээд ээжийнхээ Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны данс руу тухайн газар авч өгнө гэсэн 800.000 төгрөгийг нь увуулж цувуулаад хийж дуусгасан. Би дансных нь хуулгыг таньд гаргаж өгье. Тэгээд олон сарын дараа газарчгүй мөнгө ч үгүй болхоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Хадам ээж О гэх хүнд итгэж мөнгө шилжүүлээд дам дамандаа залилуулсан байна лээ. Би мөнгө шилжүүлэхдээ өөрийн Хаан банкны 5009122730, хадам эхийн данс болохоор Хаан банкны 5168072398, Худалдаа хөгжлийн банкны 457045810 гэсэн данснууд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
Хохирол төлбөр төлсөн тухай баримтууд /хх-ийн 116-119/,
Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2023 оны 06, 07 capд байх, сайн санахгүй байна, зүс мэдэх Б гэх эмэгтэйгээс нийт 4.000.000 төгрөгөөр 5 айлын газар олгоно гэж хэлээд өөрийн Хаан банкны 5092053651 тоот дансаараа 4.000.000 төгрөгийг авсан. Яг мөнгө авсан өдөр, цаг, минутыг нь сайн санахгүй байна.
... Би Б гэх хүнээс 4.000.000 төгрөгийг газар гаргаж өгнө гэж аваад хувьдаа зарцуулсан нь үнэн.
... Би хохирогч Бтэй 10 гаран жилийн хугацаанд хуурай эгч дүүсийн харилцаатай байсан. Б эгч над руу анх 2023 оны 05 дугаар сарын дундуур газар хэрэгтэй байна, таньдаг мэддэг хүн байна уу гэхээр нь би түүний газар олох гэсэн асуудлыг бодож үзээд хариу хэлье гэсэн. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан тул Б эгчид газар гаргаж өгье гэж хэлээд түүнээс 4.000.000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр буюу 3.200.000 төгрөгөөр нэг удаа, 800.000 төгрөгөөр нэг удаа тус тус өөрийн Хаан банкны 5092053651 тоот дугаарын дансаар дамжуулж авсан. Б эгч надад Хаан банкны данснаас шилжүүлсэн. Би дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Надаар 5 айлын 0.7 га хэмжээтэй газар гаргуулахаар Б тус бүрийн 800.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Гэвч би газрын ажлыг нь бүтээж чадаагүй. Газрын ажил бүтээж өгөх хүн хайсан боловч олж чадаагүй бөгөөд мөнгийг нь буцаагаад өгөх боломжгүй буюу тухай тухайн үед нь хэрэглэчихсэн байсан юм. Хохирогч Бээс авсан мөнгийг өөрийн хувийн бизнес болох Зэндмэнэ нэртэй харуул хамгаалалтын байгууллагын ажилдаа хэрэглээд дуусгасан учраас мөнгийг нь буцааж өгч чадаагүй.
... Би өөрийн танил Б гэх хүнээс газар гаргаж өгнө гэж хэлээд нийт 4,000,000 төгрөг өөрийн 5092053651 тоот дугаарын дансаар 2023 оны 05 дугаар сарын сүүлээр авсан юм. Тухайн газар авч өгөхдөө би хүн амьтнаар яриулж байгаад газар гаргуулж өгөхөөр оролдсон боловч хамтрах хүн олдоогүй. Анх Б өөрөө надаас газар асууж олоод өгвөл мөнгө өгнө гэж санал тавьсан юм. Одоо Бт мөнгө өгсөн зүйл байхгүй. Харин Г гэх хүнд 800,000 төгрөг өөрийнхөө 5092053651 тоот дугаарын дансаас 2023 оны 11 дүгээр сард шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 22, 26, 81, 113/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, Татварын Ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 50/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 51/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хх-ийн 52-53/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 54/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Гэм буруугийн талаар:
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан үйлдлээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.
Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэхийг ойлгоно.
Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч Б.О нь Бумбатын аманд 0.7 га хямд газар байна, 1 айлын газар 800.000 төгрөг гэж байна гэж хуурч хохирогч С.Бээс 2.400.000 төгрөгийг, хохирогч Э.Г, Т.Х нараас Э.Бээр дамжуулан тус бүр 800.000 төгрөг буюу нийт 1.600.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5092053651 тоот дансаар шилжүүлэн авсан нь мөнгө шилжин орсон тухай дансны хуулга, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Оын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын аманд 0.7 га хямд газар байна, 1 айлын газар 800.000 төгрөг гэж байна гэж хохирогч С.Бийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.400.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5092053651 тоот дансаар шилжүүлэн авч, мөн хохирогч Э.Г, Т.Х нарыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Э.Бээр дамжуулан тус бүр 800.000 төгрөг буюу нийт 1.600.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5092053651 тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 116-119 хуудаст авагдсан банкны хуулгаар тогтоогдсон, хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.О нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Оын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Бын Оыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Оыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ