| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
2024 01 30 2024/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,
Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн 2409000000017 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....оны 7 дугаар сарын ....-ны өдөр Ө. аймгийн Б.д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Р. Г-ийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ................. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн .......................... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э, ................ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Б.Энь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Р. Г-ийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж"-ийн нэг давхрын коридорт Х.Бийг өөрийн найзтай мөрлөлцөж маргалдлаа хэмээн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь "хамрын ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхины дотор буланд голомтлог цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэн Х.Бээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хавтаст хэргийн 8 дугаар тал/, “M t h” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээ, Х.Бий өгсөн: "...Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14:30 цагийн орчим хичээлээ тараад гуанз руу явчхаад урлаг заал руу жүжиг үзэхээр явж байхад нэг хүүхэд намайг мөрлөхөөр нь би "чи яагаад байгаа юм бэ" гээд түлхсэн чинь цаанаас нь М /86....../ гэх хүүхэд гарч ирээд намайг цохих гээд байхаар нь би биеэ хамгаалаад түлхсэн. Тэгсэн чинь М гараа зангидаад миний хамар руу нэг удаа цохисон. Тэгээд миний толгой дүйнгэтээд юм харахаа болиод байж байхад С багш гарч ирээд салгасан. С багш бол намайг цохисон. М болон хамт явсан хүүхдүүдийн багш юм. Намайг нийлж зодоогүй. М миний хамар руу цохисон. Надтай хамт явсан манай найзууд болох А /85........./, Б 18........../ нар хамт байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Б.Бын өгсөн: "...Б.... нь тэр хүүхэдтэй маргалдаад байж байсан тэр хүүхдийн нэрийг мэдэхгүй байна. Тэгээд би очоод салгаж байхад Билгүүнтэй мөргөлдсөн хүүхдийн ангийнх нь хүүхэд болох М нь Билгүүний хамар хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд тэр М гэх хүүхэд нь найзын хамт Билгүүн рүү дайрахаар нь би М-г тэвэрч аваад холдуулсан. Тэгэхэд багш нар ирээд болиулсан. Тэгээд маргалдсан хүүхдүүдийг дээшээ нэг анги руу оруулаад юунаас болж маргалдсан талаар асуусан дотор их хүүхэд байсан учир хэн нь юу гэж хэлснийг сонсоогүй. Б болон М хоёрын нэрийг нь мэдэхгүй багш дагуулаад эмнэлэг явсан. Б нь нэг хүүхэдтэй маргалдсан тэр хоёр зодолдоогүй эвлэрэх гээд байж байхад тэр хүүхдийн найз М нь тэр хүүхдийг давуулаад Б-ий нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Өөр Б-ийг цохиж зодсон зүйл байхгүй Б-ийг цохихоор нь би шууд М-г тэвэрч аваад холдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай "1.Х.Б-ий биед хамрын ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, Баруун нүдний зовхины дотор буланд голомтлог цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн эрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Насанд хүрээгүй хохирогч Х.Б нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтаст хэргийн дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гараар бичсэн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөг төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ