Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

                                                                                                                      

 

 

 

 

 2024        02         15                                    2024/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Б.Цэцэгмаа,  

хохирогч Б.Б,

шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Хын Уийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 05920 0058 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Уийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын 01-5-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бтай чи урьдын эхнэртэйгээ яаж амьдарч байснаа мэдэх үү гэх шалтгаанаар маргалдан түүний биед заазуураар цохиж зүүн шанаа, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 05920 0058 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Х.У нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын 01-5-8 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/,

БЗДЦГ ЦХ-3, Шуурхай удирдлагын хуудас, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 04/,

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би өнөөдөр гэр бүлтэйгээ гэртээ байх үед манай хажуу айлын ах Бат-Орших надад тусалъя гээд ойр зуур хүнсний зүйл авч өгөөд бас хоорондоо ярилцаад архи уухаар болоод 2 шил 0.75 литрийн Хараа архи аваад манай гэрт Бат-Орших ах, эхнэр У, Анужин бид нар хувааж уусан. Тэгээд би мах, гурилыг заазуураар хэрчээд байж байсан. Бид дөрөв архиа ууж дуусаж байх үед Анужин, Бат-Орших ах нар гараад явсан. Манай эхнэр У намайг чи урьдын эхнэртэйгээ яаж амьдарч байсан түүхээ мэдэх үү гээд хар иштэй арай ир муутай заазуурыг аваад зүссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 14765 дугаар:

“Б.Бын биед зүүн шанаа, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн:

“...ногоон өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг 20 см, бариул 15 см урттай хуучин элэгдэлтэй заазуурыг эд мөрийн баримтаар тооцов” гэх мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-ийн 44-45/,

 

Шүүгдэгч Х.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...буузны мах татаж байхдаа энэ заазуурнууд ямар ч ир алга гээд цагаан иштэй заазуурыг ширээний булан хэсэг рүү шидсэн. Гурил зуурах гээд байж байхдаа чи энэ гэрийн эзэн юм байгаа биздээ, заазуураа ирлэж байхгүй яасан юм бэ, чи өмнө миний найзтай амьдарч байхдаа наад хүүхэнтэйгээ явалддаг байсан биздээ, одоо яагаад дахиж харилцаж хэнийг доромжлох гээд байгаа юм бэ гэхэд нөхөр чат л бичсэн байгаа биз, би очоод яваад байна уу гэж хэлэхээр нь би ер нь энэ заазуурыг ирлэх ёстой юм уу, чи ирлэх ёстой юм уу гэж хэлээд цагаан төмөр иштэй заазуурыг аваад нэг удаа цохиход Б чихээ дараад гараад гүйсэн...

...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын 01-5-8 тоотод хамтран амьдрагч Бтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж ногоон иштэй заазуураар зүүн шанаа хэсэгт нь зүссэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 40/,

 

Хохирогч Б.Бын Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “Батхүү овогтой Б миний бие санал гомдол байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 51/,

 

Шүүгдэгч Х.Уранццэцэгийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “Х.У миний бие хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 52/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Х.Уийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 30/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/,нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 32/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгалт /хх-ийн 33-36/, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 37-38/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 47-50/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Х.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Уийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Бын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тогтоосон тогтоол, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Х.У хохирогч Б.Б нар хамтран амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий” гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Х.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Бын биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч Х.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулсан, тэрээр хүлээн зөвшөөрснөөр Х.Ут холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Уийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Бын биед зүүн шанаа, чихний дэлбэнд зүсэгдсэн шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба тэрээр шүүх хуралдаанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Х.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал шүүгдэгч Х.Уийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Х.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Хын Уийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ут эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

 

 

5. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 20 см, бариул нь 15 см урттай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ