Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

       2024         01          30                                          2024/ШЦТ/119

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэг,

Хохирогч Н.А,

Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.М, Ц.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Т-д холбогдох эрүүгийн 2309000002830 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны .... дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халхл, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Н. Ф” ХХК-ийн импортын менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ............................. тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Т, ........................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь согтуугаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах З бааранд хохирогч Н.А-тай "уух юм хагалсан" гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын угт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309000002830 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Н.Аын өгсөн. "2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд би найзтайгаа хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо хүүхдийн зууд байрлалтай К лаунжид ороод нэг коктейль уугаад 00 цаг 30 минутын орчимд хажуу талд нь байх З баар луу орсон. Бааранд ороод дахиад нэг коктейль жүүстэй аваад суусан. Тэгээд найзтайгаа хамт сууж байтал танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хажуугаар өнгөрөхдөө эмэгтэй нь ууж байсан зүйлсийг маань хөлөөрөө унагааж хагалсан. Тэгсэн манай найз эмэгтэй Х тэр хүмүүст хандаж дөнгөж авсан уух зүйлийг маань хагалчихлаа аваад өгөөч гээд эвтэйхэн хэлсэн чинь залуу нь чадахгүй гээд агсам тавиад Х руу дайраад байсан. Би залуутай нь юу ч ярихгүй байж байгаад эмэгтэйд нь хандаж найзаа манай найз уух юмыг маань хагалсан болохоор уурлаад байгаа юм. Хагалсан юмаа төлөх хэрэгтэй байх гэж хэлсэн чинь би хагалаагүй төлж чадахгүй гээд уурлахаар нь би баарны хамгаалагч дээр очоод миний уух юмыг хүн хагалсан юмаа төлөх ёстой юу гэхэд за би асууя гээд цаашаа явсан. Тэгээд буцаж ирээд хэн хагалсан бэ гэхээр нь энэ эмэгтэй хагалсан гэж хэлэхэд би хагалаагүй гээд байсан тэгсэн нөгөө хамт явж байсан залуу нь над руу юун сүртэй юм бэ арчаагүй юм бэ гэж хэлээд дайраад байсан. Хамгаалагч надаас хаана хагалсан юм бэ гэхээр нь энд гэж зааж өгөхөд за за орхичих гэсэн. Тэгсэн Х руу нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 дайраад байсан ба эрэгтэй нь муухай хараалын үг хэлээд Хыг зодох гээд дайраад байхаар нь би тэр залууд хандаж чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гээд урдуур нь орсон чинь нүд маналзаад явчихсан чинь хамраас цус гарч эхэлсэн. Тэр залуу миний нүүр лүү мөргөсөн байсан. Тэгээд хамгаалагч нар салгаад Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг Цагдаагийн хэлтэс дээр авчирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч Л.Хын өгсөн: “...найз Аын хамт З нэртэй клуб pyy орсон. Ороод А бид 2 текнээс уух зүйл аваад хамгийн ард хэсэгт зогсож байтал гадуур хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд алхаж явж байх үедээ хөлөөрөө ууж байсан зүйл хагалчихсан. Тэгэхээр нь тэр хоёрт хандаж "Та хоёр уух зүйлийг маань хагалчихлаа" гэж хэлтэл эмэгтэй нь хаана уух зүйл байсан юм гэх зэргээр маргаад эхэлсэн. Тэгтэл цуг явж байсан эрэгтэй нь ирээд надтай маргалдаад над руу дайраад байсан. Тэгээд А эгч гарч байгаад ярилцъя гэж хэлээд тэр залууг дагуулаад гарах гэж байсан. Тэгтэл тэр эрэгтэй эргэж хараад манай эгч Аын хамар хэсэгт духаараа нэг удаа мөргөчихсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14071 дугаартай "1.Н.Аын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын угт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна." гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 18-22/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан камерын бичлэг хэрэгт авагдаагүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хохирогч өөр хүнд цохиулсан байх магадлалтай гэснийг хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Н.Аыг уух юм асгаад хагалчихлаа гэх асуудлаа болж маргалдан эрх чөлөөнд нь халдаж нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын угт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан  нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Аын эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын угт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт: "Хамар засах том хагалгаанд орно гэсэн, жил таарахгүй байгаа учраас хүлээгээд байж байна. Түүний төлбөр 5 000 000 төгрөг гэсэн" гэж мэдүүлсэн бөгөөд шүүх ирээдүйд гарах эмчилгээний зардлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй тул дээрх эмчилгээгээ хийлгэсний дараа баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Харин хохирогч Н.Аын хавтас хэргийн 44-р хуудсанд хавсаргасан 310 586 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримт нь нотлох баримтын шаардлага хангасан тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Ж.Тд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М, Б.Мнараас шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн тул торгох ял оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Н. Ф” ХХК-ийн импортын менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ................. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ........................... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй талаар төрийн үйлчилгээний нэгдсэн системийн авсан тодорхойлолт, лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 37-41/ зэрэг авагджээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг, шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбодсон, шүүх хуралдаанаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, түүний хувийн байдал, цаашид засарч хүмүүжих боломж олгох үүднээс хүлээн авахгүйгээр шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн 310 586 төгрөгийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ийг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хохирогч Н.А-ын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ