Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

 

 

 

  2024         02          06                                    2024/ШЦТ/147                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Д.Агар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

хохирогч А.З,

иргэний нэхэмжлэгч Ц.Б,

шүүгдэгч Е.А, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Ен Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303 00737 0008 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.А нь Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Сансарын тойргийн замд 2023 оны 10 дугаар сарын 22-ны оройн 22 цаг 30 минутын орчим Тоёота Приус 30 маркийн 62-60 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.”, 3.7 а “... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа яваа Тоёота Аксио маркийн 58-24 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зорчигч А.Зын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Е.А нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Зам тээврийн осол дээр тогтоосон 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 05-06/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн:

“...Сансарын тойргийн замын ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлийн 1 дүгээр эгнээнд Тоёота Аксио маркийн 58-24 УНК автомашины зүүн хоёр буфер, крыло, хонхойж дугуй гэмтсэн байдалтай зогсох ба уг автомашины зүүн хойд талд замаас гарсан байдалтай 52-60 БӨҮ улсын дугаартай автомашины урд буфер, гэрэл, крыло эвдэрсэн байдалтай зогсох ба зам орчны байдал нь асфальт, шулуун тэгш, хуурай суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвастай, 3 эгнээ, явган хүний замтай хашлагатай, хайсгүй байлаа, осол үйлдэгдсэн А цэгийг тогтоож А үсэг, үл хөдлөх В цэгээр Сансарын тойрогт байрлах дугааргүй гэрлийн шонгоор авч хэмжилт хийхэд А цэгээс Тоёота аксио хүртэл 15.60м, А цэгээс Тоёота приус 30 хүртэл 24.60м, тойрог замын өргөн 11.60м, А цэгээс хашлага хүртэл 6.0м, Тоёота приус 30 автомашины зүүн урд дугуйнаас хашлага хүртэл 3.80м, зүүн хойд дугуйнаас 5.20м байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09/,

 

 Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн хх-ийн 11/,

Хохирлын баримтууд /хх-ийн 22-25, 137-139/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 54, 56/,

 

Иргэний нэхэмжлэгч К.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...  Би 2023.10.22-ны өдөр 22:00 цаг өнгөрч байхад Сансарын тунелийн баруунаас зүүн тийш чиглэлийн автобусны буудлаас өөрийн эзэмшлийн тоёота аксио маркийн 58-24 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон Сансарын тойргоор эргээд 3-4 дүгээр хороолол орохоор явсан. Тэгээд Сансарын тойргоор эргэх үед миний машины зүүн хойд талын дугуй, крыло хэсэгт маш хүчтэй мөргөх чимээ гарч машин бүтэн эргээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлийн нэг талдаа 3 эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд хөндлөн зогссон. Би хэсэг хугацаанд юу болоод байгааг мэдэхгүй хэсэг сууж байгаад машинаас гараад харахад миний машины зүүн хойд хэсэг эвдэрч гэмтсэн байдалтай байсан. Миний машины зүүн хойд талд хөх өнгийн Тоёота приус 30 маркийн автомашин замаас гарч явган хүний зам дээр байрлах цэцгийн мандалтай ургаа мод мөргөөд зогссон байсан. Би тэр үед өөрийн гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтэл байхгүй.

... Миний Toyota Axio маркийн 56-24 унк улсын дугаартай авто машинд 3.735.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд миний машиныг мөргөсөн буруутай жолооч миний машиныг засуулах мөнгийг гаргаж өгч би авто машинаа засуулж авсан гэх мэдүүлэг /хх 28, 119/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найз Зын хамт зүс таних залуугийн машинтай хүргэлт хийхээр Сансарын автобусны буудлаас Сансарын тойргоор эргэж 3-4 дүгээр хороолол явсан. Тэгээд Сансарын тойргоор эргэж байх үед араас маш хүчтэй мөргөх чимээ гарч миний сууж явсан машин зам дээрээ эргээд зогссон. Ослын дараа найзтайгаа хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд толгой доргилттой хэвлийн зөөлөн эдийн гэмтэлтэй харьяа дүүргийнхээ эмнэлгийн хяналтад байх, хэвтрийн дэглэм сахих, хөл сойх, толгойны томографийн зураг авахуулах шаардлагатай гээд эм бичиж өгсөн. Одоо биеийн байдал гайгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.З нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь Эруүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавагааны баримт бичгээр тогтоогдож байна, Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” Гэх мэдүүлэг /хх-ийн 123/,

 

Хохирогч А.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найз Бгийн хамт Сансарын тэндээс 3-4 дүгээр хороолол орохоор зүс таних залуугийн машинаар Сансарын тойргийн замаар явж байхад араас машин мөргөж миний сууж явсан машин зам дээрээ эргээд хөндлөн хараад зогссон. Тухайн үед би автомашины арын суудалд сууж явсан ба Гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхэд ил харагдах гэмтэл шарх байхгүй боловч нарийн шинжилгээ өг, хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

 Гэрч Р.Бибинурын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би нөхөр Е.Айболотын хамтаар 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансарын тойргийн орчимд явж байхад манай нөхөр жолоо барьж явахдаа надтай юм ярьж байгаад дуугүй болохоор нь хартал жолоогоо барьсан ухаангүй болоод машиныхаа хаазыг гишгээд урдаа явж байсан Тоёота Аксио маркийн саарал өнгийн авто машиныг мөргөөд зогссон. Ингээд нэг харахад ойр орчмын хүмүүс ирээд манай нөхрийн хамранд үнэртэй ус үнэртүүлээд ухаан оруулсан ингээд удалгүй яаралтай түргэн тусламжийн авто машин ирээд мөргүүлсэн машинд сууж явсан хоёр эмэгтэй болон манай нөхөр бид дөрөв гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод манай нөхөр юу болсныг мэдэхгүй, миний хэлж байгаа зүйлийг ойлгохгүй, эмнэлгээ машинтайгаа явъя гэх мэтийн зүйл хэлээд шокийн байдлаасаа гаргахгүй байж байгаад нэг цаг орчмын дараагаас ухаан санаа нь хэвийн болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13783 дугаартай:

“Ц.Бгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 60-61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13784 дугаартай:

“А.Зын биед бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хажуугийн сэртэнгийн зөрүү багатай далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 67-68/,

 

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 69-70/,

 

Бодит үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7913 дугаартай:

“Тоёота королла аксио маркийн 58-24 УНК улсын дугаартай автомашины ослын улмаас учирсан хохирол 3.735.000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1697 дугаартай:

“Самсунг эс 9 гар утасны дэлгэцийг 150.000 төгрөгөөр, Самсунг эс 9 загварын гар утасны арын тагийг 10.000 төгрөгөөр, нийт 160.000 төгрөгөөр үнэлэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130-133/,

 

Шүүгдэгч Е.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 62-60 БӨҮ улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэрийн хамт 13 дугаар хорооллын тэндээс гэртээ харихаар гарсан. Тэгээд Сансарын тойрог руу өгсөөд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байгаад түнелийн зүүн талын гэрлэн дохиотой уулзвар өнгөрөөд явж байснаа санаж байна. Тэрнээс хойш толгой эргээд хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэхэд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Манай эхнэрийн хэлж байснаар Сансарын тойргийн замд явж байгаад машин мөргөөд замаас гарсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Е.Аын хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 13-20/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээнүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Е.А нь Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Сансарын тойргийн замд 2023 оны 10 дугаар сарын 22-ны оройн 22 цаг 30 минутын орчим Тоёота Приус 30 маркийн 62-60 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.”, 3.7 а “... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа яваа Тоёота Акио маркийн 58-24 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч А.Зын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудсууд, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Е.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Е.Аын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодож оролцсоны улмаас зам тээврийн осол гарч, уг осолын улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.

Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдол нь гэмт хэргийн шинжид хамаардаггүй учир тухайн гэмтсэн хүн нь хохирогч бус иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог учиртай.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Е.А нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас хохирогч А.Зд эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох эмнэлгийн байгууллагуудаас үзүүлсэн төлбөр 120.000 төгрөг гарсан байх бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу уг төлбөрийг холбогдох гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд шүүгдэгч Е.А нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд 120.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Б нь шүүх хуралдаанд 1.541.580 төгрөг нэхэмжлэн холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ц.Бд өнгөрсөн хугацаанд хохирол төлбөр төлөөгүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 1.541.580 төгрөгийн хохиролыг нотлох баримтын хүрээнд нөхөн төлсөн болно.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Б нь эмчилгээний зардал, Дархан хотод амьдардаг ба Улаанбаатар хотод ирээд буудалд байрласан зардал, ослоос болж 14 хоног ажилгүй байсан хугацааны зардал, унааны зардалын хохирол нэхэмжилсэн, нийт 3.000.000 төгрөгийн хохиролыг гэмт хэргийн улмаас учирсан болохыг нотлох баримтгүй байх учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөений аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.

3.8 дугаар зүйлд “ Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,

дөрөв дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.

 

Хохирогч А.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 754.570 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн, шүүгдэгчээс 4.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

 

 Хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн хохирлыг 7.150.000 төгрөгөөр тогтоож, үүн дээр 754.570 төгрөгийн нэмж, нийт 7.904.570 төгрөгийн хохирол учирснаас хохирогчид төлсөн 4.000.000 төгрөгийн хасаж, шүүгдэгчээс 3.904.570 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Улсын яллагчийн зүгээс гаргасан “шүүгдэгчид торгох ял оногдуулах” агуулга бүхий дүгнэлт нь ялын төрлийн хувьд энэ тохиолдолд тохирсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн гэм бурууд тохирохгүй юм. Учир нь шүүгдэгч өөрийн биеийн байдлын талаар шинжилгээ өгсөн, биеийн байдлын талаар мэдэж байсан мөртлөө тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, үүнээс үүдэн осол болж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай гаргасан дүгнэлтийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлд заасан үндсэн шаардлага болох гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх,  учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэсэн үндсэн шаардлагууд хангагдаж байгаа тохиолдолд шүүхээс уг зүйл заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой байдаг.

Хэдийгээр тээврийн хэрэгслээс үүдэж санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг хэдий ч тухайн замын хөдөлгөөнд оролцож байгаа үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд нөгөөтэйгүүр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөж дуусаагүй, мөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар тодорхой нотлох баримт байхгүй байна.

 

Шүүгдэгч Е.Аад эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг дундаж хэмжээгээр оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

Монгол Улсын Их хурал 2023 оны 12 сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Тус хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орж тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь 2023 оны 10 сарын 22-ны өдөр болсон байх бөгөөд түүнд прокуророос 2023 оны 12 сарын 26-ны өдөр ял сонсгож шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Еийн Аыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Е.Аыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аад эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ааас 3.904.570 төгрөгийг гаргуулж хохирогч А.З /уи89112143/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч У.Бгийн нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ