Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

 

 

 

   2024        01         16                                    2024/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

хохирогч Б.Л, хохирогч нарын өмгөөлөгч Ц.Даваажаргал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

өсвөр насны шүүгдэгч Ж.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтуяа, өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Н овогт Ж Э, Ш овогт Б Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2679 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нарыг бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синема некст төвийн гадна хохирогч Б.Н, Б.Л нартай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, газарт унагаах зэргээр хууль бусаар халдаж улмаар Б.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2306 00000 2679 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синема некст төвийн гадна 2023 оны 09 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө хохирогч Б.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

- БЗДЦГ ЦХ-З шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/,

 

Хэргийн газрын үзлэгийн 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн:

“...хэргийн газрын үзлэгийн бүрэлдхүүн хэсэг болсон гэх газар ирэхэд CU дэлгүүрийн үүд хэсэгт шороон зам дээр Б.Н нь биеийнхээ зүүн талаар хэвтсэн хамт явсан гэх түүний төрсөн ах Б.Л хажууд  нь сууж байх ба түргэн тусламжийн эмч 06:00-д ирж Б.Н, Б.Л нарын биед үзлэг хийж Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явав. Үзлэгийг цааш Б.Н хэвтэж байсан газар шинжээч мэргэжилтэний хамт хийхэд шороон зам цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 3 гэсэн тоон дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг 50 метр радиуст хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд зүйл илрүүлэх зорилгоор хийхэд хэрэгт ач холбогдолтой ул мөр эд зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгахаар тогтож 06:50 цагт дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/,

 

Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэтолгойд төрсөн ах Лын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ахын гэрээс гарч Цайз 16 орчим байрлалтай караокед орж дуу дуулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнө буцаад харихаар такси барих гэхэд олдохгүй байсан тул алхсаар байгаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Синима некст” үйлчилгээний төвийн гадаа ирсэн. Тухайн үйлчилгээний төвийн 1 давхарт байрлалтай “Си юу” дэлгүүрээс манай ах пиво авсан. Тэгээд Л ах бид 2 “Си юи” дэлгүүрийн үүдний шатан дээр сууж байхад үл таних 2 эрэгтэй хүүхэд ирээд мөнгө байна уу гэх мэт зүйл яриад өдөөд байхаар нь ах бид 2 тэр 2 хүүхдэд явчих аа гэж хэлээд маргалдаж байгаад явуулсан. Тэгтэл тэр үл таних 2 хүүхэд ертөнцийн зүгээр баруун зүгт явах шиг болсон. Тэгээд буцаж ирээд манай ахыг нэг хүүхэд нь өшиглөөд зууралдсан. Би салгах гэхэд хамт явж байсан арай жижиг биетэй нь надтай зууралдсан. Бид 4 нийлээд газар унасан. Хэн нь юм мэдэхгүй байна, дээрээс толгой, нүүр хэсэгт гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Би тэр үед ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн зүүн нүдний дээд талд оёдол тавиулж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд хамрын нуруу хугарсан, зүүн нүдний ойр орчим оёдол тавиулсан, зүүн нүдний хараа бага зэрэг тогтворгүй, толгой маш их зовиуртай, биеийн бусад хэсэг зулгаралт шарх их байна. Миний биед учирсан гэмтлийг ах бид хоёрыг зодсон 2 хүүхэд ээлжилж цохих, өшиглөх үйлдлээр л учируулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өөрийн дүү Нын хамт 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд орой 00 цагийн орчим дүүгийн хамт караоке орохоор гарсан. Дүү бид хоёр Цайз 16 орчим караокед орж пиво ууж, дуу дуулж байгаад шөнө 04 цагийн орчим гараад харих замаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синима некст” үйлчилгээний төвд байрлалтай “Си юу” дэлгүүрээс 4 лааз пиво авсан. Тэгээд дүү бид 2 авсан пивоо “Си юу” дэлгүүрийн шатан дээр суугаад ууж байхад үл таних 2 эрэгтэй мотоцикльтой ирж дүү бид хоёрын урд зогсоод “юм авах гэсэн мөнгө хүрэхгүй байна, мөнгө байвал өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр 2 хүүхдэд хандаж “мөнгө байхгүй, би та нарын уух юмны мөнгийг бэлдэх ёстой юм уу, аятайхан гуйхгүй юу” гэж хэлэхэд ямар том дуутай юм гэх мэтээр хэлж маргалдаад салсан. Тэгээд тэр 2 хүүхдийг яваа, хэрэггүй гэж хэлэхэд ертөнцийн зүгээр баруун зүгт явсан. Нөгөө үл таних 2 хүүхэд буцаж гүйж ирээд энэ муу хоёрыг алчихъя л даа гэхээр нь би шатан дээр сууж байгаад босоод очиход арай өндөр нуруутай хар савхитай залуу нь миний цээж хэсэгт өшиглөхөд манай дүү босож ирээд намайг өшиглөсөн залуутай зууралдахад арай жижиг нуруутай, цагаан цамцтай хүүхэд нь бас дайраад байсан. Манай дүүг зодож байсан өндөр нуруутай залуу нь манай дүүгийн нүүр хэсэгт нь гараараа цохиод унагахад би тэр залуутай барьцалдаж газар унасан. Тэгтэл дээрээс нөгөө намхан нь гараараа цохиод өшиглөөд байсан. Манай дүүг бас цохиод өшиглөөд байсан. Тэгж байгаад би хэсэг хугацаанд манарсан. Сэрэхэд манай дүү Н ухаан алдсан, бид хоёрыг зодсон 2 хүүхэд ”Си юу” дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэр хавиар явж байсан хүмүүс цагдаа дуудсан юм шиг байсан. Удалдгүй цагдаа нар ирсэн. Түргэн тусламж ирэхгүй их удаж байж ирсэн. Түргэн тусламж ирээд дүү бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Хүний биед үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн:

“Батсүрэнгийн Б нь хар өнгийн богино савхин хүрэмтэй, дотор талд энгэр хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цамцтай, доогуураа цэнхэр өнгийн 2 өвдөг хэсэгт шороо мэт зүйлээр бохирлогдсон жинсэн өмдтэй, хар цагаан өнгийн гуталтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Хувцсыг өөрөөр нь тайлуулж, үзлэг хийхэд толгойд хар өнгийн үстэй, биеийн хэлбэр зөв, гар хөлийн хуруунууд бүрэн, бүтэн хүзүүний урд хэсэгт 0.2x0.4 см, баруун дунд хэсэгт 0.2x1.5, 0.2хЗ.5 сантиметр орчим зулгаралтуудтай, шивээсгүй, биед өөр ямар нэгэн гэмтэл шарх, шивээсгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

“Жигжидсүрэнгийн Э нь цагаан өнгийн цамцтай, доогуураа саарал өнгийн жинсэн өмдтэй, саарал өнгийн дотуур хувцастай, хар цагаан өнгийн гуталтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Хувцсыг өөрөөр нь тайлуулж, үзлэг хийхэд толгойд хар өнгийн үстэй, биеийн хэлбэр зөв, гар хөлийн хуруунууд бүрэн, бүтэн, биед ил харагдах гэмтэл шарх, шивээсгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-32, 34-37/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11214 дүгээр:

“Б.Нын биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн ухархайн доод хана, дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулд шарх, дух, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, баруун мөр, баруун дал, эгэм, өвдөг, зүүн тохой, ташаанд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Нын биед учирсан зүүн хоншоор ясны урд ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний ухархайн доод, дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, урууланд шарх гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 50-53/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11195 дугаар:

“Б.Лын биед зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, хамрын таславчийн мурийлт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3үүн өвдөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-57/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн:

“...“Синима некст CU” нэрээр хадаглагдсан файлыг VLC media player ашиглан тоглуулж үзэхэд баруун дээд буланд 2023.09.03, 04:41:43 гэсэн он cap өдөр болон цагийн тэмдэглэл байх ба зүүн доод буланд “gadna zuun” гэсэн бичиглэлтэй байх ба бичлэгийг тоглуулахад хохирогч Б.Н Б.Л нар нь “CU" дэлгүүрийн үүдний шатан дээр суусан, Б.Б, Ж.Э нар шатаар дээшээ өгсөж байсныг зураг №2-т харуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд сэжигтэн Б.Б, Ж.Э нар нь буцаж шатаар буугаад 34 дэх секунтэд сэжигтэн Б.Бат- Амгалан нь мофид унасан, Ж.Э нь явган ирж хохирогч нартай ярилцаж байгааг Зураг №З-т харуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд бичлэгийн 49 дэх секунтээс эхлэн сэжигтэн Б.Б нь унаж явсан мопидноосоо бууж хохирогч Б.Н, Б.Л нартай маргалдаж байгааг Зураг №4, 5-т харуулав. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд бичлэгийн 2 минут 31 секунтэд сэжигтэн Б.Б, Ж.Э нар нь ертөнцийн зүгээр баруун тийш явж хохирогч Б.Н, Б.Л нар нь “CU” дэлгүүрийн шатны хажууд үлдэж байгааг Зураг №6-д харуулав. Уг бичлэгийн 3 минут 2 секундэд сэжигтэн Б.Б, Ж.Э нар нь ертөнцийн зүгээр баруун талаас алхаж ирээд Б.Б нь хохирогч Б.Лыг өшиглөөд баруун гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиход хохирогч Б.Н нь сууж байсан шатнаасаа босож очиход мөн Б.Б нь өшиглөж байгааг Зураг №7,8-д харуулав. Үзлэгээр сэжигтэн Б.Б, Ж.Э нар нь хохирогч Б.Н, Б.Л нартай зууралдан газар унав. Ж.Э нь Б.Н, Б.Л нарыг олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байгааг Зураг №9,10,11-т харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 62-69/,

 

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нас тоолсон:

“Жигжидсүрэнгийн Э нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 нас 08 сар 03 хоногтой байсан нь тогтоогдож байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 97/,

 

Хохирлын баримтууд /103-117/,

ЖАМ барилга эрчим хүч модон материалын мэдэгдэл, хөлсөөр ажиллуулах гэрээ, барилгын ажлын явцын зураг /хх-ийн 118, 119-120/,

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тухайн өдөр танил дүү Ж.Этай хамт 2023 оны 09 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Некст синима центрийн 1 дүгээр давхарт байрлах Си юү сүлжээ дэлгүүрээс тамхи авах гэж очиход тамхи зардаггүй гэж хэлсэн. Бид хоёр цааш явах гэтэл шатан дээр үл таних хүн сууж байхаар нь тамхи хаана зардаг вэ гэж асууснаар тухайн хоёр хүн бухимдаж маргаан эхэлсэн. Би дээгүүрээ цагаан өнгийн хувцастай хүний цээжин хэсэгт өшиглөж түүнтэй барьцалдан газарт унагааж түүний нүүрэн хэсэгт нь цохисон. Энэ үед түүнтэй хамт байсан хүн миний хойноос боож намайг салгах гэхэд нь би түүнийг түлхэж очоод шанаа хэсэгт нь 2 удаа цохисон. Энэ үед Э зодооныг салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн танил ах Бат- Амгалантай түүний гэрийн гадаа уулзсан. Бид 2 уулзаад дэлгүүр орж ундаа, бага зэрэг идэх юм авах гээд цахилгаан дугуйтай Улаанхуарангийн тийшээ явж байтал замд үл таних 2 ах таарахаар нь ойрхон онгорхой дэлгүүр байгаа болов уу гэж асуусан. Тэгтэл тэр 2 ах “гай болоогүй дээрээ эндээс зайл 2 писда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б ах “уусан идсэнээ шингээгээрэй ах нараа” гэж хэлсэн. Тэгтэл нэг ах нь ийшээ булан тойроод гарах уу гэх мэтийн зүйл яриад дайраад байсан. Тэгэхээр нь бид 2 цахилгаан дугуйнаасаа буугаад зогсож байх үед нөгөө 2 ах хүрээд ирсэн. Тэгэхэд Б ах нэг ахынх нь хөл рүү өшиглөсөн. Тэгээд шууд зодоон эхлээд над дээр хөнгөн бэртэлтэй нь ирээд намайг барьж авах гээд байхаар нь би зайгаа авсан. Тэгтэл над руу дайраад байсан ах Б руу очоод унагаасан. Би тэгэхээр нь барьж аваад салгаад нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл надтай зодолдож байсан ах зодолдохоо больсон. Бид хоёрыг зодолдохоо болиод байж байтал Б ах зодолдож байгаа хүнийхээ дээр нь гараад нүүр болон толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж байх шиг байсан. Бат- Амгалан ах цохиж байснаа шууд босоод тухайн хэвтэж байсан ахын толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд зодоон дуусаад байж байх үед Цагдаагийн алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 43/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/,

Өсвөр насны шүүгдэгч Ж.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/,

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 195 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон: Б.Нын сэтгэцэд дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Б.Нын дасан зохицохуйн хямралын шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэх шинжээчийн дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч нарын гэмтэл авсан байх үеийн нэг нэг гэрэл зураг,

Шүүгдэгч Б.Бгийн хөдөлмөр эрхэлдэг талаарх 1 хуудас Манал оточ эмнэлгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хийгээд ач холбогдолтой байх учир үнэн зөвд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан байх ба тухайн гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн үзэж зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байх бөгөөд 2.11 дэх заалтад “бүлэглэж” үйлдсэн бол хэмээн тогтоожээ.

 

Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд шинжээчийн 11214, 11195 дугаар дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирол, хөнгөн хохиролыг санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нарын хохирогч Б.Нын биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн ухархайн доод хана, дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулд шарх, дух, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, баруун мөр, баруун дал, эгэм, өвдөг, зүүн тохой, ташаанд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч Б.Лын биед зүүн хөмсөгний шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт, хамрын таславчийн мурийлт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Тухайн хэрэг болсон газар цаг хугацаанд хохирогч нар болон шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар харилцан зодолдсон үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд дан ганц шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын бусдын эрх, эрх чөлөө, бие махбодид нь шууд санаатайгаар халдан довтлож байгаа, хохирогч нар нь довтлож буй этгээдүүдийн хөдөлгөөнийг хориглосон, өөрсдийгөө хамгаалсан үйлдэл гаргаж байгаа үйл баримт камерын бичлэгт тодоор тусгагджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах,

511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 230.2 /Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана./-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.

3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,

дөрөв дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: хоёрдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 4-8%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан хохирол тооцохуйц баримтуудыг шинжлэн судлаад  хохирогч Б.Лд 563.237 төгрөгийн, хохирогч Б.Нт 3.709.602 төгрөгийн хохирол учирсаныг тогтоож шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогч тус бүрт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хоёрдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.

Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж хохиоргч Б.Нт олгох нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч нарт учирсан, шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарын хариуцвал зохих хохирлын нийт хэмжээг 9.772.839 төгрөгөөр тогтоож шүүгдэгч тус бүрээс тэнцүү хуваан гаргуулж хохирогч Б.Лд 563.237 төгрөг, хохирогч Б.Нт 9.209.602 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн “2024.01.16, “хохирол хүлээн авсан тухай” хохирогч Б.Л миний Хаан банкны 5720.....08 дугаар дансанд өсвөр насны шүүгдэгч Ж.Э 2024.01.16-ны өдөр 4.886.419 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Б 4.886.419 төгрөгийг мөн өдөр бэлнээр өгсөн болно” гээд хохирогч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэг, түүний хууль ёсны төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

Хохирогч Б.Л нь гэмт хэргийн улмаас биедээ гэмтэл авсны улмаас гүйцэтгэх ёстой байсан ажилаа гүйцэтгэж чадаагүйгээс гэрээний нөгөө тал гэрээг цуцалсан учир олох ёстой байсан 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Уг нэхэмжлэлийг тухай гэмт хэргийн хамтаар шийдвэрлэхэд учир дутагдалтай байх учир хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь хохирогч Б.Л нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан талаарх эмнэлгийн магадлагаа, дүгнэлт болон бусад холбогдох баримт, тухайн гэрээтэй холбоотой бусад дагалдах баримтууд хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд оролцогчоос гаргаж өгөөгүй байна.

 

Хохирогч нар нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн бусад хохирлыг холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас цаашид нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүх хуралдааны оролцогч нарын санал, дүгнэлтийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөнгөн ял болох торгох ялыг багавтар хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ял болох торгох ялыг бага хэмжээгээр тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялуудаас сонгож оногдуулах эрх зүйн зохицуулалттай учир өсвөр насны шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг багавтар хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг багавтар хэмжээгээр тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн нийт ялыг тогтоож, 2 дахин багасгаж, түүний оршин сууж байгаа засаг захиргааны нэгжээс гарахыг хязгаарлаж, тодорхой үүрэг хүлээлгэж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Н овогт Ж Э, шүүгдэгч Ш овогт Б Б нарыг бүлэглэн нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Бг тус тус,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өсвөр насны шүүгдэгч Ж.Эийг тус тус  шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3.400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Эрдэнэхуяагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, эдлэх ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч шүүгдэгч Б.Бд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 5 сарын хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Эт хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нар хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Лаас олох ёстой байсан орлого 10.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ж.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ