Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0636

 

 

 

 

                                                                                           Ш.Е нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ш.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т

Нэхэмжлэгч Ш.Е

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Х.Е

Гуравдагч этгээд Е.Н

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 081 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 110/2026/0040/3

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 081 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5.2, 32.6, 32.8.2, 32.8.3, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

 2.1. “Нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг явуулахдаа хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа.

2.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”. 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”

32.5.-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:”

32.5.1-д хэлэлцэх асуудал санаачлах;

32.5.2.-т асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

32.5.3.-т Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;

32.5.4.-т Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох;

32.5.5.-д хуралдааны дэгийг сахих гэж багийн иргэдийн эрх үүргийг нарийвчлан хуульчилж өгсөн.

2.3. Мөн хуулийн 32.6-д “…Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.” гэж заасан ба “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тов тогтоох тухай” тогтоолыг тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Ж.М гаргаагүй болно.

2.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна.” гэж тодорхой заасан ба өмнөх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга уг заалтыг үндэслэж тогтоол гаргах ёстой байсан.

2.5. Энэ багийн сонгууль ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй ба тогтоол гаргаагүй байхад явагдсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна.” гэж заасан. Мөн хуулийн 32.8.1-д “баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;”, 32.8.3-т “Хурлын хуралдааны даргыг сонгох;”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж тус тус заасны дагуу бусад асуудлыг хэлэлцүүлэн 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг батлах, хурлын хуралдааны дотоод журмыг батлах ёстой байтал уг ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан материалуудаас харагдаж байна.

2.6. Тухайн өдрийн сонгуулийн ажлын хэсгийн дарга, нарийн бичиг, гишүүдийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар олонхын саналаар хэлэлцэлгүйгээр Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Ж, Хөдөө аж ахуйн тасгийн дарга С, Жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн А, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н, нярав А, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга Т нар зохион байгуулахаар ирсэн байна гэж Ж.М танилцуулснаар сонгуульд нэр дэвшигч нар нэрээ дэвшүүлсэн байна.

2.7. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”  гэх заалтыг зөрчиж сонгуулийг явуулсан байна.

2.8. Ажлын хэсгийн багийн Засаг даргын сонгуулийг ямар зохион байгуулалтаар, ямар дэг, дотоод журмаар явуулсныг би мэдэхгүй гэж гэрч Д.С тайлбарласан байдал болон Ж, С, А, Н, А Т нар сонгуулийг зохион байгуулсан гэж шүүхэд гэрчээр асуугдсан тэмдэглэлээс харагдаж байна.

2.9. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуралдааны дотоод журам, хуралдааны дэг, ямар зохион байгуулалтаар явуулах, сонгууль явуулах ажлын хэсгийг хэн ахлах, нарийн бичгийн дарга болон гишүүдэд ямар хүмүүсийг ажиллуулах, сонгуулийг хэдэн цагт эхэлж, хэдэн цагт дуусгах талаар хуралдаанаар хэлэлцэж тэмдэглэл үйлдээгүй асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь заалт, 32.8.1,32.8.2,32.8.3,32.8.4 дэх заалтууд болон 32.10-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй. Хуралдааны даргад баг, хорооны Засаг даргын албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно.” гэх заалтыг тус тус зөрчсөн байна.

2.10. Уг сонгуулийн эхний санал хураалтад 298 багийн иргэд оролцсон ба багийн Засаг даргад 4 хүн өрсөлдөж, Ш.Е 112, Е.Н 93, Д.Ж 63, А.Х 25 санал авснаар санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй байдаг.

3. Тус багийн Засаг даргыг сонгох 2 дахь санал хураалтад нийтдээ 89 хүн оролцсон болохыг нотлох баримтаар ирүүлсэн саналын хуудсанд шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийх ажиллагаа явуулахад тогтоогдсон.

3.1. Мөн шүүхийн зүгээс шаардсан нотлох баримтаар ирүүлсэн хүлээн зөвшөөрсөн Зауреш гэсэн он, сар, өдөргүй ямар хүн бичсэн нь тодорхойгүй бичигт 89 хүн санал өгсөн Е.Н 50 хүн, Ш.Е 39 хүний санал авсан байсан гэх бичигтэй тэмдэглэл болон хариуцагч /Х.Е-ний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед би бичсэн гэх/ тэмдэглэлүүд нь албаны бичиг баримтыг хууль, журмын хүрээнд бүрдүүлэх стандартыг зөрчсөн бичиг үсгийн алдаатай, агуулгын хувьд ойлгомжгүй тэмдэглэл, тогтоолуудыг шүүхээс нотлох баримтаар үнэлсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3.2. Алтанцөгц сумын Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчаар Х.Е-г сонгох тухай 11 дүгээр тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдаан даргалагч Ж.М гаргахдаа тус тогтоолын 2 дугаар заалтад “Тус сумын Хаш /1 дүгээр/ багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 298 иргэн оролцсоноос 163 иргэн буюу 54.69 хувийн санал авсан Х.Е-г Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар хоёр жилийн хугацаатайгаар сонгосугай” гэж тогтоол гаргасан нь мөн хуулийг зөрчсөн байна.

3.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.3, 32.10 дахь заалтыг үндэслэн Х.Е-нийг Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар шинээр сонгож батлах тухай тогтоол гаргах ёстой байтал 32 дугаар зүйлийн 32.5.4 дэх заалтыг баримталж хуулийн заалтыг буруу хэрэглэж тогтоол гаргасан байна.

3.4. Гэтэл 2 дахь санал хуралтыг явуулахаар нэр дэвшигч Ш.Е, Е.Н нарт гараар бичсэн бичигт гарын үсэг зуруулахдаа 16 цагаас эхэлж 21 цаг хүртэл санал авах ажлыг зохион байгуулж, саналын хуудас тоолохыг зөвшөөрч байна гэж гарын үсэг зуруулсан байна. Уг бичигт буй огноо, сар нь засвартай ямар хүн бичсэн нь тодорхойгүй байсан. Энэ асуудалд шүүхээс хууль зүйн буруу дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

3.5. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг хангаж тогтоол гаргах ёстой байтал уг тогтоолыг гаргалгүйгээр багийн иргэд тараад явсны дараа хоёр нэр дэвшигчээс саналыг асуугаад 16 цагт дахин сонгууль явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

3.6. Энэ талаар дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ” -гэх заалтыг зөрчсөн байна.

3.7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно”, 30.2.1-д “баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох;” заалтыг зөрчсөнөөс болж 210 иргэн саналын эрхтэйгээр оролцож чадаагүй байна.

3.8. Багийн Засаг даргыг сонгох 2 дахь санал хураалт явагдаж байх үед нэр дэвшигч нэрээ татсан гэх асуудлаар сонгуулийг зогсоох эрх ажлын хэсэг болон бусад албан тушаалтанд хуулиар олгоогүй болно. Үүнээс болж тухайн өдрийн өглөөний багийн Засаг даргын сонгуульд санал өгч оролцсон 209 иргэдийн хууль ёсны эрх нь зөрчигдсөн мөн нэхэмжлэгч Ш.Е нь эхний санал хураалтад 112 хүний санал авч 1-д бичигдэж байхад 2 дахь санал хураалтыг хуулийн хүрээнд явуулаагүйгээс болж миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн ба энэ талаар нэхэмжлэгч маань нэхэмжлэлдээ тодорхой бичсэн ба шүүх хуралдааны үед мөн болсон асуудлыг илэрхийлсэн гэж үзэж байна. /Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т тодорхой заасан/

3.9. Багийн  иргэдийн Нийтийн Хурлыг тухайн багийн хурлын дарга даргалж явуулах ёстой байсан боловч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т /тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч нар/ зохион байгуулан явуулсан нь: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтад “...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т-ы гар утсанд байгаа дүрс бичлэгийг нотлох баримтаар үнэлүүлэх асуудлыг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөх боломжгүй нотлох баримтаар шүүхээс үнэлэх боломжгүй талаар мэтгэлцсэн ч шүүхээс нотлох баримтаар үнэлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт, нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасны дагуу шүүхээс тогтоох ёстой шүүхээс энэ асуудлыг анхаарахгүйгээр шийдвэр гаргасан.

4.1. Анхан шатны шүүх хурлын хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс зөрчигдсөн хууль, тогтоомжуудын талаар тодорхой тайлбарлан мэтгэлцсэн боловч зөрчигдсөн хууль, тогтоомжуудыг шүүхийн зүгээс шийдвэрт тусгаагүй ба хууль зөрчөөгүй гэж хуулийг буруугаар тайлбарласан байна. Үүнд:

4.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;” гэх заалттай.
Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана.” гэж заасан, 63.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэх заалттай.

4.1.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-аас 32.5.5, 32.6., 32.7., 32.8 дугаар зүйлийн 32.8.1, 32.8.2, 32.8.3, 32.8.4, 32.10 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.5.3 дахь заалтуудыг зөрчиж тогтоол гаргасан нь дээрх хуультай зөрчилдсөн.
 


4.1.3. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна:” гээд 12.1.7-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;”  хамаарна гэж заагаад энэ хуулийн 9 дүгээр бүлэгт Төрийн алба хаагчийн нийтлэг эрх, үүрэг хориглох зүйлийг хуульчилсан. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гэж 39.1.6-д “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах;” гэх заалттай зөрчилдсөн байсныг шүүхээс хууль зүйн буруу дүгнэлт гаргаж шийдвэр гаргасан явдалд давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчийн хамт гомдол гаргасан.


5. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2026/0081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.  Нэхэмжлэгч Ш.Е-аас “Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”-аар маргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар Хурлын дарга болон багийн Засаг даргаа сонгох асуудлыг хэлэлцэхээр 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралджээ.

3.2. Тус хуралдаан нь 298 хүний ирцтэй 10 цаг 44 минутад эхэлж, хуралдааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч Ж.М нээн эхлүүлж, хуралдаанд оролцсон иргэдийн олонхын буюу 163 иргэний саналаар Х.Е Хаш багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож,  багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч сонгох тухай 11 дүгээр тогтоолыг батлан гаргасан байна. Багийн Засаг даргад нэр дэвшсэн Ш.Е 112, Е.Н 93, Д.Ж 63, А.Х 25 иргэдийн санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч хуралдаанд оролцсон иргэдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал аваагүй учир хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулахаар болсон байна.

3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ш.Е, Е.Н нарын дунд дахин санал хураалтыг тухайн өдрийн 16 цагт эхлүүлж 21 цагт дуусгахыг хоёр нэр дэвшигч зөвшөөрч энэ талаар тэмдэглэл үйлдэж, нэр дэвшигчид тус тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.

3.4. Дахин санал хураалтын үер 16 цаг 30 минутад нэхэмжлэгч Ш.Е-аас “...ард түмэн би та нарын өмнө дахин зөндөө ирнэ, гэхдээ би залуу хүн, надад ирээдүй байгаа, дараа нь намайг та нарын өмнө дахин ирэхэд хүлээж аваарай, энэ хүн тэтгэврийн насанд дөхөж байгаа юм байна, нэг удаа ч гэсэн ажлаа хийг, миний төрсөн нагац ах байгаа юм, би зээ дүүгийн хувьд өөрийнхөө нэрийг татаж байр сууриа түүнд өгч, бууж өгч байна” гэж хэлж багийн Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар татгалзсанаа илэрхийлсэн нь 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн зүгээс дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Мөн энэ талаар хуралдааны даргаар сонгогдсон Х.Е-ээс үйлдсэн тэмдэглэл буюу баримтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

3.5. Дахин санал хураалтад 89 хүн оролцсоноос Е.Н-д 50 хүн санал өгч, Ш.Е-д 39 хүн санал өгсөн гэж ажлын хэсгээс санал хураалтын дүнг гаргасан. Ш.Е-д санал өгсөнд тооцсон 39 саналын хуудаснаас 4 саналын хуудас нь Ш.Е гэдэг нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн боловч түүнд санал өгсөн нь тодорхой, Е.Н-дсанал өгсөнд тооцсон 50 саналын хуудаснаас 3 саналын хуудас нь Е.Н гэдэг нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн боловч түүнд санал өгсөн байх тул ажлын хэсгийн гаргасан дахин санал хураалтын дүн зөрүүтэй гарсан гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй.

3.6. Ийнхүү дахин санал хураалтаар Е.Н олонхын санал авсан гэсэн үндэслэлээр Е.Н-ыг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн. Уг тогтоолд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга Х.Е гарын үсэг зурж баталгаажуулсан.

3.7. Улмаар Алтанцөгц сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Е.Н-ыг 1 дүгээр багийн Засаг даргаар томилсон байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.2.-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4.-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.”, 32.5.-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:”, 32.5.1.-д “хэлэлцэх асуудал санаачлах;” 32.5.2.-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;”, 32.8-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;”, 32.8.3-д Хурлын хуралдааны даргыг сонгох, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заажээ.

4.2. Хэрэгт авагдсан Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, шинээр хуралдааны даргаар сонгогдсон Х.Е хуралдааны үед үйлдсэн баримтууд, гэрч нарын мэдүүлэг, дуу, дүрсний бичлэг зэрэг нотлох  баримтуудаар Алтанцөгц сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдаан нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан, хуралдаанд 298 иргэн оролцсон буюу нэхэмжлэгч хуралдааны товыг мэдсэнээр оролцсон. Хуралдааныг багийн Хурлын хуралдааны дарга Ж.М нээж удирдсан ба Хурлын хуралдааны дарга болон Засаг даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулахаар хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар шийдвэрлэсэн. Сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар сумын 4 багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор байгуулсан ажлын хэсэг тус багийн санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн Засаг даргын сонгуулийг явуулахдаа хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

4.3. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.6-т “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, ...томилно.” гэж тус тус зааснаас үзвэл, багийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх бөгөөд ийнхүү олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргаар сумын Засаг дарга томилохоор, харин санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлж, томилохоор заасан.

4.4. Иймээс, эхний санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан хоёр хүний дунд дахин санал хураалт явуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасантай нийцэж байна. Мөн дахин санал хураалт явуулахыг нэр дэвшигч нар хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

4.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэр дэвшигч нэрээ татсан гэх асуудлаар сонгуулийг зогсоох эрх ажлын хэсэг болон бусад албан тушаалтанд хуулиар олгоогүй, үүнээс болж тухайн өдрийн өглөөний багийн Засаг даргын сонгуульд санал өгч оролцсон 209 иргэдийн хууль ёсны эрх нь зөрчигдсөн, мөн нэхэмжлэгч Ш.Е нь эхний санал хураалтад 112 хүний санал авч 1-д бичигдэж байхад 2 дахь санал хураалтыг хуулийн хүрээнд явуулаагүйгээс болж миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

 4.6. Учир нь дахин санал хураалтын явцад нэхэмжлэгч Ш.Е нь Засаг даргад нэр дэвшихээс сайн дураар татгалзсанаа илэрхийлснээр багийн иргэд тарж, санал хураалтад ирсэн иргэд бүгд оролцоогүй нөхцөл байдалд ажлын хэсгийг буруутгах боломжгүй, харин дахин санал хураалтад оролцсон иргэдээс олонхын саналыг Е.Н авсан байх тул түүнийг багийн Засаг даргаар нэр дэвшүүлэхээр сонгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

4.7. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.” гэж заажээ.

4.8.  Хэрэгт авагдсан баримтаар Алтанцөгц сумын 1 дүгээр баг нь 162 өрхтэй болох нь тогтоогдсон байх тул дахин санал хураалтаар 89 иргэдээс санал хураасан нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д  заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн гэж үзэж хуралдааныг хүчинтэй тооцох үндэслэлтэй байна. Иймд Е.Н-ыг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, 32.6, 56 дугаар зүйлийн 56.5.2.-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

5. Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН