Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

 

 

 

 

     2024       01         25                                   2024/ШЦТ/113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

 улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,

 шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т д холбогдох эрүүгийн 2307 00019 0251 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Биеийн байцаалт:      

 

 Холбогдсон хэргийн талаар:

            Д.Т  нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хохирогч М.А , Д.С ,  О.У , Т.Х , Ц.М , Д.Д , Т.Д , Н.Н , З.Н , З.А , У.Г , С.Э , Г.Д , С.А , В.Г , А.Б , Ч.С , Б.Н , С.Н , Д.А , П.И  нарын эзэмшлийн фейсбүүк хаягт хууль бусаар халдан нууц үгийг сольж өөрчилсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Т  нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хууль бусаар халдсан фейсбүүк хаяг дахь мессенжер чатыг ашиглан тэдний нэрийн өмнөөс ойр дотны хүмүүс рүү мөнгө зээлэх утга агуулгатай зурвас илгээж хохирогч Б.М-с 700,000 төгрөг, Ж.Д-аас 240,000 төгрөг, Ө.А гаас 700,000 төгрөг, Б.Н аас 1,200,000 төгрөг, М.Г аас 700,000 төгрөг, Б.А ээс 300,000 төгрөг, Б.Г аас 700,000 төгрөг, Ж-аас 1,000,000 төгрөг, Г.Т өөс 900,000 төгрөг, Г.Х аас 1,000,000 төгрөг, Э.З гаас 100,000 төгрөг, Б.З ээс 900,000 төгрөг, Д.Г ас 1,000,000 төгрөг буюу нийт 9,440,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн өгсөн мэдүүлэг тайлбарын сонсож, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримттай танилцав.

Д.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай ээж ийм байдлаар мөнгө алдаж байсан. Мөн фейсбүүк цахим орчноос энэ төрлийн гэмт хэрэг байдаг талаар харж байсан. Би оюутан байсан учир ийм аргаар мөнгө олж үзье гэж бодсон. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг,  

Улсын яллагч хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Б.М ийн Налайх дүүргийн цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, хаан банкны .... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, S.Ts гэх фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат /1хх-ийн 12-21 дэх тал/,

Гэрч С.Ц-гийн “Би 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ...  нэртэй фейсбүүк цахим хаягаа алдсан. Миний фейсбүүк харьцаж байсан хаягийн нэр нь ... гэсэн нэртэй байсан бөгөөд тухайн фейсбүүк цахим хаягаас би өөрийн нууц кодоо мартчихсан байна. Өөрийн чинь гар утсан дээр 6 оронтой код ирвэл над руу явуулаад өгөөч гэж хэлж байсан. Тэгэхээр нь миний утсан дээр 6 оронтой код ирэхээр нь тухайн кодыг фейсбүүкээр харилцаж байсан хүн рүү явуултал удалгүй миний фейсбүүк хаяг орохоо больсон байсан. Тэгээд манай хүүхдүүд миний гар утас руу залгаад та мөнгө нэхээд байна гэж хэлэн. Тэгэхээр нь өөрийнхөө фейсбүүкийг алдсаныг мэдсэн. Миний найз болох Мөнхтунгалагаас 700,000 төгрөг авсан байсан. Мөнхтунгалаг нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 дахь тал/,

Хандалтын мэдээлэл /1хх-ийн 47 дахь тал/,

Хохирогч Б.М ийн “2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед миний танил эгч Ц гэдэг хүний ..... гэх фейсбүүк хаягаас эгчдээ 700,000 төгрөг зээлүүлээч оройхондоо буцаагаад өгөхдөө 750,000 төгрөг болгоод өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд та дансаа явуулаад ямар банкаар авахаа тодорхой бичээрэй гэсэн. Тэгсэн хаан банкны ... данс өгсөн. Тэгээд тухайн данс руу мөнгөө шилжүүлээд хийх гэтэл Н гэсэн нэр гарч ирэхээр нь би таны нэртэй данс биш байна гэсэн чинь миний интернэт банк болохгүй байгаа Н гэсэн данс байгаа гэсэн. Тэгээд би итгээд 700,000 төгрөгийг тухайн данс руу шилжүүлсэн. Удалгүй дахиад 500,000 төгрөг байна уу шилжүүлээч гэхээр нь шилжүүлэх гээд байж байтал Ц эгч надад битгий мөнгө өгөөрэй фейсбүүк хаягаа алдсан байна гэсэн стори хийснийг хараад залилуулснаа мэдээд Налайх дүүргийн цагдаагийн газар өргөдөл гаргасан. ... гэсэн тоот данснаас 700,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 50 дахь тал/,

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн интернет банкны хандалтын мэдээлэлд үзлэг хийсэн “Тухайн DVD-г компьютерт хийн нээхэд “хандалт” гэсэн бичигэй 2/6/2023 2:22 РМ 13КВ багтаамжтай Excel файл байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж файл руу нэвтэрч ороход ....., Device гэсэн бичигтэй 2 багана байсан ба ..... гэсэн багана дээр дарж ороход GN гэсэн бичигтэй 10 хандалтын мэдээлэл байв. Тухайн .... данс нь Г.Н /......../ эзэмшлийн данс ба хэрэг учрал болох үе буюу 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Т /.../ нь давхар нэвтэрч байсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлж Device гэсэн бичигтэй багана руу ороход тухайн ..... дансны интернет банк руу хандсан хүмүүсийн мэдээллийг харахад Д.Т /.../ нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 1502 удаа нэвтэрсэн. Ц.А нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 138 удаа нэвтэрсэн болох нь тогтоогдсон” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 60-62 дахь тал/,

Орон байранд нэгжлэг хийсэн “... тоотод “үзлэгээр том өрөөнд байрлах бор өнгийн зурагтын тавиур дээр байх делл загварын зөөврийн компьютерыг Д.Т гийн ашиглаж байсан iphone 12 pro max загварын гар утсыг тус тус хураан авч үзлэгийг дуусгав” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 66-67 дахь тал/,

Гэрч И.М-ын “Д.Т  бид хоёр 2023 оны 04 дүгээр сараас эхлэн хамт амьдарсан бөгөөд тухайн үеэс эхлэн миний эзэмшлийн iphоne X загварын гар утсыг ашиглах болсон. Ямар зорилгоор ашиглаж байсныг мэдэхгүй. Би Д.Т г гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар мөнгө олдог байсныг мэдэхгүй. Өмнө нь надад онлайн ажил хийдэг гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-72 дахь тал/,

Д.Т гийн гар утсанд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /1хх-ийн 77-88 дахь тал/,

Хохирогч Ж.Д гийн “Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар сургуульд Монгол хэл, уран зохиолын багш хийдэг. Тухайн үед буюу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байхад 17 цаг 10 минутын орчим манай сургуулийн сургалтын менежер А.Ц нь өөрийн фейсбүүк хаягаасаа 2 цагийн хугацаатай 240,000 төгрөг зээлээч миний интернэт банк болохгүй байна гээд .... дугаарыг дансыг өгсөн. Тэгээд би тухай үедээ нэг их юм бодолгүй өөрийн данснаас тухайн данс руу 17 цаг 28 минутад 240,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгө явуулснаас 5 орчим минутын дараа манай ажлын багш нарын фейсбүүк группт чатад “Манайхан Ц менежер фейсбүүк хаягаа хакердуулсан байна. Мөнгө асуувал битгий явуулаарай” гэсэн утга бүхий чат ирсэн. Тухайн чатыг уншаад би залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 224-225 дахь тал/,

Сидинд үзлэг хийсэн “Хаан банкнаас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 29/4789 дугаартай албан бичгээр ирүүлсэн 29/4789 гэсэн бичиглэлтэй CD-г албаны dell загварын компьютерт хийж нээхэд: Хандалт /2023.05.10 01:02, Microsoft Excel File, 19kb/ гэж хадгалагдсан 1 файл байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хандалт /2023.03.21 2:04, Microsoft Excel File, 13kb/ гэж хадгалсан файлыг нээж үзэхэд эхний хуудсанд гэмт хэргийн замаар гарсан мөнгийг хүлээн авсан дансны эзэмшигч А.Ц-ын интернэт банканд хэрэг гарах өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хандсан хандалтын төхөөрөмжүүдийг жагсаалтыг зураг 2 харуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн Device нэртэй хуудсыг нээж үзэхэд гэрч А.Ц-ын эзэмшлийн .... тоот дугаартай дансны интернэт банк руу нэвтэрсэн төхөөрөмжүүд болон тухайн төхөөрөмжүүдийг ашиглан хаан банкны интернэт банкны систем рүү нэвтэрч байсан иргэдийн жагсаалт байв. Гэрч Н.У-ийн интернэт банканд нэвтэрсэн байдлыг улаан өнгийн дөрвөлжин хэсгээр тодруулж харуулав. Iphone загварын ios 15_4_1 гэх нэртэй төхөөрөмжийг хамгийн их удаа ашигласан Д.Т-ийн ... мэдээллийг улаан дөрвөлжин хэсгээр харуулав” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 237-239 дэх тал/, 

Хохирогч М.А гийн “Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай дүү болох Д.Д-ын фейсбүүк хаягаас над руу чат бичээд та утасныхаа дугаарыг өгөөч гэхээр нь би өөрийн ... гэх дугаараа явуултал удалгүй дахин чат ирэхээр нь хартал маш чухал код явуулчихлаа та над руу мессежээр явуулаад өгөөч гэхээр нь би нэг их юм бодолгүй 6 оронтой кодыг нь буцаагаад явуулсан. Тэгээд удалгүй гэртээ очоод фейсбүүк рүүгээ орох гэтэл орж болохгүй байсан. Тэгэхээр нь би дүү болох А дээр иртэл таны фейсбүүк хакердуулчихсан юм шиг байна гээд удалгүй байж байтал Батширээтэд байдаг манай үеэл над руу залгаад чи яагаад мөнгө асуугаад юу болов гээд над руу залгасан. Тэгээд би хотод байдаг М.А руу залгаад сануулах гэж байтал аль хэдийнээ 1,350,000 төгрөгийг 2 хуваагаад С.М гэх хүний данс руу хийчихлээ гэж байсан. Тэгээд яаралтай ойр дотнын хүмүүстээ сануулаад мөн сумын групп дээр өөрийн хаягийг алдсан талаараа мэдэгдсэн түүнээс хойш өөр нэлээн хүмүүс рүү чат бичиж мөнгө асуусан байсан. Манай дүү болох М.А-аас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,350,000 төгрөгийг С.М гэх данс руу шилжүүлж авсан байсан. Би дансыг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 40-41 дэх тал/,

Хохирогч Д.С гийн “Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны Д.Д гэх манай авга ахын фейсбүүк хаягаас над руу дугаараа явуулаач гэхээр нь би утасны дугаараа явуултал удалгүй ах нь утасны дугаар руу чинь андуураад код явуулчихлаа очсон 6 оронтой кодыг ах руугаа явуулаадхаач гэхээр нь би утсан дээр мессежээр ирсэн 6 оронтой кодыг явуулчихсан. Тэгтэл удалгүй миний фейсбүүк хаяг орж болохгүй байсан. Тэгээд хүмүүсээс асуутал чиний фейсбүүк хакердуулчихлаа гэхээр нь би өөрийнхөө фейсбүүк хаягаар ойр дотнын хүмүүс болон фейсбүүк группүүдэд зар тавьж хаягаа алдсан талаар мэдээлсэн. Тэгтэл манай нөхрийн дүү болох Э.З  нь таны фейсбүүк хаягаас мөнгө гуйгаад байхаар нь М гэх хүний данс руу 100,000 төгрөг шилжүүлчихсэн шүү дээ гэж хэлж байсан. Түүнээс хойш хэд хэдэн хүн над руу утсаар залгаад чи яасан юм, яагаад мөнгө хэрэг болсон юм гэж асууж байсан. Тэгэхэд нь би учрыг нь тайлбарлаж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 107-108 дахь тал/,

Хохирогч О.У ийн “Би 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал үеэл эгч А-ийн эзэмшлийн фейсбүүк хаягаас “сайн байна уу, ямар дугаартай байгаа вэ” гэхээр нь өөрийн ... дугаарыг явуулсан. Удалгүй “хөгшин хүн мунгинаад нууц дугаараа андуураад явуулчихлаа” гэхээр нь гар утсанд ирсэн 6 оронтой кодоо явуулсан чинь миний фейсбүүк нэвтэрч болохгүй байсан. Миний ойр дотнын хүмүүст “сайн уу, түр 700,000 зээлээч, орой 770,000 болгоод өгье” гэсэн чат илгээсэн байсан. Тухайн үед би хөлийн хагалгаанд орох гэж байсан болохоор хүмүүс над руу залгаж асуугаад байсан тул мөнгө шилжүүлээгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 155-156 дахь тал/,

Хохирогч Т.Х ын “Би өөрийн Т.Х гэсэн фейсбүүк хаягаа 4 сард бусдад хууль бусаар алдсан. Тухайн фейсбүүк хаягаа сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 4 сард санагдаж байна. Миний таньдаг А гэх хүний фейсбүүк хаягаас код явуулчихсан байсан ба над руу уг кодыг эргүүлээд явуулчих гэхээр нь буцаагаад явуулсан. Тэгтэл удаагүй миний “Т.Х” гэсэн фейсбүүк хаяг руугаа орох гэсэн боловч болохгүй болохоор нь Улаанбаатар хотод байдаг хүү Б руу утсаар яриад А та өөрийнхөө фейсбүүкийн хаягаа хүнд өгсөн юм уу гэж асуухад А гэдэг ээжийнх нь таньдаг хүнээс код ирэхээр нь тэр кодыг нь буцаагаад явуулчихсан юм гэж хэлтэл хүү Б нь таны фейсбүүк хаягийг чинь хакердчихсан байна гэж хэлсэн. Тэр өдөр нь миний танил дүү Г над руу утсаар яриад танд мөнгө хэрэгтэй болсон юм уу, над руу явуулсан данс таны данс мөн үү гэж ярихаар нь эгчид нь ямар ч мөнгө төгрөг хэрэг болоогүй, чамаас мөнгө асуугаагүй шүү дээ гэж хэлтэл маргааш банк онгойхоор мөнгийг чинь хийе гэсэн чат ирсэн гэж хэлэхээр нь би өөрийн “Т.Х” гэсэн фейсбүүкээ бусдад хууль бусаар алдсанаа мэдсэн. Эхлээд миний танил А эгчийн фейсбүүк хаягийг хакердаад үүнээс дамжуулж миний фейсбүүк хаягийг хакердаж над руу код илгээсэн байсан. Тухайн үед миний фейсбүүк хаягаар дамжуулж миний танил дүү Ганцолмон руу 300,000 төгрөг зээлээч гээд хаан банкны ... тоот данс явуулчихсан байсан. Тэгээд Ганцолмон над руу утсаар яриад чатаар явуулсан данс таны данс мөн үү гэж асуухад би чамаас ямар ч мөнгө асуугаагүй шүү дээ, юун мөнгө яриад байгаа юм бэ гэж асуухад таны фейсбүүк хаягаас 300,000 төгрөг зээлээч гээд хүсэлт ирсэн гэж хэлэхээр нь эгч нь өөрийнхөө фейсбүүк хаягаа хууль бусаар алдчихсан цахим хаяг руугаа орж болохгүй байна гэж хэлсэн. Мөн фейсбүүкийн найз болох Энхжаргал гэдэг хүний хаяг руу орж таньдаг хүнээс нь 400,000 төгрөг авчихсан талаар найз Энхжаргал над руу утсаар ярьж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 220-221 дэх тал/,

Хохирогч Ц.М ийн “Би .... тоотод оршин суудаг бөгөөд тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ажил дээрээ байх үед миний танил эгч болох А-ийн ашигладаг D.A гэх фейсбүүк хаягаар миний ашигладаг Ts.M гэх хаяг руу “сайн уу ямар дугаартай байна” гэхээр нь би өөрийн ашигладаг .. дугаарыг өгтөл над руу “өө би сая залгах гэж байгаад хэрэгтэй кодоо дугаар руу чинь явуулчихлаа, наад кодоо над руу явуулаад өгөөч” гэхээр нь би тухайн үед юу ч бодоогүй 923016 гэсэн кодыг явуултал фейсбүүк хаяг маань орохоо больчихсон юм. Тэгээд удаагүй гэртээ ирээд байж байтал миний эгч Ц над руу залгаад “чиний фейсбүүк хаягаар мөнгө гуйсан чат ирээд байна” гэхээр нь фейсбүүк хаягаа алдсанаа мэдсэн. Миний хамт ажилладаг охин Бямбанасан руу “сайн уу нэг гуйлттай байна, өнөөдөртөө багтаагаад буцаагаад хийчихье 700,000 төгрөг байна уу, эргүүлээд 750,000 төгрөг болгоод өгье” гэж чат бичиж хаан банкны .. Н.М гэх дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,400,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Миний танил Ө-ийн охин А мөн энэ утгаар чат бичиж уг данс руу 700,000 төгрөгийг авсан байсан. Би уг 2 хүний мөнгийг өөрийн ашигладаг хаан банкны ... дугаарын дансаар төлчихсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 248 дахь тал/,

Хохирогч Ө.А гийн “Би ..... тоотод ээжийн хамтаар оршин суудаг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай танил Ц.М ийн ашигладаг “Ts.M” гэх хаягаар миний ашигладаг A гэх хаяг руу “700,000 төгрөг хэрэгтэй байна аа эргүүлээд 750,000 төгрөг болгоод өгье” гэхээр нь би М-ийг өөрийг нь чат бичиж байна гэж бодоод түүний өгсөн хаан банкны .... дугаартай М гэдэг хүний данс руу 700,000 төгрөгийг өөрийн ашигладаг Голомт банкны .... дугаарын данснаасаа шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 23-24 дэх тал/,

Хохирогч Б.Н ийн “Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 75-54 тоотод гэр бүлийн хамтаар оршин суудаг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг. Би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ажилтай явж байхад миний хамт ажилладаг эгч болох Ц.М ийн ашигладаг Ts.M гэх хаягаас миний ашигладаг Od JS B гэх хаяг руу “сайн уу ажил нь сайн уу, нэг гуйлттай ккк чамд түрдээ хүн рүү хийх 700,000 төгрөг байна уу, өнөөдөртөө буцаагаад 750,000 болгоод хийчихье гэх үед нь би юу ч бодолгүй Ц.М  эгчийг өөрийг нь байна гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Тэгээд байж байтал ойролцоогоор 3 цагийн дараа Майцэцэг эгч над руу залгаад “чи над руу мөнгө шилжүүлсэн үү, би фейсбүүк хаягаа алдчихсан байна” гэж хэлэхэд нь би залилуулснаа мэдсэн. Би өөрийн ашигладаг Төрийн банкны ..... дугаарын данснаас Ц.М  эгчийн утасны дугаар болох ... дугаарын утгыг тавиад шилжүүлсэн. Тэгээд байж байтал дахин чатаар чамд нэмээд хийх хэдэн төгрөг байгаа юу, 500 байхад болно маргааш хийчихье гэхээр нь хэрэг болсон юм байлгүй дээ гэж бодоод өөрийн орлого авдаг данснаас буюу Төрийн банкны .... дугаарын данснаасаа мөн өмнөх утгаа тавиад өмнөх данс руугаа хийсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 37-38 дахь тал/,

Хохирогч Д.Д гийн “Би Баянзүрх дүүрэг 16 дугаар хороолол 36в байрны 36 тоотод гэр бүлийн хамтаар оршин суудаг бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид жолоочийн ажил хийдэг. Намайг 2023 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ байхад миний үеэл эгч болох Д.А  /.../-гийн ашигладаг A.D гэх хаягаар миний ашигладаг D.D гэх хаяг руу “А эгч нь байна, ойрд та хэдтэй холбогдож чадахгүй байна, ямар дугаартай байна вэ” гэж асуухаар нь өөрийн ашигладаг ... дугаарыг өгтөл надад 6 оронтой код ирсэн. Түүнийг нь эгчийн хүсэлтээр эгч рүү явуултал миний фейсбүүк хаяг орохоо больсон” гэх мэдүүлэг /3хх-ийн 88-89 дэх тал/,

Хохирогч М.Г ийн “Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын үед гэртээ буюу .. тоотод байхад миний фейсбүүк дэх M.G гэх хаягт найз С-ийн S.Ch гэх хаягаас чатаар сайн уу найзаа нэг гуйлттай гэсэн чат ирсэн за гэхэд миний интернет банк болдоггүй ээ түрдээ хүн рүү хийх сая төгрөг байна уу оройхон ажил тарах цагаар буцаагаад хийе гэхээр нь би 700,000 төгрөг байна гэсэн тэгээд болно гээд над руу Хаан банкны ... тоот С гэсэн данс явуулсан. Би өөрийн хаан банкны ... тоот данснаас 700,000 төгрөгийг тухайн дансанд .... гэсэн утгаар хийсэн. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би найз С-өөс мөнгөө авъя гэхэд миний фейсбүүк хаягийг хакердаад өөр хүн нэвтрээд хүмүүсээс мөнгө гуйсан байна гэсэн. Иймээс би өөрийгөө бусдад залилуулсан гэж үзээд гомдол гаргахаар ирсэн. Би Сайнтөртэй 20 жил нөхөрлөж байгаа тул итгээд найз маань мөнгөний хэрэг гарсан байна гэж бодоод мөнгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 137 дахь тал/,

Гэрч Ч.С ийн “Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын үед миний S.Ch гэх фейсбүүк хаягт миний B.A гэх фейсбүүк хаягаас сайн уу ямар дугаартай байна гэж мессеж ирсний дагуу би өөрийн .... дугаарыг өгөхөд надад өө би сая залгах гэж байгаад хэрэгтэй кодоо дугаарт чинь явуулчихлаа хэлээд өг гэсний дагуу би утсанд ирсэн 698904 гэсэн кодыг чатаар илгээсэн. Тухайн үед надаас нэг гуйлттай хө гээд миний интернет банк болохгүй байна түрдээ хүн рүү хийх 700,000 байна уу, оройхон 8, 9 цагийн үед 750,000 болгоод хийе гэсэн чат ирсэн. Би боломжгүй байна гэсэн. Би өөрийн фейсбүүк хаяг руугаа эхнэрийнхээ фейсбүүк чатаас чат бичсэн боловч блок хийсэн байсан. Өдөр 12 цагийн үед миний утас руу хамт ажиллаж байсан найз нөхөд, дүү нар залгаад та хаана яваад байна фейсбүүкээр мөнгө гуйгаад гэсэн. Тэгээд би фейсбүүкээ алдчихлаа гэж хэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр найз Ч.Г-аас дансаа илгээсэн. Тэгээд би Ганхуягтай холбогдоход 700,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би фейсбүүкээ алдаад сэргээж авсан талаараа хэлээд цагдаад гомдол гаргах талаар зөвлөгөө өгсөн. Би миний фейсбүүк хаягийг ямар хүн ашиглаад мөнгө гуйсан талаар мэдэхгүй байгаа. Одоогийн байдлаар 2 хүн мөнгө шилжүүлсэн талаар надад хэлсэн байгаа” ” гэх мэдүүлэг /3хх-ийн 139 дэх тал/,

Гэрч Т.С-ийн “Би Хас банк болон Хаан банканд данс эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар хаан банканд .., ...., .., ..... данс эзэмшиж байна. Би ..., ...., .... данснуудыг би өөрөө нээж хэрэглээндээ ашиглаж байгаа бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүк цахим орчинд B.O гэх хаягтай хүнтэй цахимаар ажил хийж 1,600,000 төгрөгийн цалин аваарай гэх утгатай байршуулсан зарын дагуу холбогдоод өөрийн хаан банкны .... тоот данстай холбоотой интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг тухайн хүнд 26 хоног ашиглуулахаар өгсөн. Тэр хүн миний интернет банкийг ашиглаад .... тоот дансыг нээсэн байх гэж бодож байна. Би тэр хүнтэй чатлахад над руу тэр хүн анх сайн байна уу, манайх биткойн болон крипто валютын гүйлгээ цэнэглэлт хийдэг хувь хүмүүс байгаа юмаа. Ажлын хувьд таны эзэмшдэг дансыг 26 хоногийн турш ажлынхаа гүйлгээнд ашиглаад 1,600,000 төгрөгөөр цалинжуулна, ажиллах хугацаандаа дансаа давхар ашиглахгүй байх бөгөөд дундаас нь зөвшөөрөлгүй зарлага гарсан тохиолдолд эрүүгийн хариуцлага үүрэх болохыг анхаарна уу, баттай ажиллах бол хариу үлдээнэ үү гэж чат бичсэн. Би тухайн хүнд өөрийн хаан банкны мөнгө байхгүй дансны нууц үг, нэвтрэх нэрийг илгээж дансаа 26 хоног ашиглуулж цалин авахаар тохирсон боловч надад цалин өгөөгүй бөгөөд миний нэр дээр өөр данс нээж гүйлгээ хийсэн байсан. Надтай фейсбүүк хаягаар харилцсан хүнтэй дүрст дуудлага хийж байгаагүй тухайн хүнийг хаанаас надтай харилцсан талаар болон тухайн хаягийн цаана эрэгтэй, эмэгтэй хүн байсныг би мэдэхгүй байна. Миний нэр дээр байх хаан банкны ... тоот дансанд 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хаан банкны .... тоот данснаас .... гэсэн утгаар 700,000 төгрөг, хаан банкны ..... тоот данснаас Ч.С  гэсэн утгаар 700,000 төгрөг орсон байсан бөгөөд тухайн мөнгийг орсны дараа 1,399,000 төгрөг хаан банкны .... тоот дансанд .... гэсэн утгаар шилжүүлсэн байсан. Би миний дансанд гэмт хэргийн замаар алдагдсан мөнгө орж байсан гэдгийг өнөөдөр мэдлээ. Цагдаагийн байгууллагаас холбогдсоны дараа би дансны нууц үг солиод өөрөө ашиглах байгаа. Би дахин бусдад дансаа ашиглуулахгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 141 дэх тал/,

Т.С-ийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 152-155 дахь тал/,

Хохирогч Т.Д ын “2023 оны 05 дугаар сарын 20-ноос хойш фейсбүүк хаяг руу хуучны танил А-ийн фейсбүүк хаягаас гар утасны дугаар асууж чат бичсэн ба би өөрийн 99799403 дугаарыг хариуд нь өгсөн. Тэгсэн би код андуураад явуулчихлаа гэхээр нь миний гар утсанд ирсэн кодыг өгсөн. Тэгсэн миний фейсбүүк хаяг нэвтрэхээ больсон. А бид нар хуучин Жигжидийн лагерт нэг зусланд байдаг байсан. Д.Г-иас 1,000,000 төгрөг, Э-ээс 300,000 төгрөгийг миний фейсбүүкийг ашиглаж авсан байна лээ. Эд нар цагдаад хандсан байгаа” гэх мэдүүлэг /3хх-ийн 217-218 дахь тал/,

Хохирогч Д.Г йн “2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим ......-т байрлах ажил дээр байхад R.D хаягаас түрдээ хүн рүү явуулах 1,000,000 төгрөг байна уу 20 цагийн орчим буцаагаад явуулъя гэхээр нь хүнээс асууж байгаад мөнгө явуулъя та дансны дугаараа нэртэй нь явуулчих гэсэн. Тэгэхэд хаан банкны ..... дугаартай Л гэсэн эзэмшигчтэй дансыг над руу өгсөн. Тэгээд би ажил дээрээ байхдаа 2023 оны 05 дугаар сарын 27-ны 14 цаг 33 минутад өөрийн 5022461405 тоот данснаас хаан банкны .... дугаартай Б.Л эзэмшигчтэй данс руу ... гэсэн гүйлгээний утгатайгаар 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд ажил цэгцрэхээр нь ажлын дугаар болох ... дугаараас Роза эгчийн .... дугаар руу 18 цаг 11 минутад залгаад миний явуулсан мөнгө нөгөө хүний данс руу орсон уу гэж асуухад Роза эгч юун мөнгө яриад байгаа юм бэ, ойлгохгүй байна гээд ач охин Сувдааг надтай яриулсан. Гэтэл R.D гэх фейсбүүк хаяг хакердуулж өөр хүн надтай Роза эгчийн фейсбүүк хаягаар харилцсан байсан” гэх мэдүүлэг /6хх-ийн 249-250 дахь тал/,

Хохирогч Н.Н ын “Би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед гэртээ байхад манай хамт ажилладаг эгч Ц-ийн S.Ts гэх нэртэй фейсбүүк хаягаас би чам руу нэг код андуураад явуулчихлаа тэрийг буцаагаад над руу явуулаач гэсэн чат ирсэн байхаар нь миний ... дугаарын утсанд ирсэн 8 оронтой кодыг би явуулсан. Тэгээд удалгүй миний фейсбүүк орж болохгүй болсон. Тэгээд миний ойр дотнын хүмүүс юун мөнгө асуугаад байгаа юм бэ гэж залгахад нь би фейсбүүкээ алдсанаа мэдсэн. Тэгээд миний фейсбүүк рүү халдсан гэх үл таних хүн Хаан банкны ...., .... гэсэн 2 дансаар миний танил Т гэх дүүгээс 900,000 төгрөг, Х-аас 1,000,000 төгрөг, .... гэх Хятад захирлаас 1,000,000 төгрөг, А-ээс 300,000 төгрөг нийт 3,200,000 төгрөг залилж авсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 15-16 дахь тал/,

Хохирогч Б.А ийн “Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр .... тоот ажлын байрандаа байхад манай найз Н-ын “Н.Н” гэх фейсбүүк хаягаас сайн уу яаралтай мөнгө зээлээч зээл төлөөд орой 7-гоос өмнө буцаагаад өгнө гэсэн. Тэгээд би дансыг нь асуухад хаан банкны .... тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь мөнгөө нэхэж залгахад фейсбүүкээ алдсан талаараа мэдсэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 21-22 дахь тал/,

Хохирогч З.Н ын “Би N.N гэх фейсбүүк хаягийг 5-6 жил ашигласан бөгөөд зураг нь би өөрөө хар куртиктай зогсчихсон зурагтай хаяг байсан. Тухайн хаягийг би 2023 оны 06 дугаар сард алдсан бөгөөд яаж алдсан бэ гэвэл манай төрсөн дүү А-ийн “З.А” гэсэн фейсбүүк хаяг алдагдчихсан байсныг би мэдэлгүй чатлаад над руу нэг код ирсэн байсныг асуухад нь хэлж өгөөд тэгээд удалгүй би хаягаа алдсан. Одоо би өөр N.Z гэсэн хаяг нээгээд ашиглаж байгаа. Миний тэр хаягаар бол хүмүүс мөнгө алдаагүй. Би даруй арга хэмжээ авч чадсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 79-80 дахь тал/,

Хохирогч З.А ийн “Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ буюу .... тоотод байхад миний оюутны ангийн найз Д-ийн фейсбүүк хаягаас сайн уу найз, би утсаа хаячихсан чиний дугаарыг мэдэхгүй байна. дугаараа үлдээгээч гэхээр нь би өөрийн ... дугаарыг өгсөн. Тэгсэн маргааш нь найз нь код андуураад чиний дугаар руу явуулчихлаа гэхээр нь миний гар утсанд ирсэн нэг удаагийн кодыг мэдсэн. Тэгсэн удалгүй миний фейсбүүк хаяг ашиглагдахаа больчихсон. Улмаар миний фейсбүүк хаягийг ашиглаж миний төрсөн эгч Н-ын фейсбүүк хаяг болон арван жилийн ангийн найз Д-ийн эхнэр А-ийн фейсбүүк хаягийг мөн авчихсан байсан. Миний фейсбүүкийн найз болох ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд, арван жилийн найз, хамаатан садан нар руу түрдээ 1,000,000 төгрөг зээлээч гэсэн чат илгээгээд байсан. Одоохондоо над руу залгаад мөнгөө авъя эвсэл би хохирчихлоо гэсэн хүн байхгүй. Гэхдээ миний фейсбүүк хаягийг ашиглаад ойр дотнын хүмүүсийн фейсбүүкийг хууль бусаар авсан байна лээ” гэх мэдүүлэг /4хх-ийн 84-85 дахь тал/,

Хохирогч У.Г гийн “Би 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр миний U.G нэртэй фейсбүүк хаягт миний танил эгч Н гэх хүний фейсбүүк хаяг болох N.N гэх хаягаас сайн уу ямар дугаартай байна гэх чат ирсний дагуу би өөрийн ... дугаарыг явуулсан. Эгч нь хүн рүү явуулах гэж байсан кодоо андуураад явуулчихлаа. Буцаагаад явуулаад өгөөч гэхээр нь би нэг удаагийн кодоо өгчихсөн байсан. Тэгсэн ойр дотнын хүмүүсээс найз нь ярьж болдоггүй, хуралтай байна, түрдээ хүн рүү шилжүүлэх 1,000,000 төгрөг байна уу, банк болдоггүй, орой 8, 9 цагт буцаагаад шилжүүлье гэх миний хаягаас ойр дотнын хүмүүс рүү бичиж мөнгө нэхээд эхэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Мөнгө шилжүүлсэн хүн байхгүй. Гэхдээ хүмүүсээс мөнгө нэхээд асуугаад мөнгө байхгүй болохоор нь гар утасны дугаарыг асуугаад, код андуураад явуулчихлаа гэж хэлээд кодыг нь аваад байгаа юм. Иймд олон хүн хохирч болзошгүй байна” гэх мэдүүлэг /4хх-ийн 131-132 дахь тал/,

Хохирогч С.Э гийн “2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байхаа тухайн өдөр би хүргэн хүү болох О-ийн гэр болох ... тоотод байхад миний эзэмшлийн E.S гэх хаяг руу манай танил болох А-ийн эзэмшлийн A.D гэх хаягаас над руу эхлээд 1,000,000 төгрөг зээлээч гэсэн чат ирсэн бөгөөд тухайн үед надад мөнгө байхгүй гэсэн хариу өгтөл удалгүй над руу эргүүлэн сая 6 оронтой код санаандгүй явуулчихлаа, гар утсанд чинь ирсэн кодыг буцаагаад өгөөч гэхэд гар утсанд ирсэн 6 оронтой кодыг А-ийн эзэмшлийн хаяг руу явуулаад удалгүй байж байтал танилууд залгаад та мөнгө зээлэх гэж байгаа юм уу гэхэд үгүй гэтэл та фейсбүүк хаягаа хакердуулчихсан байсан бөгөөд маш их хүн рүү мөнгө нэхэж чат бичсэн байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 193-194 дэх тал/,

Хохирогч Г.Д гийн Н.Н гэсэн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн чат ирсэн. Тэр үед надад мөнгө байхгүй байсан. Тэгээд учирлаж хэлтэл чиний гар утас дээр нэг код ирсэн байгаа тэр кодыг надад явуулаад өгөөч гэсэн. Тэгээд явуулаад удаагүй байтал миний өөрийн эзэмшлийн G.D нэртэй фейсбүүк хаяг орж болохгүй болсон байсан. 2023 оны 06 дугаар сарын 20-ны үе байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 37-38 дахь тал/,

Хохирогч С.А гийн “Би 2023 оны 06 дугаар сарын 20-нд ажил дээрээ байхад миний нөхрийн арван жилийн ангийн охин болох З.А-ийн “Ч.З” фейсбүүк хаягаас сайн уу ямар дугаартай байгаа вэ гэсэн чат ирэхээр нь би өөрийн ... дугаарыг явуулсан. Удалгүй найз нь нэг код андуураад явуулчихлаа буцаагаад явуулаад өгөөч гэхээр нь би өөрийн ... дугаарт ирсэн кодыг явуулсан. Тэгсэн миний фейсбүүк хаяг ашиглагдахаа больчихсон. Удалгүй ойр дотнын хүмүүс залгаад яагаад мөнгө хэрэг болов гэхээр нь би алдсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /5хх-ийн 88-90 дэх тал/,

Хохирогч В.Г гийн “Би Хан-Уул дүүргийн .... тоотод оршин суудаг бөгөөд Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтарч ажилладаг, тээврийн хэрэгслийн зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн .... ХХК-ийн захирлын ажил хийдэг. Би 2023 оны 07 дугаар сарын 03-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ялалт плазагийн 7 давхарт хурлын зааланд байх үед миний авга эгч болох С.Н гийн ашигладаг Н гэх нэртэй фейсбүүк хаягаас миний ашигладаг G гэх нэртэй фейсбүүк хаяг руу эгчдээ утасныхаа дугаарыг өгөөч, утсан дээр чинь 6 оронтой код очно тэрийг явуулаад өгөөрэй гэхэд нь би завгүй байсан болохоор юу ч бодолгүй өөрийн утсанд ирсэн 6 оронтой тоог Н эгчийн чат руу явуулаад фейсбүүкээ алдсан. Түүнээс 5 орчим минутын дараа миний найзууд над руу залгаад фейсбүүк хаягаа алдчихсан уу, чиний фейсбүүкээс мөнгө нэхээд байна гэхэд нь би фейсбүүк хаягаа алдсанаа мэдсэн” гэх мэдүүлэг /5хх-ийн 132-133 дахь тал/,

Хохирогч А.Б ы “Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байхад хуучны танил Э-гийн эзэмшлийн фейсбүүк хаягаас сайн байна уу ямар дугаар дээр байгаа вэ гэсэн чат ирсний дагуу би өөрийн ... дугаарыг өгсөн. Тэгсэн удалгүй яана аа, би нууц дугаараа андуураад явуулчихлаа гэхээр нь миний гар утсанд ирсэн 6 оронтой тоог явуулчихсан. Гэтэл удалгүй миний A.B нэртэй фейсбүүк хаяг нэвтрэхээ больчихсон. Тэгсэн удалгүй миний найз Ганболд залгаад яасан найз, мөнгө хэрэгтэй болсон юм уу, 2,000,000 төгрөг нэхсэн байна гэхээр нь би өөрийн фейсбүүк хаягаа алдсан гэж мэдсэн. Би бүх хүмүүст анхааруулж хэлсэн. Гэхдээ миний олон ах дүү нараас 700,000 төгрөг зээлээч гэж бичсэн байсан. Миний танил Ч.С-ийн фейсбүүк хаягийг авчихсан байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 174-175 дахь тал/,

Хохирогч Ч.С ийн “Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр миний “S.Ch” гэх хаягт хуучны танил буюу Хил хамгаалах ерөнхий газарт хамт ажиллаж байсан А.Б-ийн фейсбүүк хаягаас сайн байна уу ямар дугаартай байгаа вэ гэж чат бичихээр нь би өөрийн ... дугаарыг явуулсан. Гэтэл өө би сая залгах гэж байгаад андуураад хэрэгтэй дугаараа явуулчихлаа хэлээд өгөөч гэхээр нь би миний гар утсанд ирсэн 698904 дугаарыг явуулсан. Гэтэл дахиад нэг гуйлттай хө, миний интернет банк болдоггүй. Түрдээ хүнд шилжүүлэх 700,000 байна уу, оройдоо 750,000 болгоод явуулъя гэхээр нь би ойлгоод хөдөө явж байна гэж хэлсэн. Удалгүй миний дугаарт залгаад юу болоод мөнгө нэхээд байна гэх болсон. Тэгээд би удалгүй фейсбүүкээ сэргээж авсан. Миний фейсбүүк хаягийг ашиглаж надад илгээсэн текстээ хүмүүст явуулсан байсан. Б.Г  гэх миний цэрэг байсан хүн 700,000 төгрөг, М.Г болох миний найзаас мөн мөнгө авсан байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 230-231 дэх тал/,

Хохирогч Б.Г ын “2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 9-10 цагийн орчимд өмнө нь хамт ажиллаж байсан бригадын генерал Ч.С ийн фейсбүүк хаягаас яаралтай мөнгө хүн рүү мөнгө явуулах хэрэгтэй болчхоод байна. Интернет банк болохгүй байна. Түрдээ энэ хүн рүү шилжүүлэх 700,000 төгрөг байна уу, орой 750,000 төгрөг болгоод өгье. Утган дээр нь нэр бичээрэй гэсэн чат ирсний дагуу хаан банкны .. дугаарын данс руу мөнгө 700,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 13 цагийн орчимд Ч.С  генерал би энэ бишээ гээд чат биччихсэн байсан. Тэгээд би бусдад залилуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /5хх-ийн 235-236 дахь тал/,

Хохирогч Ж  /.../-ий “Миний бие 2023 оны 05 дугаар сард өөрийн ажлын байр болон Гранд плазагийн 15 давхарт байж байхад манай хамт ажилладаг эмэгтэйн цахим хаяг болох N.N гэх нэртэй цахим хаягаас над руу хандаж мөнгө байвал өгөөч орой эргүүлээд буцаагаад өгье гэхээр нь би өөрийнхөө ашигладаг хаан банкны .... дугаарын данснаас тухайн хүний өгсөн .. данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Тэгээд байж байтал дараа нь Н эгч над руу утсаар холбогдож миний фейсбүүк алдагдсан байна. Танаас мөнгө авсан уу гэж хэлж байсан. Тэгээд би түүнийг цахим хаягаа алдаж миний бие өөр үл таних хүнд залилуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 72-73 дахь тал/,

Хохирогч Г.Т ийн “Миний бие энэ оны 05 дугаар сарын 28-ны өдөр зусланд байж байх хугацаанд манай хамт ажилладаг хүний фейсбүүк хаяг болох  N.N гэх хаягаас эгч нь хүү рүүгээ явуулах гэсэн юм, мөнгө дутаад болдоггүй орой 20 цагт эргүүлээд өгнө 1,000,000 төгрөг өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө ... гэсэн дугаарын данснаас түүний өгсөн данс болох ..... данс руу 900,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хариу бичилгүй байхгүй болсон. Тэгээд би тухайн өдөртөө манай эгч цахим хаягаа залилуулсан талаар мэдээд, үл таних хүнд залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /6хх-ийн 90-91 дэх тал/, 

Хохирогч Б.Н ын “Би 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед миний танил хүн болох Н.Н гэх эгчийн фейсбүүк хаягаас ирүүлсэн Hi, ямар дугаартай байна гэсэн чатны дагуу би өөрийн ... дугаарыг бичиж явуулсан. Удалгүй уучлаарай кодоо андуураад явуулчихлаа гэхээр нь би санамсаргүй ирсэн мессежээ скрийн шот хийгээд явуулсан. Ойролцоогоор 30 минут орчмын дараа миний фейсбүүк орохоо больсон. Удалгүй хүмүүс залгаж ямар учраас мөнгө асууж байгаа юм бэ гэхээр нь би өөрийн фейсбүүк хаягаа алдсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 107-108 дахь тал/,

Хохирогч С.Н гийн “Миний бие энэ оны 2 дугаар сард өөрийн гэр болох ... тоот гэртээ байж байх хугацаанд манай танил болох Н.Н ын N.N гэх нэртэй цахим хаягаас чухал дугаар явуулчихлаа эргүүлээд өгч тус болооч гэхээр нь би явуулчихсан. Тэгээд байж байтал төд удалгүй миний цахим хаяг нэвтрэхээ байгаад гарчхаад байсан. Тэгээд би өөрийнхөө нууц үгийг хийж үзсэн ч гэсэн болохгүй байсан. Тэгээд би Н-аас асуусан чинь би өөрөө ийшээ би хаягаа хакердуулсан хүн байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би өөр хүнд нууц үгээ хэлээд цахим хаягаа алдсанаа мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 152-153 дахь тал/,

Хохирогч С.Ц-ийн “Миний бие энэ оны 06 дугаар сард өөрийн гэр болох .... тоотод байхад манай танил болон Н.Н ын N.N гэх нэртэй цахим хаягаас чухал дугаар явуулчихлаа эргүүлээд өгч тус болооч гэхээр нь би явуулчихсан. Тэгээд байж байтал төд удалгүй миний цахим хаяг нэвтрэхээ байгаад гарчихсан байсан. Тэгээд би өөрийнхөө нууц үгийг хийж үзсэн ч гэсэн болохгүй байсан. Тэгээд би Н.Н аас асуусан чинь би өөрөө бишээ би хаягаа хакердуулсан хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би цахим хаягаа хакердуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 152-153 дахь тал/, 

Хохирогч Д.А гийн “Миний бие энэ оны 02 дугаар сард өөрийн гэр болох ... тоот гэртээ байхад манай хамаатны охин болох О.У ээс над руу чухал кодоо явуулчихлаа тэрийг над руу явуулаад өгөөч гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн Удвалцэцэг рүү цахимаар ирсэн кодоо өгсөн байгаа. Тэгтэл хэд хоногийн дараа би гэртээ байж байхад манай үр хүүхэд болон ах дүү нараас над руу залгаад таны цахим хаягаас бусдаас мөнгө нэхээд байна шүү дээ. Энэ юу болж байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгээд би цахим хаягаа алдсан байсан. Миний хаягийн нэр D.A гэх нэртэй цахим хаяг байсан. Би тухайн цахим хаягаа 5-6 жил орчим тогтмол ашигласан байгаа” гэх мэдүүлэг /6хх-ийн 157-158 дахь тал/,

Хохирогч Г.Х ын “Миний бие энэ оны 05 дугаар сарын 28-ны өдөр зуун айлын барилгын материалын дэлгүүрээр явж байх хугацаанд манай хамт ажилладаг Н эгчийн цахим хаяг болох N.N гэх нэртэй хаягаас 1,000,000 төгрөг байвал данс руу шилжүүлж өгөөч гээд ... гэсэн Л гэх нэртэй данс руу өөрийнхөө хаан банкны ... гэсэн данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Тэгээд би тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдэх гээд Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр очиж уулзсан чинь мөнгө шилжүүлсэн газраа өргөдлөө өгнө гэхээр нь би Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр очиж өргөдлөө өгөх гэсэн боловч олоогүй. Тэгээд тухайн үедээ Нармандах эгч өргөдөл өгсөн болохоор орхичихсон юм” гэх мэдүүлэг /6хх-ийн 162-163 дахь тал/,

Хохирогч Э.З гийн “Миний бие энэ оны 03 дугаар сард өөрийнхөө гэртээ байж байх хугацаанд манай бэр эгч С-ийн цахим хаяг болох S.S гэх цахим хаягаас над руу яаралтай 100,000 төгрөг шилжүүлээд өгөөч, оройдоо би эргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхрийн данс болох .... дугаарын данснаас 100,000 төгрөгийг өгсөн данс болох .... гэсэн данс руу шилжүүлсэн байгаа. Тэгээд би эгчээс маргааш нь мөнгөө авах гэсэн чинь манай эгч цахим хаягаа алдчихсан та бүхэнд сэрэмжлүүлж хэлэхээ мартчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би өөр хэн нэгэнд залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 167-168 дахь тал/,

Хохирогч Б.З ийн “2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ... дүгээр сургууль ажил дээрээ ажлаа хийж байх үед манай танил П.И  гэгчийн П.И гэсэн хаягаас хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн миний интернет банк болохгүй байна түр 500,000 төгрөг байна уу гэхэд би дансаа гэтэл над руу ... Н гэсэн данс явуулсан ба тухайн дансыг нөгөө хүний данс шууд мөнгөө хийчих гэж хэлсэн. Төд удалгүй ахин над руу чат бичээд ахин саяны данс руугаа 400,000 төгрөг хийх боломж байна уу, орой нийлүүлээд буцаагаад өгье гэсэн тул би тухайн данс руу ахин өөрийн утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичээд шилжүүлсэн. Төд удалгүй над руу П.И  залгаад багшаа би фейсбүүк хаягаа хакердуулсан байна гэсэн тул би залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /6хх-ийн 203-204 дэх тал/,

Гэрч Н.Н-ын “Би Д.Т гэх хүнийг танихгүй. Хотод байдаг байцаагч нэрийг нь хэлж байсан. Түүнээс бусдаар бол мэдэхгүй. Энэ дансыг би 2020 онд Улаанбаатар хотод хэрэглээндээ зориулж нээлгэж байсан. Надаас өөр хүн ашиглаж байгаагүй. Энэ данс одоо барилт хийлгэсэн байгаа болохоор би ашиглах боломжгүй байна. Урьд нь фейсбүүкээр холбогдсон нэг хүн хэсэг ашиглаж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 5653117760 тоот дансыг би ашиглаагүй. Т гэх хүн ашиглаж байсан. Тухайн үед Э.Ц гэх фейсбүүк хаягтай хүн сарын 800,000 төгрөгийн цалинтай ажил байна гэсэн зар тавьсан байсан бөгөөд би мэдээлэл авахаар холбогдоход дансаа ашиглуулбал 28 хоногт 800,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд би тэр хаягтай чаталж байгаад өөрийн интернет банкны нэвтрэх нэр кодыг өгсөн. Бодвол энэ хаяг нь хуурамч цаана нь Т гэх хүн байсан юм шиг байна. Гэхдээ надад дансаа ашиглуулсан гээд ямар нэгэн авсан мөнгө байхгүй” гэх мэдүүлэг /6хх-ийн 245 дахь тал/,

Хохирогч П.И гийн “2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэртээ амарч байх үед миний танил Б эгчийн Б.Н фейсбүүк хаягаас сайн уу эгч нь ярих гэсэн юм утсаа гэхэд нь би ... дугаараа өгтөл төд удалгүй миний утсанд зурвас ирсэн ба тухайн зурваст 6 оронтой тоо ирсэн тул би асуухад андуураад явуулчхаж хэд гэсэн тоо байна гээд надаас тухайн кодыг аваад би хариуд нь явуултал миний цахим хаяг орохоо больсон. Тэгтэл гэнэт манай танил над руу утасдаад мөнгөө авъя гэсэн тул би фейсбүүк хаягаа хакердуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад хандах болсон.. Үүний дараа З багш над руу залгаж мөнгийг чинь шилжүүлсэн шүү гэхээр нь юун мөнгө гэсэн чинь чи чатаар мөнгө зээлээч гэхээр нь явуулсан шүү дээ гэж хэлэхэд нь би фейсбүүк хаягаа алдсанаа мэдсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 206-207, 7хх-ийн 29 дэх тал/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс дараах нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалт, чанарын албаны даргын “Д овогтой Т нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл, холбооны технологийн сургуульд суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /1хх-ийн 118 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 120 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 126 дахь тал/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 130 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Г” ХХК-ий захирлын “Манай компанид Д овогт Т /..../ нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн өдийг хүртэл усны барилгын зураг төсөлд туслах ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар Д.Т  нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд ШУТИС-ийн Кибер аюулгүй байдлын 2 дугаар курст суралцаж байсан, түүний эх нь урьд цахим орчинд бусдад залилуулж мөнгө алдаж байсан гэх бөгөөд бусдын фейсбүүк хаяг дахь зураг, хувийн мэдээллээс өндөр настай, фейсбүүк идэвхтэй хэрэглэдэггүй хүмүүсийг сонгож, “та нууц үгээ мартсан уу” цэсийг ашиглан гар утасны дугаарт илгээгдсэн нэг удаагийн кодыг андуурч илгээсэн мэтээр мессенжер чат бичин итгүүлж, нэг удаагийн кодыг авах аргаар фейсбүүк хаяг руу халдан орж улмаар нэвтрэх нууц үгийг сольдог байсан, уг фейсбүүк хаяг дахь чатыг ашиглан найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй нь харьцаж итгэл төрүүлэн мөнгө шилжүүлэн авдаг гэх үйл баримт тогтоогдлоо.

            Д.Т  нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хохирогч М.А , Д.С ,  О.У , Т.Х , Ц.М , Д.Д , Т.Д , Н.Н , З.Н , З.А , У.Г , С.Э , Г.Д , С.А , В.Г , А.Б , Ч.С , Б.Н , С.Н , Д.А , П.И  нарын эзэмшлийн фейсбүүк хаягт хууль бусаар халдан нууц үгийг сольж өөрчилсөн,

Бусдын фейсбүүк хаяг дахь мессенжер чатыг ашиглан тэдний нэрийн өмнөөс ойр дотны хүмүүс рүү мөнгө зээлэх утга агуулгатай зурвас илгээж хохирогч Б.М аас 700,000 төгрөг, Ж.Д гаас 240,000 төгрөг, Ө.А гаас 700,000 төгрөг, Б.Н аас 1,200,000 төгрөг, М.Г аас 700,000 төгрөг, Б.А ээс 300,000 төгрөг, Б.Г аас 700,000 төгрөг, Ж  /Zhangman Zhang Chunling/-аас 1,000,000 төгрөг, Г.Т өөс 900,000 төгрөг, Г.Х аас 1,000,000 төгрөг, Э.З гаас 100,000 төгрөг, Б.З ээс 900,000 төгрөг, Д.Г ас 1,000,000 төгрөг буюу нийт 9,440,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тэдэнтэй харилцан мессенжер чат, дансаар мөнгө шилжүүлсэн баримт, бусдын интернэт банк болон дансыг ашигласан баримт зэргээр хангалттай нотлогдсон байна.

Кибер орчин гэдэг нь мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчинг хэлнэ гэж тодорхойлжээ.

Фейсбүүк хаяг нь мэдээллийн системд хамаарах ба үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан, түүнд нэвтрэх нууц үгийг засварлаж өөр болгосон бол мэдээллийн агуулгыг хувиргаж өөрчилсөн гэж ойлгоно.

Фейсбүүк хаяг хэрэглэгч тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй, кибер орчинд мэдээлэл эзэмших эрх, мэдээллийн сүлжээний аюулгүй байдалд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон идэвхтэй үйлдэл хийгдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг төгсдөг онцлогтой.

Бусдын фейсбүүк хаягт халдаж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж дүгнэв.

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар халдан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн байх, бодитой хохирол учирсан байхыг шаарддаг.

Бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдлүүд нь учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Д.Т  нь 21 удаагийн үйлдлээр кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг, 13 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг хэрэглэх нь хуульд нийцнэ.

Харин энэ хэргийн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг журамлан хэрэглэх үндэслэлгүй юм. 

Иймд Д.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнгэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Нэг талаас амар хялбар аргаар мөнгө олох санаа сэдэл, нөгөө талаас хувийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сул, мэдлэг дутмаг, хайхрамжгүй харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.   

Д.Т гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий 21 хохирогчийн кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл эзэмших эрх зөрчигдсөн, мөн нэр бүхий 13 хохирогчид 9,440,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Т  нь учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Т г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч Д.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс уг саналыг дэмжсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заасан сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Д.Т гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан байдал, 21 настай, оюутан, эцэг, эх нь хөдөө орон нутагт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн санаатай гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдыг эд хөрөнгө бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинж чанар, учирсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Д.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт хэмжээг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр тогтоолоо.

Д.Т  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүрс бичлэг бүхий CD 3 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох Д.Т д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Т д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т д оногдуулсан торгох ялыг 2 хүртэл жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүрс бичлэг бүхий CD 3 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ