Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 143/2020/000487/И |
Дугаар | 517 |
Огноо | 2020-11-10 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 517
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Т.М /регистрийн дугаар: /
Хариуцагч: ИТХ-д
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор 8 297 472 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай” 02/08 дугаар тогтоол, “Хурлын дарга томилох тухай “ 04/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 120/ШШ2020/0008 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж “маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгон, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Тус шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 354 дүгээр магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон” бөгөөд Магадлалыг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэргийг оролцогч нарт гардуулан давж заалдах гомдол гаргах хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан намайг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үндэслэлгүй чөлөөлсний улмаас уг хугацаанд авах байсан цалин хөлс олгогдохгүй, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарч, бичилт хийгдэлгүй миний эрх ноцтой зөрчигдсөн. Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай” 02/08 дугаар тогтоол, “Хурлын даргыг томилох тухай” 04/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндэслэлтэй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд “2019 оны 1 2 дугаар сарын 11-ний өдрөөс хойших ажилгүй байсан 8 дугаар сарын хугацааны цалин 8 297 472 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Миний бие 2019 оны сарын дундаж цалин 1 037 184 төгрөг байсан тул ажилгүй байсан 8 сарын цалинг тооцон 8 297 472 төгрөгт ногдуулж улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно гэжээ.
Нэхэмжлэгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар томилсон байдаг. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хурлын даргаас чөлөөлсөн. Энэ хууль зөрчсөн байдлыг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогоод намайг эргүүлэн ажилд нь томилсон. Ажлаа 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Энэ хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалдаа бичилт хийлгэх нэхэмжлэл хэвээрээ байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Б04/08 дугаартай тогтоолоор 56.3 хувийн саналаар хурлын даргаар томилогдсон. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн жилийн эцсийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар гэнэт хурлын даргыг огцруулах санал орж ирсэн. Тухайн үед хурлаар төсөвтэй холбоотой асуудал яригдах байсан учраас өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавиад энэ хурлаа ямар нэгэн саадгүйгээр явуулах шаардлагатай байсан учраас энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй хурлаа явуулсан. Дараа нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ тогтоолыг хүчингүй болгуулах, хууль зөрчсөн гэх тайлбараа гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд хангаж хурлын даргаар эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Харин хариуцагч тал давж заалдсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эргүүлэн ажилдаа томилогдсон. Хариуцагч тал Дээд шүүхэд гомдол гаргаагүй учраас шүүхийн магадлал, шийдвэр хүчин төгөлдөр болж нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан. Иймээс энэ хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгэх хүсэлтэй нэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Т.Мгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан. Тус хуралд Даланзадгад сумын ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулалтын асуудал оруулна гэж бүлгийн дарга Ч.Эрдэнэдорж асуудал оруулснаар тус асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн. Тухайн асуудал нь Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Мг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал байсан бөгөөд асуудлыг хэлэлцэж хуралдаанд 30 төлөөлөгч оролцсоноос 16 төлөөлөгч “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг гар өргөн баталж тус хурлыг удирдаж байсан Д.Уранчимэг тус тогтоол дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Т.Мгийн нэхэмжлэлтэй Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” 095 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...” эрхийг хязгаарласан итгэмжлэлийг олгосон.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан бүгд үнэн бодит болсон зүйл байгаа. Энэ хүнийг ганц хүн шууд ажлаас нь чөлөөлдөггүй. 31 хүний хамтын шийдвэрээ ажлаас нь чөлөөлдөг. Тэгээд 31 төлөөлөгчөөс 16, 17 хүн нийлж хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Чөлөөлсний дараа оронд нь шууд нэг хүн ажиллаад цалинг нь аваад явсан. Хурлын даргаас чөлөөлөх тогтоол дээр нь н.Уранчимэг гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Энэ бүх процесс нь болоод шүүхээр хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэдэг нь тогтоосон учраас ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Т.М гийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0274725 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2019 оны нэхэмжлэгч Т.М гийн цалингийн картын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/08, 04/08 дугаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолуудын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 120/ШШ2020/0008 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 354 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 095 дугаартай итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын тушаал, 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргасан хүсэлт, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ажил хүлээлцэх акт, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн хариу тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/01 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тогтоол зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8.297.472 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Өмнөговь аймаг дахь сум Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр 01-ний өдрийн 120/ШШ2020/0008 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Мг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно “ зааснаар нэхэмжлэгч нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д “ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... ажилтанд ажлаас халагдсаны ... холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно “ гэж заажээ.
Нэхэмжлэгч Т.М гийн 0274725 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 2019 оны 10 дугаар сар 1.515.117 төгрөг, 11 дүгээр сар 1.356.546 төгрөг , 12 дугаар сар 431.592 төгрөг нийт 3.303.255 төгрөг : 3 сар = 1.101.085 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс/ байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 7 сар 19 хоног /2019 оны 12 дугаар сард 14 хоног, 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар, 2020 оны 08 сарын 5 хоног / -ийн хугацаанд тооцвол 8.680.642 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8.297.472 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “ Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй ” зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8.297.472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ДЗ-ын ИТХ-дд даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.М нь улсын тэмдэгтийн хураамжид 148 000 төгрөг төлсөн ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл байх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 148.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгож, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 8.297.472 / найман сая хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуун далан хоёр /төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ДЗ-ын ИТХ-дд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 148.000 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР