| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2019/0000/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 28
Л.Алтангэрэлд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаар шүүгчийн захирамжтай Л.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 19360034700264 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын Алтангэрэл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалтаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклыг 2019 оны 06 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн иргэн *******ид 1700000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Л.Алтангэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж” шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүхэлд нь дүгнэж чадаагүй, хэрэгт ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл юу болох, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй заалтуудыг дурдаж хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анх шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ховд аймгийн прокурор газраас яллагдагч Л.Алтангэрэл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 9 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн Chonging Hongli маркийн улаан өнгөтэй мотоциклыг 2019 оны 6 дугаар сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт оршин суух *******ид 1.700.000 төгрөгөөр худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Л.Алтангэрэлд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Л.Алтангэрэлд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.
Анхан шатны шүүх нь яллагдагч Л.Алтангэрэлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдсон бөгөөд талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 33.4.1, 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ. / хх-ийн 159-160 дугаар тал/,
Өөрөөр хэлбэл шүүх гэм буруугийн шүүх хуралдаан хийхээр шүүх хуралдааныг товлон зарласан байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж байгаа учраас шүүх, шүүх хуралдааныг гэм буруугийн болон хариуцлагын гэсэн хоёр үе шаттай явуулахаар дараалал тогтоож, шүүх хуралдаан явуулжээ. / хх-ийн 175 дугаар тал/
Анхан шатны шүүх Л.Алтангэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаан хийсэн атлаа, уг хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-т заасан “ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.“ гэх заалттай нийцээгүй байхаас гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар “эрүүгийн хэрэг хүлээн авсан шүүгч мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж тодорхойлжээ. Шүүх энэ хуульд зааснаар хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах байжээ.Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан агуулгаар анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаахаар бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар буцаахаар зохицуулсан байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/148 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Л.Алтангэрэлд холбогдох 1936003470264 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Л.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.ТУЯА